Баасан, 2024-11-22
Ш.ЭНХТӨР: Дүүрэг, орон нутгийн ХҮҮХДИЙН ЭМЧ, мэргэжилтнүүдийг СУРГАХ, ЧАДАВХЖУУЛАХ замаар төвлөрлийг сааруулна

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, Гавьяат эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ш.Энхтөртэй ярилцлаа.

-ЭМЯ-аас томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан бүх эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангаж байгаа гэсэн. Энэ хүрээнд танай эмнэлэг ямар арга хэмжээ авч байна вэ?

-2020-2021 оны өвөл, хаврын улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт дэлхий нийтэд тархаад байгаа шинэ коронавирус (COVID-19)-тэй “хавсарсан халдвар” хэлбэрээр явагдаж, эрүүл мэндийн салбар болон хүн ардад нилээд хүндрэл учруулж болзошгүй төлөв байдал тодорхойлогдож байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед улсын хэмжээнд болон нийслэлд хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах ажлын хүрээнд ЭМЯ-ны дэргэд Тохиолдол удирдлагын долоон ажлын хэсэг байгуулагдсан. Мөн УОК-ын удирдлага, үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна.

Тухайлбал, ЭХЭМҮТ-ийнхөн нийслэлийн хэмжээнд бүх хүнд болон хүндрэлтэй тохиолдлыг эмчлэх, шаардлагатай бол “Ковид-19”-ийг эмчлэх зориулалттай Эрчимт эмчилгээний тасгийг нээн ажиллуулах, сэхээний дараа бүрэн эдгэрүүлэхээр төлөвлөж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийг нэн яаралтай өргөжүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Агааржуулалтын систем суурилуулах зэрэг иж бүрэн засвар, тохижилтын ажлаа өчигдрөөс эхлүүллээ. 

Бид хүүхдийн эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарт зориулан “Амьсгалын цочмог хүнд халдваруудын эмнэлзүйн менежмент” сэдэвт таван удаагийн цуврал ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.  Энэхүү онол, дадлага хослуулсан чадавхжуулах сургалтанд ХӨСҮТ, ГССҮТ, нийслэлийн есөн дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, Аймгийн Нэгдсэн эмнэлгүүд, “Интермед”, “Гурван гал” зэрэг нийт 38 эмнэлгийн 200 эмч, сувилагчийг хамрууллаа.

Томуугийн улирлын бэлтгэл ажлын хүрээнд “Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж” удирдамжийн долоон модулийн ажлын байрны сургалтыг эхлүүлээд байна. Манай зөвлөх эмч нар дүүргийн Нэгдсэн эмнэлэг бүрт долоон хоногт нэг удаа гурван цагаар онол, дадлагын хичээл зааж байгаа.

Томуу, томуу төст өвчний үед баримтлах эмнэл зүйн удирдамжийг бид шинэчлэн боловсруулж байна. Үүнийгээ сурталчлах уулзалт, дадлагажуулах сургалт семинарыг 10-11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн.Arslan.mn

 

-Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах чиглэлд үнэлгээ хэрхэн хийгдсэн бэ?   

-Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу томуу, томуу төст өвчний тархалтын үед хүүхдийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний бэлэн байдлын үнэлгээг хийх ёстой. Манай нярай болон хүүхдийн зөвлөх эмч нар уг үнэлгээг өнгөрсөн сарын 17-25-нд хийж дуусгасан. Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт дараах таван чиглэлээр үнэлгээ хийсэн. Томуу, томуу төст өвчний тархалтын үед хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний бодлогын бичиг баримт, эмнэл зүйн заавар, протоколын бэлэн байдал, шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, Яаралтай тусламжийн болон Эрчимт эмчилгээний тасагт ажиллагсдын хүний нөөц, томуу, томуу төст өвчний тархалтын үед амьсгалын дутагдлын эмчилгээнд хэрэглэгдэх нэн шаардлагатай эм бэлдмэлийн нөөц. лабораторийн болон дүрс оношилгооны чадавхийг шалгаж, үнэллээ. Уг тайлангаа ЭМЯ-нд хүргүүлэн, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

