Монгол Улсын эрчим хүчний сайд өнгөрсөн оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холдогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал “Эрчим хүч-математик загварчлал” сэдвийн дор бүтээлийн уралдаан зарласан. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд шинийг санаачлан нэвтрүүлэх боломжтой болон нэвтрүүлж буй арга шийдэл, техник технологи, тоног төхөөрөмжийг таниулах, ажилтнуудын техникийн болон шинжлэх ухааны боловсролыг хөгжүүлэх, туршлага судлуулах, идэвх санаачилгыг өрнүүлэх, бүтээлч, шинийг эрэлхийлэгч ажилтнуудыг урамшуулах зорилго бүхий энэхүү уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Инновацийн сангийн найман сая төгрөгийн санхүүжилттэй уг уралдааныг өргөн хүрээнд, өндөр зохион байгуулалттай хийхээр төлөвлөсөн ч “ковид-19” халдварын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цомхон бүрэлдэхүүнтэй, хэсэгчилсэн байдлаар зохиогдов. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж, хэсгүүдэд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, шугам сүлжээний оролтын параметрүүдийг математик загварчлал, компьютер симуляцийн аргаар боловсруулж дүн шинжилгээ хийх, ажилчдад орчин үеийн техникийн хөгжлийн чиг хандлагыг таниулах, тэдгээрийг үйлдвэрлэлд ашиглаж сурах идэвх санаачилга өрнүүлэх зорилготой уг уралдаанд хувь хүн, хамт олны 18 бүтээл иржээ. Ихэвчлэн, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг багасгах, найдваржилтыг өсгөх, хийц болон ажиллагааг оновчилсон, технологийн горим, түүний үзүүлэлтүүдэд чанарын өөрчлөлт оруулахыг эрмэлзсэн бүтээлүүд байв. Тэд бүтээлүүдийнхээ загвар, танилцуулга, үзүүлэнг видео бичлэг, гэрэл зураг, бодит үр ашгийн судалгаа ашиглан хийсэн байгаа нь сонирхол татсан. Нэгдүгээр шатны шалгаруулалтаас Дулааны цахилгаан станцын “ДЦС-ын хөрөнгө оруулалтын үнэлгээний DCF загвар”, мөн “ДЦС-ын үйлдвэрлэлийн ерөнхий ажиллагааг математик загвар ашиглан тооцоолол хийх симуляци программ”, Ус хангамжийн цехийн “Эргэлтийн усны горим”, мөн “Ус хангамжийн цехийн ус өргөх станцуудын насосны ажиллах горимыг оновчлох”, “Тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний бүртгэлийн программ”, Ил уурхайн “Цахилгаан эрчим хүчний чанарын хэмжилт, динамик загварчлал” гэсэн зургаан бүтээл дараагийн шатанд шалгарлаа. Ирэх сард эцсийн шалгаруулалт хийгдэж, түрүүлсэн бүтээлийн эзэд гурван сая, дэд байрт шалгарсан баг хоёр сая, гутгаар байр эзэлсэн хамт олон 1,5 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Харин тусгай байранд гурван бүтээл тунаж 500 мянган төгрөгийн урамшуулал хүртэнэ.
Мөн шинэ санаа, оновчтой бүтээлд тодорхойлох боломжтой бүтээлүүдийн эрхийг хамгаалах, зохиогчидтой хамтран ажиллах, үлгэрчлэн бусад газар нэвтрүүлэх асуудалд үйлдвэрийн газрын зүгээс анхаарч ажиллана гэж шүүгчид онцолсон. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Төрбат, цахилгааны тэргүүлэх инженер Д.Энхтөгс тэргүүтэй удирдлагын багаас гадна ШУТИС-ийн багш, дэд профессор П.Ариунболор урилгаар ирж, шүүгчээр ажилласан юм. Тэд “Эрчим хүч-математик загварчлал” уралдаанд шинжлэх ухаанд суурилсан бүтээл түлхүү ирэх болов уу, гэж хүсэж хүлээсэн ч сайн саналын хэлбэрийн танилцуулга дийлэнх нь байсан учир дараагийн шатны шалгаруулалт хийхээр шийджээ. Бүтээл нь шалгарсан багийнхан дараагийн шатанд нарийн мэргэжлийн түвшинд ярилцлага өрнүүлж өрсөлдөнө. Ингээд ШУТИС-ийн багш, дэд профессор П.Ариунболортой цөөн хором ярилцлаа.
