Пүрэв, 2024-11-21
Б.Гүнбилэг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэг сарын настай Засгийн газар байна гэж огт тусгаагүй

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-нд хүчин төгөлдөр болохтой холбогдуулан Засгийн газрыг огцруулах ёстой гэж зарим хуульчид ярьж байгаа юм. Энэ талаар хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.
 
-Зарим хуульчид тавдугаар сарын 25-нд ҮХНӨ хүчин төгөлдөр болсноор Засгийн газар огцрох ёстой гэж ярьж байгаа. Энэ талаарх таны бодол?
 
-Үндсэн хууль байх үндсэн зорилго нь тухайн улсын бодлогын тогтвортой байдлыг хангах явдал юм. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард баталсан ҮХНӨ-өөр тавдугаар сарын 25-нд УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн үед Засгийн газраа огцруулна гэсэн нэг ч үг байхгүй, утга санаа байхгүй байгаа.
 
-Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулсан ч Ерөнхий сайд болон өөр дөрвөн сайд нь ажилдаа үлдээд бусад нь давхар дээлгүй ажиллах боломжтой гэж үзэж байгаа юм билээ?
 
-Үндсэн хуулиа тайлбарлах гэж байгаа бол У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон ч, У.Хүрэлсүх нь өөрөө дөрвөн сайдтайгаа үлдэнэ гэж тайлбарлаж болохгүй. У.Хүрэлсүх байна уу, өөр хэн байна вэ, хувь хүнтэй болон тухайн тохиолдолтой нь холбож тайлбарлавал Үндсэн хуулийн тайлбар биш болно. У.Хүрэлсүх дөрвөн сайдтайгаа байж байна гэж хэн УИХ-ын өмнөөс шийдээд байгаа юм, тийм амар зүйл биш. Үндсэн хууль өөрөө тогтвортой байх ёстойтой адил тайлбар нь тогтвортой, ганц нэгхэн тохиолдолтой холбосон байж болохгүй.
 
-Тэгвэл таныхаар бол ямар байх ёстой вэ. Засгийн газрыг огцруулах нь буруу хэрэг үү? 
 
-Засгийн газрыг огцруулна гэж энэ хуулийн хаана нь ч ямар нэг утга санаа байхгүй. Үүнийг дэс дараатай тайлбарлая. ҮХНӨ нь тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно гэж байгаа. Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн Нэгдүгээр зүйлд ”Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” гэсэн байгаа. Энэ хуулийн нэр нь дагаж мөрдөхөд шилжих журмын тухай гэж байгаа. Зүгээр дагаж мөрдөх биш, шилжих гэж үг байгааг анхаарах ёстой. Тийм учраас “хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан. Мөн Үндсэн хууль нь өөрөө улсын үндсийг тодорхойлдог тул шууд нэг өдөр үсрээд орчихож болдоггүй онцлогтой. Тиймээс УИХ өөртөө хуваарь баталж, хуулиудаа батлах, шинэ болон өөрчлөгдсөн зохицуулалтуудыг батлах боломжийг өөртөө болон бусдад үүсгэсэн ба хаврын чуулганаар Засгийн газрын хуулийг батлахаар төлөвлөжээ.
 
-Засгийн газрын тухай хуулийг хаврын чуулганаар баталсан ч Үндсэн хуульд заасан тавдугаар сарын 25-наасаа хүчин төгөлдөр болж, Засгийн газраа огцруулах ёстой гэж үзэж байгаа шүү дээ, зарим хуульчид.
 
-Харин би тэгээд л ойлгуулах гээд хэлээд байна. Хэрэв тийм юм бол Дагаж мөрдөхөд шилжих журмын хууль гэж яагаад нэрлэх вэ. Шилжих шүү. Тэр хуулин дотроо нэгдүгээр зүйл дээрээ яах гэж УИХ өөртөө боломж гаргаж, тийм өгүүлбэр хийсэн бэ. Тэр өгүүлбэрийг байхгүй юм шиг яаж уншаад байгаа юм бэ. Мөн дагаж мөрдөхөд шилжих журмын хууль гэдэг чинь өөрөө Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй шүү.
 
-Давхар дээлийн хэрэгжилт ирэх сараас хэрэгжинэ. Тийм учраас Засгийн газар огцрох ёстой л гээд байгаа.
 
-Би харин түрүүн тайлбарлаад хэлчихлээ шүү дээ. УИХ-ын нэг ч гишүүн, ҮХНӨ-ийг хийхэд оролцсон нэг ч хүн нэг сарын настай Засгийн газар байгуулна гэдэг байдлаар бичээгүй. Ямар ч протоколоос олдохгүй. Тиймээс тийм утга санаа байхгүй, нөгөө талаас цагаан дээр хараар хуулин дээр УИХ-д шилжүүлэх боломжийг заасан байна. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэйгээ ижил хүчинтэй. Утга санааны болон үг зүйн аль ч талаас нь тайлбар хийсэн энэ Үндсэн хуулиар нэг сарын настай Засгийн газар байгуулах тухай үг, өгүүлбэр байхгүй. Нөгөө талаас яагаад ганцхан Засгийн газар гэдэг үг дээр анхаараад байгааг ойлгохгүй байна. Дагаж мөрдөхөд шилжих журмын хууль хамаагүй, тавдугаар сарын 25-наас бүгдийг хийж болно гэж байгаа бол бүгдийг нь өөрчлөх тухай ярих ёстой. ШЕЗ-ийн гишүүдээ тавдугаар сарын 25-ны өдөр бүгдийг чөлөөлж томилох, Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх гэдгийн дагуу томилогдсон бүх албан тушаалтнуудыг чөлөөлж, шинээр томилох, зарлигаар батлагдсан журмуудыг хүчингүй болгож өөрчлөх, нутгийн удирдлага, шүүхээ, шүүгчээ өөрчлөх, уул, уурхайн асуудлуудаа шийдэх гээд энэ улсад нэг өдрийн дотор маш том доргилт үүснэ. Тийм боломж угаасаа байхгүй. Тэгж ч нэг өдөр, бүгдийг хийдэггүй юм. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт.
 
