Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.05/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Өнөөдрийн байдлаар Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс давтан шинжилгээгээр COVID-19 вирус илэрч манай улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 41 болжээ. Манай улсын хувьд тусгаарлах байрны ажиглалтад 1043 иргэн байгаа бол нийслэлийн хэмжээнд тусгаарлалтад 939 хүн байгаа аж. Дөрөвдүгээр сарын 30-наас хойш хийсэн тусгай үүргийн нислэгээр нийт 821 иргэн ирсэн. Үүнээс эрсдэлтэй гэж үзсэн нийт 45 хүнийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 56 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан ажиглалтад аваад байгаа аж. Мөн "Жаргалант", "Зүчи", "Наранбулаг", "Альфа", "Энх саран", "Хабу" гэх мэт бусад амралт сувиллын газар, зочид буудалд үлдсэн иргэдийг тусгаарлажээ. Гурван онгоцоор тав хүртэлх насны 32 хүүхэд, жирэмсэн 39 эмэгтэй, хорт хавдартай 6 хүн, сахиуртай 12 хүн ирсэн бөгөөд холбогдох шинжилгээг хийж байна. Түүнчлэн Дорнод аймагт найм, Сэлэнгэ аймагт тав, Дорноговь аймагт 104, Баян-Өлгий аймагт хоёр иргэнийг тус, тус тусгаарлажээ. Эдгээр тусгаарлалтад байгаа иргэдэд Эрүүл мэндийн салбарын 135 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж багаа юм.
Харин олон улсад буюу ОХУ, Франц, Турк, Бразил улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа аж. ОХУ-д нийт тохиолдлын тоо 140 мянга гаруйд хүрээд байна. Бразил улсад 4 мянга гаруй шинэ тохиолдол, 263 нас баралт бүртгэгдсэн. Япон улсад 176 шинэ тохиолдол 20 нас баралт бүртгэгдэж эдгэрсэн хүний тоо 4496 болжээ.
COVID-19-ийн батлагдсан тохиолдол 41 боллоо |
|