УНТЭ-ийн Урологи-андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч , АУ-ны доктор, профессор, төрийн шагналт Д.Баян-Өндөр эмчтэй ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт төвлөрдөг байсан урологийн үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг аль аль аймагт үзүүлээд эхэлсэн байна вэ?
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг газарт төвлөрүүлэн үзүүлэх нь иргэдэд чирэгдэл ихтэй, оочер дараалал үүсч, дугаарлаж байх хугацаанд үндсэн өвчлөл хүндрэх явдал цөөнгүй тохиолддог байсан тул 2020 оноос эхлэн ЭМЯ-ны дэргэдэх “Урологи-андрологийн салбар зөвлөл”-өөс тусламж үйлчилгээг сайжруулах, төвлөрлийг бууруулах зорилгоор хөтөлбөр боловсруулж хоёр ч эрүүл мэндийн сайдаар дэмжүүлж, 2021-2022 онд Засгийн газар болон ЭМЯ-аас 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгснөөр энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн 15 аймагт бөөрний дуранг суурилуулан, найман төрлийн мэс засал, дөрвөн төрлийн оношилгоог хийх бүрэн боломжтой болсон.
Хөрөнгө оруулалтыг үр дүнтэй байлгаж үргүй зардал гаргахгүйн тулд хэвлийн дуран хөгжсөн аймагт урологийн дуран, бөөр шээсний замын түлэгч аппарат зэргийг багтаасан 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нэмж суурилуулсан бол Баян-Өлгий, Сүхбаатар аймагт хэвлийн дуран байгаагүй учир гэрэл үүсгэгч, камер, дэлгэц зэргийг нэмж 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
Үүнээс гадна 2020 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар УХТЭ, УГТЭ-т урологийн дурангийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, урологийн тасгийг байгуулсан нь УНТЭ-ийн энэ төрлийн тусламж, үйлчилгээний ачааллыг 40 орчим хувиар бууруулж чадсан. Өнөөдөр манай тасаг их засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд үндсэн орны 60 хувьд нь өвчтөн авч байгаа боловч ачаалал харьцангуй багасаж хүлээгдэл нэг сар байна. Засвар хийгдэж бүрэн ачааллаа авч эхэлвэл 14 хоногийн хүлээгдэлтэй байна гэж үзэж байна.
Хөрөнгө оруулалтын үр дүнд аймгуудад урологийн ямар төрлийн мэс засал болон оношилгоог хийх чадамжтай болсон бэ?
Дээрх хөрөнгө оруулалтаар шээдэг сүвний мэс засал, давсагны чулууны мэс засал, дурангаар хийгдэх давсагны хавдрын мэс засал, түрүү булчирхай, бөөр шээсний дээд замын бөглөрөл, жирэмсэн үеийн бөглөрлийн үед гуурс тавих зэрэг мэс заслыг орон нутагтаа хийдэг болсон. Мөн бөөр, давсагны чулууны улмаас бөглөрөл үүсч, идээ татсан буюу өвчин хүндэрсэн тохиолдолд орон нутагтаа гуурс тавиулж болдог болсон. Өмнө нь зөвхөн гуурс тавиулах гэж хотод ирдэг байсан бол одоо орон нутгийнхаа нэгдсэн эмнэлэгт гуурсаа тавиулаад эмчилгээний тактикийн дагуу сарын дараа лавлагаа шатлалын эмнэлгүүдээс мэс заслын тусламж, үйлчилгээг авах боломжтой болсон.
Оношилгооны хувьд шээдэг сүв, түрүү булчирхай, давсагны оношилгоонууд бүгд хийгдэнэ.
Эмчилгээний шинэ аргыг орон нутагт нутагшуулахад хүний нөөцийг бэлтгэх нь маш чухал байдаг. Энэ чиглэлд хэрхэн ажилласан бэ?
Бид эмч мэргэжилтнүүдээ бэлтгэхгүйгээр багаж тоног төхөөрөмжөөр хангах нь учир дутагдалтай. Тиймээс аймаг бүрт байсан ерөнхий мэс заслын эмч нар болон урологийн эмчийг мэс заслын сувилагчтай нь ЭМХ-тэй хамтран нэг сарын сургалтыг УНТЭ-ийн урологи- андрологийн төв дээр зохион байгуулсан. Сургалтын 21 хоног нь УНТЭ дээр мэс засал болон, ялган оношилгоо чиглэлээр сургасан бөгөөд үлдсэн 7 хоногт нь манай эмч нар аймаг бүр дээр очиж шинээр суурилуулагдсан тоног төхөөрөмж дээр нь дадлагажуулж ажилласан. Мөн эмнэлгийн удирдлагууд болон холбоотой ажилладаг эмч нарт нь мэдлэг, ойлголт өгч ажилласан.
Мөн бид хуваарь гарган орон нутгаар хоёр дахь удаагийн ажлын байран дээрх сургалтыг хийж эхлээд байна.
Сургалтыг ийнхүү хоёр үе шаттай хийснээр орон нутагт урологийн оношилгоо, мэс засал бие даан хөгжих суурь тавигдсан гэж хэлж болно. 11 дүгээр сард аймгуудынхаа хийсэн ажлын үр дүнг гурван жилийн өмнөх судалгаатай харьцуулж, бодит үр дүнг харахаар төлөвлөн ажиллаж байна.
Монгол Улсын хэмжээнд хичнээн урологийн хичнээн эмч ажиллаж байна вэ?