- Хүүхдийн нарийн төвөгтэй бүх мэс заслыг ЭХЭМҮТ-д хийдэг. Тэр хэрээр ачаалал, дараалал ихтэй. Гэтэл дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүд нярай хүүхдийг эмчилдэггүй. Уг нь Эрүүл мэндийн тухай хуульд II шатлалын эмнэлгүүд хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд гэхчлэн долоогоос доошгүй тусламж, үйлчилгээ үзүүлэхийг заасан. Үүнийг ажил хэрэг болгохын тулд лавлагаа төвийн хувьд танайх юу хийж чадах вэ?

-Эрүүл мэндийн салбар эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх гол бодлого барьж ажиллаж байгаа.

Ирэх жилийн нэгдүгээр сарын 01-ээс эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжээд ирэхээр томоохон өөрчлөлтүүд гарах байх. Манай төвд хүүхдийн төрөлжсөн мэс засал, тэр дундаа ерөнхий, эрүү, нүүрний, чих-хамар, хоолойн, нүдний төрөлхийн гажгуудыг засах хагалгаа болон зүрхний ангиографын оношилгоо, судсан дотуурх эмчилгээ гээд бүгдийг хийдэг. Эдгээр мэс заслыг ядаж аймаг бүрт биш юм гэхэд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, дүүргийн эмнэлгүүдэд хийдэг болгох хэрэгцээ бий. Тиймээс манай эмнэлэг түшиц бааз болон орон нутаг, дүүргийн эмнэлгүүдийг чадавхжуулах, сургах, чиглүүлэх ажилд оролцож байна. Энэ хүрээнд томуугийн идэвхжлийн үеийн дүүргийн яаралтай тусламж, сэхээний эмч нарыг сургах, бэлтгэх ажлуудыг тасралтгүй хийгээд байгаа юм. Дүүргийн эмнэлгүүдэд эхний ээлжид хүүхдийн мэдрэл, нярайн кабинет нээх хэрэгтэй. Аймгийн эмнэлгүүд нярайн наад захын өвчнүүдийг орон нутагтаа эмчилж байхад нийслэлийн Эрүүл мэндийн төвүүд ийм чадавхгүй байгааг шүүмжлэхээс өөр аргагүй. Мэс заслын кабинет ч бараг байхгүй. Хатиг, буглааг шахуулж, шаруулахын тулд ЭХЭМҮТ-д ирдэг. Түүнийгээ боолгож, цэвэрлүүлэх гэж дахиад ачаалал нэмнэ. Үүнээс нь болоод нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ёстой төв амбулаторийн үзлэг, дүүргийн эмнэлгийнхний эмчилгээнээс хэтрэхээ байсан. II шатлалынхан ийм тасаг байгуулдаггүй юм гэхэд ядаж нэг өрөө гаргаад өгвөл бид эмч нарыг нь сургаад, алсын зайнаас зөвлөгөө, мэдээлэл өгчихнө.  Улсын хэмжээнд манайхаас бусад бүх эмнэлэг нийлээд хүүхдийн өвчний 25 чиглэлээр л тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Аймаг, дүүрэг бүр нэг нэг буюу хоол боловсруулах, эсвэл мэдрэл, нүдний чиглэлээр хүүхдэд үйлчилдэг гэсэн үг. Тийм байхад манайх ачааллаа бууруулах тухай ярих эрт.

