Пүрэв, 2024-11-21
С.Бямбацогт: Төрд ажил хийх гэж очдог зам байхаас биш ашиг хонжоо хайгчид зүглэх жим ч байхгүй болсон

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогттой ярилцлаа.


-Ерөнхийлөгч ирэх УИХ-ын сонгуулийг хойшлуулах, хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх зэрэг уриалга гаргасан. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр цар тахлын улмаас дэлхий нийтээрээ тун эрсдэлтэй байдалд байгаа нь үнэн. Манай улсын тухайд Засгийн газар хэрэгтэй цагт нь урьтаж шуурхай арга хэмжээ авсан. Мэдрэмжтэй сайн ажиллаж байгааг ч ДЭМБ, бусад улс орнууд ч хүлээн зөвшөөрч байна. Том гүрнүүд барьц алдан сандарч байхад бид урьдчилан сэргийлэх тал дээр ямар ч байсан урд нь явна. Яг өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэвэл УИХ-ын сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага ха-раахан харагдахгүй байна. Ерөнхийлөгч сонгууль хойшлуулах талаар уриалга гаргасан ч эцсийн шийдвэр гаргах эрх УИХ-д бий. Гэлээ гээд тайвширч болохгүй. Өчигдөр гэхэд ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Зөөвөрлөгдөж орж ирсэн халдварын тохиолдол нийтдээ 30 болчихлоо. Тиймээс өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ үр дүн, өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж буй эрүүл мэнд, онцгой байдлын алба хаагчдынхаа энэ их сэтгэл зүтгэлийг талаар болгочихгүйн тулд, үндэсний аюулгүй байдлаа эрсдэлд оруулахгүйн тулд тусгаарлалтад байгаа хүмүүс ч, нийт иргэд ч маш хариуцлагатай байх ёстой. “Үхрийн сүүлэн дээр хутга хугарав” гэдэг шиг зүйл болгож болохгүй. Эрсдэлийг элэг бүтэн давах нь хамгаас чухал.

-УИХ-ын ээлжит сонгуулийг МАН-ын бүлэг хойшлуулахгүй байхаар шийдсэн. МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийг дахин нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр одоогийн гишүүдийн тал нь нэр дэвших эрхгүй болж байгаа юм биш үү?

-Цар тахлын нөхцөл байдлыг одоогийнх шиг хянаж чадаж байгаа нөхцөлд УИХ-ын ээлжит сонгуулийг товлосон хугацаандаа хийх нь зүйтэй гэдэг дээр манай бүлгийн гишүүд санал нэгдсэн.

Хэрэв сонгууль хойшлуулах юм бол сөрөг хүчний нөхдүүд сандал суудалтайгаа зууралдлаа, хугацаагаа сунгалаа гээд л шүүмжлээд унах байлгүй. Нэр дэвшигчдэд тавих шалгуурын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ хэрвээ ЖДҮ-тэй холбоотой асуудал байгаа бол мухарла, асуудалгүй гэдгийг нь хуулийн байгууллага эцэслэн тогтоовол сонгогдох эрхийг нь хүндэтгэж үзнэ ээ л гэсэн. ЖДҮ-тэй холбоотой нэг зүйл хэлэхэд ЖДҮ-ээс зээл авсан, ЖДҮ-г дэмжсэн гэдэг огт өөр хоёр тусдаа асуудал. Нэг нь бол өөрийн хамаарал бүхий компанидаа эрх мэдэл, албан тушаалдаа дулдуйдан ЖДҮ-ээс зээл авсан хууль бус явдал, нөгөө нь зохих шаардлага хангасан жинхэнэ ЖДҮ-д зээл олгоход төрд ард түмнийг төлөөлөн суугаа гишүүний хувьд холбогдох хууль журмын дагуу дэмжлэг үзүүлээч гэсэн албан ёсны хүсэлт тавьсан асуудал гэдгийг ялгаж салгах ёстой.

