Лхагва, 2024-12-04
Шинэ коронавирусний талаарх түгээмэл асуултуудын хариулт

 

 
ЛОНДОН. /BBC/. Шинэ коронавирусний халдварын тохиолдол дэлхийн 110 гаруй улс оронд бүртгэгдэж, уг халдварыг цар тахал болсон талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлсэн юм. “BBC” сувагт уншигчдаас ирүүлсэн “COVID-19” халдварын талаарх түгээмэл асуултуудад дараах хариултыг өгчээ.
 
Коронавирусний далд үе хэр удаан үргэлжилдэг вэ?
 
Судлаачдын мэдээлснээр, халдварын шинж тэмдгүүд дунджаар 5 хоногийн дотор илэрч эхэлдэг хэдий ч зарим хүнд үүнээс хойш илрэх тохиолдол ч бий.
ДЭМБ-ын мэдээлснээр, халдварын далд үе дээд тал нь 14 хоног үргэлжилдэг. Харин ховор тохиолдолд 24 хоног үргэлжилж болзошгүйг зарим мэргэжилтэн тогтоосон байна.
Аливаа халдварт өвчний далд үе хэр удаан үргэлжлэхийг тогтоох нь маш чухал. Ингэснээр эмч, эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд тархалтыг хязгаарлах үр дүнтэй арга замыг нээх боломж бүрддэг.
 
Коронавирусээр халдварласан хүн эдгэрсэн тохиолдолд дархлаа үүсэх үү?
 
Одоогийн байдлаар энэ асуултад хариулахад арай эрт байна. Уг вирусний халдвар өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр бүртгэгдэж эхэлсэн. Өмнөх туршлагаас үзэхэд дархлаа үүсгэхийн таны биед вирусээс хамгаалах эсрэг бие байх ёстой.  
 
 
“SARS”-ийг үүсгэгч коронавирус болон бусад коронавирусийг дахин халдварладаггүй хэмээн үздэг. Харин Хятадын зарим тайлан мэдээнээс үзэхэд эдгэрэн эмнэлгээс гарсан хүний шинжилгээ дахин эерэг гарсан тохиолдол бүртгэгдсэн байна. Гэсэн хэдий ч халдвар авсан хүмүүс эдгэрч байгаа нь нэн чухал юм.
 
 
Коронавирус, томуу хоорондоо ямар ялгаатай вэ?
 
Эдгээр нь төстэй олон шинж тэмдэгтэй тул шинжилгээ авахгүйгээр оношлоход хүндрэлтэй байна. Коронавирусний гол шинж тэмдгүүд бол халуурч, ханиалгах юм. Харин томуу туссан тохиолдолд хоолой өвдөх гэх мэт өөр шинж тэмдгүүд илэрдэг. Мөн коронавирусээр халдварласан тохиолдолд амьсгал давчиддаг.
 
Өөрийгөө хэрхэн тусгаарлах вэ?
 
Өөрийгөө тусгаарлах гэдэг нь 14 хоногийн турш ажил, сургуульдаа болон олон нийтийн газраар явахгүй байж, гэрээс гарахгүй байхыг хэлэх бөгөөд энэ хугацаанд нийтийн тээвэр, таксигаар үйлчлүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн гэртээ байхдаа гэрийнхээ бусад гишүүдээс тусгаарлагдах шаардлагатай.
Түүнчлэн хүнс, ахуйн хэрэглээ, эмийн хэрэгцээ үүссэн тохиолдолд хүргэлтийн үйлчилгээ захиалах боломжтой хэдий ч хэнтэй ч уулзаж болохгүй. Мөн гэрийн тэжээвэр амьтнаасаа зай барих хэрэгтэй. Хэрвээ ингэх боломжгүй бол тэдэнтэй харьцахын өмнө ба дараа гараа угаахыг зөвлөж байна.
 
Астматай хүмүүс коронавирусээр халдварлавал хэр аюултай вэ?
 
Коронавирус зэрэг амьсгалын замын халдвар өвчнүүдийг тусах үед астматай төстэй шинж тэмдгүүд илэрдэг. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар, астматай хүмүүс цацлагаа жорын дагуу тогтмол хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр шинж тэмдгүүд давхцах эрсдэлийг бууруулна.
 
Коронавирус хаалганы бариулаар дамжих боломжтой юу? Гадаргуу дээр хэр удаан амьдардаг вэ?
 
Халдвар авсан хэн нэгэн гар луугаа ханиасныхаа дараа ямар нэгэн зүйлд хүрвэл уг гадаргууг бохирдуулах боломжтой. Эрсдэл учруулж болзошгүй гадаргуугийн хамгийн тод жишээ бол хаалганы бариул юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, коронавирус аливаа гадаргуу дээр олон хоног амьдрах чадвартай. Иймээс халдвар авах, халдвар дамжих эрсдэлийг бууруулахын тулд гараа тогтмол угаах хэрэгтэй.
 
Нийтийн усан санд сэлэхэд аюулгүй эсэх?
 
Ихэнх усан сангийн усанд вирусийг устгадаг химийн бодис болох хлор агуулагддаг. Иймээс зохистой хлоржуулсан усан санд сэлэх нь аюулгүй. Гэсэн хэдий ч хувцас солих өрөө гэх мэт өөр хэсэгт халдвар авсан хүнтэй ойр хавьтсан тохиолдолд халдвар авч болзошгүй. Мөн халдвартай хүн хажууд тань ханиаж, найтаах үед халдвар дамжих эрсдэлтэй.
 
Коронавирус хүүхдүүдэд хэр аюултай вэ?
 
Хятадын мэдээллүүдээс үзэхэд хүүхдүүд халдвар авсан тохиолдол харьцангуй бага байна. Үүнээс үзэхэд хүүхдүүд халдвараас ангижрах чадвартай эсвэл шинж тэмдэг илрэхгүй байх юм уу ханиадтай төстэй хөнгөн шинж тэмдэг илэрдэг байх магадлалтай. Гэсэн хэдий ч уушгины суурь өвчтэй хүүхдүүд маш болгоомжтой байх хэрэгтэй.
 
Коронавирусээр халдварласан хүний хийсэн хоолыг идсэн тохиолдолд халдвар авах уу?
 
Тухайн хүн хоолыг бэлдэхдээ ариун цэврийн шаардлага хангаагүй тохиолдолд халдвар дамжих боломжтой. Коронавирус гар луугаа ханиасан тохиолдолд шүлсээр дамжин халдварлах боломжтой. Хоол хийх, идэхийнхээ өмнө гараа угаах нь халдвар дамжихаас сэргийлэх хамгийн сайн арга юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Шинэ коронавирусний талаарх түгээмэл асуултуудын хариулт
2020-03-13 13:17:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