Ням, 2024-11-24
Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар: Гашуудлын нулимсаа Токиод баярын нулимсаар сольж чадсан

Токио 2020” олимпын наадмын хүрэл медальт, МУГТ Цэнд-Очирын Цогтбаатартай ярилцлаа. Тэрээр жүдо бөхийн спортоор 2007 онд Ц.Шийрэв багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн юм.

Тэрээр айлын бага, дээрээ гурван ах, хоёр эгчтэй өнөр өтгөн айлын хүүхэд. Тэрээр Ивээлт хэмээх бяцхан хүүтэй болсон бөгөөд тэнгэрт байгаа аавыг нь орлохоор ирсэн хэмээн бэлгэдэж, ийнхүү нэрлэжээ. Түүнтэй бид олимпын дараах сэтгэгдэл,  зорилгынх нь талаар ярилцлаа. 

-Урилга хүлээн авсанд баярлалаа. Олимпын наадмаас ирээд сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тэмцээний дараах Монголдоо ирсэн сэтгэгдлээс нь сонсъё?

-Урьсанд баярлалаа. Тэмцээний дараа эх орондоо ирж, онгоцноос буух мөчид үнэхээр сайхан байлаа. Баяр хүргэсэн, инээмсэглэсэн хүмүүс угтаж байгааг харахад сэтгэл өндөр байсан.

-Энэ удаагийн олимпод өөрийн тань хамгийн том зорилго юу байв. Өмнөх 2016 оны олимпод ямар дүгнэлт хийж байсан бэ?

-Олимпод оролцож байгаа тамирчин хүн бүр алтан медаль авахыг зорилгоо болгодог. Гэхдээ миний хувьд энэ удаагийн олимпод тамирчин хүний замналын минь оргил цэг нь хаана байгааг мэдэхийг хүссэн. Олон жил барилдаж байгаа тамирчид өөрсдийн түвшинг тодорхойлсон байдаг. Би тамирчин байх хугацаандаа үргэлж нэгдүгээрт байхыг эрмэлздэг юм.

Би 2016 оны олимпын наадамд маш том зорилготой явж байсан. Тухайн үед жаахан хүүхэд өөрийн жингийн мундаг ах нарыгаа үлдээгээд олимпод явж байлаа. Энэ нь өөрөө надад маш том хариуцлага шиг санагдсан. Ингээд Риогийн олимпод сайн барилдаж чадалгүй, медальгүй буцан ирсэнд их сэтгэл дундуур үлдсэн. Хэрэв миний оронд тэр хоёр мундаг хүмүүс минь явсан бол медаль авах боломж байсан байх даа гэх бодол төрж байв.

Иймээс л Токиогийн олимпод оролцохдоо ард үлдэж байгаа ах, дүү тамирчдынхаа өмнөөс хичээж барилдсан. Энэ хүмүүсийг ингэж үлдээчихээд хоёр олимп дараалан медальгүй хоцорвол маш харамсалтай байх байсан.

-Хүрэл медалийн барилдааны дараа та “Тэнгэрт суугаа аав болон саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа. Маш их баяртай байна” гэж хэлж байсан. Энэ маш их утга учиртай, нандин санагдсан?

-Аав минь олимп болохыг их удаан хүлээсэн дээ. Хүүгээ хэрхэн барилдахыг тэсэн ядан хүлээсэн дээ, хөөрхий. Харамсалтай нь, олимпын барилдааныг маань үзэж чадалгүй 2020 онд бурхан болсон юм. Аав минь “Миний хүү заавал олимп, дэлхийн аваргын медальтай хүн болно оо. Харин аав нь түүнийг хармаар байна" гэж хэлдэг байсан даа.

