Эрдэнэт үйлдвэр ажалтан, ажилчдаа цар тахлаас хамгаалах зорилгоор амны хаалт, гар ариутгалын бодисоор бүрэн хангаж байна. Мөн төвлөрлийг сааруулах арга хэмжээ авч, ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байгаа юм. Үйлдвэрийн газрын Аж ахуй үйлчилгээний цех захиргааны 1, 2-р байрны албан өрөөнүүдэд 30 минут тутамд ариутгал халдваргүйтгэлийн бодисоор цэвэрлэгээ хийх давтамжаа нэмэгдүүлжээ.
Тус цех үйлдвэрлэлийн дүүрэг болон захиргааны 1,2-р байрнуудад уурхайчдад зориулсан зөвлөгөө, санамжийг хараа тусах газруудад байршуулан, гар ариутгах төхөөрөмжүүд шинээр суурилуулсан байна. Цар тахлын энэ үед аль болох гар хүрэлцэхгүйгээр ариутгах, биеийн халууныг камераар хянах төхөөрөмж шинээр суурилуулсан нь хүний төвлөрлийг сааруулах нэг арга хэмжээ болжээ.
“Бид захиргааны нэг, хоёрдугаар байранд халуун хэмжих багажууд байршуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн олон төрлийн бодисыг цэвэрлэгээ үйлчилгээндээ хэрэглэж байна. Нийтийн амралтын өдрүүдэд хуваарь гаргаж захиргааны хоёр байр, Говилын 37 айлын байр, нэг дүгээр постод их цэвэрлэгээ хийж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжууллаа. Хаалганы бариулыг 30 минут тутам ариутгаж, ажилтнуудын хэрэглэсэн амны хаалтыг хаях санамж бүхий хайрцгийг ажлын байруудад байршууллаа. Ариун цэврийн өрөөнд тогтмол ариутгал хийн ажиллаж байна” гэж Аж ахуй үйлчилгээний цехийн мастер Д.Амаржаргал ярилаа.
Б.Чулуун
Фото: Б.Баттөгс
Эрдэнэт үйлдвэр ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байна |
|