Харлаж шатсан балгас, эвдэрч хэмхэрсэн эд зүйлс, хаа сайгүй хөглөрөх чулуу, цус болсон алчуур хагарсан шил, цонх… Төв талбайн руу орох замуудын уулзваруудад хуягт байрлуулж, бүрэн зэвсэглэсэн дотоодын цэргийнхэн хамгаалалтад гарчээ. Бүгд л ямар нэгэн айдастай… Хэргийн газар дээр тэд очсон ч цагдаагийнхан “Ямар нэгэн бүлэг этгээдүүдийн хийсэн ажил” гэж хэргийн газарт оруулсангүй. Гэхдээ ингэж ул мөрийг нь балласан байж мэдэх ч Хэрэг явдал ингэж хэлснээр нам дарагдсангүй. МҮОНТ-ийн мэдээгээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, сувилагчид болсон явдлын талаарх ярих агаад тэдний ярианд “Хар машинтай хүмүүс зугтаж буй иргэдийг хөөн буудаж байсан” тухай цочирдуулав. Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хэрэглээгүй гэж яриандаа онцолно. Ингэж долдугаар сарын 1-нд цагдаа нар иргэд рүү гал нээсэн хэргийг дарахыг оролдож, хэргийн ул мөрийг баллуурдахыг завдсан ч чадаагүй билээ. Эрх баригчид арилжааны телевиз, радио, сонин, сэтгүүлийг Онц байдал тогтоон зогсоож, МҮОНРТ-ийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн алба бүрэн хяналтандаа авч зөвхөн нэг талын эх сурвалжтай мэдээллийг л түгээх болов. Гэхдээ тэдний таамаглаагүй нэгэн зүйл болсон нь хэвлэл мэдээллийн сайтууд тэр үед хэвлэлд тооцогдоогүй байсан учраас боомилж чадсангүй. Хэргийн ул мөрийг бүдгэрсэн хойно Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан ажилдаа орсон ч боломжийнхоо хэрээр цагдаагийн албан хаагчдыг таван хүний амь нас үрэгдсэн хэрэгт буруутайг нотлох баримтуудыг цуглуулж чадсан юм. Гэвч өнөөдөр шатсан намын байрны суурин дээр шинэ ордон сүндэрлэж, өнчин хүүхдүүд, үрээ алдсан эх, бэлэвсэрсэн бүсгүйчүүд, өөрөөсөө өмнө хүүгээ алдсан эх төр засагт итгэх итгэлээ алдаад хоцорчээ. Монгол Улс энэ хэргээс үүдэн иргэдийнхээ амь насыг анх удаа үнэлэхийг оролдсон төдийгүй 50 сая төгрөгөөр ар гэрийнх нь амыг хаахыг оролдсон юм. Болох явдлыг гэрийнхээ ханын цаасан дээр зурж байсан бяцхан жаал өнөөдөр эрийн цээнд хүрчээ. Энэ хэрэгт буруутгаж хэдэн зуун залуусыг канондсон тогтоолоор ялласан бол холбогдсон албан тушаалтнууд Өршөөлийн хуульд хамрагдаад өнгөрсөн билээ. Тухайн үед үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон албан хаагч өвчин нь даамжирсаар саяхан хорвоог орхижээ… Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтны үйлдсэн гэмт хэргийг шалгадаг байсан Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг ч татан буулгаж АТГ-т нэгтгэжээ. Энэхүү албыг МУ-ын гавъяат хуульч Б.Галдаа удирдаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Түүнээс хойш нэг жилийн дараа энэ албыг АТГ-ын дэргэд шилжүүлсэн билээ…
-Б.Галдаа гуай таны удирдаж байсан алба өнөөдөр алга. Ор мөрийг нь хайвал АТГ-ын алба, хэлтэс болчихсон. Гэтэл өнөөдөр шударга ёсыг хамгийн ихээр нэхэж байна. Цагдаа, шүүх, прокуроруудыг захиалгаар ажилладаг, улстөрчдийн нөлөөнд автсан, хууль ялгавартай хэрэгжиж буй тухай бид ам уралдан ярьж байна. Одоо хамгийн их хэрэгтэй, бүр бие даасан том бүтэцтэй байгуулах байх ёстой газар нь танайх байсан юм биш үү. АТГ-ын албан тушаалтнуудын хэргийг шалгадаг байсан албыг тэдний нэгж болгоод, өөрсдийнх нь мэдэлд аваачаад тавьчихаар хэр зохимжтой юм бэ?
