Дэлхий нийтийг хамарсан коронавируст Ковид-19 халдварын цар тахал, Монгол Улс даяар Бүх нийтийн бэлэн байдалд шилжээд байгаа цаг үеийн байдалд зохицуулан ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах болон шуурхай операторын нийт бие бүрэлдэхүүний оролцоотойгоор цахим шуурхай хурлыг өнөөдөр 2020 оны 11-р сарын 14-ний өдрийн 14 цагаас зохион байгууллаа.
Цахим хуралд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, албаны дарга Р.Даваадорж, КоллПро компанийн менежер О.Булган нар оролцлоо. Хурлаар Шуурхай 119 тусгай дугаарын үйлчилгээний үүрэг, зорилго, үйл ажиллагаа, цартахал өргөжин тэлсэн үед дуудлагын ачааллыг тэнцвэржүүлэх бодлого, ЭМЯ-ны харъяа бүх байгууллагуудын шуурхай операториудтай холбогдох горим, түүнчлэн аймаг, орон нутаг, нийслэл, дүүргийн эмнэлгүүд дээр коронавирусийн халдварын цартахлын үеийн зөвлөгөө, мэдээлэл өгөх операторуудыг ажиллуулах шаардлага, операторуудыг КоллПро компанийн дэмжлэгтэйгээр 119 тусгай дугаартай холбох автоматжуулсан системийг ажиллуулах нөхцөл боломж зэрэг асуудлыг хэлэлцэв. Хуралд оролцогчдоос асуулт тавьж, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагууд КоллПро компанитай хэрхэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл өгөх утасны дугаараа шинэчилэх, 119 тусгай дугаартай хэрхэн холбох, коронавирусийн халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөхдөө юуг анхаарах, эрэмбэлэн ангилалт хийх операторуудын үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар ярилцаж шийдвэрлэв.
НЭМҮТ: Шуурхай 119 тусгай дугаарын үйлчилгээний үйл ажиллагаа, цартахал өргөжин тэлсэн үед дуудлагын ачааллыг хэрхэн тэнцвэржүүлэх талаар хуралдлаа |
|