-Брокер овнер болон агентууд үл хөдлөхийн зах зээлийг хамгийн сайн мэддэг мэдэрдэг хүмүүс шиг санагддаг. Манай улсын үл хөдлөхийн зах зээлийн хөгжлийн талаар та юу хэлэх вэ? Ер нь бид аль түвшинд явна вэ?
-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар олон талын судалгаа, статистик хэлж болно. Гэхдээ үүнээс илүү үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлээс яримаар байна. Жишээ нь, манай зарим захиалагч компани болон хувь хүмүүс орон сууц барихдаа мэдлэггүй, туршлагагүй, хэнэггүй, хариуцлагагүй байдгаас төлөвлөлт гэдэг хамгийн чухал зүйл дээр маш том алдаа гаргаж, үүнээс үүдэн гадна орчин, дотоод гадаад зохион байгуулалт муутай, тав тухгүй, аюултай орон сууцнууд цөөнгүй баригдаж байна. Үр дүнд нь тухайн төслийн борлуулалт удаашрах, үнэ унах, нэр хүндгүй болох зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна. Хийж бүтээхийн тал хувь нь сайтар бодож төлөвлөх гэдгийг ойлгож, ямар байршилд, хэдээс хэдэн м.кв талбайтай, ямар зохион байгуулалттай, хэдэн өрөөтэй, ямар орчинтой, ямар аюулгүй байдлын стандарт хангасан, ямар орц гарцтай, ямар загвар дизайн өнгө үзэмжтэйгээр, чанарын ямар түвшинд, ямар хийцлэл бүтээцтэй, хэдэн айлын, хэдэн давхар, хэдэн блок хотхон хороолол баривал борлуулалт сайтай, худалдан авагч сэтгэл ханамжтай байх вэ гэдгийг сайтар тооцоолох шаардлагатай. Мэдээж үүнд судалгаа, дүгнэлт, туршлага хамгийн чухал. Энэ тал дээр биднээс зөвлөгөө авч хамтран ажиллах бүрэн боломж байгааг энэ дашрамд дуулгамаар байна.
-Таны хэлснээр төлөвлөлт маш чухал. Гэхдээ барилгын компаниуд үүнд төдийлөн анхаарахгүй байгаа гэдэг ч үнэн.
-Зарим барилгын захиалагч, гүйцэтгэгч компаниуд өндөр түвшний мэдлэг, туршлага дээр үндэслэн сайн барилга барьж байна. Гэвч зарим нь үнэхээр хайнга хэнэггүй байдлаар хандаж, тааруухан барилга барьж байгаа компаниуд байна. Миний хэлэх гээд байгаа санаа нь худалдан авагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, тав тух, аюулгүй байдлыг хангасан, дээд зэргийн сэтгэл ханамж өгөх хэмжээний барилга, орон сууц барих тухай л яриад байгаа юм. Энэ бол цэвэр төлөвлөлт, зохион байгуулалтын асуудал болохоос хөрөнгө оруулалт нэмэх тухай асуудал бол огт биш. Заавал үнэтай тансаг орон сууц л төгс байх албагүй. Зургийн компаниуд нэг захиалагчид хийж өгсөн зургаа багахан өөрчлөөд өөр захиалагчид өгчихдөг жишээ байна. Үүнээс үүдэж Монголд нэг хэвийн загвартай, зохион байгуулалт муутай орон сууцнууд баригдсаар л байна. Зарим зургийн компани арай л сэтгэлгүй байна уу даа л гэж хараад байна. Захиалагчдын хайхрамжгүй, мэдлэггүй байдал дээр нь “тоглолт” хийгээд ч байгаа юм шиг. Тэс өөр хоёр компанийн барьсан барилга гаднаа ч дотроо ч яг адилхан байх тохиолдол байна. Өмнөх зууных шигээ барилга барьсаар л байх уу? Заавал шүдэнзний хайрцаг шиг тэг дөрвөлжин, царай муутай орон сууцууд бариад л байх уу? Энэ асуудалд бид шийдэл болгож барилгын захиалагч нарт зургийн компанид зураг захиалахын өмнө төлөвлөлтийг сайтар хийсэн даалгавар зураг хийж өгч хамтран ажиллаж байна.
-Тун саяхан газар хөдлөлт Улаанбаатарт хүчтэй мэдрэгдлээ. Байшингаа зөв төлөвлөж барьж чадвал газар хөдлөлтийн аюулд өртөхгүй байх боломжтой гэдгийг албаныхан хэлж байна.
