Баасан, 2024-11-22
БНСУ-д тэтгэлгээр суралцах монгол оюутнуудын тоо нэмэгдэх хандлагатай байна

Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хүрээнд Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран “Солонгост суралцъя” боловсролын үзэсгэлэнг энэ сарын 20-ноос эхлэн гурван өдөр зохион байгуулсан. Энэ үеэр оюутан залууст БНСУ-ын шилдэг их, дээд сургуулийн элсэлт, хэлний бэлтгэл, тэтгэлэг гэсэн олон талын мэдээллийг хүлээж авсан. Тэгвэл бид энэ удаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Боловсролын асуудал хариуцсан зөвлөх И Ын Угтай цөөн хором ярилцлаа.

-Монгол оюутнууд сүүлийн жилүүдэд чанартай, сайн боловсрол эзэмших гэж БНСУ-ыг зорьдог болжээ. Иймд та Монгол-Солонгос хоёр улсын Засгийн газар хоорондын боловсрол, соёлын чиглэлээрх хамтын ажиллагааны талаарх мэдээллийг товчхон өгнө үү?
-БНСУ, Монгол Улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны үйл ажиллагааны чухал үндсэн чиглэлийн нэг билээ. Энэ хүрээнд голлон хийж буй ажлуудаас дурдвал БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, Солонгос хэлний боловсролыг дэмжих ажлууд, (Солонгос хэлний ярианы тэмцээн, Солонгос хэлний багш нарын холбооноос сургалт, семинар зохион байгуулах гэх мэт), Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ыг хамтран зохион байгуулж байна.

Мөн Солонгост суралцах боловсролын үзэсгэлэн, яармаг зохион байгуулах, “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо” ТББ, БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр төгсөгчдийн холбоотой хамтран ажиллаж байна.  Ялангуяа 2020 онд БНСУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцсан шилдэг төгсөгч шалгаруулах, Солонгост суралцах боловсролын үзэсгэлэн, яармаг зохион байгуулж байгаа. Мөн солонгос хэлний боловсролыг дэмжих хүрээнд солонгос хэлний ярианы тэмцээн, Солонгос хэлний багш нарын холбооноос сургалт, семинарыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Одоо тус улсад ойролцоогоор хэчнээн оюутан суралцаж байна вэ. Монгол оюутнуудын сурах идэвх, хүсэл сонирхол хэр байна вэ?
-БНСУ-ын Боловсролын яамны мэдээллээс харахад 2019 оны байдлаар Солонгосын их, дээд сургуульд 160 гаруй мянган гадаад оюутан сурч байгаагаас 7381 нь монгол оюутан буюу нийт гадаад оюутны 4.6 хувийг эзэлдэг. Оюутны тоогоороо Хятад, Вьетнам, Узбекистаны дараа дөрөвдүгээрт орж байна. БНСУ-д суралцах монгол оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. 2017 онд 5384, 2018 онд 5496, 2019 онд 7381 хүн суралцаж байна. Монгол оюутнуудыг солонгос хэлний өндөр чадвартай, аливаад дасан зохицохдоо сайн, идэвх санаачилгатай, суралцаж буй их, дээд сургуулийн зүгээс эерэгээр үнэлдэг.

-БНСУ-д суралцах давуу тал ихтэй гэж ярьдаг. Суралцах орчин нөхцөл сайн, хоёрдугаарт тэтгэлгээр суралцах боломж, нөхцөл илүү байдаг гэдэг. Тиймээс та БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгийн талаарх мэдээллүүдийг өгөөч?
-БНСУ-ын хувьд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна Солонгосын их, дээд сургуулиуд, хувийн хэвшлийн байгууллагууд, төрөл бүрийн сангуудын гадаад оюутнуудад чиглэсэн тэтгэлгүүд байдаг. Эдгээр тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг БНСУ-ын Боловсролын яамны харьяа Олон улсын боловсролын хүрээлэнгийн www.studyinkorea.go.kr цахим хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Тус цахим хуудаснаас Солонгост суралцахтай холбоотой мэдээлэл, яагаад Солонгосыг сонгох болсон шалтгаан, тус улсын боловсролын тогтолцоо, гадаадад суралцахын тулд бэлтгэх зүйлс, гадаадад суралцаж амьдрах талаар, мөн суралцаж буй оюутнуудын туршлага, холбогдох байгууллагууд болон тогтолцооны талаарх мэдээлэл гээд олон талын мэдээллийг авах боломжтой.

Мөн  их, дээд сургуулиудын талаарх мэдээлэл, тэтгэлэгт хөтөлбөрүүд, тэр дундаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, их, дээд сургууль, хувийн хэвшил, төрөл бүрийн сангуудын тэтгэлэг, шилдэг оюутны тэтгэлэг, улсаас өгөх тэтгэлэг, солонгос хэлний сургалт, ажлын байртай холбоотой дэмжлэг, цахим зөвлөгөө гэсэн мэдээллийг англи, монгол хэл дээр авах боломжтой.