П.АРИУНБОЛОР: Эрдэнэт үйлдвэрт хиймэл оюун ухааны сүлжээ үүсэх боломжтой
-“Эрчим хүч-математик загварчлал” уралдаанд ирсэн бүтээлүүдийн чанар чансааны талаар та юу хэлэх вэ?
-Юуны өмнө намайг чухал ач холбогдолтой энэ уралдааны шүүгчээр урьсанд баярлалаа. Уралдаанд ирсэн 18 бүтээл шинжлэх ухааны түвшинд хийгдсэн сайн ажлууд ч байна, зарим нь хөдөлмөр хөнгөвчилсөн, сайн санал санаачилга хэлбэрийнх ч байна. Бид шинжлэх ухааны үндэстэй, математик загвараар эрчим хүч хэмнэх, үйлдвэрлэлд эдийн засгийн ямар үр ашиг авчрах вэ, гэдэгт илүү төвлөрч авч үзлээ. Сайн бүтээл олон ирсэн болохоор шууд байр эзлүүлэхэд хэцүү байна. Тиймээс нэгдүгээр шатанд шалгарсан ажлуудыг дахин хэлэлцэж, мөн чанарыг нь илүү нарийн тодотгох хоёр дахь хэлэлцүүлэг хийхээр шийдвэрлэсэн. Би Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдээр маш их бахархаж байна. Эндээс Монгол Улсын хэмжээнд мөрдөх стандартууд гарах төлөвтэй. Мөн маш сайн докторууд төрж мэдэхээр байна. Залуус үйлдвэрлэлийнхээ горимыг, асуудлыг маш сайн мэдэж байгаа нь бахархал төрүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэхэд математик аргачлал, тооцоолол сайн эзэмшсэн эдгээр залуусын хүч хөдөлмөр маш их гэдгийг өнөөдөр олж харлаа. Шинэ үеийн залуус сайн бэлтгэгдэж байгаа юм байна. Үйлдвэрлэлийн туршлага сайтай, ихэнх нь магистрын зэрэгтэй, судалгааны арга барил хэдийнээ эзэмшсэн залуус уралдаанд оролцлоо. Шүүгчийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн хэтийн зорилго- Үйлдвэрлэл, шинжлэх ухааны парк байгуулахад залуусын хувь нэмэр их, тэдэнд итгэж болно гэж хэлмээр байна.
-Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний чиглэлийг авч яваа мэргэжилтнүүдийн ур чадвар, залгамж халааг та хэрхэн үнэлэв?
-Ер нь Эрдэнэт үйлдвэр залгамж чанар сайтай. Үйлдвэрлэлийн гол бодлогыг барьж яваа тулхтай мэргэжилтнүүдийнхээ удирдлага дор залуу үе нь хүмүүждэг, арга барилыг авдаг, уламжлал шинэчлэлийг хослуулсан залгамж холбоо үүссэн газар. Нэгэнт бий болсон уламжлалт холбоонд үндэслэн үйлдвэрийг цаашид улам автоматжуулаад, технологийг нь оновчтой горим руу шилжүүлээд ухаалаг болгох, яваандаа хиймэл оюун ухаан ажиллахад бололцоотой. Учир нь 40 гаруй жил ажилласан энэ үйлдвэрт өөрийн “бодит дата”-нууд бэлэн байгаа. Бүх өгөгдлүүдээ ашиглаад, залгамж холбоогоо үргэлжлүүлээд, залуучуудаа боловсруулаад явахад дараагийн 10 жилд хиймэл оюун ухааны сүлжээ үүснэ гэдэгт итгэлтэй байна.
-Манай үйлдвэрийн газар эрчим хүчний асуудлаа хэр оновчтой шийдвэрлэсэн гэж үзэж байна?
-Эрдэнэт үйлдвэр дэлхийн хэмжээний уурхайн хувьд эрчим хүчний бодлого барьж байгаа хүмүүс нь монголд төдийгүй дэлхийд өндөр үнэлэгдэх мэргэжилтнүүд гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Сүүлийн үед цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох том алхам хийсэн нь маш зөв шийдвэр байсан. Дээрээс нь янз бүрийн сэргээгдэх эрчим хүч яригдаж байна. Маш олон мэргэжилтэн доктор хамгаалчихсан судалгааны ажил хийж байна. Өөрөөр хэлбэл эрдмийн бүхэл бүтэн бүтээн байгуулалт өрнөж байгаа газар шинжлэх ухаан, технологийн тал дээр асуудал гарахгүй, Монгол улсын хэмжээнд тэргүүлэх байр сууриа алдахгүй болов уу.
-Сүүлийн үед Монголын эрчим хүчний салбарт ямар өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байгааг та ажиглаж байна?
