Пүрэв, 2024-11-21
Д.Золбооцэцэг: Эрдэнэт хотын 40 гаруй жилийн турш хуримтлагдсан цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, шимт хөрс болгоно

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжлэх Ухааны Академитай хамтран хэрэгжүүлж буй инновацийн дараагийн нэг хөтөлбөр нь “Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, шимт хөрс болгох” төсөл. Энэ төслийн үр дүнд Эрдэнэт хот болон үйлдвэр барьж байгуулагдсанаас хойш өнөөг хүртэлх 40 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан  лагийг боловсруулж, шимт хөрс болгох ажил хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, анх удаа “гар хүрнэ” гэсэн үг. Төслийн зохицуулагч, Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн технологич Д.Золбооцэцэгтэй ярилцлаа.

-“Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, шимт хөрс болгох” төслийн үйл явц ямар байдалтай хэрэгжиж байна вэ?

-2019 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтын ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсон цагаас эхлэн өнөөг хүртэл 40 гаруй жилийн турш Ус хангамжийн цехийн цэвэрлэх байгууламжид хуримтлагдаж байгаа лагийг үнэргүйжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр тусгагдсан. Өөрөөр хэлбэл, цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж,  цаашлаад шимт хөрс болгох, байгаль экологид ээлтэй бүтээгдэхүүн гаргах зорилгоор уг төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Нөгөө талаас, Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын газар болон мэргэжлийн байгууллагуудаас цэвэрлэх байгууламжийн лагийг аюултай хог хаягдлын жагсаалтад орсон учир үүнийг боловсруулж, стандартад нийцсэн бүтээгдэхүүн болгон байгальд нийлүүлэх чиглэл өгсөнтэй холбоотой. Тиймээс энэ төслийн судалгаа, шинжилгээг хийж байна. Энэхүү төсөл маань 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Өнгөрсөн жил бид 97 хувийн чийглэгтэй лагийн чийглэгийг бууруулах, усгүйжүүлэх ажлыг хийсэн. Ингэхдээ шугам хоолойг нэмж татах, цахилгааны холболтуудыг хийх, насосыг шинээр суурилуулснаар талбайг усгүйжүүлсэн. Үүний дараа нь  ШУА-ийн Биологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэнтэй хамтарч туршилт судалгааны ажил хийгдэж байна. 1-р үе шат нь усгүйжүүлэлт хийгдсэн талбай дээрээ Химийн технологийн хүрээлэнгийн доктор Ж.Дугаржавын зохиогчийн эрхтэй “Гумины бэлдмэл”-ийг цацаж өгсөн. 2-р үе шат нь бэлдмэл цацсанаас 14 хонгийн дараа Биологийн хүрээлэнгийн доктор Ц.Рэнцэнханд докторын гаргасан “био бордоо” бэлдмэлийг цацаж, энэ ажлыг хоёр үе шаттай хийсэн. Эхлээд үнэргүйжүүлж, дараа нь лаган дотор агуулагддаг гэдэсний болон бусад эмгэг төрөгч үүсгэгч бактериудыг дарангуйлах, шимт хөрс болгон хувиргахад ямар төрлийн нэмэлт бодис, фосфор фосфат шаардлагатайг тодорхойлохын тулд био бордоог ашиглаж байна. Энэ бэлдмэлүүд бүгд ШУА-ийн эрдэмтдийн өөрсдийн судалгаа шинжилгээнд  үндэслэн гаргаж авсан, өөрөөр хэлбэл Монгол нутгийн омгийн бактериуд гэж хэлж болно. Энэ бактериуд нь Монгол орны цаг уур, нутгийн онцлогт туршигдсан учир энд ашиглахад маш өндөр боломжтой гэсэн үг. Энэ жил бид лагаа усгүйжүүлж, бэлдмэл цацсан хэсгийг хуулж авах, түүнийг өөр талбайд хатаах, дараагийн шинжилгээний ажлуудыг хийж байна. Бэлдмэл цацахаас өмнөх лагийн бүтэц найрлага нь ямар байна, хэрхэн өөрчлөгдсөн эсэх, бордооны төрөл рүү ямар үе шаттай хүрэх вэ гэдэг шинжилгээнүүд мөн хийгдэж байна. Энэ ажлын дараа хатаасан лагийг нөхөн сэргээлтэд ашиглах уу, эсвэл ногоон байгууламжид ашиглах уу гэдэг асуудлыг шийдвэрлэнэ.

-Нийт хэдий хэмжээний талбайг хамарч байгаа вэ?   

-Манай цэвэрлэх байгууламж нийт 6 ширхэг лагийн талбайтай. Нэг талбай нь 10000 м3 багтаамжтай. Өнгөрсөн жил бид үүний нэг талбайд нь  бэлдмэл цацсан. Энэ жил 1-2 талбайд цацах төлөвлөгөөтэй. Лагийн талбайн ачаалал, цэвэрлэх байгууламжийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор бэлтгэл ажлыг одооноос хийж байна. Мөн ирэх сарын 10-ны үеэс лагийн талбайг усгүйжүүлэх ажил эхэлнэ. Усгүйжүүлсэн талбайдаа 9 сарын дунд үеэс үнэргүйжүүлэх бэлдмэл, бордоогоо цацна.

-Өнгөрсөн жилийн бэлдмэл цацсан талбайд үр дүн харагдаж байна уу?

-Яг одоогийн байдлаар лабораторид туршигдаж байгаа. Хатаах, шатаах гээд олон процесс дамжиж байж үр дүн нь харагддаг учраас эцсийн байдлаар дүгнэлт өгөхөд эрт байна. Лабораторийн туршилтын дүгнэлт хараахан гараагүй байна.   

-Төсөл хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүнийг танилцуулаач?

-Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн инженер техникийн ажилтнууд, усны лабораторийн лаборантууд, ШУА-ийн Биологи болон Хими технологийн хүрээлэнгийн доктор Ц.Рэнчинханд, Ж.Дугаржав нарын удирдлага дахь эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын хамтарсан бүрэлдэхүүн ажиллаж байна. Төсөл 2021 оныг дуустал хэрэгжихээр боловсруулагдсан. Улирлын чанартай буюу 5 сараас 10 сар хүртэлх хугацаанд үнэргүйжүүлэх ажил хийгддэг учраас хугацаа их шаардагддаг. Гэхдээ бид эхний үе шатны усгүйжүүлэх, бэлдмэл бордоогоо цацах ажлаа хийсэн болохоор шинжилгээний дүнгээс хамааран цаашид хэрхэн үргэлжлэх боломжтой нь тодорхой болно.

-Та бүхний санаачилсан лагийг үнэргүйжүүлэх төсөл хэрэгжээд дуусна. Мэдээж, хот суурин тэлэхийн хэрээр цэвэрлэх байгууламжийн лаг цаашид ч хуримтлагдсаар байх болно. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдвэрлэх бол? Мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Манай цэвэрлэх байгууламж нь  24000 м3 хүчин чадалтай өргөтгөл баригдаж байна. Энэ өргөтгөлийг барьснаар лагийг усгүйжүүлж, боловсруулах технологи нэвтэрнэ. Бидний  энэ удаагийн хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлж, шимт хөрс болгох туршилт, судалгааны ажлаа үр дүнд хүргэхээр зорьж байна. Харин шинэ өргөтгөл ашиглалтад орохоор лагийн асуудал шийдэгдээд явах боломжтой болох юм. 

 

 

 

Фото: Б.Баттөгс


Д.Золбооцэцэг: Эрдэнэт хотын 40 гаруй жилийн турш хуримтлагдсан цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, шимт хөрс болгоно
2020-04-24 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