-Жилд ойролцоогоор хэдэн оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг вэ?
-Жил бүр сонгон шалгаруулж бакалаврт 150 хүн, магистр, докторт 800 гаруй хүн авдаг. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход жил бүр Монгол Улсаас сонгон шалгаруулах хүний тоо нь харилцан адилгүй. 2020 оны хувьд бакалаврын түвшинд дөрвөн хүн, (Монгол дахь ЭСЯ-аар дамжуулан сонгох), магистр, докторт 42 хүн (ЭСЯ-аар дамжуулан 14 хүн, Солонгосын их, дээд сургуулиар дамжуулан 27 хүн, солонгос хэлний багш нэг хүн)-ийг сонгож авахаар тогтсон байдаг. Хоёр улсын харилцааны хөгжил болон Солонгост суралцах хүсэлтэй Монгол оюутнуудын тоо их байдгаас квот нь нэмэгдэх хандлагатай байна.

-Суралцах хөтөлбөрөөсөө шалтгаалаад тэтгэлгийн хугацаа янз бүр байдаг байх. Энэ тухай товчхон мэдээлэл өгөөч?
-Бакалаврын түвшинд (солонгос хэлний бэлтгэл нэг жил, үндсэн мэргэжлээр дөрвөн жил суралцах, магистр, докторын түвшинд суралцах (солонгос хэлний бэлтгэл нэг жил, магистр, доктор 2-3 жил), судлаачийн хөтөлбөр (солонгос хэлний бэлтгэл байхгүй бөгөөд зургаан сар эсвэл нэг жил) гээд тэтгэлгийн хугацаа харилцан адилгүй байдаг.

-Монгол оюутнуудын ихэнх нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах сонирхолтой байдаг. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд олон зардлыг бас даадаг гэж сонссон. Энэ тухай?
-Тухайн оюутан сонгогдсон тохиолдолд Солонгост суралцахтай холбоотой бүх зардлыг хариуцах бөгөөд үүнд хоёр талын онгоцны тасалбар, суурьших зардал (нэг удаа 200 мянган вон), амьжиргааны зардал (сар бүр 800-900 мянган вон), эрүүл мэндийн даатгал (сар бүр 20 мянган вон), хэлний бэлтгэл (нэг улиралд 800 мянган вон) сургалтын төлбөр (улирал бүр таван сая вон хүртэл), солонгос хэлний өндөр оноотой оюутанд (сар бүр 100 мянган вон), судалгааны зардал (улирал бүр 210-240 мянган вон), диплом хэвлэх зардал 500-800 мянган вон, нутаг буцах дэмжлэг (нэг удаа 100 мянган вон) олгодог.

-Сургалтын төлбөр нь мэргэжил, их сургуулийн онцлогоос хамаараад  өөр байдаг гэж сонссон. Ер нь хувийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн дундаж хэд байдаг бол?
-2019 оны байдлаар дөрвөн жилийн сургалттай энгийн их, дээд сургуулийн дундаж төлбөр жилд зургаан сая 200 мянган вон байна.  Тухайлбал, ойролцоогоор тооцоолоход Хүмүүнлэг, нийгмийн ухааны салбар- таван сая 460 мянган вон, Байгалийн шинжлэх ухааны салбар- зургаан сая 700 мянган вон, инженерийн салбар-долоон сая 80 мянган вон, Соёл, урлагийн салбар-долоон сая 90 мянган вон, анагаах ухааны салбар-есөн сая 630 мянган вон байна.

-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд материалаа хаана бүрдүүлж өгөх вэ?
-Тэтгэлэгт хөтөлбөрт материал өгөх аргачлалын хувьд бакалавр болон магистр, докторууд Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ болон Солонгосын их, дээд сургууль руу материалаа өгнө. Судлаачийн хөтөлбөрт суралцах бол Солонгосын их, дээд сургуульд шууд хандана. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь жил бүрийн есдүгээр сард бакалавр, хоёрдугаар сард магистр, докторын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг нээлттэй зарладаг тул сонирхож буй оюутан, сурагчид манай ЭСЯ-ны цахим хуудаст хандах боломжтой. 

-Сонгон шалгаруулалтын зарчим ямар байдаг бол. Манай зарим оюутан Солонгос улсад суралцахын хажуугаар ажил хийх боломжтой гэж ойлгоод байдаг?
-ЭСЯ-нд хандан тэтгэлэгт материал өгч буй тохиолдолд өмнөх боловсролын гэрчилгээний голч дүн, солонгос хэлний V түвшнээс дээш бол давуу тал болно) эсвэл англи хэлний оноо, Солонгост суралцах хүсэл эрмэлзэл, Солонгос улстай холбоотой аливаа нэгэн туршлагыг нэгдсэн байдлаар харгалзан үзсэний үндсэн дээр сонгон шалгаруулдаг. Солонгос хэлний бэлтгэлд суралцах хугацаанд гэр бүлээ урих,  нийт тэтгэлгийн хугацаанд ажил эрхлэх боломжгүй ба тухайн суралцаж буй их, дээд сургуулиас хэрэгжүүлж буй судалгааны ажилд оролцох нь нээлттэй байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 
 

БНСУ-д тэтгэлгээр суралцах монгол оюутнуудын тоо нэмэгдэх хандлагатай байна
2020-10-28 14:36:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