Ням, 2024-05-05
Ө.Ганбаатар: Гоё хээр мөн ч зориг, зүрхтэй хүлэг дээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн алдарт уяач Ө.Ганбаатарыг урьж, ярилцлаа.  Тэрбээр өнгөрсөн жилийн азарганы уралдаанд түрүүлсэн  “Гоё хээр” хэмээх хурдан хүлгийн эзэн билээ. 
 
-Та 2000 оноос морь уяж эхэлсэн. Анх ямар морь сойж  уяачийн эрдэмд суралцав?
 
-Аав ээж минь малчин хүмүүс байлаа. Манайх сангийн аж ахуйд мал маллаж байсан. Би аав ээждээ тусалж байгаад 1985 онд цэргийн албанд татагдсан юм. Тухайн үеийн цэргийн алба мэргэжил олгоно. Би чинь жолооч цэрэг байлаа. Ингээд 1988 онд цэргээс халагдаж, сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж эхэлсэн. Ер нь хүүхэд байхаасаа моринд дуртай байсан юм. Харин  2000 оноос морьтой илүү ойр холбогдсон. Анх нутгийн хүнээсээ зургаан настай алаг морь авч уяж эхэлсэн түүхтэй. Энэ хүлэг надад морь уях эрдмийг заасан гэж боддог. Их сайн хүлэг байсан. Нас бага байсан учир тухайн үед уяач нарыг дагаж морио сойж, суралцдаг байлаа. Мөн миний өдий хугацаанд гаргасан амжилт гэр бүлтэй минь салшгүй холбоотой. Миний ханийг Э.Бүжинлхам гэдэг.  Бид 1989 онд гэр бүл болж байлаа. Хань минь намайг  морь уяж эхлэсэн үеэс дэмжсэн. Ер нь уяачийн эхнэр моринд дуртай, дэмждэг байж л морь нь амжилт гаргана шүү дээ. Бид нэг зорилгын төлөө морио уяж өдий хүрлээ.
 
-Таныг олонд таниулсан хүлэг бол яахын аргагүй Гоё хээр шүү дээ. Энэ хурдан хүлгийн эх нь  аль нутгийн адуу вэ?
 
-Би 2006 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат улсын алдарт уяач Р.Мөнхтөр ахтай холбогдсон. Ингээд Улаанбаатар хотоос портер хөлслөөд Сүхбаатар аймгийг зорилоо. Алдарт уяачаас би нэг даага, хээр зүсмийн гүү худалдаж авсан юм. Гэтэл надад нэг охин даага бэлгэнд өгч билээ. Тэр сайхан буянтай хээр гүү өнөөдрийн уралдаж буй хурдан буянгуудыг төрүүлсэн юм. Удам сайтай гүү байсан. Ер нь морь эх талынхаа удмыг илүү дагадаг. Нутгийн азаргатай нийлүүлж гарсан охин төлөөс нь Гоё хээр мэндэлсэн юм. Түүний эцэг нь Булган бор гэж азарга бий.  Хээр гүү Булган бор хоёрын төл нь их хурдан. Хээр гүү  одоо ч адуун сүрэгт минь бий. Одоо нас нь 20 хүрсэн.
 
-Яагаад Гоё хээр гэж нэрлэсэн юм бэ? 
 
- Моринд нэр их чухал санагддаг. Нэрийг нь оноож өгч байж хурдалдаг байж мэднэ. Гоё хээр төрөхдөө л их сайхан унага байсан. Тухайлбал, адуугаа ус руу явуулахад бусад нь шавар болсон байх нь бий. Харин Гоё хээр цэвэрхэн ирдэг байсан. Мөн их зориг, зүрхтэй хүлэг дээ. Хурдан хүлэг төрөхдөө л өөр байдаг юм билээ.
 
-Ер нь даага байхаасаа уралдсан уу. Уралдаагүй өнжсөн жил бий юу?
 
