Баасан, 2024-11-22
Х.Нямбаатар: Зорчих эрхийг хязгаарлах ял оноосноор гурван тэрбум төгрөг хэмнэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд авах арга хэмжээний тухай тогтоол баталжээ. Тогтоолын талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “ 2015 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан, 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоогийн Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар хуульчилсан. Зорчих эрхийг хязгаарлах хууль гурван үндсэн агуулгатай. Хөлдөө юм уу, гарандаа бугуйвчийг тухайн ялтан зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Мөн, тодорхой маршрутаар гарахгүй, хэн нэг хүнтэй уулзахгүй хязгаарлалтад тогтоож болох агуулгатай хуулийг 2015 онд баталсан. Техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлаа хангах үүднээс хуулийн хэрэгжилтийг хоёр удаа хойшлуулсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэ ялыг хэрэгжүүлэх ёстой. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн яам долдугаар сараас хойш судалгаа хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулсан.

Энэ ял хэрэгжсэнээр хүн ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлтэйгээ байхдаа ялаа эдлэх юм. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулна. Хүн амины хэрэг, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулахгүй. Улаанбаатар хотоос мэдээллийн хяналтын ганцхан төв ажиллуулна. Эхний тооцооллоор 2021 онд шүүхээр 1080 орчим хүнд зорчих эрхийг хязгаарлах ял онооно гэсэн судалгаан дээр үндэслэж техникийн бэлтгэл ажлыг хангасан.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Техник тоног төхөөрөмжийн үнэ өртөг ямар байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн 197 заалтад сонгох санкцтай оруулж өгч байгаа. Ажил хийх, сурч боловсрох, гэр бүлтэй байх боломжийг нь харж шүүх хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонголттой хэрэглэнэ. 2021 онд 1080 хүнд энэ ялыг оногдуулах болов уу гэж үзэж эхний хагас жилийн бэлтгэл ажлыг хангасан. Хориход ял эдэлж байгаа хүмүүсээс 60 орчим хувийн бага зардлаар хэрэгжиж байна. Энэ нь улсын төсөвт гурав орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгоно.

-Авлига албан тушаалын хэрэгт энэ төрлийн ял оноох уу?

-2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахад хорих ялтай хослуулан хэрэглэхээр хуульчилсан. Ямар гэмт хэрэг хийсэн хүнд оноох вэ гэдэг нь шүүхийн шийдэх асуудал. Анх удаа, хөнгөн гэмт хэрэг, болгоомжгүй үйлдсэн хүмүүст энэ төрлийн ялыг түлхүү оногдуулах чиглэл барина. Дэлхийд энэ төрлийн ялыг 30 гаруй орон хэрэгжүүлж байгаа.


Х.Нямбаатар: Зорчих эрхийг хязгаарлах ял оноосноор гурван тэрбум төгрөг хэмнэнэ
2020-09-17 15:05:02
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