Баасан, 2024-11-22
Б.Ууганбат: 18 мянга гаруй иргэн, байгууллага зөвшөөрөл авах, жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна

 

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Дархлаажуулалтын болон “Ковид-19”-ийн шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна вэ. Энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ?

-Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 2021 онд нийт 109.102, сүүлийн долоо хоногт 1086 иргэн хандаж, мэдээ мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.40 минут байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын үйл ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллаж байна.

-Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын үйл ажиллагаатай холбоотой иргэдэд өгөх ямар мэдээ, мэдээлэл байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч арванхоёрдугаар сарын 20-нд А/987 дугаар захирамж гаргасны дагуу бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, “Ковид-19” цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилготой ажиллаж байна.

Тус захирамжийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулиар тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад 74 төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүллээ. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй үйл ажиллагаа эрхэлж буй 18.664 иргэн, аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авах, цаашид жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна. Мөн эдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага жил бүр төрийн 5-6 байгууллагад очих, 30-40 баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй болж, цаг хугацааг хэмнэснээр төрийн албаны хүнд суртал, шат дамжлагыг бууруулахад бодитой үр дүн гарна.   

-Энэ шийдвэрийг ямар судалгаан дээр үндэслэж, хэрхэн гаргасан бэ?

-Дээрх шийдвэрийг гаргахад МҮХАҮТ-ын гаргасан хүнд суртлын индекс, Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хийсэн “Улаанбаатар хотын захиргааны байгууллагуудаас авдаг зөвшөөрлийн талаарх судалгаа”, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараар дамжуулан нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг, дунд худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлтийг харгалзан үзсэн юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн гомдол, маргааныг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг байгуулсан.

-Хүнд суртал, чирэгдлийг бууруулахад иргэдийн оролцоо ямар байх вэ?

-Эдгээр асуудлаар жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараар дамжуулан санал, хүсэлт, гомдол, мэдээллээ зөвлөлд гаргах боломжтой. Зөвлөл нь жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн талаарх гомдлыг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу судалж, шуурхай шийдвэрлэхээс гадна жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулахтай холбоотой асуудлаар зөвлөмж боловсруулна. Мөн зөрчил хийдлийг арилгах талаар санал боловсруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид танилцуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах юм.

-Иргэдэд юу гэж уриалах вэ?

-Жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас авч хэрэгжүүлж буй дээрх шийдвэр, бодлого, үйл ажиллагааг дэмжиж, үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах стандарт, шаардлага, холбогдох хууль тогтоомжийг биелүүлэхийн зэрэгцээ санал, хүсэлтээ хуваалцаж, идэвх санаачилгатай хамтран ажиллахыг уриалж байна. 

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Б.Ууганбат: 18 мянга гаруй иргэн, байгууллага зөвшөөрөл авах, жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна
2021-12-24 12:47:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