Бямба, 2024-11-23
​Г.Одонцэцэг: Коронавирусийн халдвар аваад эдгэсний дараа идээ унд, явдал мөрдөө анхаарах нь чухал

Коронавирусийн халдвар аваад эдгэсний дараах асаргаа сувилгааны талаар Оточ Манрамба их сургуулийн дэд захирал, Анагаах ухааны доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.

-Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн талаар судар номд юу гэж бичсэн байдаг вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Уламжлалт анагаах ухааны олон эх сурвалж судар бичигт халдварт өвчний талаар онолын хувьд маш нарийн тодорхой бичиж тэмдэглэсэн байдаг. Халдварт өвчин бол шарын халуун мөн чанартай өвчний ангилалд багтдаг. Цөвийн цагт нийт хүн төрөлхтөн бие, хэл, сэтгэлээрээ буруу, муу нүглийн үйлийг нийтээрээ ихээр үйлдсэний үрд халдварт өвчин ихэд дэлгэрч, Замбуу тивийн хүний дөрөвний нэг нь халдварт өвчнөөр хоосорно хэмээн зарлигласан байдаг. Тэгэхээр энэ цаг үед хүн төрөлхтөнд цар тахлын хэмжээнд тархаад байгаа энэ "Ковид-19" халдварт өвчин ч энэ шалтгаанаар үүсч байгаа юм.

-Уг вирусээр халдварлаад эдгэсний дараа бие сульдаж, ядрах, зүрх өвдөх цээжээр хөндүүрлэх зэрэг хор уршиг түгээмэл илэрч байна. Тухайн вирус хүний биед яаж нөлөөлсний үр дүнд ийм уршиг үүсч байгааг тайлбарлаж өгөхгүй юү?

-Тийм ээ, ийм эмгэг зовуурьтай хүмүүс маш их байна. Учир нь, халдварын вирус хүний биед ороод халуун мөн чанартай өвчнийг үүсгэдэг боловч эхэн үе, өвчний дэлгэрэлтийн үе, эдгэрэлтийн үедээ хүний биеийн хий, шар, бадганы гурвуулангийнх нь бэлгэ чанарыг хямрааж тэнцвэргүйжүүлдэг. Ялангуяа хийн бэлгэ чанаруудыг хүчтэй хямраадаг. Хүний биеийн бүх долоон тамирт түгэж сарниад, бүх эд эрхтэнийг гэмтээж, үйл ажиллагааг нь эмгэг чанарт урвуулах гэм хор учруулах магадлалтай. Ялангуяа халдвар авахаас өмнө ямар нэгэн эд эрхтэний суурь өвчлөлтэй байсан бол тэрийг нь илүү сэдрээж, хүндрүүлнэ. Тэгэхээр зөвхөн гаднаас орсон вирусийг устгаж, халууны хүчийг дарсан ч, долоон тамир, цул сав эрхтэний үйл ажиллагаа, хий, шар, бадганы бэлгэ чанарыг хэвийн  эрүүл байдалд ортол нь тэнцвэржүүлэх эмчилгээг өвчний үе шат болгонд нь анхаарч явах ёстой юм.

-Та долоон тамир, цул сав зэрэг эрхтэний үйл ажиллагаа хэвийн байдалд орох хүртэл анхаарна гэлээ. Ер нь коронавирус нь уушгинаас гадна хүний ямар эд эрхтэнд сөргөөр нөлөөлж гэмтээж байгаа вэ. Тэрхүү нөлөөлж байгаа эд эрхтэний үйл ажиллагааг яаж дэмжих нь зүйтэй вэ?