-Тавдугаар сарын 25 гэдэг хугацааг яах гэж тавьсан юм бэ. Тэр хугацаандаа бүгдийг нь багтаах ёстой, органик хуулиар Үндсэн хуулийн зарим зүйл заалт хүчин төгөлдөр болох хугацааг хойшлуулж болохгүй гэж бичиж, ярьж байна.
 
-Техник талаасаа уг санааг журмын хуулийн Нэгдүгээр зүйл байхгүй бол ярих нь зөв. Гэтэл байна. Дахиад хэлье, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө, нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана гээд тухайн хугацааг ердийн хуулийн үйлчлэлтэй холбож өгсөн байна. Энийг л хэлээд байгаа юм. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн хүчин чадалтай заалт. Харин маргах гээд байгаа бол ҮХНӨ болон дагаж мөрдөхөд шилжих журмын хуулиа батлахаас өмнө маргах ёстой байсан. Одоо хууль батлагдсан. Нэг сарын настай Засгийн газар байх нь тогтвортой байдлыг хангахгүй.
 
-Тэдгээр хуульчид Цэцэд хандана л гэж байсан.
 
-Тэдний л асуудал. Нэг сарын дотор Цэц дээр маргаан үүсгээд, дунд суудлаар ороод, түүнийг нь чуулганаар авч хэлэлцэнэ гэж бодохгүй байна. Тэгээд ч Цэц дээр УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал байна гэж шийдэж таарах байх.
 
-Тэгвэл Засгийн газрын тухай хэсгийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа хүчин төгөлдөр болно гэж бичиж болоогүй юу?
 
-Агуулга нь угаасаа тийм шүү дээ.
 
-Сонгууль болохгүй болж, нэг сарын дараа Засгийн газар байгуулагдахгүй бол яах вэ. Энэ Засгийн газар давхар дээлтэйгээ л байгаад байх уу?
 
-Зөв асуулт байна. Харин онц болон дайны байдлын улмаас сонгууль болохгүй нөхцөл гарлаа гэж үзвэл Үндсэн хуулийн дагуу өөр зохион байгуулалтанд шилжих хуультай. Энэ тохиолдолд журмын хуулийн нэгдүгээр зүйлд заасны дагуу УИХ онцгой бүрэн эрхээ Үндсэн хуульдаа нийцүүлж эдэлнэ. Үүнийгээ бодоод ганц давхар дээл гэхгүйгээр, батлахаар төлөвлөсөн хуулиудын жагсаалтанд өөрчлөлт гарч таарна. Явж явж тэр ҮХНӨ-тэй холбогдон өөрчлөх, шинээр батлах хуулиудын хуваарь дээр л хууль зүйн маргаан явах ёстой юм. ҮХНӨ-ийг дагаж мөрдөхөд шилжих журмын хуулийн дагуу батлагдсан гэх тэр тогтоолдоо л анхаарал хандуулвал эрх зүйн хувьд зөв маргаан болно. Эрэмбэ, харилцаа нь тусдаа гэдгийг анхаараарай. Харин тэрнийгээ ялгахгүйгээр дагаж мөрдөхөд шилжих журмын хуулийн нэгдүгээр зүйлийг байхгүй мэтээр маргаад байх шиг байгаа юм.   
 
-Таныг магадгүй эрх баригчдын хүсэлтэд нийцүүлэн хууль тайлбарлалаа гэх байх даа.
 
-Харин ч би ҮХНӨ оруулах явцад болон түүнээс өмнөх ажлын хэсгүүдэд хэтэрхий их шүүмжиллээ гэж их ад үзэгдсэн хуульч шүү, эрх баригчдад. Харин зочин шиг байснаа батласан хойно нь үймүүлээд, Үндсэн хуулийг далимдуулж, төрийн тогтворгүй байдлыг үүсгэх гээд хүмүүсийн толгой эргүүлээд байхыг бол дэмжихгүй. Танин мэдээгүй юмаа, мэддэг юм шиг олон нийтэд ярьж, бичихээ болих хэрэгтэй. Мэддэг, мэддэг юмаа хүний толгой эргүүлэхгүйгээр ярьмаар байна. Үндсэн хуулийг тайлбарлахад үр дагавараа хардаг, утга санаагаа хардаг гээд онолын олон юм бий.
 
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Б.Гүнбилэг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэг сарын настай Засгийн газар байна гэж огт тусгаагүй
2020-04-07 10:10:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