Шинээр мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалтай холбоотой хуулийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхтэй ярилцаж зарим асуудлыг тодрууллаа.
- Эхчүүд хүүхэд төрүүлэх, асрах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадалгүй тасалдах тохиолдол олон байдаг. Энэ асуудлыг зохицуулах хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн юм байна. Тодруулахгүй юу?
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчид, тэр дундаа даатгуулагч эхчүүд рүү чиглэсэн хэд хэдэн өөрчлөлт орсон нь энэ оноос хэрэгжиж эхлээд байна. Таны хэлсэнчлэн эхчүүд хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа шимтгэл төлөлт нь тасрахгүй байх нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Тодруулбал, Хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч нь, сайн дураар даатгуулсан эх тэтгэмж авах эрх үүссэн бол 50 хувийг өөрөө, 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, бусад тохиолдолд 50 хувийг эх өөрөө, үлдсэн 50 хувийг төрөөс төлөхөөр зохицуулсан.
- Ажил хөдөлмөр эрхэлж байсан эхчүүдийн хувьд нөхцөл нь өөрчлөгдөөгүй юм байна гэж ойлголоо. Харин бусад нөхцөлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
- Сайн дурын даатгуулагч эхчүүдийн хувьд тэтгэмж авах эрх нь үүссэн буюу нийт 12 сар шимтгэл төлсөн байх, үүнээс сүүлийн зургаан сар нь тасралтгүй төлсөн гэх болзлыг хангасан тохиолдолд хүүхдийнх нь гурван нас хүртэлх хугацааны шимтгэлийн 50 хувийг даатгуулагч эх өөрөө, 50 хувийг нь тэтгэмжийн даатгалын сангаас төлнө. Үүнд нийт 7.2 мянган сайн дурын даатгуулагч ээж хамрагдах тооцоо гарсан ба тэтгэмжийн даатгалын сангаас 2.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөгдсөн байгаа. Харин бусад эхчүүдийн хувьд ногдох шимтгэлийн 50 хувиа өөрөө төлсөн тохиолдолд 50 хувийг нь төрөөс төлөхөөр зохицуулсан. Үүнд нийт 51.5 мянган ээж өөрийн төлөх шимтгэлийн 50 хувийг төлсөн тохиолдолд улсын төсвөөс 13.6 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр төсөвт тусгасан.
- Тэгвэл тухайн эхчүүд сард хэдэн төгрөг өөрөө хариуцаж төлнө гэсэн үг вэ?
- 2020 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420.0 мянган төгрөг байхаар шинэчилсэн тогтоосныг та бүхэн мэдэж байгаа. Үүнээс тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд 12.5 хувиар тооцож сард 52500 төгрөг төлөх ба үүний 50 хувийг даатгуулагч өөрөө хариуцна гэхээр 26250 төгрөг төлнө гэсэн үг. Ингэснээр хүүхдээ гурван нас хүртэл хөнгөлөлттэй нөхцөлөөр даатгуулах боломжтой болж байгаа юм.
- 420 мянгаас өндрөөр төлөх хүсэлтэй эхчүүд яах вэ?
- Ер нь тэтгэмжийн даатгалын сан болон улсаас хариуцаж төлөх дүн нь тогтмол гэж ойлгож болно. Тухайн эх шимтгэл төлөх орлогоо хэд ч гэж тодорхойлж болно. Харин шимтгэл ноогдох дүнгээс 26250 төгрөг хөнгөлөгдөж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төлөх шимтгэлийн хамт үлдсэнийг нь өөрөө хариуцаж төлнө.
- Хууль одоо хэрэгжиж эхэлсэн үү? Журам хүлээгдэж байгаа гэж байсан?
- Аливаа хуулийг баталсаны дараа түүнийг даган гарах хэрэгжүүлэх журам, заавар, аргачлал, програм хангамж гэх зэрэг бэлтгэл ажил их байдаг. Тус хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 2019 оны 12 сарын 30-ны өдөр баталж, манай байгууллагад саяхан баталгаажиж ирсэн. Энэ дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас хэлтсүүд рүү хэрэгжүүлэх заавар аргачлалыг боловсруулан өчигдөр хүргүүлсэн. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэн ажиллахад одоо ямар нэг асуудал байхгүй, хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож болно. Хэрэгжүүлэх журам, заавар хүлээгдсэнтэй холбоотойгоор энэ сард амжаагүй байсан ч нэгдүгээр сарын шимтгэлийг нөхөж төлөх боломжийг бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр даатгуулагч эхчүүд маань шимтгэл төлөлт тасарна гэж сандрах хэрэггүй.
- Юу бүрдүүлж, хаана хандах вэ?
- Бүрдүүлэх материалын тухайд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэртэй бол дэвтрээ, дэвтэр шинээр нээлгэх бол 1 хувь цээж зураг, хүүхдийн төрсний гэрчилгээний хамтаар харъяа нийгмийн даатгалын хэлтэстээ хандана.
- Ярилцлагын төгсгөлд тэтгэврийн нэмэгдлийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу? Сая нэг нэмэгдсэн, ирэх сард дахиад нэмэгдэх гэнэ гээд ахмадууд маань төөрөлдөөд байх шиг?
- Эдгээр нь тусдаа эрх зүйн актууд юм. Энэ нэгдүгээр сард зарим иргэний тэтгэвэр дээр 50000 төгрөгийн нэмэгдэл орсон. Энэ ямар учиртай вэ гэхээр 2020 оноос хэрэгжиж эхэлсэн “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн дагуу БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэвэр нэмэгдсэн. Харин ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийт иргэдийн тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө 500.0 мянгаас доош тэтгэвэртэй иргэдийн хувьд 30.0 мянга, 500.0 мянга ба түүнээс дээш бол 25.0 мянган төгрөгөөр нэмэгдэх ба ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300.0 мянган төгрөг болно. Тодруулж хэлэхэд Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарсан иргэдийн тэтгэвэр ч мөн ирэх сарын 1-нээс дахиад нэмэгдэнэ.
Ярилцсанд баярлалаа.
Т.Батмөнх: Хүүхэд асрах чөлөөтэй эхчүүд 26250 төгрөгөөр буюу хөнгөлттэй нөхцөлөөр даатгуулж болно |
|