-Халдварт өвчний нэг өвөрмөц онцлог нь эхэн үедээ ч, ид дэлгэрэлтийн үедээ ч, сүүлийн эдгэрэлтийн шатандаа ч хийтэй хавсарч байдаг. Тиймээс хийн өвөрчлөлтэй хөгшин настай хүмүүс, хийн суурь өвчтэй хүмүүс, хийн бэлгэ чанар арвидсан жирэмсэн болон нярайлсан ээжүүд, хүйтэн агаар салхинд ажиллаж амьдардаг, ажил үйлээр ядарч туйлдсан, сэтгэл санаагаар гутарч доройтсон гэх мэт бие, сэтгэлийн хий хямарсан хүмүүс хүндрэх, амь насанд нь эрсдэл үүсэх, эдгэсний дараа  ч эд эрхтэнд урхаг эмгэг үүсэх магадлалтай юм.

-Коронавирусийн халдвар аваад эдгэсний дараах хамгийн эхний асаргаа сувилгаа юу байх вэ?

-Ер нь бол уламжлалтын эмчид үзүүлж, яг өөртөө тохирсон зөвлөгөө авбал зүгээр. Нийтлэг хийвэл зохистой асаргаа, сувилгаа бол идээ унд, явдал мөрдөө илүү анхаарах хэрэгтэй. Халдвараар өвдсөн л бол эдгэрэлтийн шатанд хоосон халуун буюу хийн хувь давамгайлсан хямралаар өвчний сүүл тасарч арилаагүй мэт зовууриуд үргэлжлээд байдаг. Тиймээс бүлээн, тослог чанар голлосон шим тэжээлтэй хоол хэрэглэнэ. Үүнд уламжлалт монгол хоол буюу хонины махтай сармистай хар шөл, битүү шөл, гурилтай шөл голлон хэрэглэх хэрэгтэй. Сүүтэй цай, халуун аарц, банштай цай, бурамтай ус, чацарганы шүүс гэх мэт ундны зүйл хэрэглэнэ. Мөн шар тос, сүүлний тосоор иллэг массаж хийнэ. Бас тэнцвэргүйжсэн махбодыг тэгшитгэж, эд эрхтэний үйл ажиллагааг дэмжих эм тан уувал сайн. Боломж нөхцөл нь байвал уламжлалтын эмнэлэгт хэвтэж, эмчийн хяналт, зөвлөгөөний дагуу энэ эмчилгээг цогцоор хийлгэвэл урхаггүй сайн эдгэнэ. Тийм боломжгүй бол өөртөө маш сайн анхаарал тавьж асаргаа сувилгааг уйгагүй, хариуцлагатай сайн хийх хэрэгтэй.

-Шар тосоор биеийг тослох гэхээр аль хэсгийг тослоно гэсэн үг вэ. Хөлийн ул гарын алга буюу дөрвөн толио тослохыг хэлж байна уу?

-Бүх биеийн массаж байж болно. Хөлийн ул, гарын алга буюу дөрвөн толь, ар нуруу, цээж, чих гээд тослож болноо.

-Үүнээс гадна халдвар аваад эдгэсэн хүмүүс биеийн ерөнхий байдалдаа анхаарлаа гэж бодоход сэтгэл түгших нойргүйдэх байдлаа хэвийн болгох энгийн арга хэлж өгөхгүй юу?

-Өвчний эдгэрэлтийн шатанд хий голлон хямарч байгаа учраас хийг хөлөглөж байдаг сэтгэлийн гүйдэл тэнцвэргүйжиж сэтгэл хямрах, гутрах, айх, нойргүйдэх, мартамхай болох гэх мэт сэтгэлийн эмгэгүүд үүсдэг. Ер өвчний эхэн, дунд, эдгэрэлтийн үеүдэд сэтгэлийн хямралаас байнга сэргийлж явах хэрэгтэй. Бас энэ өвчний шалтгаан нь цөвийн цагийн өвчин, энэ нь амьтны муу үйлээр үүсч Мамо хандоог хямрааснаас үүсдэг. Адтай хавсарсан байдаг гэсэн үг. Тиймээс юун түрүүнд ариун сан, утлагаар өөрийгөө болон гэр орноо сайн ариулж утах хэрэгтэй. Мөн Манла бурханы зүрхэн тарнийг олон удаа уншиж, бясалгана. Сэтгэлдээ зөв, өөдрөг, буянтай сайн бодлуудыг төрүүлж, бодож байх, гэр бүл, хүн хоорондоо харилцаанд эелдэг зөөлөн зөв яриа хөөрөө өрнүүлэх, хэрүүл тэмцэл, хов жив, худал хуурмаг үг яриа ярихгүй байх нь их сайн нөлөөтэй. Уужуу тайван, ухаалаг, нигүүлсэнгүй зөөлөн бодол сэтгэлийг л бариад байх хэрэгтэй.

