Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.018/ хийлээ. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 107 хүүхэд, 67 жирэмсэн эмэгтэй, чихрийн шижинтэй 30, бусад өвчтэй /ходоодын шархтай, уналт таталт өгдөг, архаг хууч өвчтэй/ 127 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт хүнд оноштой гурав, тархины хавдартай нэг хүүхэд тусгаарлагдан эмчлүүлж байгаа бөгөөд COVID-19 халдварын шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан байна. Харин гэрийн тусгаарлалтад 95 иргэн байна. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Энэтхэг улсаас иргэдээ татан авах Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07.40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор 158 иргэн эх орондоо ирсэн. Эдгээр иргэнээс таван иргэн /элэг шилжүүлэн суулгасан, дотор болсон, нурууны мэс засалд орсон зэрэг биеийн байдал хүнд/-ийг УНТЭ-д хүлээн авч тусгаарласан байна. Цаашид эмнэлгийн орыг нэмэгдүүлэхийн тулд Хан-Уул дүүрэг дэх Эх хүүхдийн төв, Түлэнхийн төвийг шуурхай ашиглалтад оруулах талд анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар, нийт дөрвөн лабораторид нийт 367 хүнд давтан шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан. Мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал, хяналтад шилжсэн байна. Ингэснээр манайд нийт батлагдсан тохиолдол 140, эдгэрсэн 26 боллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19 халдварыг дэлхийн хэмжээний цар тахал гэж зарласантай холбогдуулан энэ жилийн ээлжит 73 дугаар ассамблейг энэ сарын 18-19-ний өдрүүдэд виртуал хэлбэрээр зохион байгуулжээ. Энэ үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейусус "Коронавирустай тэмцэх шидэт арга одоогоор бидэнд алга. Дэлхийн бүх орны ард иргэд амгалан тайван оршиход амаргүй байна" гэдгийг онцолж хэлсэн байна.
COVID-19: Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа |
|