-Монгол Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба арав гаруй жилийн настай байж дээ. Улстөрчдийн хүсэл сонирхолд энэ албыг байлгах шаардлагагүй гэж үзсэн гэж боддог. Гэнэтийн л явдал болсон доо. Өөрийн чинь хэлснээр нийгмийн захиалгын дагуу байгуулагдсан байгууллага шүү дээ. Хууль, цагдаагийн салбарт үйлдэгдэх буй гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шилжилгээ хийж, мөрдөн шалгадаг онцлогтой байгууллага. Монгол Улсын мөрдөн байцаах албаны түүхэнд хамгийн анхны бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгуулагдсан газар нь Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба юм. Цөөхөн хүнтэй ч чадан ядан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байсан. Адармаатай олон саадтай тулгарч байсан ч үүргээ гүйцэтгэж чаддаг байсан. Бичиг цааснаас өөр багаж, хэрэгсэл байхгүй, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй хэр нь боломжийн хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн.
-Тухайн цаг үеийг харахаар их сонин үйл явдал давхцсан байдаг. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин цагдаагийн цолд өөрчлөлт оруулсан. Энэ нь эцэстээ салбарынхан нь түүнийг янз бүрийн шалтгаанаар түлхэн унагах асуудал болж хувирсан. Яг энэ үед хууль, эрх зүй, гэмт хэргийн ертөнцийг хамгийн их мэддэг цагдаа, шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг шалгадаг байгууллагыг нь татан буулгасан. Ингээд АТГ-д нийлүүлсэн. Өнөөдөр АТГ ямар эрх мэдэлтэй болсныг зөвхөн энэ байгууллагын үйл ажиллагаатай уяад харахыг оролдоод үзье. Тэд энэ албаараа дамжуулаад шүүгч, цагдаа, прокурор гээд бүгдийг шалгана. Харин өөрийг нь шалгадаг бүтэц алга. Ингэхээр бусаддаа нөлөөлөхгүй гэсэн баталгаа алга. Гэтэл АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Улс төрийн нөлөөллөөс ангид байх боломж энэ тохиолдолд байх уу?
-Тогтолцооны асуудлыг эргэж харах шаардлагатай. Ялангуяа шүүх, прокурорын байгууллага хуулийн дагуу хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. АТГ хуулийнхаа дагуу ажиллаж байхад нөлөөлж байна гэхэд бас хэцүү. Нийгмийн сэтгэл зүйг ажихад бүгдэд нь чамлалттай ханддаг болчихлоо. Тохирсон ял шийтгэл оноохгүйгээс эхлээд улстөрчдийн нөлөөнд автаж байна гэхчилэн хардлага сэрдлэг их байна. Иргэд хардах эрхтэй. Бухимдахаар ч юм байна. Хуулийн орчныг сайжруулах ёстой. Сайжруулна гэдэг нь хэргийн оролцогчдыг өмнөхөөс нь дордуулахгүй байх ёстой. Угтаа бол энэ албыг аль нэг байгууллагын дээвэр дор бус бие даасан статустай байлгаж, эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага байна. Гэхдээ өнөөдөр энэ орчныг бүрдүүлж чадах төлөөлөл байна уу, үгүй юу? Энэ алба үгүй болсноор хоосон орон зай гарах ёсгүй. Мэдээж салбарт сайн, муу хүн бий. Гэхдээ нийтээр нь харлуулах нь тусгүй.
-Та ажлаа хийж байхдаа дараах мэдээллийг өгч байжээ. Арав гаруй жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Жилд дунджаар 600-700 орчим гэмт хэргийн шинжтэй
гомдол, мэдээлэл авч 300-400 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан гэж 2010 онд тантай ярилцаж байхад хэлж байсан. Одоо хууль хяналтын хэдэн хүн хэрэгт холбогдож байгааг чөтгөр бүү мэд. Сэрд хиймээр тоо шүү. Одоо харин энэ талаар тодорхой тоо алга. ХЭҮК-оос эрүүдэн шүүхээс эхлээд хууль, хяналтынхан иргэдийн эрхийг зөрчиж буй талаар бишгүй тайлан гаргах юм. Жагсаад явж байсан залууг цагдаа тийрч унагаад чирээд явж байгаа бичлэг бишгүй л гарсан. Энэ байдал чинь иргэдийг хууль сахиулагчдын эсрэг зогсоход хүргээд байгаа юм биш үү?
