Ням, 2024-11-24
А.Баярцэцэг: Ирээдүйд юу болохыг мэдэхгүй учир эрсдэлээс айлгүй, урагшаа зүтгээд байх хэрэгтэй

 ‘Дэлхийн монгол” булангийн энэ удаагийн дугаарт Английн “Эзэн Хааны Драмын Төв Сургууль”-ийн магистр, тус улсын жүжигчдийн холбооны гишүүн, жүжигчин А.БАЯРЦЭЦЭГ-ийг урилаа. 

Тэрээр Монгол болон Өмнөд Африк, Испани улсад маркетингийн чиглэлээр бакалавраа хамгаалсан юм. Үүний дараахан мэргэжлээрээ нэг жил орчим ажилласан ч түүний багын мөрөөдөл, хүсэл сонирхол нь нэгэн эрсдэлтэй, зоримог алхмыг хийхэд хүргэж, улмаар одоо ч түүнийг монгол төдийгүй дэлхийн кино урлагт хөтөлсөөр явна. Эрч хүч, адал явдлаар карьертаа огцом өөрчлөлт хийсэн түүний сонирхолтой аяллыг уншигч танд хүргэж байна.

/ Подкаст, видео хэлбэрээр үзэх бол энд дарна уу /

-Таныг сүүлд Амазоны цувралд дүр бүтээж байгаа талаар сонссон. Ямар дүрд тоглосон бэ?

-Монголд ирээд сар орчим болж байна. Энд ирэхээс өмнө “Хүчдэл” нэртэй Амазоны 10 ангит цувралд тоглосон бөгөөд үүний дөрвөн ангид нь дүр бүтээлээ. Киноны агуулга нь ирээдүйд эмэгтэй хүмүүс супер хүчтэй болж, улмаар эхийн эрхт ёс тогтох бөгөөд үйл явдал цааш маш сонирхолтой байдлаар үргэлжилнэ. Миний дүр анх Молдав улсын тэргүүн хатагтайн туслах Тайланд эмэгтэй дүр байсан. Гэхдээ кино багийнхан “Белла / Баярцэцэг / монгол юм чинь дүрийг нь ч бас монгол болгочихъё” гэж ярилцаад Солонго гэдэг дүр өгсөн. Кино ирэх оны зургадугаар сард нээлтээ хийх болно.

-Тухайн дүрээ анх хэрхэн авч байсан бэ. Сонгон шалгаруулалт өгсөн үү?

-Би Англид “Core Management” гэх жүжигчний агентлагт харьяалагддаг. Агентлагаас бидэнд сонгон шалгаруулалтын мэдээллийг байнга өгдөг бөгөөд Амазоны цувралын талаарх мэдээллийг надад өгсөн. Киноны сонгон шалгаруулалтад тэнцэнэ гэдэг амаргүй даваа байдаг. Агентлагт долоо хоног бүр киноны мэдээлэл ирдэг. Үүнд Amazon, Netflix-ийн маш гоё кинонд тоглох саналууд байдаг. Гэтэл би шалгуулаад л байдаг ердөөсөө тэнцдэггүй.

Би ч өөрийгөө авьяасгүй, чадваргүй юм байна гэж гоочилж сэтгэл санаагаар унаж байсан ч удаа бий. Энэ үед  намайг хариуцсан агент “Белла зүгээр ээ. Энэ бол цаг хугацааны асуудал, цааш яваад л байя” гэж хэлж, тэнцэхгүй байсан ч байнга дүрийн шалгаруулалтын санал явуулдаг байсан. Нэг удаа Амазоны цувралын шалгаруулалт ирсэн ба би ч өмнөх удаатай адил тэнцэхгүй байх даа гэж бодож, нэг их юм бодолгүй явуулсан. Тэгээд л шалгаруулалт өгснөө ч мартчихсан явж байв.

Би энэ оны гурван сарын сүүлээр монгол явах тусгай нислэгийн хуваарьтай байсан. Гэтэл Элчингээс гэнэт утасдаж, таны нэрийг нислэгээс тодорхой шалтгаанаар хасчихлаа. Иймд дараагийн нислэгээр явахаас өөр аргагүй боллоо гэж хэлэв. Энэ мэдээг сонсоод би ч бүр сэтгэл санаагаар навс уначихсан. Яагаад ийм азгүй зүйлс тохиолдоод байна аа гээд л бодоод байв. Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа агентаас над руу залгаж “Белла баяр хүргэе. Чи Амазоны цуврал кинонд тоглохоор сонгогдлоо” гэж хэлсэн. Би ч  энэ мэдээг сонсоод бөөн баяр, хөөр болсон доо. Ер нь аливаа юм бүхэн цаанаа ямар нэг учир шалтгаантай гэдгийг мэддэг ч тэнцэхгүй явсаар мартсан байж ээ. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн цаана гэрэлтэй, сайхан зүйл тохиолдох шалтгаантай гэдгийг энэ явдал надад дахин сануулсан.

