Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн хоёр, ЗООНОЗ-ын нэг, Дархан-Уул аймагт нээсэн салбар лабораториудад өчигдөр нийт 403 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс вирус илэрсэн байна. Тэрээр ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнуудын нэг бөгөөд давтан шинжилгээгээр ийнхүү халдвар илэрчээ. Мөн өнөөдөр ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар манай улсад COVID-19 халдвартай 141 өвчтөн байгаа бөгөөд үүнээс 28 нь эдгэрч эмнэлгээс гараад байна.
Дэлхий дахинд COVID-19 халдварын улмаас 5 сая хүн өвчилж, 333 мянган хүн нас бараад байна. Хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 8843 хүн шинээр өвчилсөн бол Буриадад 27, Эрхүүд 34, Тувад 34 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Иймд Булган, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд анхааралтай байж амны хаалтаа тогтмол зүүж онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхааруулсан юм. Халдвар хамгийн өндөр бүртгэгдсэн улсуудад АНУ, ОХУ, Бразил, Итали, Герман, Турк багтаж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д 1400 гаруй нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Япон улсад гурван мужийн онц байдлыг цуцалсан байна.
Булган, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэдийг илүү анхааралтай байхыг зөвлөлөө |
|