-Биднийг ажиллаж байхад голдуу албадлага, хүч хэрэглэсэн явдлаас болоод буруу тийшээ явчихсан хэрэг их байсан. Анх энэ алба байгуулагдахад ажлаас нь түдгэлзүүлсэн 17 хэрэг орж ирж байсан. Сүүлдээ хэдэн зуугаараа нэмэгдсэн. Тухайн үеэс технологи, техникээс эхлээд бүх зүйл өөр шатанд хүрчлээ. Гэтэл ачааллын стандарт байхгүйгээс асуудал гарч байх шиг. Нэг прокурор гэхэд 200-300 хэрэгт байнга хяналт тавина гэж байхгүй л дээ. Зөвхөн АТГ-т гэхэд хэдэн зуун хэрэг шалгагдаж байна. Түүнээс хэдэн хувь нь шүүх рүү явж байна гэхээр тун бага. Бараг арав хүрэхгүй хувь нь л очиж байна. Бусад хэрэг нь дуулиантай эхэлсэн ч явсаар байгаад чимээгүй болчихдог. Үүнд л олон нийт бухимдаад байна. Үүнийгээ олон нийтэд тайлбарлах ёстой. Хуулийн байгууллагад хэрэг буцаж, хэрэгсэхгүй болгох, шинээр нэмэх зэрэг нь байх асуудал. Дээд шүүх дээр гэхэд 1200 хэргээс 40 орчим хувьд нь өөрчлөлт орж байна. Бас 40 хувь нь дахин шалгах болж байна. Арав орчим хувь нь хэрэгсэхгүй болчих жишээний. Энэ нь хуулийн байгууллагад алдаа байгааг харуулна. Тэрийг нь дээд байгууллага нь илрүүлээд байгаа хэрэг. Тиймээс гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үүсээд буй асуудлыг судалдаг, зөвшилцдөг байдлаар асуудлыг шийддэг болох боломжтой. Дотоод итгэл үнэмшил гэдэгт хуулиар хүлээсэн итгэл үнэмшил мөн үү биш үү гэдэг нь өөр асуудал. Хэргийн явц мөрдөн байцаалтаас маш их хамааралтай.
-Мөрдөн байцаахаас эхлээд прокурор, шүүхийнхэнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд мөрдөн байцаах албаныхантай Хууль зүйн сайд нь яваад Т.Бадамжунай гээчийг гадаадаас авчирлаа. Энэ ажиллагаанд сайд оролцох ёстой юу. Тус тусдаа ажилтай хүмүүс бишсэн бил үү?
-Олон улсын гэрээний дагуу Засгийн газрыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн яам гарын үсэг зурдаг. Тэр утгаараа явсан байж болно. Энэ асуудалд хүч өгч байгаа юм уу л гэж харж байна. Гэхдээ юм бүхэнд сайд яваад байх нь зохимжгүй л дээ.
-Би асуудлынхаа өнцгийг өөрчлөөд асууя. Манайд эхлээд хүнийг олон нийтийн сүлжээнд яллаад харлуулдаг. Нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байгаад араас нь хуулийн байгууллага зарладаг. Зарласны дараа гүйцэтгэх ажиллагаа яваад баривчилдаг болсон. Ерөнхий сайд нь нүүрсний хулгайн хэргийн дараагийн том авлигын хэрэг УБТЗ-д болж, бөмбөг тэсэрнэ шүү гэсний орой гүйцэтгэх ажиллагаа явуулах жишээтэй. Улс төрийн нөлөө улам л ихсээд байгаа юм биш үү?
-Тийм өнцгөөс харахад буруудах зүйлгүй. Нүүрсний хэрэгт гэхэд л нэрс гаргаад, яллаад явчихлаа. Анхаармаар байна шүү гэвэл өөр. Гэтэл нэр заадаг, тодорхой тодорхойлоод хэлэх бол болохгүй асуудал. Гэтэл “ш” ажиллагааны хүрээнд тэр тэнд явж байна гээд нэр заагаад хэллээ шүү дээ. Т.Бадамжунай Флиппинээс гараад явчихсан бол яах вэ? Ийм явдал хэргийг шалгаж байгаа хүмүүст хүндрэл учруулдаг.