Дүүрэг, орон нутгийн эмнэлгүүд хамгийн түгээмэл тохиолддог ядаж 5-6 өвчнийг эмчлэх зорилт тавих хэрэгтэй. Ханиад, томууны улирлаар бужигнаад, хавар, зуны цагт хоосон орнуудаа огт ашигладаггүй. Нөхөн сэргээх, физик, эрүүлжүүлэх эмчилгээнүүд орхигдсон.Arslan.mn

 

ЭМЯ-аас эрүүл мэндийн байгууллагуудын хөгжлийн стратеги төлөвлөгөөг нь тодорхой хуваарийн дагуу хэлэлцэж, шийдэх гарц хайж байна. Танайх хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулсан байх аа?

-Тийм ээ.

Эрүүл мэндийн сайдын санаачлагаар бүх эмнэлгүүд мэдээллийн нэг ойлголцолд хүрэх, асуудлаа тодорхой гаргаж ярих, шийдэх гарцаа хэлэлцэх, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлох, ЭМЯ-аас шаардлагатай бодлогын болон бусад талын дэмжлэгийг авах олон талын ач холбогдолтой юм.

Манайх хөгжлийн хөтөлбөрөө танилцуулахдаа эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай, шийдүүлэх асуудлуудаа ч уламжилсан. 2021 оноос эхлэн эрүүл мэндийн байгууллагуудыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлж эхэлнэ. Ингэснээр төрийн өмчийн эмнэлгүүд илүү санаачилгатай, эрх чөлөөтэй ажиллах, санхүүгийн хатуу сахилга баттай, зөв тооцоо, судалгаатай хөгжих эхлэл тавигдана.

Ирэх арваннэгдүгээр сараас эхлэн өмчийн хэлбэрээс үл хамаараад бүх шатлалын эмнэлгийн эмч нар жор бичиж, хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгох болсон нь олон жил үргэлжилсэн ачаалал, чирэгдэл арилна гэсэн үг.

Мөн ЭМЯ-аас эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах замаар төвлөрлийг сааруулах цогц бодлого хэрэгжүүлж эхэлсэнд маш их баяртай байна. Үүний хүрээнд шинээр барьсан эмнэлгүүдийг бүрэн хүчин чадлаар нь жинхэнэ эмнэлэг шиг ажиллуулахаар бэлтгэж байна. ЭХЭМҮТ-ийнхөн ч шинэ эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээг жигдрүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллана. Мөн салбарын яамны бодлогын хүрээнд үйлчилгээний арга барилын шилжилт, өөрчлөлт хийхээр эхлүүлсэн. Тухайлбал, байгууллагын үйл ажиллагаанд нийцсэн шийдлийг иргэдийн эрэлт хэрэгцээ, хүсэлтэд нийцүүлэн өөрчлөх, ялангуяа, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, инновацыг ашиглах замаар үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байна.Arslan.mn

 

-ЭХЭМҮТ-д жилд дунджаар 60-80 шинэ технологи нэвтэрдэг гэсэн. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу? 

-Бид стратеги төлөвлөгөөндөө ЭХЭМҮТ-ийн хөгжлийн тэргүүлэх есөн чиглэлийг тодорхойлсны дотор “Хүүхдийн мэс заслын шилдэг техник, технологийг эмчилгээ, оношилгоонд өргөн нэвтрүүлэх”, “Хүүхдэд эрхтэн шилжүүлэх тусламж, үйлчилгээг хөгжүүлэх”, “Хүүхдийн хавдрын оношилгоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх” асуудлыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд нярайн, хүүхдийн бүхий л төрөлжсөн мэс засал, орчин үеийн инвазив ба инвазив бус оношилгооны аргууд, түүний дотор зүрхний ангиографын оношилгоо, эмчилгээг эмнэл зүйд нэвтрүүлэх, мэдээгүйжүүлэг болон мэс заслын эрчимт эмчилгээг хөгжүүлэхээр олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, үр дүнд хүрч байна. Оношилгоо, эмчилгээний олон шинэ техник, технологиуд болон жирэмсний эрт илрүүлэг, ураг-нярай-хүүхдийн өвчний эрт илрүүлэг, оношилгооны аргуудыг нэвтрүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан, эрсдэл хүндрэл, эмнэлгийн дундаж ор хоног ба эмчилгээ оношилгооны зардал, нас баралтыг үргэлжлүүлэн бууруулсаар ирлээ.

