Ням, 2024-11-24
М.Даваажав: Үйлдвэрлэлд ашиглаж буй химийн хорт бодисыг ангилж, хаягжуулах ажлыг дэлхийн стандартын түвшинд хийж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилттой 2020 оныг угтсан. Тодруулбал, техник технологийн шинэчлэлдээ илүү шинжлэх ухаанчаар хандаж, судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлийн үйл явцтай уялдуулан ажиллахад үндсэн бодлогоо чиглүүлж байна. Тиймээс энэ жил стратегийн том төслүүдийн зэрэгцээ инновацийн чухал болоод үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд гараанаас хэдийнээ хөдөлжээ. Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд инновацийн гурван том төслийн судалгааны ард гарч, бодит ажил болгох үе шатандаа ороод байна. Эдгээрээс энэ удаа бид “Химийн хорт аюултай бодисын менежментийг сайжруулах буюу Химийн бодис урвалжийн хор аюулын лавлах мэдээллийг боловсруулах, шошгожуулах төсөл”-ийг онцоллоо. Чанар хяналтын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатар удирдагчтай, тус хэлтсийн туршлагатай химичид, ХАБ-ын цацрагийн аюулгүй байдал хариуцсан болон Гамшгаас хамгаалах штабын мэргэжилтэн, ШУА-ийн зөвлөхүүдээс бүрдсэн мэргэжлийн баг уг төслийг хэрэгжүүлж байна. Төслийг Чанар хяналтын хэлтсийн Химич инженер М.Даваажав санаачилжээ. 
 
-Инновацийн төслийнхөө талаар эхлээд танилцуулна уу. Ямар зорилго, чиглэлтэй төсөл вэ?
 
-Монгол Улсын Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэглээний судалгааны сэдвээр төслийн ажлууд хийгдэж байна. Эдгээрийн нэг нь бидний хэрэгжүүлж буй “Химийн хорт аюултай бодисын менежментийг сайжруулах” төсөл. Төслийн явцад Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд ашигладаг химийн хорт аюултай бодисын хор аюулын лавлах мэдээллийг боловсруулах, шошгожуулах, ангиллыг тогтоох ажлууд хийгдэнэ. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хүдэр олборлолтоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн буюу зэс, молибдены баяжмал гаргах хүртэл үйл явцад жилд 370 орчимнэр төрлийн 120 мянган тонн химийн бодис хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний химийн бодис ашиглан, үйлдвэрлэлээ явуулдаг гэж ойлгож болно. Тэгэхээр энэ төслийн үндсэн зорилт нь Эрдэнэт үйлдвэрийн технологийн процесст ашиглагддаг химийн хорт аюултай бодисуудын хор аюулын лавлах мэдээлэл, шошгыг хууль эрх зүйн хүрээнд олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн гаргахад чиглэгдэнэ. Мөн химийн хорт, аюултай бодистой шууд харьцан ажилладаг ажилтан, хяналтын ажилтан, авран хамгаалах ажилтанд химийн хорт болон аюултай бодисыг аюулгүй ашиглах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдээллийг хор аюулын лавлагаагаар дамжуулан олгох ажил хийнэ. Үүнийг зохицуулсан хууль эрх зүйн орчин манайд бий. Химийн хорт аюултай бодисын тухай хууль, дагалдах журмуудад химийн хорт аюултай бодисыг ашиглаж буй иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хор аюулын лавлах мэдээлэл, шошготой байна гэж заасан байдаг. Тэгэхээр эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд дээрх төслийг санаачилсан гэж хэлж болно.
 
-Манай үйлдвэрт өмнө нь химийн хорт бодисыг хаягжуулж, ангилах ажил хийгдэж байсан уу?
 
-Ерөнхийдөө ийм ажил хийгдэж байсан ч одоо мөрдөж буй стандартын дагуу хийгдээгүй.  Химийн хорт болон аюултай бодисыг шошгожуулах тухай 2013 онд НҮБ-аас тогтоосон стандартыг Монгол улс 2015 оноос хуульчлан мөрдөж эхэлсэн. Бидний энэ төсөл бол НҮБ-ын ‘‘Химийн бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем’’ болон Монгол улсын баримталж буй хууль дүрэм, стандартын дагуу хаяг шошго хийж, ангилах гэж буйгаараа онцлог юм.
 
-Эрдэнэт үйлдвэрт ашиглаж буй химийн хорт болон аюултай бодист танай хэлтэс хяналт тавьдаг уу? Химийн хорт аюултай бодисыг ангилах, хаягжуулах ажил хэдийд бүрэн хийгдэж дуусах вэ?
 