-Тийм шүү, төлөвлөлт гэдэг нь маш өргөн хүрээний олон талын чухал ач холбогдолтой. Хэрэв газар хөдлөлт, галын аюул гарвал ямар ослын гарцаар оршин суугчдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх вэ, цугларах цэг хаана байх ёстой вэ, муугаар бодоход хүчтэй газар хөдлөлт болж барилга нурлаа гэхэд зугтан гарсан хүмүүс барилгын нурангид даруулахгүй байх боломжит зай талбайг сайтар тооцоолох, цаашлаад СӨХ-үүд цугларах цэгийн мэдээллийг оршин суугчдад өгөх, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллах, ослын үед оршин суугчдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилтийг тодорхой хугацаанд тогтмол зохион байгуулдаг болох шаардлага бас байна.
-Тантай ярилцахад барилгын мэдлэг өндөр санагдлаа. Бас таныг ямар байранд амьдардаг бол гэх саваагүй асуулт толгойд бууж байлаа.
-Би барилгын мэргэжилтэй хүн биш, практик туршлагатай л хүн. Өөрийн мэргэжлээс гадуурх зүйлсийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь давуу тал гэж би боддог. Хүн өөрийн сонирхсон зүйлээ амархан сурдаг. Би энэ салбартаа сонирхолтой учраас хурдан суралцаж, хурдан хөгжиж байгаа хэрэг. Би гэр бүлтэй болоод тусдаа гарснаасаа хойш амьдрах байраа худалдаж авахгүй, заавал өөрөө барина гэж төлөвлөсөн. Өөрийн хүсэл, гэр бүлийн хэрэгцээ шаардлагыг хангасан байшин барихаар төлөвлөөд зургийг нь гаргаад олон жил болж байна. Жилээс жилд мэдлэг мэдээлэл нэмэгдэх тусам шинэ санаа оруулаад, зургаа засварлаад л яваад байгаа. Бизнесийн тодорхой зорилгодоо хүрснийхээ дараа амьдрах байшингаа барина даа.
-Таны амьдрах байшин хаана, хэрхэн сүндэрлэх бол?
-Зорьж байгаа том төсөл бий. Төсөл хэрэгжихэд тэнд миний амьдрах байшин бий болно. Одоо энэ төсөлдөө анхаарлаа хандуулан ажиллаж байна. Миний хүүхэд нас угсармал 3 өрөө байранд өнгөрсөн. Манайх ам бүл 9-үүлээ амьдардаг байлаа. Өрөөнүүддээ унтаж багтахгүй коридортоо зөндөө л унтдаг байсан. Хуучны айлуудын амьдралын хэв маяг том том ханын тавилгууд, буйдан, ширээ гээд жижигхэн өрөөтэй орон сууцаа тавилгаар дүүргэж амьдардаг байсан. Хүүхэд насанд гэртээ тоглох гол орон зай коридор л байлаа. Яагаад гэвэл тэнд тавилгагүй учир тоглох сул чөлөөтэй зай талбайтай байсан. Хүүхдийн өсч, хүмүүжих орчинд орон зай гэдэг зүйл чухал байж. Одоо хүмүүс амьдралд хэрэгцээгүй тавилгаас татгалзаж минималист байдлаар амьдрах тухай ярих боллоо. Хүний хамгийн их цагаа өнгөрүүлдэг өрөө нь том саруулхан, чөлөөт орон зай ихтэй байх шаардлагатай. Мөн ажлын өрөөтэй байх нь бас чухал асуудал болж байна. Гэрээсээ ажиллах орчин нөхцөл бүрдүүлсэн байх шаардлага цаг үеийн нөхцөл байдлаас урган гарч байна.
-Таныхаар амжилтад хүрэхэд боловсрол чухал уу? Хичээл зүтгэл, хандлага илүү чухал уу?
-Хандлага бол маш чухал зүйл. Хүнд сурч хөгжих хандлага нь байх юм бол бусад нь асуудал биш. Хийж байгаа зүйлдээ өөрөө сонирхолтой байж түүнийхээ төлөө зогсолтгүй зүтгэх нь хамгийн чухал. Ойрын жишээ ярихад нэг найз маань Итали хэлийг зохих түвшинд сурсан байна. Сурах болсон шалтгаан нь Итали хүнтэй танилцаж, бизнес хийх зорилгоор түүнтэй харилцаа үүсгэхийн тулд хэл сурч эхэлж. Тэгэхээр хандлага л байвал бусад нь асуудал биш. Би цаг үеэсээ хоцрохгүйн тулд үргэлж өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг. Хүн суръя гэвэл интернетээс хүссэн юмаа асуугаад, хайгаад олж болж байна. Ямар ч сонирхол, ямар ч чиглэлээр олдохгүй мэдээлэл ховор болж. Монголоор олдохгүй мэдээллүүд Англиар бүгд байна. Орчуулж чадахгүй бол орчуулаад өгдөг систем нь байна. Одоо хиймэл оюун ухаан асар хурдтай хөгжиж байна. Зөвхөн гар утсаа ашиглаад л сурч хөгжих асар их боломж байна.
