БНСУ-ын Засгийн газраас КОВИД-19 коронавирусын халдварын түргэвчилсэн оношлуурыг хүмүүнлэгийн тусламж болгон хандивласныг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё-Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон байна.
Элчин сайд Ли Ё-Хун хэлэхдээ БНСУ-ын Засгийн газраас нийт 250,000 ам.долларын өртөг бүхий оношлуурыг Монгол Улсын Засгийн газарт олгох бөгөөд эхний ээлжинд 30,000 удаагийн түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа нь дэлхий нийтэд хурдацтай тархаж буй КОВИД-19 коронавирусын халдварыг хамтдаа туулах Солонгосын ард иргэдийн сэтгэл шингэсэн дэмжлэг туслалцаа болохыг тэмдэглэн хэллээ. Мөн тэрээр энэ онд Монгол, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа ба өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас коронавирусын халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд нь үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв.
БНСУ-аас 30 мянган ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлав |
|