-Танай нам нэр дэвшигчдэдээ ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Хамгийн гол нь Улсын Их Хурлын гишүүн төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллаж чадсан эсэх нь гол шалгуур шүү дээ. Шинээр нэр дэвших хүмүүсийн тухайд бол мэдээж мэдлэг боловсрол, олон нийтэд танигдсан байдал, улс орныхоо төлөө гэсэн чин сэтгэл тун чухал. УИХ гэдэг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага. Тийм ч учраас ҮХНӨ-өөр “Давхар дээл” мөрөөдөж гишүүн болохоор улайрдаг, УИХ нь Засгийн газартай цус ойртдог гажуудлыг зассан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн л Засгийн газарт орж ажиллах боломжтой. Хоёрдугаарт, сайд нарыг томилж огцруулах хэтийдсэн эрх мэдлээс гишүүдийг салгасан. Өөрийн бүлэглэл фракцын хүнээ сайдад зүтгүүлдэг, Засгийн газрын гишүүнийг томилох огцруулах асуудлаар барьцаалан далимдуулж томилгоонд хутгалддаг, төрийн албыг төрлийн алба болгодог бусармаг зүйл төгсгөл болсон шүү гэдгийг улс төрд шунан дурлагсад ойлгох хэрэгтэй. Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлж, танхимынхаа сайд нарт өөрөө хариуцлага тооцох бүрэн эрх мэдлийг нь өгсөн. Гуравдугаарт, гишүүд төсвийн зардал дураараа нэмдэг асуудлыг хазаарласан. Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг танигдахгүй болтол өөрчилж үрэлгэн ханддаг байдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэг мөр хааж өгсөн. Өөрөөр хэлбэл, төсвийн төслийн хүрээнд л зохицуулалт хийхээс биш зардал нэмдэг замбараагүй байдал дуусгавар болсон. Дөрөвдүгээрт, популизм хийж дур дураараа хууль санаачилдаг, шөнө зүүдэлснээ өглөө нь хууль болгох гэж зүтгүүлдэг явдалд цэг тавьсан. Товчхондоо бол гишүүдийн томилгооны, санхүүгийн, дур зоргын эрх мэдлийг хасаж, үүргийг нь нэмж үүрүүлсэн. УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих монгол төрийн хоймор болохоос биш хийрхсэн хэрэлдсэн хүмүүсийн индэр биш. Төрд ажил хийх гэж очдог зам байхаас биш, ашиг хонжоо хайгчид зүглэх жим ч байхгүй болсон гэдгийг хэлчихье.

-ҮХНӨ ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Засгийн газартай холбоотой заалтууд хуульчдын дунд маргаантай байна. Засгийн газар 25-наас хойш эрх зүйн чадамжгүй болох уу?

-Энэ асуудлаар би олон удаа байр сууриа илэрхийлсэн. Дахиад хэлье. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын тухай, Засгийн газрын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай гээд 10 гаруй томоохон хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Түрүүчийг нь хэлэлцэж эхлээд байна. ҮХНӨ-ийн мөчир салаа болсон эдгээр хуулиудыг хэлэлцэн батлах ёстой. Тэр болтол өмнөх хуулиуд хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн зохицуулалт байгаа болохоор Засгийн газар огцрох ч юмуу, засаг төр эзэнгүйдэх завсар гарахгүй. Ганцхан жишээ хэлэхэд 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг. Тэгсэн хэрнээ анхны Ерөнхийлөгч 1993 оны зургадугаар сард тангараг өргөж байсан шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдаж өөрчлөгдөх бусад хууль нь батлагдаагүй байхад түүгээр шалтаглан муйхарлаж төр бужигнуулах эрх хэнбугайд ч байхгүй. Зарим нэг хүн зүгээр судлаачийн, богино зайн улс төр хийж оноо авах гэсэн улстөрчийн байр сууринаас туйлшраад байгаагаас өөр юмгүй. Зүйрлүүлж хэлбэл, бид гэрээ барьчихсан юм чинь одоо галаа түлнэ ээ гээд зуух яндангаа тавиагүй байж утаа май тавиад сууж болохгүй биз дээ.

-Сая та гишүүдтэй хамтарч Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ долоо хоногт хэлэлцэж эхэллээ. Энэ хуулийн ач холбогдол нь юу юм бэ?

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол бас л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж батлагдах ёстой чухал хуулийн нэг. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах төрийн бодлогыг урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлнэ гээд тов тодорхой заачихсан. Өөрөөр хэлбэл, аль ордоо хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээ ард түмнээсээ асууж, басхүү хөгжлийн бодлогодоо тусгаж байж дэс дараатай шийднэ. Алийг нь өнөөдөр ашиглах вэ алийг нь үр хойчдоо үлдээх вэ түүнээс олсон ашиг орлогыг хэрхэн яаж тэгш хуваарилах вэ гэдэг тун чухал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан өөр нэг чухал заалт бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, үндсэн чиглэл гээд бүгд хөгжлийн бодлогод тулгуурлах ёстой гэдгийг Үндсэн хуулиндаа хуульчилсан. Ингэхгүй бол өмнө нь төрийн бодлого ердөө дөрвөн жилийн настай байдаг эмгэг ужгирсан. Харин одоо ҮХНӨ болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой, залгамж чанартай болно. Түүгээр ч зогсохгүй хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоо бүрдэнэ. Мөн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд харилцан уялдаатай байна гэсэн үг. Түүний зэрэгцээ үрэлгэн зардал хэмнэгдэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг сайжрах гээд олон талын ач холбогдол байна. Бодлоготой хөгжиж, алсын хараатай урагшлах тэр цаг хаяанд ирсэн байна гэж дүгнэж болно.

-Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах гэж байна. Ямар зохицуулалтууд орж байгаа вэ?

-Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (СОVID-19)-ын эрсдэлийг бууруулах чиглэлээр бид улс орныхоо эдийн засгийн чадавх, нөөц боломждоо таарсан арга хэмжээг нэн даруй авах нь зөв. Тэргүүн ээлжинд хүн амынхаа амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх нь маш чухал. Түүний зэрэгцээ ажлын байрыг нь хадгалах, амьжиргааг нь дэмжих чиглэлд анхаарч байна. Энэ хүрээнд хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги, торгуулиас чөлөөлөх арга хэмжээ ч багтаж байгаа. Товчхондоо бол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлсон. Үүний нэг нь шатахууны үнийг литр тутамд 300 төгрөгөөр бууруулж байгаа явдал. Шатахууны үнийн өсөлт бууралт өрх гэрийн амьдралд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг. Тийм учраас цаашид дахиад ч бууруулах шаардлага харагдаж байна. Ингэхдээ алслагдсан бүсэд шатахууны үнийг ахиу хямдруулж хоттой адилхан болгох ёстой. Ингэх нь иргэдийнхээ, ААН-үүдийнхээ ачааг хөнгөлнө.

-Цар тахалтай холбоотойгоор нийгмийн амьдралыг хэрхэн зохицуулахаар хуульчилж байгаа бол?

-Монголчууд бид энэ цаг үед хэчнээн дэг журамтай, сахилга баттай байж чадна төдий чинээгээр эрсдэлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа хамгаална. Заавал хатуу хуульчлахгүйгээр өөрсдийн ухамсар сэтгэхүй, үүрэг хариуцлагын хүрээнд хийж чадах зүйл их бий. Тэгэхээр нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, хаа хаанаа сэрэмжтэй байж, Улсын Онцгой Комисс, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг чанд сахих нь зүйтэй болов уу.

-Банкны үйл ажиллагаа, зээл зэрэг нь цар тахлын үед хөнгөлөлттэй байдлаар үйлчилнэ гэсэн үг үү?

-Юун түрүүнд ипотекийн зээлийг тодорхой хугацаагаар хойшлуулах асуудал яригдаж байна. Арилжааны банкууд ч зээлдэгчдийнхээ хүсэлтийг хүлээн авч зээлийн төлөлтийг нь хойшлуулах талаар тодорхой санаачилга гаргаад эхэлсэн байна лээ. Нийгмийн хариуцлага гэдэг зүйл жинхэнэ утгаараа үйлчлэх тийм л онцгой цаг үе иржээ гэж бодож байна. Мэдээж хэрэг төр засаг тодорхой шийдвэрүүдийг гаргаж, иргэд , ААН-үүдийнхээ ачааг хувааж үүрэх нь зайлшгүй. Түүний хажуугаар банкны салбарынхан, түрээслүүлэгчид, хувь иргэд маань тус бүртээ даах даахаараа бусдынхаа ачаанаас үүрэлцэж, эрсдэлийг хамтдаа хохирол багатай даван туулах, эдийн засгаа аврах ёстой цаг үе ирсэн байна. Заавал хатуу хуульчилж байж хөл хорионд ордог, маскаа зүүдэг байж таарахгүй л дээ. Гэхдээ Цар тахлын эсрэг нэг удаа үйлчлэх хуулийг батлах шаардлага байхыг үгүйсгэхгүй. Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Цар тахлын эсрэг хуулийн төсөл боловсруулж байгаа.

-Энэ хууль нь хэдий хүртэл үргэлжилнэ гэсэн үг вэ?

-Өнөөдөр энэ цар тахал хэдий хугацаанд үргэлжлэхийг таашгүй. Азид халдварын тархалт харьцангуй намжиж байгаа ч Хойд Америк, Европ, Ойрхи Дорнод, мөн манай хойд хөршид байдал тун амаргүй байна. Тэгэхээр бид ямар ч эрсдэл нүүрлэсэн бэлэн байдалд байх ёстой болж байна. Түүний тулд ямар тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэг онцгой нөхцөл байдлын төлөвлөгөө, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх зохион байгуулалтад эрт орох ёстой. Мэдээж хэрэг нэг удаа үйлчлэх хууль баталбал энэ ярвигтай хэцүү нөхцөл байдал арилах хүртэл үйлчилж таарна байх. Юун түрүүнд шинжилгээ хийх, халдварын сэжигтэй хүмүүсийг тусгаарлалтад авах багтаамжаа нэмэгдүүлэх, амьсгалын аппарат, сэхээн амьдруулах тасгийн тоог дахиад ч нэмэх бодит шаардлага байх шиг.

-УИХ-ын дарга Өршөөлийн хуулийг “...цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна” гэж байсан. Тэгэхээр Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг үү?

-Хөнгөн ялтай хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа юм билээ. Гэхдээ үүний зэрэгцээ цар тахлын үед хорих ангид ял эдэлж буй иргэдийг эрсдэлээс яаж хамгаалах вэ гэдэг асуудалд эхлээд анхаарах ёстой. Санамсар болгоомжгүй, гэнэн харалган байдлаас болж хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдож хуулийн цээрлэл хүлээсэн иргэдээ төр нэг удаа өршөөхөд буруудах юм байхгүй. Харин энэ өршөөлд авлига албан тушаалын гэмт хэрэгтэн, аль эсхүл хүний амь нас хохироосон, хүчиндэх, танхайрах, залилах, дээрэмдэх хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд хэрхэвч хамрагдаж таарахгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин


С.Бямбацогт: Төрд ажил хийх гэж очдог зам байхаас биш ашиг хонжоо хайгчид зүглэх жим ч байхгүй болсон
2020-04-17 12:51:18
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