-Та Английн  “Эзэн Хааны Драмын Төв Сургууль”-ийн кино жүжигчний ангийг магистраар хамгаалсан. Англид суралцах хэр байвСургуулиасаа ямар мэдлэг мэдээллийг хуримтлуулсан бэ?

-Сургуулиасаа маш их мэдлэгийг хуримтлуулж чадсан. Англид байх хамгийн таалагдсан зүйл нь амьдралын минь хэв маяг байлаа. Драмын сургуульд сурах ийм гоё байдаг юм уу гэмээр өглөө яаран сургуульдаа очиж, орой нь маргаашийг тэсэн ядан хүлээдэг байв. Өдөр бүр жүжиглэх, камертай харьцах чадвар, зохиолын задаргаа гээд л үнэхээр сонирхолтой хичээлүүд орно.

Түүнчлэн, хичээл тарсны дараа сургуулиас гадуурх үйл ажиллагаа, тоглолтод оюутнуудаа идэвхтэй хамруулдаг байсан. Ингэснээр бусад хүнээс суралцах, туршлага хуримтлуулах болно. Би одоог хүртэл сургуультайгаа холбоотой явдаг. Сургуулиас оюутнуудаа амжилттай ажиллуулах, нэг ёсондоо “Хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд” хүргэхэд бүхий л талаар тусалж, дэмждэг. “Core Management” агентлагийг ч сургуулиас олж өгч, танилцуулж байсан.

 

-Та маркетинг болон олон улсын бизнесийн чиглэлээр сургуулиа төгссөн. Бас мэргэжлээрээ ч эх орондоо ажиллаж байсан шүү дээ. Яагаад гэнэт урлагийн салбар луу орох болсон бэ. Багын мөрөөдөл нь нөлөөлсөн үү?

-Миний амьдралдаа гаргаж байсан хамгийн эрсдэлтэй мөн хамгийн амттай шийдвэр гэж боддог. Хүн болгонд сэтгэлийн дуудлага гээч зүйл байдаг. Бүгд л багадаа ийм хүн болно гэж зорьж мөрөөддөг. Гэвч үүнийгээ нийгэм болон гэр бүлийн нөлөөллөөс шалтгаалан амжилттай байх эсэхэд эргэлзэж сонгож чаддаггүй. Би багадаа кино найруулагч, сансрын нисгэгч болох мөрөөдөлтэй байсан. Харин аав, ээж эмч болгоно гэж боддог байлаа. Ингээд ЭЕШ-аа өгч, сургуульд орох болоход маш их эргэлзэж байлаа. Эргэлзэж явсаар СУИС, КУДС-ийн шалгалтаас хоцорч, дараа нь ШУТИС-т орохоор маркетингийн чиглэлээр суралцахаар болсон.

Суралцан явахад оюутны амьдрал гоё санагдаж, нэг л мэдэхэд сургуулиа төгсөх болсон юм. Сургуулиа төгссөний дараахан ‘Гоёо” компанид ажиллаж эхэлсэн бөгөөд жил гаруй ажилласны дараа би нэг л хэвийн, зогсонги байдалд анзаарсан. Энэ байдлыг өөрчлөхийн тулд надад хоёр сонголт байлаа. Нэг бол таван жилийн дараа маркетингийн албаны даргаараа ажиллахыг зорих эсвэл энэ ажлаа больж өөрийн хүсдэг зүйлээ хийх хоёр байсан.

Нөгөөтэйгүүр, хамт ажилладаг хүнээ харахад нөхөртэй, хүүхэдтэй, байртай, машинтай, лизингтэй буюу сар бүр төлбөртэй хариуцлагатай байх шаардлагатай хүн байв. Харин өөрийгөө харахад лизинггүй, хувийн унаагүй, хүүхэд, нөхөргүй байсан бөгөөд одоо энэ ажлаасаа гарлаа гэхэд ямар ч хоргодох, харамсах санаа зовох зүйлгүй тийм л эрх чөлөөтэй байсан. Улмаар яг одоо л энэ эрх чөлөөтэй насан дээрээ хүссэн бүхнээ хийх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд кинон дээр гардаг шиг хайрцганд бүх зүйлсээ баглаж оффисоос гарсан даа.