-Гоё хээрийг даага байхад нь сумын наадамд сойж зургаад хурдалсан. Үүний дараа шүдлэн байхдаа аймгийн наадамд түрүүлсэн юм. Мөн хязаалан насандаа аймгийн наадамд аман хүзүүнд хурдалсан. Харин соёолон насанд нь улсын наадамд сойсон. Тухайн үед цар тахлын үе таараад наадам болоогүй. Тэр жилээ Хэнтий аймгийн Баянхутаг суманд Тамираа гэж залуутай хамт морио уяж, сойсон юм.  Дараа жил нь дахин түүнтэй хамт морио уясан. Энэ нь Ардын хувьсгалын 100, 101 жил. Бид улсын наадамдаа зориод очсон ч уралдаж чадаагүй.
 
-Хоёр жилийн өмнө бол Гоё хээрийн  уяа сойлго  нь тэгширсэн байсан. Улсын наадамд яагаад уралдаж чадаагүй юм бэ?
 
-Наадмаас өмнөхөн Булганы хээр азаргыг хасах магадлалтай гэсэн яриа гарсан байсан.  Анх бүртгүүлэхдээ 114 гэсэн дугаар авсан. Гэтэл урд нь тоо нэмээд 1114 гэж өөрчилсөн байсан. Тиймээс номер будилсанаас болоод уралдаж чадаагүй. Бүртгүүлсэн учраас хасах шалтгаан байхгүй гэж дотроо бодож байлаа. Гэвч наадмаас хассан. Үүний дараа  “Их Хурд 9” наадамд уралдаж дөрөвт ирсэн. Тэгээд Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн наадамд  уралдаад түрүү хүртсэн дээ. Ховор заяанд  төрсөн хурдан хүлэг гэж би боддог.
 
сонин mn
Түүний гэргийг Э.Бүжинлхам гэдэг. Гаргасан амжилт нь эхнэртэй нь салшгүй холбоотой.
 
-Харин энэ жил Гоё хээр өөр эзэнтэй болжээ. Улсын наадмын азарганы уралдаанд түрүүлсэн шүү дээ? 
 
-Хүмүүс Гоё хээрийг сонирхож их үнэ хаялцсан. Эхэндээ зарахгүй гээд хүмүүст өндөр үнэ хэлээд байлаа. Гэтэл нэг хэсэг хүмүүс холбогдохгүй удсан. Ингээд Увс аймгийн харьяат уяач Б.Норовсамбуу худалдаж авъя гэсэн юм. Энэ үед аав бидэнд хандаж “Хурдан морь нэг удаа л үнэд ордог” гэж хэлж билээ. Бид сайхан хүлгээ бэрийнхээ нутаг руу  арилжсандаа баяртай байгаа. Энэ жил наадмаар Гоё хээр Говь-Алтайн наадамд аман хүзүүнд давхисан. Өндөр чансаатай гурван наадамд сайн давхисан.  Увс аймаг өнгөрсөн 102 жилийн хугацаанд улсын наадамд азарга айрагдуулж байгаагүй юм билээ. Тиймээс нутгийн түмэн нь баярласан байх.
 
-Энэ жил та хаагуур наадав. Морь нь хэр давхисан бэ?
 
-Би сүүлийн үед зүүн талын уяачдыг  зорьж морио уяж байна. Тэдний арга барилаас нь суралцаж хүлгийнхээ сойлго уяаг нь тааруулна.  Хавар уях адуугаа аваад дөрвөн сард явах жишээтэй. Сүхбаатар, Хэнтий аймагт байж байгаад бүсийн наадмын өмнө гэртээ ирдэг. Ингэж л уяачийн эрдэмд суралцаж явна. Би энэ жил олон насны морь уяагүй. Учир нь зүүн аймгууд руу зуншлага сайнгүй байлаа. Харин  Булган аймгийнхаа наадамд Цог хээр хэмээх  азарга уяж түрүү хүртлээ. Мөн Архангай аймгийн бүсийн наадамд уралдсан байгаа. Энэхүү хүлэг  н.Ганзориг дүүгийнх.
 
-Таны хурдан хүлгүүд галтай саран тамгатай. Энэ нь танай удам дамжсан тамга байх аа?
 