Медалиа авсны дараа хэрэв аав минь байсан бол гэж хамгийн түрүүнд бодогдсон. Хэдий медаль авч байгаа нь сайхан байсан ч аав минь харж чадаагүйд гунигласан. Тэр үед “Аав аа, хүү нь чадсан шүү” гэж хэлэхийг хамгийн ихээр хүсч байсан юм. Гэхдээ одоо би олон зүйлд харамсаж явахыг хүсдэггүй. Намайг дээрээс харж, хандан явж байгаа гэдэгт итгэдэг. Хажууд үргэлж хамт байдаг хэмээн бодон явдаг. Аавыгаа бурхан болсны дараахан би хүүтэй болсон. Аавыгаа алдсан ч би хүүтэй боллоо. Хүүгээ аавыг минь орлохоор эргэн ирсэн гэж хардаг. Иймд сэтгэл дүүрэн харамсах зүйлгүйгээр урагшаа тэмүүлж байна.

 

-Гэр бүлийнхээ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

-Би дээрээ гурван ах, хоёр эгчтэй. Айлын бага хүүхэд. Дээд ах нартайгаа их ойр өссөн. Манай аав айлын том хүү. Дээрээ хоёр эгч, доороо арван дүүтэй. Миний аав залуу насандаа трактор, комбайн жолооддог байсан. Харин 1993 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад эрүүл мэндийн асуудлаас ажиллахаа больсон доо. Манай аав ах дүү нартаа элэгтэй, үр хүүхэд хань ижилдээ ээлтэй ийм л мундаг монгол сайхан эр хүн байсан юм. Харин ээж эрдэм мэдлэгийг тэргүүнд тавьж сурч боловсорсон эмэгтэй. Гэхдээ олон хүүхэдтэй учир аавын арыг дааж гэрийн бүхий л зүйлийг хариуцан явдаг юм.

Аав, ээж биднийг боловсролоос илүү хүнтэй зөв харилцдаг, хүмүүжилтэй өсгөсөн гэж боддог. Наад зах нь хүнтэй харьцах, айлд ороод ямар байх, гэр орондоо ямар байх гээд энэ бүгдийг сургаж хүмүүжүүлж өгсөн.

Миний гэргийг О.Энхжин, хүүг Ивээлт гэдэг одоо гурван сартай. ДАШТ-ээс ирсний дараахан хүүтэй болсон. Эхнэртэйгээ ярилцаж байгаад аав, ээж олон түмэндээ ивээлтэй сайн хүү болоорой хэмээн ийм нэр өгсөн. Энэ олимпын үеэр ч Ивээлт хүү маань аавыгаа ивээлээ гэж л бодсон шүү.

-Гэр бүлийнхэн нь олимпын барилдааныг догдолж хүлээн, маш их баярлан үзсэн байх. Таныг ирэхэд тэд ямар сэтгэгдэлтэй угтсан бэ?

-Тэгэлгүй яах вэ. Тэмцээн бүрийг алгасалгүй үздэг. Надтай яг л тэр өдөр хамт барилдаж байгаа шиг байдаг. Ялангуяа багш, ээж, эхнэр гурав. Манай ээж заримдаа санаа зовсондоо миний барилдааныг үзэж чаддаггүй. Харин Ц.Шийрэв багш бүр сандал дээрээс өөрөө л барилдаж байгаа шиг л үзнэ.

Намайг медаль авсныг дуулаад манайхан ихэд баярлан хөөрцгөөсөн дөө. Бараг өөрсдөө медаль авсан хүн шиг л баярлаж байгаа юм чинь. Онгоцны буудал дээр буусан цагаас хойш тэр хавиар бөөн баярласан хүмүүс. Маш гоё санагдсан.  Ямар сайндаа манай гэр бүлийнхэн чинь ажил төрөлдөө ч явахаа мартчихсан байж байх шиг. Би ч “Хүүе та хэд чинь чинь одоо юу болж байна аа. Ажил төрлөө хийхгүй юм уу гэсэн чинь “Өө нээрэн тийм шүү дээ” гээд л надаас илүү баярласан, намайгаа онгироосон хүмүүс л  байсан даа.