Энэ үе бол миний хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг. Асар их эрх чөлөө, юу хүссэнээ хийж болох мэдрэмж. Таксинд суун гэр рүүгээ явах мөчид тэргэл сарыг харсан бөгөөд хамгийн анхны надад төрсөн мэдрэмж нь америк явж, жүжигчнээр суралцах байсан. Ингээд TOEFL-ийн шалгалтад бэлдэж, америк явахаар болсон. Америкт бүх зүйлсийг эхнээс нь эхэлсэн дээ. Жүжигчний сургалтад явахын хажуугаар цагийн ажил хийдэг байв. Миний хамгийн анхны жүжигчний цалин 50 доллар байсан. Маш бахархалтай, ахицтай санагдаж байлаа.

Би 2016 оны дэлхийн мисс тэмцээний дараа Аризонад Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал болон Эрдэнэтуяа эгчийн урилгаар хамт хоолонд орсон ба гэр рүү нь явж байх замд яг л хоёр жилийн өмнө харсан тэр тэргэл сар гарсан. Надад яг л “Déjà vu” буюу өмнө болсон үйл явдал дахин давтагдаж байгаа шиг мэдрэмж төрсөн  юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацааг тэрхэн үед эргээд харахад  анх юуг, хаачих аа мэдэхгүй байсан хүүхэд АНУ-д ажиллаж, амьдарч, дэлхийн мисст оролцож, "Марко Поло" кинонд тоглосон байв. Энэхэн үед өөртөө “Хүн ер нь эрсдэлээс айж болохгүй юм байна. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй учир урагшаа л зүтгээд яваад байх хэрэгтэй юм шүү” гэж урам өгч байлаа.

Амьдралыг би аялал гэж хардаг. Хором мөч бүр өөрийн гэсэн сайхан дурсамжийг агуулдаг. Хийж байгаа зүйл чинь сайжрахын хэрээр чамайг өөр төрлийн аялалд хөтлөх болно. Анх эхэлж байсан цэгээ санаж, хүнд хэцүү үе гарахад “Зүгээр дээ. Ийм зүйл болдог шүү дээ. Анх ямар байсан билээ. Санаж байна уу” гэж бодож урагшаа зүтгэдэг.

-Ер нь монгол жүжигчид олон улсын кинонд тоглох хэр боломжтой байдаг вэ. Олон улсад жүжигчнээр ажиллах сонирхолтой залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Олон улсын кинонд тоглох үүд хаалга хүн бүрд нээлттэй байдаг. Чухам үүний тулд хэд хэдэн чухал чадвар, танилцуулга хэрэгтэй. Тодруулбал,

-Нэгд. Англи хэл : Англи хэлгүй бол олон улсын төсөлд шалгуулж, амжилттай тэнцэнэ гэх ойлголт байхгүй. Хэрэв чиний дүр монгол биш л бол энэ боломжгүй.

-Ур чадвараа байнга сайжруул – Манай багш “Жүжигчин хүн яг л житнесст явдаг тамирчин шиг байнгын бэлтгэл, сургуулилттай байх хэрэгтэй. Үргэлж мэдрэмжээ шинэхэн мэт байлгаж, өөрөө өөртөө дүр бүтээх бэлтгэл хийх хэрэгтэй. Ингэхгүй бол царцах аюултай буюу шалгаруулалт дээр дүрээ сайн гаргаж чаддаггүй.

-Салбарын стандарт бий. Жүжигчин хүн “Headshot”-той байх хэрэгтэй. Америк , англи стандарт гэж байдаг.

-Өмнө бүтээж байсан дүрүүдээ нийлүүлсэн 2-3 минутын танилцуулга видео буюу showreel чухал. Учир нь Холливудад нэг дүрийн шалгаруулалтад л гэхэд маш олон хүний хүсэлт ирдэг. Тэр бүгдээс showreel болон ажлын cv, зураг зэргийг голчлон харах болно.

-Таны бодлор манай кино урлаг хэр хөгжиж байгаа вэ. Монгол кинонд тоглох гаднын кинонд тоглох хэр ялгаатай вэ?

-Мэдээж хөгжиж байгаа. Өөрийн хурдаар хөгжин явж байна. Заавал Холливудын хурдаар хөгжихгүй шүү дээ. Үүнд үзэгч, хүн амын тоо, эдийн засаг нөлөөтэй. Хэрэглэгчийн тоо их бол зах зээл дагаж хөгжин явдаг. Манай улс саяхан кино урлагийн хуультай болсон. Энэ хууль нь олон улсын продюсерүүдийг татах хүчин зүйл болно гэж харж байгаа.

