Пүрэв, 2024-11-21
Ц.Цолмон: Мандатын хуваарилалт шударга ёсны зарчимд нийцээгүй

Орон нутагт мандат шилжүүлсэн нь төсвийн хөрөнгийг өгөөж багатай зүйлд зарцуулах явдал тэр хэрээр ихэснэ гэсэн үг
Парламент аливаа шийдвэр гаргахдаа төсвийн шудрага зарцуулалт, эдийн засгийн өгөөжийг зөв тооцох хэрэгтэй
 
УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын талаар хуульч Ц.Цолмонтой ярилцлаа. Тэрбээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016-2019 онд ажиллаж байсан.
 
-УИХ-ын сонгуулийн хуулийг оны өмнө баталж, олон сайн засвар хийлээ. Харин энэ хуулийн дутагдалтай талыг юу гэж дүгнэж байна вэ?
 
-Монголчууд бид 1990 оноос хойш мажоритар, пропорцианаль, холимог гээд бүх тогтолцоогоор сонгууль өгч үзсэн, сонгуулийн туршлагатай, улс төрийн соёлтой ард түмэн. Харин энэ удаа сонгуулийн тойргийн мандатын зарим хуваарилалтыг шударга бус хийлээ гэж харж байна. Энэ талаар хуульч, судлаачид буруутгасан байр сууриа ч илэрхийлсэн. Харин УИХ анхаарсангүй.
 
-Эрх баригчид сонгуулийн хуульд нэг тойрог олон мандаттай байна гэсэн агуулгатай заалтыг зориуд оруулж тойрог, мандатын хуваарилалтыг хүч түрж шийдлээ гэж үзэж болох уу?
-Аливаа парламент тодорхой асуудлыг янз бүрийн аргаар шийдвэрлэдэг. Манай УИХ Сонгуулийн тухай хуулийг гол төлөв улс төрийн зөвшилцлийн аргаар шийддэг. Энэ хэлбэр сул ба давуу талтай. Сул тал нь парламентын олонх ардчиллын зарчмыг хангаж сөрөг хүчинтэйгээ, бусад намуудтай зөвшилцөж байгаа мэт боловч заримдаа улс төрийн зөвшилцөл нэрийн дор зарчимгүй, хууль зүйн зөрчилтэй шийдвэр гаргадаг. Уг нь ийм тодорхой зүйлийг намууд зөвшилцлийн аргаар шийдэхдээ мэргэжлийн хүмүүс, хуульчдын үгийг сонсох нь чухал.
 
-Нийслэлийн мандатаас хасаж орон нутагт шилжүүлснийг шударга бус хэмээн шүүмжилж нэлээд маргалдлаа. Энэ талаар ямар байр суурьтай байна?
-Судлаачид, намууд байр сууриа илэрхийлж, шүүмжлэлтэй хандлаа. Шударга бус болсон гэдэгтэй санал нэг байна. Тойрогт мандат хуваарилах зарчим байх ёстой. Яг ямар зарчимд үндэслээд нийслэлийн 28 мандатыг 24 болгож хасав гэдгээ хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхээр тайлбарлаж чадсангүй. Энэ байдал нь сонгуульд оролцох сонирхолтой хүмүүсээс гадна, гол нь нийслэлийн иргэдийн дургүйг хүргэж байна.
 
-Олон улсад ямар зарчмаар тогтоодог юм бэ?
-Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн байгуулалтын хэлбэртэй шууд холбоотой. НҮБ-ын гишүүн 190 гаруй улсаас АНУ, ОХУ, Канад, Австрали, Энэтхэг зэрэг арав орчим нь холбооны, үлдсэн нь нэгдмэл улс. Манайх нэгдмэл улсын тоонд ордог.
 
 
Манай УИХ Сонгуулийн тухай хуулийг гол төлөв улс төрийн зөвшилцлийн аргаар шийддэг. Энэ хэлбэр сул ба давуу талтай.
 
Холбооны улсын үндсэн шинж нь парламент хоёр танхимтай байдаг. Доод танхимын гишүүдийг ард түмнээс сонгодог бол дээд танхимыг ихэвчлэн муж улсынхаа ашиг сонирхлыг төлөөлүүлэн сонгодог. Тэрийг нь газар нутгийн зарчим гэж хэлээд байгаа юм. Аль ч улсын парламент ямар хэлбэртэй байхаас үл шалтгаалаад гишүүдээ иргэдийнхээ тоотой порпорционалиар байх суурь зарчмаар сонгодог. Энэ зарчим нийслэлийн хувьд алдагдаад байгаа нь ойлгомжтой байна шүү дээ.
 
-Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгж, байршил гэсэн дөрвөн хүчин зүйлийг тэнцүү баримтлахыг зарчим болгосон гэж тайлбарласан л даа?
-Дөрвөн зарчим баримтална гэж юу байх вэ дээ. Ардчилсан нийгэм байгуулах гэж зорьж буй бид Үндсэн хуулийнхаа үндсэн зарчмыг л баримтлах ёстой. Тэнд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гээд заачихсан. Төрийн аливаа хууль, шийдвэр энэ зарчимд л нийцэх ёстой. Парламентын сонгууль гэдэг хүмүүс өөрсдийгөө төрд төлөөлөх хүнийг сонгож байгаа үйл явц. Тэр нь шударга ёсонд нийцсэн байх ёстой л гэсэн үг.
 
-Тойрог, мандатын хуваарилалт шударга бус болсон нь цаашид ямар сөрөг үр дагавар авчрах вэ?
-Үүнд бухимдах хоёр хүчин зүйл байна. Нэг дэх нь, сонгуульд оролцох улс төрийн сонирхолтой хүмүүс бухимдаж байна. Нөгөө нь, иргэд төсвийн хуваарилалт буруу байгаад бухимдаж байна. Орон нутгаас сонгогдсон олонх гишүүд тойрогтоо амласнаа биелүүлэх гээд нэгдсэн улсын зарчмаар зангидаж байх ёстой төсвийг задалж байгаа. Үүнээс болж төсвийн хуваарилалтыг буруу хийлээ гэсэн шүүмжлэл гардаг. Орон нутгаа, аймгаа хөгжүүлнэ гэж амласан гишүүд амлалтаа биелүүлэхийн төлөө л ажиллана шүү дээ.
 
Тухайлбал, сүүлийн үед хүн ам ихээр төвлөрч байгаа нийслэлийн зарим дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд төсвийн хөрөнгөөр нэг ч сургууль, цэцэрлэг бариагүй байхад зарим аймгийн бараг сум болгонд сургууль, дотуур байр, соёлын төв, эмнэлэг, автозам, цахилгаан эрчим хүчний сүлжээ гээд бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хийлээ.
 
Орон нутагт хөрөнгө төсөвлөхийг буруутгах аргагүй ч хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн өгөөжийг тооцсон байх ёстой. Орон нутагт мандат шилжүүлсний үр дагаварт төсвийн хөрөнгө улам задарч, өгөөж багатай зүйлд зарцуулагдана. Энэ нь манай сонгуулийн тогтолцоо, парламентын төсвийн хэлэлцүүлэг гажигтай байгааг хэлээд байгаа юм. Тиймээс цаашдаа аливаа шийдвэр гаргахдаа төсвийн шударга зарцуулалт, эдийн засгийн өгөөжийг зөв тооцох хэрэгтэй.
 
-Сонгуульд олон суудал авах магадлалаа нэмэх нь гол зорилго байсан юм биш үү?
-Ардчилсан нам 2016 онд бас л тойрог зохиож, мандатын хуваарилалт хийвэл ялна гэж тооцсон. Гэвч эсрэгээрээ МАН үнэмлэхүй олонх болсон. Одоо МАН яг тэр замаар АН-ын аргыг хэрэглээд ялна гэж тооцож байна.
 
Сонгуулийн хууль хүмүүсийн сонгох эрхийг хангах зорилготой хууль болохоос биш улстөрчдийн сонгогдох эрхийг хамгаалах зорилгогүй. Манай ард түмэн сийрэг ухаантай, мэдээлэл ч сайн авдаг болсон. Улс төрийн намын хувьд сонгуулийн тойрог мандатын хуваарилалт чухал биш. Харин ард түмний өмнө амласан зүйлээ хэр хэрэгжүүлсэн бэ гэдэг л иргэдийн хувьд гол сонголт болно гэдгийг анхаараасай.
 
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Ц.Цолмон: Мандатын хуваарилалт шударга ёсны зарчимд нийцээгүй
2020-02-05 12:03:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