Анх жүдогоор хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн их дэмжсэн. Хэдий тэр үед манай амьдрал хэцүү байсан ч хүүгийнхээ хүсч байгаа зүйлийг нь дэмжье гэж байхаасаа байхгүй хүртэл, чадахаасаа чадахгүй хүртэл бүхнээ надад зориулсан. Мөн Ц.Шийрэв багшдаа их баярлаж явдаг. Бэлтгэлээ нэг удаа л тасалбал араас залгаж хэлж, сануулдаг ачлалтай хүн. Одоог хүртэл багштайгаа холбоотой явдаг. Аав шиг минь тийм л хүн бий.

Энэ амжилтад хүрэхэд тусалсан шигшээ багийн хамт олон ах дүү нар гээд их хүн бий. Түүнчлэн манай гэр бүлийн хүн үргэлж намайг ойлгон сэтгэл зүйгээр дэмждэг. Ийм хүмүүс миний хажууд байгаа нь их том давуу тал болж өгдөг юм.

-Хүүгээ хэрхэн хүмүүжүүлж, ямар үлгэр дуурайл үзүүлнэ гэж боддог вэ?

-Анх хүүхэдтэй болсноо мэдээд аав, эцэг хүн ямар байх ёстой талаар их бодсон. Хүн болгон л ингэж боддог байх. Гэр бүлээсээ тусдаа гарч эхнэртэйгээ хамт амьдарч эхэлснээр олон зүйлийг ойлгосон. Хүний хань ижил, нөхөр байна гэдэг том хариуцлага байх бөгөөд хүүхэдтэй болбол энэ хариуцлага илүү том болно гэдгийг ойлгосон юм.

Хүү минь надаас үлгэр дуурайлал авна. Иймд би өөрөө зөв хүн байх хэрэгтэй. Би аав шигээ аав болохыг хүсдэг. Эрэгтэй хүн аав шигээ аав байхыг хүсдэг бол эмэгтэй хүн ээж шигээ ээж байхыг хүсдэг. Манай эхнэр ч бас ээж шигээ ээж хүн болно гэж ярьдаг.

Хүүгээ хүмүүжүүлэхдээ аав минь намайг яаж хүмүүжүүлснийг эргэн санах болно. Дан ганц боловсрол гэхээс илүү хувь хүмүүжил, хандлагад нь анхаарч өсгөх болно. Одоо үед хүмүүжил гэдэг маш том боловсрол болсон байна.

 

-Таны хувьд санаанаас нь гардаггүй, мартахааргүй тод үлдсэн тэмцээн байдаг уу?

-Аавтайгаа хамт оролцсон хамгийн анхны буюу “Шавь цогцолбор”-ын тэмцээн санаанаас ер гардаггүй. Тэр үед би жаахан хүүхэд байсан бөгөөд 24 билүү 27 кг-ийн жинд барилдаж, хүрэл медаль авч байлаа.  Барилдаж босч ирээд л аавынхаа өвөр дээр сууж хаана, юу болоод байгааг ч мэдэхгүй бас бага зэрэг сандарсан хүүхэд. Энэ бол миний хамгийн анхны медаль бас аавтайгаа хамт өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай тэмцээн.

Энэ тэмцээнээс өмнө манай гэрийнхний дунд нэг хөгтэй явдал болсон. Үсэглэлийн баяраар хүүхэд болгонд медаль өгдөг дөө. Тэр медалийг харчихаад манай гэрийнхэн “Ээж та хоёр мөнгө өгөөд медаль авчихсан юм уу” гээд л шоолж байсан. Би ч тэр үед заавал өөрийн хүчээр медаль авна даа гэж зорьсон. Үүнийгээ ч удалгүй биелүүлж чадсан.

-Тамирчин хүн сэтгэл зүйгээ хэрхэн удирдах хэрэгтэй байдаг вэ. Та өөрийнхөө сэтгэл зүйг удирддаг туршлагаасаа хуваалцаж болох уу?