-Эмчилгээний явцад антибиотик гэдэг юм уу шаардлагатай эм бэлдмэлийг хэрэглэдэг. Антибиотикийн хорыг гадагшлуулах гэдэг юм уу, эмчилгээний дараах сувилгаа гэж байх уу?

-Миний хувьд коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүс хандсан тохиолдолд уламжлалт анагаахын онолоо барьж уламжлтаараа дагнан оношилгоо, эмчилгээ хийж байна. Антибиотик хэрэглэлгүй эмчилж байгаа гэсэн үг. Гэхдээ намайг зорьж ирж байгаа хүмүүс коронавирусын халдвар аваад химийн гаралтай эм, тариа хэрэглээд эдгэсэн хүмүүс ч ирж байна. Тэднийг ажиглаад байхад нөгөө л хийн хямралаар эзлэгдээд, бас халууны чанар бүрэн арилаагүй, тодруулбал хуучин халуунтай хавсраад ирж байна. Тиймээс би өөрийн онолоо бариад, яг тэр үед тэр хүний биед байгаа хямралыг тодорхойлоод бас л уламжлалт эм, эмчилгээгээ дагнан хийгээд л явж байна.

-Одоо ч халдвар аваагүй үлдсэн хүмүүс нь халдвар авах нь цаг хугацааны асуудал боллоо. Тэгэхээр ядаж хөнгөн тусах арга байна уу?

-Харин тийм. Товчлоод хэлбэл бие, сэтгэлийн дархлаагаа дэмжих, өдөр тутмын улиралдаа тохирсон идээ унд, явдал мөрөө зөв, хэвийн, тэнцвэртэй байлгах тал дээр анхаарч явах хэрэгтэй. Одоо хүйтний ам наашилж байна, сайн дулаан хувцаслах хэрэгтэй. Хөлрөөд, хүйтэн салхинд гарч болохгүй, хоорондоо эвтэй, зөв, тайван амьдралыг эрхэмлээрэй. Нийт олноороо бие, хэл, сэтгэлийн буруу муу үйл буюу нүглийг тэвчиж, буянд шамдаарай гэж хэлье дээ.

-Ярилцсанд баярлалаа. 

Төгсгөлд уламжлалтын анагаах ухаанаас зөвлөж буй уушгины үйл ажиллагаа сайжруулах дасгалыг хүргэж байна.

-Нуруу цэх завилж суугаад аль нэг гарынхаа долоовор, дунд хурууг хөмсөгний голд байрлуулна. Ингээд эрхий, ядам хурууг хамрын самсаан дээр тавина. Улмаар зөөлөн, гүнзгий амьсгаа авахдаа хамрын нэг нүхээ эрхий юм уу ядам хуруугаар дарж, нөгөө нүхээр амьсгал авна. Хамрын самсаа дарсан хурууг авч, амьсгалаа зөөлөн гаргана. Хуруугаараа ээлжлэн хамрын самсааг дарна. Амьсгал авах үед гэдэс төмбийнө. Амьсгал гаргах үед гэдэс агших учиртай. Энэ дасгалыг өдөрт 2-3 удаа хийж, уушги болон дархлаагаа дэмжээрэй. 


​Г.Одонцэцэг: Коронавирусийн халдвар аваад эдгэсний дараа идээ унд, явдал мөрдөө анхаарах нь чухал
2021-10-08 12:54:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0