-“Чи идсэн, шамшигдуулснаа нуугаарай”. “Мөрөө баллаарай”, “Зугтаарай” гээд ч байгаа юм шиг…
-“Дансаа цэгцлээрэй” гээд дохио өгчихөж байна л даа. Чиний хэлсэн шиг. Ерөнхий сайд байна уу эсвэл төрийн нууцлалтай мэдээлэл авч байгаа хүн гарч ирээд мэдээлээд байх нь зохимжгүй л дээ. Зөв чиг бол биш. Шүүхээс өмнө хэн нэгнийг буруутан болгож, ялыг нь хүртэл өгдөг явдал байна. Хэвлэлээр ч гэсэн ялгаагүй. Таамаг өөр. Шалгаад тогтоогдох эсэх нь бас өөр асуудал. Ажиллаад, хэрэг илрүүлээд байгаа юм шиг хэр нь усанд хаясан чулуу шиг л болдог. Бодох л асуудал. Сэтгүүлчид өөрсдийнхөө шугамаар мэдээлэл олж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нэг мэдээллийг болгоомжгүй цацсанаар тогтоогдож байсан хэрэг бүхлээрээ үгүйсгэгдэх явдал ч байна. Цаана нь тэднээс илүү бодож, сэтгэж, хэргийг өөр чигт эргүүлэх гэсэн хүмүүс бий шүү дээ.
-С.Зоригийг хөнөөсөн хэргээр мөрдөн байцаалт явуулж, гурван шатны шүүхээр гэм буруутайг нь тогтоосон хүмүүсийг Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь мэдээлэл хийж байгаад л суллуулсан. Энэ чинь нөлөө биш юм уу. Та юу гэж харж байна вэ?
-Итгэл дүүрэн "нөлөөнд автахгүй ажиллаж байна" гэж хэлж чадахгүй нь. Нөлөөнд автах эсэх нь өөрсдөөс нь л шалтгаална. Магадгүй дээрээс чиг үүрэг өгөхөд өөрийнхөөрөө шийдээд ажлаасаа халагдлаа гэхэд эргээд гэм буруугүйгээ тогтоолгох боломж нь бий. Хэрэв ажлын байрандаа хорогдоод, дарга, цэргээ дагаад яваад байвал ямар юмных нь шударга ёс, хууль, журам гэж ярих вэ. Тогтолцооноос юм хамаарах ч хүнд бас учир бий. Нутаг нуга, жалга довоороо байгаад байвал хуульт ёс тогтоно гэдэг эргэлзээтэй. Цагдаа, тагнуул, прокурор босоо удирдлагатай ч хэргийн нотлох баримтад нөлөөлөх ёсгүй.
С.Зоригийг хөнөөсөн хэргийн хувьд хуулийн байгууллагын ноцтой алдаа. Шат шатны шүүх эрүүдэн шүүсэн гэдгийг мэдээгүйгээр ялласан юм уу эсвэл нотлох баримтыг нь устгасан уу, сэжүүр байсаар байхад орхигдуулсан уу. С.Зоригийг хөнөөсөн хэргийг яг яасан нь өнөөдөр тодорхойгүй болчихлоо. Холбогдсон хүмүүсийг цагаатгаагүй байхыг бодоход бас ор үндэсгүй зүйл биш шиг.
-Монголд бүхнийг мэддэг айхавтар нэгэн улстөрч байх шиг…
-Аан за/инээв/.
-Ялангуяа С.Зоригийг хөнөөсөн хэргийг маш сайн мэддэг. Энэ нь буруу, энэ нь зөв. Тэр тэгсэн, энэ ингэсэн гээд л… Тэр хүн өөрөө таван удаа Хууль зүйн сайд хийсэн. Хийх болгонд нь энэ хэрэг удааширдаг.
-Сайд байсан учраас өргөн мэдээлэлтэй байж болно. Үүнийг ашиглаад энэ зүйлийг хийлээ гэдэгт би итгэдэггүй. Шийдвэр гаргаж байгаа хуульчид нь хөтлөгдөх нь юу л бол. Тийм байгаа бол хөтлөлцүүлээд зайлуулах хэрэгтэй. Захиалагчгүй алуурчид байхгүй.
-Захиалагч руу орно гэж байтал хэрэг орвонгоороо эргэчихлээ…
-Захиалагчгүй байх боломжгүй. Магадгүй улс төрийн нөлөөлөл орсон байхыг үгүйсгэхгүй.
-Монголын түүхэнд хар толбо үлдээсэн 7 дугаар сарын 1 гэх хэрэг бий. Монголын төр иргэд рүүгээ буу шагайж 5 хүний амийг авч, хэдэн зуун иргэн, цагдаа эрүүл мэндээрээ хохиросон….
-Монголд хар толбо тогтоосон аюултай хэрэг. Ярьвал их урт юм болно доо.