-Жүдод Түвшинбаяр, Цагаанбаатар аварга гээд олон мундаг хүмүүс бий. Энэ хүмүүс мэдээж маш өндөр сэтгэл зүйтэй байж  амжилтад хүрсэн гэж хардаг. Би энэ хүмүүсийн хэмжээнд хүрэхийн тулд ямар сэтгэл зүйтэй байх хэрэгтэй вэ гэж их боддог. Надад хөшүүрэг болж, сэтгэл зүйгээр дэмждэг хүмүүс олон байдаг. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар П.Нямлхагва багш  нар тамирчин хүнийг яаж бэлтгэх вэ, ямар зөвлөгөө өгөхийг сайн мэддэг. Манай Х.Болдбаатар багш барилдааны өмнө “Чи 2016 оны олимп шигээ дахиад харамсаад суух уу эсвэл үүнийгээ өөрчлөх үү” гээд хэлж байсан. Энэ надад их нөлөөлсөн.

Мөн жил гаруйн өмнө аавыгаа алдаж, дэлхийн аваргын өмнө том эгч маань гэнэтийн ослоор бурхан болсон. Энэ надад их хүнд цохилт болсон. Юу болж байгааг мэдэхгүй байлаа. Жилийн дотор аав, эгчийгээ алдсан хүнд хэцүү байдаг юм байна лээ. Орой унтаад өглөө сэрэхэд ч гэсэн аав руугаа залгаад ярьдаг байсан хүн, одоо ингээд ярьж чадахгүй болоход хоргодох зүйл байдаг юм билээ. Гэвч би нэг зүйлийг ухаарч, шийдсэн. “Энэ гашуудлын нулимсаа баярын нулимсаар солих боломж надад байгаа юм байна. Энэ байдлыг би өөрөө л эргүүлэх боломжтой юм байна” гэж бодсон.

Нэгэнт байхгүй болсон хүмүүсийн араас шаналах нь амжилтад хүрэх замаас хойш чангаах байх гэж бодсон. Болоод өнгөрсөн зүйлийг хүн өөрчлөх боломжгүй. Харин өнөөдрөө, ирээдүйгээ хүн өөрөө өөрчлөх боломжтой. Иймээс болсон зүйлсийг ард нь орхиж урдах зүйлсээ маш сайн хийж, хичээхээр шийдсэн дээ.

-Баярлалаа гэдэг үг их үнэ цэнэтэй. Энэ үгийг та хэнд хэлмээр байна?

-Монголын ард иргэд, дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хамгийн түрүүнд намайг өсгөж хүмүүжүүлсэн ээждээ маш их баярлалаа. Бас анхны багш болох Ц.Шийрэв багшдаа баярлалаа. Хайрт хүүг минь төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа. Шигшээ багийн бүх багш, дасгалжуулагч хамт олондоо баярлалаа гэж дахин дахин хэлье. Энэ олон хүмүүс бүгд яг л миний гэр бүл шиг байж, амжилтад хүрэхэд тусалж дэмжин зөвлөгөө өгдөг байсан.

Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын хамт олон болон дарга Төрхүү, намайг хэн ч биш жаахан хүүхэд байхад амжилтад хүрэхэд минь хөтөлсөн Бирж групп болон Дорждэрэм, Ганзориг нарт, Эрин Гүрэн компанийн захирал Жаргалсайхан, Төмөртогоо, Наран Мандал компани, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хорооны хамт олонд бүгдэд нь баярлалаа. Бүгдэд нь их баярлалаа.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Хамгийн түрүүнд олимп, дэлхийн аварга болох зорилготой байна. Тамирчин байх хугацаандаа хийж чадах бүхнээ хийх болно. Мөн сайн аав, сайн эр нөхөр байх болно 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn

 


Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар: Гашуудлын нулимсаа Токиод баярын нулимсаар сольж чадсан
2021-09-16 19:13:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0