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 100 гаруй эмч яг энэ чиглэлээр ажиллаж байна. Увс, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч нар нь урологийн чиглэлээр сая суралцаж, хос мэргэжилтэй болсон. Зарим аймгуудад 2-3 урологийн эмч ажиллаж байна. Эдгээр эмч нар маань багаж, тоног төхөөрөмжгүйн улмаас энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа үзүүлэх боломжгүй байсан бол өнөөдөр ихэнхи аймаг багажтай болж эмч нар маань сэтгэл ханамжтай ажиллаж байгаас гадна иргэдээс ч мөн их талархал хүлээн авч байна.
Орон нутагт өөрсдөө мэс засал хийдэг болсон нь сайхан мэдээ. Тэгвэл заавал гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тохиолдолд хэрхэх вэ?
Илүү том өргөн хүрээнд хийгддэг мэс заслууд болох бөөрний чулуу, бөөрний хавдар, бөөр шээсний замын нөхөн сэргээх мэс заслыг дурангаар хийлгэх тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлгээр хүлээгдэл багатай үйлчлүүлэх боломжтой болно.
Орон нутагт багаж тоног төхөөрөмж суулилуулснаас хойш хичнээн иргэд энэ төрлийн тусламж үйлчилгээг орон нутагтаа авсан бэ?
Бид орон нутгийн урологийн эмч нарыг чадавхжуулах зорилгоор аймгуудаар ажиллах явцдаа буюу 2022 оны 4-р сараас 9-р сарын хооронд түрүү булчирхайг дурангаар авах мэс засал 156, шээлгүүрт стент тавих ажилбар 47, түрүү булчирхай давсаг дурандах 61, давсагны чулууг дурангаар авах мэс засал 19 гэх зэрэг нийт 389 мэс засал, ажилбарыг орон нутагт амжилттай хийсэн байна. Манай эмнэлгийн хувьд долоо хоногтоо 50 орчим мэс засал хийдэг. Тэгэхээр манай тасагт ойролцоогоор 7-8 долоо хоногт хийх мэс заслыг орон нутагт хийсэн байна гэсэн үг. Аймаг бүр бие даан үргэлжлүүлэн ажиллавал бидэнд ирэх ачаалал маш ихээр буурч, хүнд өвчтөнүүд лавлагаа шатлалын эмнэлэгт хүлээгдэлгүй үйлчлүүлэх боломж төдий чинээгээрээ л нэмэгдэнэ гэсэн үг.
Улс орон даяар эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо явж байна. Энэ хугацаанд эрт илрүүлгийн тусламжтайгаар бөөр шээсний замын өвчлөл хэр их илэрч байгаа вэ? Танай тасгаар үйлчлүүлж байгаа иргэдээс эрт илрүүлгээр оношлогдсон тохиолдол байна уу?
Бөөр шээсний замын хавдар, давсагны хавдар, бөөрний хавдартай хүмүүсээс бид асуулга авахад эрт илрүүлэгт хамрагдаад оношлогдсон тохиолдол нэмэгдэж байна.
УНТЭ-ийн Урологи-андрологийн төв нь энэ төрлийн тусламж үйлчилгээний хөгжлийг тодорхойлогч гэж хэлж болно. Хүний нөөцийн чадавх ямар түвшинд байгаа вэ? Ойрын ямар зорилго тавин ажиллаж байна вэ?
Өнөөдөр манай төв нь есөн эмч, 14 сувилагч, хоёр туслах сувилагч гээд нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эмч нарын хувьд АУ-ны докторын цолтой хоёр эмч, магистр цолтой таван эмч байна. Магистр цолтой эмч нар маань үргэлжлүүлэн докторын зэрэг хамгаалахаар сурч байна. Бүх эмч нар маань гадаадын улс орнуудад энэ чиглэлээрээ мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.
Ойрын үед төлөвлөж байгаа хэд хэдэн ажил байна. Нэгдүгээрт аймаг бүрт эрэгтэйчүүдийн кабинетыг нээн ажиллуулж энэ чиглэлийн оношилгоо, эмчилгээний хүртээмжийг сайжруулах зорилго тавьсан.
Хоёрдугаарт манай эмнэлэг Lumenis брэндийн лазерын аппараттай болсон. Энэ аппаратын тусламжтайгаар түрүү булчирхайн томрол болон хавдар, чулууны эмчилгээг олон улсын түвшинд хийх боломжтой болж байгаа. Ирэх 11 дүгээр сараас эхлэн түрүү булчирхайн томролыг лазераар авах мэс заслын эмчилгээг БНСУ-ын эмч нарын багын тусламжтайгаар монгол улсад анх удаа нэвтрүүлэхээр бэлтгэл ажлуудаа хангаад байна.
Орон нутагт эмчилгээ, үйлчилгээг сайжруулснаар лавлагаа шатлалын эмнэлгүүдэд ачаалал буурч, бид багаа улам чадавхжуулан, залуу үеэ бэлтгэж, урологийн нийт мэс заслын 95 хувийг дурангаар хийх зорилт тавин ажиллаж байна. Эцэст нь хэлэхэд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, орон нутагт хичээн ажиллаж байгаа урологийн эмч, сувилагч нартаа талархаж байна.
Д.Баян-Өндөр: ЭМЯ хөрөнгө оруулалтын үр дүнд 15 аймаг Урологийн 8 төрлийн мэс засал, 4 төрлийн оношилгоог хийж эхэллээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27