Улаанбаатарчуудын уушиг бохирдолд дасан зохицохдоо сайн гэхэд хилсдэхгүй. Учир нь жилийн дөрвөн улирлын сэрүүнд утаа, агаарын бохирдол, дулааны цагт хөрс, автомашины угаараар амьсгалсаар хэдийнэ дасчээ.
Хүмүүс тэр бүр мэддэггүй ч гадаад орчны бохирдлууд нь хортой, хоргүй хавдар, дотор эрхтнүүдийн үрэвсэл үүсгэх төдийгүй арьс, хүний зан чанарт ч нөлөөлдөг байна. Тиймээс хүмүүс бохирдлоос бохирдол руу шилжихэд хамелон шиг дасан зохицохоо болих хэрэгтэй.
Ингэхдээ Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах шаардлагыг ч тавьж сурах нь зөв юм.
УТААГ БУУРУУЛАХАД ТӨСӨВЛӨСӨН 39,2 ТЭРБУМ ХАНГАЛТГҮЙ ГЭВ
Жил бүр нийслэлийг бохирдуулагч хүчин зүйлсийг бууруулахад тодорхой тооны төсөв баталдаг. Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас өгсөн мэдээллээр энэ онд 39.2 тэрбум төгрөгийн төсөв агаарын бохирдлыг бууруулахад тусгагдсан байна. Энэ нь сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөлт гэсэн зардлуудад тусгагджээ. Өөрөөр хэлбэл үндсэн үйл ажиллагааны урсгал зардлууд аж.
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах, арилгах гол арга зам бол гэр хорооллыг айл өрхүүдийн хатуу түлш хэрэглээг бүрэн зогсоох, улмаар орон сууцжуулах. Гэвч энэ төсөөлөл ойрын жилүүдэд биелэх боломж хомс.
Мөн үүнээс гадна автотээврээс үүдэлтэй бохирдлыг бууруулах зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай. Ирэх жилүүдэд гэр хорооллын айл өрхийн бүсэд орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус паркын шинэчлэлт зэрэг богино болон дунд хугацааны ажлууд хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг нийслэлээс онцолсон. Харин хэрэгжилт болоод үр дүнг бодитой хянах эсэх нь анхаарал татаж буй. Одоогоор агаарын бохирдлын талаарх мэдээллийг нийслэлчүүд агаарын чанарын индексээс л авч байгаа, Гэхдээ энэ нь хангалтгүй.
Агаарын чанарыг индексээр олон нийтэд мэдээлэх нь олон улсад хэрэгждэг арга хэмжээ. Агаарын чанарын нэг суурин харуул дээр агаар бохирдуулагч 4-5 төрлийн бодисыг хэмждэг. Улмаар бохирдуулагч бодис тус бүрээр тайлбарлахад ойлгомжгүй байдаг тул тухайн суурин харуулын цэг дээр хэмжигдэж байгаа бодисын хамгийн өндөр үзүүлэлтийг индексээр тооцоолон иргэдэд өнгөөр ялган харуулах нь ойлгомжтой. Тиймээс аппликейшн болон сайтуудаар дамжуулж иргэдэд мэдээллийг өгдөг болохыг онцолсон.
Агаарын чанарын индекс нь 30 минут тутам шинэчлэгдэж байдаг бөгөөд иргэд олон нийт тухайн индексээр дамжуулан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах боломжийг бүрдүүлдэг онцлогтой байна.
Мөн хотын хэмжээнд цахилгаан дулааны тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хяналтын доор түүхий нүүрс хэрэглэж байгаа бөгөөд цаашид усан халаалтын зуухнуудыг үе шаттайгаар түүхий нүүрсний хэрэглээг бууруулахаар ажиллаж байгааг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээлсэн. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөөд буй 39,2 тэрбум төгрөг нь хангалтгүй байна.
Дараагийн шийдэл үгүйлэгдэж байгаа гадаад орчны бохирдол бол хөрс.
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ ҮҮСГЭГЧ ГОЛ ЗҮЙЛ НЬ НҮХЭН ЖОРЛОН
Нийслэлийн хөрсний бохирдолд гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон хамгийн их нөлөөлдөг. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн нүхэн жорлонг ашигтай бактериар ариутгах ажлыг зохион байгуулах талаар албаны хүмүүс мэдээлж байв.
Тодруулбал, Нийслэлийн байгаль орчны газраас хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулж хотын нутаг дэвсгэрт тулгамдаж буй хөрсний бохирдлыг бууруулахад бодит бодлоготойгоор ажиллах боломж бүрдүүлэхийг зорьсон. Үүнд нь, хөрсний органик болон хүнд металийн бохирдол, хөрсний доройтол зэрэг хамаарч байгаа аж.
Хөрсний органик бохирдол гэдэгт нүхэн жорлон болон төвлөрсөн захуудын ойролцоох хэсгийг хамааруулдаг. Харин хүнд металийн бохирдолд байгальд хувирдаггүй элементүүд багтаж байгаа.
Тиймээс ихэнх хувийг эзэлдэг нүхэн жорлонгийн бохирдолд энэ жил онцгой анхаарал хандуулахаар салбар яам нь мэдэгдсэн.
АШИГТАЙ БАКТЕРИАР АЙЛУУДЫН ЖОРЛОНГ ДАХИН АРИУТГАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Өнгөрсөн 2021 онд ариутгал халдваргүйтгэлийг ашигтай бактериар хийх ажлыг туршиж байв. Тухайн үед үүнийг Гандангийн дэнжийн 650 айл дээр туршсан.
Ашигтай бактерийн давуу тал нь нэгдүгээрт, үнэр дарна. Хоёрдугаарт, өтгөнийг задалж, хөрсөнд шингэхэд бордоо болгодог давуу талтай.
Нүхэн жорлонд 50-75 хувийн суулт өгч, бохирдлыг бордоо болгож байгаа учир энэ ажил чухал үр дүнтэй гэж тооцоолж байгаагаа албаныхан хэлсэн. Бактери амьд бие учир улирлын чанартай ариутгал хийдэг онцлогтой. Мөн тодорхой зардалтай бөгөөд нэг айлын нүхэн жорлонг ариутгахад ойролцоогоор 20 мянган төгрөг төсөвлөдөг байна. Гэхдээ үнэ өртгийн хувьд компаниудаас ирэх саналаас хамаарч өөрчлөгддөг аж.
Улаанбаатарын гэр хорооллын өрхүүдийг нийт дөрвөн ангилалд авч үзэж, нийт 145 мянга 900 модон жорлон байгаагаас гүн бохирдолтой 50 мянган жорлонг эхний ээлжид ариутгах зайлшгүй шаардлагатай тоо одоогоос нэг жилийн өмнө гарсан. Мэдээж салбар яам, харьяа нэгж нь гадаад орчин тэр дундаа агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал үүрэгтэй ч иргэдийн ухамсар мөн анхаарах асуудал. Гудамжид муу ус асгах, зам талбайд шүлс, нус, цэрээ хаях зэрэг нь агаар, хөрсний бохирдлыг үүсгэдэг учир иргэн бүр ухамсартай, зөв хандлагатай байх нь чухал.
Агаарын бохирдол хөрснийхөөр солигдох цаг айсуй! |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27