Баасан, 2024-11-22
Ч.Хүрэлбаатар: ФАТФ-ын шалгалтын эхний тайлан энэ сарын 7-8-нд ирнэ

Манай улс яг жилийн өмнө буюу 2019 оны 10 дугаар сард Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Улмаар ФАТФ-аас манай улсад зөвлөмж, үүрэг даалгавар өгсөн. Тус зөвлөмжийн биелэлтийг шалгах ажлын баг өнгөрсөн долоо хоногт манай улсад ажилласан. Тус ажлын багийн шалгалтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. 
 
 
-ФАТФ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжийн биелэлтийг шалгах ажлын баг өнгөрсөн долоо хоногт ирсэн. Энэ ажлын баг ирэхгүй хугацаа алдсан нь цар тахалтай холбоотой байсан уу?
 
-Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсонтой холбогдуулан тус байгууллагаас Монгол Улсад хийх ёстой ажлын тодорхой үүрэг чиглэл өгсөн. Манай улс 2020 оны тавдугаар сард өгсөн бүх үүргийг нь амжилттай хамгаалаад тайлагнасан. Ингээд тавдугаар сард ФАТФ-аас ирж шалгах хүсэлтээ удаа дараа тавьсан. Гэвч цар тахлын үед хорио цээрийн арга хэмжээтэй холбогдуулан ирж ажиллах сонирхолтой хүн гараагүй өдий хүрсэн. Харин есдүгээр сард АНУ, Их Британийн Сангийн яам, БНХАУ-ын Ардын банк, Евроазийн санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл ирж ажиллах хүсэлт гаргаснаар, тэднийг авчрах тусгай нислэгийг зохион байгуулсан. 
 
 
-ФАТФ-ын шалгалт өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр болж өнгөрлөө. Үүгээр ямар үр дүн гарсан бэ?
 
-Шалгалтын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож цар тахлын үед Монгол Улсад дарамт учруулж буй сөрөг талыг мэдээлсэн. Эргээд харахад, 22 төрийн байгууллага, 19 аж ахуйн нэгж, 4 мэргэжлийн холбооны 140 гаруй хүн ФАТФ-ын шалгалтын багтай уулзаж өгсөн тайланг нь бодитой хэрэгжсэн эсэхийг нягталсан. Ингээд бүрэн хэмжээнд харилцан ойлголцсон. Баасан гарагийн орой 21.00 цагийн үед төгсгөлийн уулзалтыг хийх үед шалгалт амжилттай боллоо гэсэн сэтгэгдэл төрсөн. Албан ёсны шийдвэр одоогоор гараагүй. 
 
 
-Манай улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах эсэх албан ёсны шийдвэр хэзээ гарах вэ?
 
-Эхний ээлжинд манай улсад ажилласан тайлангаа 10 дугаар сарын 7-8-нд ирүүлэх байх. Ингэснээр, 10 дугаар сарын 16-наас эхлэх ФАТФ-ын хуралд өргөн бариад 21-23-нд албажаад шийдвэр нь гарна. 

Ч.Хүрэлбаатар: ФАТФ-ын шалгалтын эхний тайлан энэ сарын 7-8-нд ирнэ
2020-10-05 20:26:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