Сүүлийн жилүүдэд анагаах ухааны шинэ техник, технологийг хурдацтай нэвтрүүлж, төрөлхийн хөгжлийн гажиг (ТХГ) ба бусад хүнд өвчин, эмгэгийг эрт үед нь оношлох, эмчлэх чадавх буй болгох, монгол хүн эх орондоо эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө л ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглосон Анагаахын удам зүйн лаборатори, Зүрхний катетер, ангиографийн лаборатори, Гемодиализын хэсэг, орчин үеийн өндөр хүчин чадалтай Нэгдсэн лаборатори, Үргүйдэл, нөхөн үржихүйн төв байгуулсан. Түүнчлэн эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалт, судалгааны тогтолцоо, өсвөр үеийн эрүүл мэндийн лавлагаа тусламж үзүүлэх бүтэц бий болгон, хөгжүүллээ. Нэг технологи нэвтрүүлэх, түүнийгээ нутагшуулах явцад оношилгоо, эмчилгээний өргөн боломж шинээр нээгдсээр байдаг.

Тухайлбал, жилд дунджаар 60-80 орчим, зарим жилд 120 технологи нэвтэрч байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

-Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй, шийдэх асуудлын талаар санал, бодлоо хуваалцаач?

-Анхаарч, шийдэх хэд хэдэн асуудал бий. Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн түвшинг тогтвортой хадгалж, эх, хүүхдийн өвчин, эндэгдлийг үргэлжлүүлэн бууруулах, өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэх нөхцөлөөр хангах шаардлагатай. Эх, хүүхдийн эрүүл мэндийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эх, хүүхдийн сэргийлж болох нас баралтыг бууруулах, тусламж, үйлчилгээний бүтэц, зохион байгуулалтын асуудлыг онцгойлон анхаарч, төвлөрлийг сааруулах, зарим салбарыг салбарлан хөгжүүлэх асуудлыг төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хүүхдийн хавдрын цогц тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, ингэхдээ хүүхдийн хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх хэрэгцээ хэдийн тулгарсан.

Хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламжийг салбарлан хөгжүүлэх, зохион байгуулалтыг сайжруулах замаар чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх, ургийн анагаах ухаан, ургийн мэс заслыг хөгжүүлэх шаардлага ч бий.

Хэдийгээр бид нярайн эрт илрүүлгийн үзлэг хйиж байгаа ч дөрвөн өвчин гэдэг хангалтгүй. Тиймээс нярайн эрт илрүүлгийн хөтөлбөрт хамрагдах өвчин эмгэгийн тоог нэмэгдүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийг (18 ба 36 сартайд) хийж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд бүрэн нэвтрүүлэх хэрэгтэй. Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн болон нийт иргэдийн гэр бүл төлөвлөлтийн мэдлэгийг сайжруулах замаар хүсээгүй жирэмслэлт, түүний сөрөг үр дагавраас сэргийлэх, жирэмслэхээс өмнө ба жирэмсэн үед аливаа өвчин, эмгэгийг эрт илрүүлж, эрүүлжүүлэх замаар эхийн өвчлөлийг бууруулах ажил хийх шаардлагатай байгаа юм.

ЭМЯ-аас бодлогын хүрээнд нийгмийн эрүүл мэндийг анхаарч ажиллаж байгаа энэ үед эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажилд дэвшил гарна гэж харж байна.

 

 

Эх сурвалж: zaluucom.mn

 


Ш.ЭНХТӨР: Дүүрэг, орон нутгийн ХҮҮХДИЙН ЭМЧ, мэргэжилтнүүдийг СУРГАХ, ЧАДАВХЖУУЛАХ замаар төвлөрлийг сааруулна
2020-10-02 10:45:59
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