-Та сайн аав уу?
-Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ажил гээд алга болчихдог гэдэг шүүмжлэлийг эхнэрээсээ их сонсоно. Надад чөлөөт цаг төдийлөн гардаггүй. Хийх ажил ер нь хэзээ ч дуусна гэж байдаггүй. Чөлөөт цаг гарвал гэр бүлтэйгээ л хамт байх дуртай.
-Хүүхдүүдээ ирээдүйд хэн болгож өгсөх вэ?
-Хаана ч очсон мэдлэг боловсролоор гологдохгүй хүн болгохыг л зорьж байна. Дээд боловсролыг гадаадад эзэмшүүлнэ гэж бодож байна. Англи хэлийг төгс эзэмшүүлэх зайлшгүй шаардлага байна. Дээр нь Хятад хэлийг бас сурах ёстой.
-Хоёулаа сэдвээ жаахан өөрчлөөд франчайз бизнесийн талаар ярилцъя. Үл хөдлөхийн салбар, франчайз бизнес таны сонирхлыг яагаад татав?
-Үл хөдлөх хөрөнгийн салбар манай оронд хөгжлийнхөө эхэн үедээ явж байна. Яг энэ үед салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж, ирээдүйд хурааж авах ашиг шимийнхээ үрийг суулгалцаж яваа маань бидний хувьд маш чухал. Тэр дундаа дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнесийг тэргүүлэгч, 50 гаруй жилийн хөгжлийн түүхтэй RE/MAX брэндийнхээ эд эс нь болж, олон улсын туршлага, мэдлэг, чадварыг шууд эзэмших, ашиглах боломжийг атгасан явдал нь бидний өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт болж байгаа юм. Ер нь RE/MAX брэндээр овоглоод үл хөдлөх хөрөнгийн салбартаа хүчин зүтгэх өдөр бүр сонирхолтой бахархалтай байдаг.
-Өөр олон франчайз бизнес бий. RE/MAX-ийг сонгох шалтгаан юу байв?
RE/MAX брэндэд олон давуу тал бий. Тухайлбал, 50 гаруй жилийн хугацаанд дэлхийн олон улс оронд алдаа, оноо, хөгжил дэвшлийнхээ хэдэн үеийг даван туулж боловсорч гүйцсэн туршлага, мэдлэг, арга техник, технологийг шууд ашиглах эрхийг албан ёсоор өгч байна гэдэг бол бидэнд үсрэлттэй хөгжих боломжийг олгож байгаа хэрэг. Дэлхий даяар үүлнээс дээгүүр өндөр амжилт, нэр хүндийг бий болгосон RE/MAX брэндийн үнэ цэнийг мэдэрч, олон улс орны агентуудтай харилцаа холбоо үүсгэж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нь нэвтэрч ажиллах боломжийг бүрдүүлж, гарцыг нээж өгсөн явдал нь яалт ч үгүй энэ брэндийг сонгох том шалтгаануудын нэг юм.
-Зуучлал гэхээр дундаас нь ашиг унагах мэтээр ойлгох нь бий. Танай оффис, таны бизнес хэнд ямар боломжийг эрэлхийлж ажиллаж байна вэ?