Монгол кино, гадаад кино өөр өөрийн онцлогтой. Олон улсын кино илүү төлөвлөгөөнд суурилж, гэнэтийн сюрпрез багатай бөгөөд мөнгө, төсөв болон уран бүтээлийн чанарын хувьд арай өндөр зэрэглэлд байдаг. Харин дотоодын уран бүтээлийн хувьд төлөвлөгөөний хувьд дутагдалтай ч манейвр хийх, асуудал гарвал тухайн үедээ зохицуулчдаг сайн талтай. Бидэнд давуу тал ч бий, сул тал ч байна.

 

-Адидас брэндийн сурталчилгаанд Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин Сон Хюн Ми-ний хамт тоглосон байсан. Анх энэ саналыг хэрхэн авч байв?

-Адидасын рекламанд 2019 оны хоёрдугаар сард тоглосон. Саналыг Лондонд байдаг кино продюсер, найруулагч Ian Allardyce холбогдож хэлсэн. Би тухайн үед Сон Хюн Миний талаар мэддэггүй байсан. Зураг авалтын дараа сонин, хэвлэлээс Адидасын рекламын талаар мэдээлэл гарч, түүнийг харсан талаараа хэд хэдэн хүн ярилцлага өгсөн байсан юм. Бараг л түүний талаар цагийн хүрд хийчихсэн байлаа. Анх ингэж л дэлхийн од ямар байдгийг мэдсэн.

-Ярилцлагаа “Дэлхийн монгол” булангийн уламжлалт асуултаар яриагаа үргэжлүүлцгээе. XXI зуунд залуу хүний өрсөлдөх чадварыг юу тодорхойлж байна вэ?

-Одоо коронавирусийн өмнө болон дараах үе гэж хуваагдаж байна. Коронавирусийн дараах үед бидний сурах ёстой чадвар бол гадаад хэл болон технологийн ур чадвар. Өнөөдөр бүх ажил технологиор явах боломжтой болсон. Өдөр бүр бидний мэдэхгүй шинэ технологи, аппликейшнүүд мэндэлж байна. Иймд энэ бүхнээс хоцрохгүй, байнга өөрийгөө шинэчилж явах нь чухал болжээ. Бид заримдаа хүний хийсэн зүйлийг хэрэглэж, тэднээс хэдэн алхмын хойно явж байна. Залуу хүний хувьд бусдын л адил алсын хараатай байж, үүний тулд олон зүйлийг уншиж судлах хэрэгтэй болов уу.

-Монголд олон залуус дэлхийн түвшинд өрсөлдөхийг хүсэж байна. Залуус дэлхийн түвшинд өрсөлдөхийн тулд ямар хандлагатай байж, аль талдаа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй вэ?

-Гадаад хэл. Дээр дурдсанчлан ерөөсөө хэлтэй байж л бид хангалттай мэдээлэл, туршлага хуримтлуулах боломжтой болсон байна. Эх орондоо л байж цалингаа авч, хийдэг зүйлээ хийснээр хөгжүүлж яваа гэж бодох нь хэт хайрцаглагдсан сэтгэлгээ юм. Америк, Хятад, Англид гээд чи дэлхийн хэмжээнд ажиллаж, өрсөлдөхийг хүсэж байгаа газраа олж, очиж суралцан тэндээсээ “Нөү Хау”-г нь авч, Монголдоо нутагшуулах нь чухал.  Бид улс орныхоо хөгжлийг дотроосоо гэлтгүй гаднаас ч хөгжүүлэх боломжтой.

Түүнчлэн залуус өөрийн сонгосон мэргэжил, ажилдаа дуртай байх хэрэгтэй. Хүн бүхэнд яг ижил 24 цаг олгодог. Үүний хамгийн их цагийг ажиллаж өнгөрүүлнэ. Ажлаасаа кайф авч чаддаггүй хүн амьдралаас кайф авах боломжгүй. Иймд өөрийн хүссэн ажлаа сонгож, ажиллаж түүнээсээ кайф авдаг байх хэрэгтэй.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Амьдрал бол аялал. Хийж бүтээхийг хүсдэг салбар минь кино урлаг учир энэ бол миний хэзээ ч дуусашгүй аялал, зорилго минь. Гоё кинонд тогломоор байна, гоё кино хиймээр байна мөн  Монголын кино урлагийг хөгжүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулмаар байна

-Ярилцсанд баярлалаа. 

Itoim.mn

 


А.Баярцэцэг: Ирээдүйд юу болохыг мэдэхгүй учир эрсдэлээс айлгүй, урагшаа зүтгээд байх хэрэгтэй
2021-10-08 12:53:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0