Баасан, 2024-11-22
“НОТОЛГООНД СУУРИЛСАН ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЛИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ” сэдэвт сүрьеэгийн лабораторийн үндэсний XIV зөвлөгөөн болж байна

Монгол Улсад “Сүрьеэгийн лабораторийн үндэсний зөвлөгөө”-ийг 1999 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн. Тэгвэл өнөөдөр буюу 11 дүгээр сарын 03-ны өдөр “Сүрьеэгийн лабораторийн үндэсний XIV зөвлөгөөн”-ийг “Нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг бүрдүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулж байна.



Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Халдварт бус өвчний хэлтсийн дарга Д.Ганхуяг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ, Глобаль сан болон АШУҮИС, сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ийн төлөөлөл зэрэг 120 гаруй эмч, мэргэжилтэн оролцож байна.  
 
Манай улсын хэмжээнд сүрьеэг оношлох, эмчилгээний явц, төгсгөлийн үр дүнг хянах зорилгоор сүлжээ лабораториудад жилд дунджаар 40,000 гаруй хүнд лабораторийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 



Сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрт лаборатори тэргүүлэх үүрэгтэй бөгөөд халдвартай хэлбэрийн сүрьеэг эрт илрүүлэх, илэрсэн тохиолдлын эмчилгээний явцыг хянах, эмчилгээний үр дүнг үнэлэх, эмэнд тэсвэржилтийг тандах, сүрьеэгийн тархалтын чиг хандлага, тархварзүйн нөхцөл байдлыг тогтоох, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Сайн лаборатори, өндөр ур чадвартай лабораторийн мэргэжилтэнгүйгээр дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон сүрьеэг эрт илрүүлж, бүрэн төгс эмчилж хяналтанд авах боломжгүй юм.
Сүрьеэгийн лаборатори нь байгуулагдсан цагаасаа ДЭМБ-ын зөвлөмж болгож буй шинэ арга технологийг өөрийн орны практикт үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна. Сүрьеэг оношлохын зэрэгцээ эмэнд тэсвэржилтийг богино хугацаанд тодорхойлдог молекул биологид суурилсан ЖенеЭксперт /GeneXpert/ шинжилгээг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лабораторид 2013 онд нэвтрүүлсэнээс хойш одоо улсын хэмжээнд анхан шатнаас лавлагаа шат хүртэл нийт 41 лабораторид ашиглаж байна.
Мөн 2021 оноос эхлэн GeneXpert шинжилгээний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг нэвтрүүлж, хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлээд байна. 
Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. 






“НОТОЛГООНД СУУРИЛСАН ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЛИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ” сэдэвт сүрьеэгийн лабораторийн үндэсний XIV зөвлөгөөн болж байна
2022-11-03 11:24:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