Бямба, 2024-03-02
Х.Пүрэвжаргал: 2024 онд улсын хэмжээнд төлбөр авах бүх цэгийг цахимжуулна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан. Үүний хүрээнд төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажил үе шаттай үргэлжилж байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргалтай ярилцлаа.


-Төлбөр авах цэгийн цахимжуулалтын тухайд?
- 2022 оны 10 сарын 22-ны өдрөөс Улаанбаатар хот тойрсон таван төлбөр авах цэгийг цахимжуулсан. 2023 оны 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг цахимжуулсан байна.
Цахимжуулсны үр дүнд орлогын эх үүсвэр нэмэгдсэн. Төлбөрөө төлдөггүй, хийдүүлдэг, иргэд хамгийн ихээр шүүмжилдэг “галын хайч”-ийг халсан. Авто зам ашигласны төлбөрөө цахимаар илгээснээр, орлогын дүн өссөн.
Сөрөг тал нь иргэд цахимаар очсон авто зам ашигласан төлбөрөө төлөхгүй, эргээд замын засвар арчлалтын хөрөнгө дутагдах эрсдэл үүсэж байна. Жолооч, зорчигчид маань сайн дураараа тухай бүрд нь төлбөрөө төлөхийг уриалж байна.
 Цаашдаа дэлхий нийтийн жишгийг дагаж улсын хэмжээнд байгаа бүх төлбөр авах цэгийг цахимжуулна. 2024 он гэхэд улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-2023 онд авто замын салбарт ямар ажил хийсэн бэ?
-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа авто замын салбарынхантай хийсэн. Уулзалтаар шинээр авто зам барих нэн чухал. Барьсан замаа өдөр тутам арчилж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх нь мөн чухал гэдгийг илүү тодотгож ярьсан.
2023 онд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар анх удаа замын засвар  арчлалтад томоохон хэмжээний төсөвт хөрөнгө тусгуулж, их болон ээлжит засвараа хийсэн.
2024 онд засвар арчлалтдаа илүү анхаарч, Дэлхийн банкны санхүүжилтээр хамтран урьдчилсан тооцооллоор Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл зэрэг аймгийн эвдрэл ихтэй 311 км замд их засварын ажил хийнэ.
-Аялал жуулчлалын улиралд орон нутгийн замын эвдрэлд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Орон нутгийн замуудад тогтмол засвар арчлалтыг хэрхэн хийдэг вэ?
-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын томоохон зорилтын нэг нь Боомтын сэргэлт. Үүнд хатуу зөөлөн дэд бүтцийг хөгжүүлж, хатуу хучилттай авто зам, төмөр зам барих нь салшгүй холбоотой. Эдгээр нь эдийн засгийн хөгжлийг хурдасгах судас нь юм гэж үзэж байна.
Энгийнээр тайлбарлавал авто зам бий болсноор маш их хүний хөрөнгө, цаг завыг хэмнэж байгаа. Авто замын эвдрэл гэмтэл нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг нь үнэн. Иргэд санал бодлоо хэлэх нь зөв. Энд төр, иргэдийн хоёр талын хамтын ажиллагааны үр дүн чухал байна.
Төрийн зүгээс авто замаа тогтмол засварлаж, аюулгүй байдлыг хангах ёстой. Насжилт өндөртэй замд хангалттай хөрөнгө хуваарилдаггүй байснаас үүдэж өдөр тутмын урсгал засвараа хангалттай хийж чаддаггүй байсан.
Иргэдийн зүгээс хүнд даацын машинууд даац хэтрүүлэн тээвэр хийж буйгаас механик эвдрэл үүсгэдэг. Манай автозам ашигласны төлбөр бусад оронтой харьцуулахад бага.
Төр замаа аюулгүй эвдрэлгүй, аюулгүй, чанартай байлгаж, иргэд ухамсартайгаар төлбөрөө цаг тухайд нь төлөх хэрэгтэй байна.
Хот тойрсон таван төлбөр авах цэгт өнгөрсөн 1 жилийн хугацаанд 13.3 тэрбум төгрөгийн нэхэмжлэх үүссэн байна. Үүссэн нийт нэхэмжлэхийн 24.5 хувь нь төлөгдсөн.
-Өнгөрсөн онд Завхан аймгийн Загастайн давааны авто зам ашиглалтад орсноор Монгол Улсын 21 аймаг хатуу хучилттай авто замаар холбогдсон. 2024 онд хийх бүтээн байгуулалтыг дурдвал?
-Монгол Улс авто замын “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа буюу өнгөрсөн жил дуусгасан. Одоогоор Монгол Улс азийн авто замын сүлжээнд холбогдсон хоёр замтай болсон. Азийн авто замын сүлжээний O цэг нь Япон Улсын Токио хотоос эхэлдэг.
Замын-Үүдээс Алтанбулаг бол АН-3 чиглэлийн олон улсын чанартай авто зам. Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоос Баян-Өлгий аймгийн Цагааннуур чиглэлд АН-4 чиглэлийн авто зам ашиглалтад орсон. Хөндлөн АН-32 гэсэн зам бий. Ингээд Азийн авто замын 3 сүлжээнд холбогдсон. Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн таван цагариг” хөтөлбөр 2024 онд эхэлнэ. Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн замыг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Улиастай-Мөрөн, Арцсуурь-Нөмрөг чиглэлд транзит коридор нэмэгдэнэ.
Энэ бодлогын үр дүнд заавал Улаанбаатар хотоор дайрахгүйгээр, аймгуудыг хооронд нь холбосон авто замтай болох юм.Цаашдаа аймгуудыг хилийн боомттой, ойролцоо сумдыг хооронд нь холбох нь таван цагариг хөтөлбөрийн гол ач холбогдол юм.

Эх сурвалж: ЗТХЯ


Х.Пүрэвжаргал: 2024 онд улсын хэмжээнд төлбөр авах бүх цэгийг цахимжуулна
2023-11-22 09:01:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0