-Химийн хорт болон аюултай бодисын ашиглалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хяналт тавьж ажилладаг. Харин химийн бодисын лавлагаа, мэдээлэл боловсруулах тал дээр манай хэлтэс мэргэжлийн давуу тал илүү гэж болно. Учир нь  Чанар хяналтын хэлтэст Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг хянах бүх лаборатори төвлөрдөг. Энд химийн хорт, аюултай бодисын мэргэжлийн химийн судалгааг химич инженерүүд хийх боломжтой. Химийн бодис бол маш нарийн шинжилгээнд тулгуурлан судлагддаг тул энэ төслийг мэргэжлийн химичид гардаж хийх нь илүү үр өгөөжтэй, хөрсөн дээр буусан ажил болно гэж үзэж байгаа. Төсөл маань өнгөрсөн оны 5 дугаар сард эхэлсэн. Шинжлэх ухааны академийн Химийн технологийн хүрээлэнтэй хамтран нарийвчилсан төлөвлөгөө гаргасны үндсэн дээр 2020 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна.
 
-Төслийн ажил өнөөдрийн байдлаар ямар явцтай байна вэ?
 
-Төслийн судалгаа хийгдэж дууссан. Одоо бид хор аюулын лавлагаа болон шошгыг 370 орчим нэр төрлийн химийн бодис дээр нэг бүрчлэн хийж эхлээд байна. Үүний зааварчилгааг АНУ, Англи, Австрали зэрэг томоохон орнуудын туршлага, стандартын мэдээллийг цахим сайтуудаас авч орчуулан, нэвтрүүллээ. Төслийн хэрэгжилтийг өнөөдрийн байдлаар тодорхойлбол, лавлах мэдээлэл, ангилал, хаягжуулах ажлууд дуусах шатандаа орсон. Ирэх 5 сард хор, аюулын лавлах мэдээлэл, шошгын эх бэлтгэл боловсруулах ажил дуусаж, хэвлэх, ажлын байранд байршуулах зэрэг сүүлийн шатны ажил эхэлнэ.
 
-Хаягжуулалт олон улсын нэр томьёогоор бичигдэж, байрших нь? Стандартын нэршил нь юу гэдэг вэ?
 
-Тийм. НҮБ-ын стандартыг дэлхийн 20 орчим улс орон мөрдөж ажилладаг. Энэхүү хаягжуулалтын нэгдсэн системд яагаад орох ёстой вэ гэхээр манайх импортлогч орон. Тиймээс гаднаас авч буй хорт бодисын хор, аюулын тэмдэг тэмдэглэгээнд өмнө нь их ялгаа гардаг байсан. Одоо бол нэг стандарттай болсон тул  хаяг шошго түүнд нийцээд явах боломжтой болсон. Химийн бодисын том хэрэглэгчийн хувьд ч Эрдэнэт үйлдвэр үүнийг дагах ёстой. Үйлдвэрлэлийн технологийг химийн бодисгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнөөдрийн дэлхийн нийтийн мөрдөж буй стандартыг GHS буюу Химийн хорт болон аюултай бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем гэж нэрлэдэг. Үүнийг л яг байгаагаар нь Эрдэнэт үйлдвэрт буулгана гэсэн үг. Тухайлбал, өмнө нь бид хор, аюулын тэмдэг тэмдэглэгээг улбар шар өнгөөр, дохио үг, аюулын болон сэрэмжлүүлэх кодууд өөр үсэг тоогоор илэрхийлдэг байсан.
 
-Төслийн ач холбогдлыг товчхон дүгнэж хэлбэл?
 
-Ер нь дэлхий дахинд химийн хорт, аюултай бодисыг ангилах, хаягжуулах ажил асуудалтай байсан. 2013 оноос энэхүү нэгдсэн том систем гарснаар бүх улс орнууд үүн дээр үндэслэсэн хууль эрх зүйгээ боловсруулан, хэрэгжүүлж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ стандарт хэрэгжсэнээр хорт аюултай бодисын ангилалт, хаягжуулалтад шинэ дэвшил гарч байна. Үйлдвэрлэлд их хэмжээний химийн бодис ашиглаж буй нөхцөлд ангилал, хаягжуулалт хийх ажил олон улсын түвшинд хүрээгүй байсан бол одоо үүнийг хийж эхэллээ. Ингэснээр манайх олон улсын стандартад  нийцсэн хаягтай болно. Нөгөө талаар, химийн бодистой харьцаж ажилладаг ажилтан бүрд бүх тэмдэг тэмдэглэгээ, хор аюулын талаарх мэдээлэл тодорхой болж өгнө. Тухайн ажилтан эрүүл мэнд, байгаль орчинд учирч болох эрсдэл, үйл ажиллагаанаас үүсэж болох ослын үр дагаврыг урьдчилан тооцох, химийн бодис урвалжуудын шинж чанараас хамаарч ангиллын дагуу зөв зохистой хадгалах, зөв аюулгүй тээвэрлэх мэдээлэл авах, мөн химийн бодис урвалжийн хор аюулыг тодорхойлж ангилан ялгаж бүртгэлжүүлснээр  мэдээллийн санг шинээр бий болгох, химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтнуудад судлаач инженерүүд өөрсдөө сургалт зохион байгуулах зэрэг маш өндөр  ач холбогдолтой юм.  
 
 
Фото: Б.Баттөгс

М.Даваажав: Үйлдвэрлэлд ашиглаж буй химийн хорт бодисыг ангилж, хаягжуулах ажлыг дэлхийн стандартын түвшинд хийж байна
2020-04-22 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0