-Энэ хэргийн улмаас балгас болсон намын байрны оронд Цагаан ордон сүндэрлэжээ. Харин амиа алдсан хүмүүсийн амийг 50 сая төгрөгөөр нэг удаа үнэлсэн. Энэ хэргийг танай алба шалгасан. Хууль, тогтолцоо, хандлагаас эхлээд та, танай олон зүйлд хана мөргөсөн байх. Гадаа чинь цагдаагийнхан, ар гэрийнхэнтэйгээ нийлээд эсэргүүцээд л… Та нар чадах чинээндээ хэргийг илрүүлж шүүхээр шийдүүлсэн ч эцэстээ Өршөөлийн хуульд хамрагдаад өнгөрсөн. Энэ хэргээс ямар сургамж авах ёстой вэ?
-Чи хэлээд орхилоо. Цагдаагийн ар гэрийнхэн нь гороолсон бол өөр хэрэг. Хэрэгт холбогдож татагдсан газрын даргаа хамгаалж бие бүрэлдэхүүн нь ирж 24 цаг барьцаанд байлгасан. Сайд, прокуророос ярьж байж тараалгасан. Гартаа ганц бороохойгүй манай алба хаагчдын эсрэг гав, хэрэгслээ зүүчихсэн хүмүүс эсэргүүцэл үзүүлнэ гэдэг сэтгэл санааны хувьд ч хүнд цохилт… Хэрэг гарсны маргааш очоод “Цагдаа оролцсон юм биш биз дээ” гэхэд “Тагнуулын мэдээгээр тусгай хүмүүс зохион байгуулж хийсэн гэсэн. Танайд хамааралүй хэрэг байна” гэсэн. Ингээд анхны нөхцөл байдлыг тогтоох ажилд анхнаас нь бид оролцоогүй. Цагдаагийн бие, эрүүл мэндэд халдсан явдлыг цагдаа, цагдаа нар холбогдсон хэргийг манайх гээд хоёр шугамаар шалгасан юм.
Шат шатны шүүхээр шийдэгдсэн. Бид эндээс хуулийн байгууллагын үйл ажиллагааны доголдол шат шатанд л байгааг харсан. Энэ асуудлыг сайжруулах л хэрэгтэй.
-Тухайн үед танай албын эсрэг нийгмийн сэтгэл зүйг чиглүүлэхийг оролдож байсан. Үр дүнд нь өнөөдөр үгүй болгоод татан буулгачихсан. Өнөөдөр хамгийн их улстөрчдийн дайрч байгаа салбар нь шүүх засаглал болчихлоо. Нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байгаад шүүхийг хүссэнээрээ оролдохоор нь зэхээд байна аа даа?
-Хүн бүхэн л ажиглаж байгаа байх. Тийм үйл явц өрнөж байна. Шүүх бол хэнээс ч хараат бус байх ёстой байгууллага. Төрийн гурван салаа мөчрийн бие даасан нэгэн салаа нь яах аргагүй шүүх. Хэн ч нөлөөлөх ёсгүй. Шүүхийн шийдвэрүүд янз янзаар гараад байгаа нь үүнийг дэвэргэж байна. Төр нь төр шиг байх хэрэгтэй. Улс төрөө учиртай, начиртай ярьж, өөр хоорондын хөндлөнгийн хяналтыг бүрдүүлэх, хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Үзэл бодлоо илэрхийлэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Үүнийг ялгаж, салгаж хэрэгтэй.
-Өнөөдөр долдугаар сарын 1-ний хэрэг давтагдахгүй гэсэн баталгаа алга. Тиймээс бид энэ явдлаас ямар сургамж авах ёстой юм бэ?
-Эргээд харахад маш аюултай зүйл болсон. Цагдаагийнхан намын обьектыг хамгаалсан. Асуудал жагсагчдыг тараахаас л үүдэж болсон. Муухай явдал болсон. Цагдаагийн өчнөөн олон хүн бэртэж, гэмтэж, чадвараа алдсан. Олон зуун залуус хохирсон. Саяхан нэгэн генерал ярихдаа өвчин нь хүндэрсээр саяхан нэг алба хаагч амиа алдсан гэж ярьж байна лээ. Тиймээс ийм зүйл давтахгүйн төлөө байх ёстой.
–Хэргийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын протоколыг танайхан үзсэн
гэсэн. Хурлын үеэр өндөр албан тушаалтнуудаас “Буудах эрх өгөөдөх” гэж
орилсон тухай 2010 онд танаас асууж байхад “Одоогоор нэр хэлэх боломжгүй. Гэхдээ хавтаст хэрэгт тийм юм бий” гэж та хэлж байсан. Одоо тэр нэрийг хэлэх боломжтой юу?
-… Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү.
Б.Галдаа: С.Зоригийг хөнөөсөн хэрэг захиалагчгүй байх боломжгүй |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31