-Хэдэн жилийн өмнө зарим нэг компани, хувь хүний үйлдлээс үүдэн үл хөдлөх хөрөнгө зуучлал гэдгийг “ченж” гэж ойлгох ойлголт нийгэмд түгээмэл байсан. RE/MAX брэнд манайд орж ирсэн цагаасаа маш хурдацтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, цар хүрээгээ тэлсээр байна. Энэ хэрээр үл хөдлөх хөрөнгө зуучлал гэдэг хүнд ямар хэрэгтэй, ашигтай үйлчилгээ вэ гэдгийг ойлгож үйлчлүүлэх хүний тоо улам өссөөр байгаа. Манай үйлчилгээ харилцагчийнхаа мөнгө, ажиллаж хөгжиж дэвших, гэр бүлдээ зарцуулах үнэт цаг хугацааг хэмнэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, мэдлэгжүүлэх, эрсдлээс хамгаалах, эцсийн үр дүндээ хүн бүрийг сэтгэл хангалуун байлгах зорилготой. Манай оффисын онцлог гэвэл харилцагч, үйлчлүүлэгчийн үл хөдлөх хөрөнгийг бодит байдлаар нь харуулах, мэдрүүлэх, сурталчлахад зориулж фото зураг авалт, видео бичлэгийг мэргэжлийн түвшинд хийж, агентуудынхаа маркетингийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор контент бэлдэж өгөх, програм хангамж, орчин үеийн техник технологиор хангах, сургах үйл явцыг тогтмол хийдэг. Бид цаашид оффисын орчин, агентын ажиллах нөхцлийг илүү сайжруулах, харилцагч, үйлчлүүлэгч, агент нартаа зориулсан инноваци шингэсэн, технологид суурилсан шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
-Франчайз бизнес бол бэлэн нөү хау. Өөрөөр хэлбэл бусдын эхлүүлсэн бэлэн бизнесийн модуль ашиглаж байгаа учраас олсон ашиг нь гадаад руу урсаад байгаа мэт хүмүүс ойлгодог. Тэгвэл таны франчайз бизнес Монголд, монголчуудад ямар ашигтай вэ?
-RE/MAX Mongolia бүсийн эзэмшигч компаниас эхлээд хамгийн сүүлд франчайз гэрээ зурсан 55 дахь оффис хүртэл нэг ч гадаад болон гадаадийн хөрөнгө оруулалттай компани байхгүй. Бидний олж буй орлогын зөвхөн 5 хувь нь франчайзын төлбөрт төлөгддөг, 95 хувь нь эх оронд маань үлддэг. Миний хувьд энэ бол шударга, ашигтай бизнес тогтолцоо. KEMPINSKI, BEST WESTERN, IBIS, NOVOTEL, HOLIDAY INN гэх мэт зочид буудлын франчайз, PIZZA HUT, KFC, BURGER KING гэх мэт түргэн хоолны франчайзууд RE/MAX-аас өмнө манайд орж ирж олон жил тогтвортой, амжилттай үйл ажиллага явуулж, олон хүнийг ажлын байраар хангаж, зочлох үйлчилгээний салбарын хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулахад чухал хувь нэмрээ оруулж байна. Ялангуяа зочид буудлын франчайзууд манайд орж ирснээр гадны зэрэглэл өндөртэй жуулчдын тоо нэмэгдэж, тэдэнд үзүүлэх үйлчилгээний чанар дээшилж, эх оронд маань гадны жуулчдаас орж ирэх орлого нэмэгдсээр байгаа бодит жишээ бий. Яг үүнтэй ижил RE/MAX бидний ажил амьдралд хувь нэмрээ оруулж, олон сайхан залуусыг ажлын байр, ашиг орлоготой болгосон. Цаашид гадаад орнуудтай хийх гүйлгээний тоо нэмэгдэж, гаднаас монголдоо илүү их ашиг орлого авчрана гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Төгсгөлд нь асуухад RE/MAX-чууд өрсөлддөггүй, хамтардаг. Та, танай оффис цаашид хэнтэй, хэрхэн хамтрах вэ?
-Бид өнөөдөр 55 оффис, 1000 гаруй агенттай болсон байна. Биднийг зарим хүмүүс олуулаа болохын хэрээр хоорондоо өрсөлдөх асуудал үүснэ гэж хэлдэг. Гэвч бидний соёл, бидний ёс зүй үүнийг үгүйсгэсээр байна. Учир нь RE/MAX-ийн нийт гүйлгээний 70 гаруй хувийг хамтын гүйлгээгээр буюу RE/MAX-ийн агентууд хамтран хийсээр байна. Цаашид бид олуулаа болохын хэрээр өрсөлдөж биш хамтран ажиллаж, Монгол улсынхаа үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлийн төлөө түүхийг бүтээлцэж, эв санаа нэгтэйгээр хамтран ажилласаар байх болно гэдэгт 1000 хувь итгэлтэй байна. Харин бидэнтэй нэгдэхийг хүссэн агентад тавигдах шаардлага маш энгийн, “ёс зүйтэй, хөдөлмөрч, тууштай” байхад л болно. Биднийг зорин ирсэн хэнийг ч бид агентаар ажиллаж буй бүхий л цаг хугацаанд сургаж, чиглүүлж, дэмжиж ажиллах болно.
-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.
Эх сурвалж: Ikon.mn
Г.Тэгшсүрэн
Б.Жамъянсамбуу: Яг ижилхэн шүдэнзний хайрцаг шиг байшин барьсаар л байх уу |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31