-Бид Улаанбаатар, цаашлаад Монгол улсын эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөвийг байнга сонирхож байдаг. Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ асар их өсөж байна. Энэ нөхцөлд хэмнэлт маш чухал. Эрчим хүчний оновчтой төлөвлөлтүүд хийх ёстой. Хувьсах гүйдлээр эрчим хүч дамжуулж байсан бол одоо тогтмол гүйдлийн шугам сүлжээ, өндөр хүчдэл, смарт, кредит гээд ухаалаг сүлжээ бий болж байна. Үүнээс гадна энэ их үйлдвэрлэл, хорт хийн ялгарал дэлхийг туйлдуулж байгаа энэ үед бид эко орчин, сэргээгдэх эрчим хүчийг илүү түлхүү ашиглах ёстой. Монгол орны сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог харахад нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй. Харин усны эрчим хүчний нөөц хомс. Яагаад гэхээр Монгол улс Азийн усны яг хагалбар дээр оршдог. Тэгэхээр бид цэнгэг усаа гамнах ёстой. Би бол мэргэжлийн хүн биш. Сонирхогчийн хувьд усан цахилгаан станц барих шийдвэрийг зөв гэж боддоггүй. Хамгийн ээлтэй хөгжих нь нар болон салхины эрчим хүч. Яваандаа био химийн эрчим хүчийг гаргах хэрэгцээ бий. Энэ их хог хаягдал байнга дулаан ялгаруулж байдаг шүү дээ. Хүмүүсийн хоолны үлдэгдэл, хаягдал энэ бүхнээр био химийн сэргээгдэх эрчим хүч гаргах боломжтой. Гэхдээ дулааны цахилгаан станц тэргүүлэх байр суурийг эзэлсээр байх болно. Түүнийг сэргээгдэх эрчим хүчээр тэжээж оновчлох асуудал нэн чухал.
-Манай уншигчдад, уралдаанд оролцсон залууст хандаж юу хэлэх вэ?
-Өнөөдөр бол сурах эрин үе. Дээхэн үед бидэнд сурах бичиг олддоггүй байсан бол интернет хөгжсөн энэ цаг үед бүх хүмүүст шинжлэх ухааны хаалга нээлттэй. Хүн өөрөө хичээвэл ямар ч амжилтад хүрэх боломж нөхцөл бүрдсэн. Янз бүрийн программ хангамж бий болчихлоо. Залуу хүмүүс амжилтад хүрэх хоёр л зам бий. Англи хэлтэй байх, үндсэн мэргэжлээ маш сайн мэдэж, өөрийн болгох. Цаашид эрдмийн ажилтан болох гэж байгаа бол математик суурьтай байх ёстой. Түүнээс гадна дэлхий нийтэд эмэгтэй инженерүүдийг илүү дэмжих болсон. Учир нь эмэгтэй хүмүүс шинжлэх ухаан, технологийн салбарт орж ирснээр дэлхий ертөнц өөрөөр хөгжиж эхэлсэн. Дан эрчүүд байсан бол дэлхий хогондоо дарагдаж, дайн тулаан түлхүү болох байсан байх. Гэтэл эмэгтэйчүүд шинжлэх ухаан, технологийн салбарт хүч түрэн орж ирснээр илүү их инновацийг бий болгосон. Хүн нэг хэрэглэсэн бол тэр ая тухтай, ашигтай шинж чанарыг мэдээд буцаад тэр хэрэглээнээсээ гарч чадахгүй мөнгө төлдөг бүтээгдэхүүнийг инноваци гээд байгаа шүү дээ. Тэгвэл инновацийг ихэвчлэн эмэгтэйчүүд гаргаж байна. Яагаад гэхээр эмэгтэйчүүд хүүхдээ асарч байна, эмнэлэгт өвчтөн асарч байна. Өөрсдийн мэдэрч байгаа зовлонг техникээр дамжуулан хүнд хүртээж байгаа учраас инноваци бий болоод байгаа юм. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт маш ихээр инноваци бий болсон. Тэгэхээр охидыг инженерчлэлийн чиглэлээр суралцаасай гэж хүсдэг. Тэгвэл монгол сайхан хөгжих боломж бий. Дэлхийн технологи ороод ирлээ, интернет нээлттэй байна, хөгжихөд хязгаар үгүй боллоо. Хүн хэдий чинээ зүтгэнэ төдий чинээ сайхан амьдрах боломж нээгдсэн. Тийм учраас бүү залхуур, суралц гэж хэлмээр байна.
-Баярлалаа.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Шилдэг бүтээлийн эзэд ирэх сард тодорно |
|