Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.05/ хийлээ. Дэлхийн олон оронд коронавирусийн халдвар дахин дэгдэж байна. АНУ-ын эрдэмтэд коронавирус мутацад орж агааржуулалтгүй битүү, харанхуй, хүн олноор цугларсан орчинд халдвар маш хурдан тархах хэв шинжид орж байна гэж дүгнэсэн байна. ОХУ-д 24 цагийн хугацаанд 6632 хүн шинээр өвчилж, 168 хүн нас барсан. Буриад, Тувад өвчлөл өмнөх өдрөөс 37-110 тохиолдлоор нэмэгдсэн. Тувад 110 хүн шинээр өвчилж нийт өвчлөлийн тоо 4927 болсон. Буриадад 37 хүн шинээр халдвар авч нийт өвчлөлийн тоо 3071-д хүрэв.
Манай улсын хувьд ажиглалтад өчигдөр /2020.07.04/ шинээр 316 хүн орж, 233 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоо 2697 хүн ажиглалтад байна. Мөн өдөр Япон-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 263 зорчигчийн тээшинд эцсийн ариутгал халдваргүйжилт хийсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгай нислэгээр ирсэн 88 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүнийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Орон нутгийн 15 чиглэлийн гал тэрэгт 12 эрүүл мэндийн ажилтан 5000 гаруй хүнд коронавирус илрүүлэх асуумж, судалгаа тандалт хийхэд сэжигтэй тохиолдолд илрээгүй. Нийт 55 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд, вирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний нэг нь 22 настай оюутан байсан бол нөгөөх нь ачаа тээврийн 30 настай жолооч байна.
ХӨСҮТ: 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ |
|