-Ааваас минь өвлөгдөж ирсэн тамга даа.  Миний хоёр хүүгийн нэг нь цаашдаа миний үйлсийг үргэлжүүлнэ байх. Энэ сайхан тамгаараа хүлгүүдээ тамгалаад л явна гэдэгт итгэлтэй байна
 
-Таны сэтгэлд хадгалагдаж үлдсэн дурсамжтай наадам олон байдаг байх. Нэгийг нь дурсаач?
 
-Мэдээж улс бүсийн наадмууд байна. Хязаалан үрээ авч алаг морьтойгоо ижилсүүлж уясан. Тухайн үед сумын наадамд уралдаад дөрөвт хурдаллаа. Би энэ үед анх удаа л морь айрагдуулж үзсэн нь тэр. Шагналаа авахаар гоёод очсоноо тодхон санаж байна. Морь цоллох их сайхан санагдсан. Гэтэл сумаас эхний гурван адуунд медаль өгдөг юм даа. Би медаль авна гэж бодоод хараад зогсож байтал өгөөгүй. Залуу ч байж, тэр үедээ сэтгэл гонсойж билээ. Харин эргээд бодоход дурсамтай санагдаж байна.
 
-Морь хурдалхад  уяа сойлго чухал. Та уяагаа хэрхэн тааруулж байна?
 
-Сүүлийн үед уяачид хүлгээ ханагар уяагаар сойж байна. Энэ нь өмнө уядаг байсан арга барилаас эрс өөр. Өмнө нь зөвхөн сунгаа хийдэг байсан. Харин ханагар уяа нь одоогийн моринд их тохироод байгаа юм.  Тухайлбал, уналга эдэлгээ их шаардана. Тарга хүчийг нь зөв авахуулах ёстой. Тиймээс одоо үед морь уяж буй залуус нутгаасаа гарч уях хэрэгтэй. Шинэ уяагаар сойж  хүлгээ хурдлуулах хэрэгтэй юм билээ. Би анх морь уяж эхлэхэд улсын наадам их хол санагдаж  аймаг сумын наадамд л сайн уралдана гэж бодож байлаа. Адуун сүрэгт минь нэг үе сайн монгол аваргууд байсан. Тэр үед энэ туршлагатай хүмүүстэй нийлж морины уяагаа тааруулах байж гэсэн  бодол сүүлд төрсөн.
 
-Хүн өөрийн туулсан зүйлээс сургамж авах нь бий. Та залуу уяачдад хандаж юу хэлэхийг хүсдэг вэ? 
 
- Хурдан адууны эцэг эхийг нь зарвал хурд тасарна. Ер нь уяач хүн жудагтай, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй.  Мөн бүтэн жилийн хугацаанд  хэр хөдөлмөрлөж уяснаас амжилт нь харагддаг. Тиймээс хурдан хүлгийг өнжөөхгүй уях хэрэгтэй. Залуус эхлээд адуугаа сайжруулаад дараа нь уяа сурна гэж ярих нь бий. Хамгийн түрүүнд уяа сурах нь зөв.
 
-Хутаг-Өндөр сумыг уяачид хурд сайтай гэж дүгнэдэг юм билээ. Үүнтэй та  санал нийлэх үү?
 
-Энэ сайхан нутагт  ямар ч мал малласан буянаа харамгүй хайрлана. Гагцхүү тухайн хүний хөдөлмөрөөс  хамаарна. Манай сумын уяачид аймгийн наадмын 50 хувийг нь авч одтой сайхан нааддаг.  Энэ жил гэхэд  Хэнтий аймгийн наадамд хүлэг минь айрагдлаа. Сумаас минь бүсийн наадамд олон хүлэг айраг түрүү авсан. Тухайлбал,Өнгөрсөн жил н.Акавын  хүүгийн бор хязаалан төвийн бүсэд түрүүлсэн. Мөн нэг даага нь айрагт хурдалсан. Манай нутгийн уяачид сүүлийн үед улс бүсийн наадамд одтой сайн байгаа.
 
-Морины уралдаанд эрлийз Монгол морины асуудал шуугиан дагуулах нь бий. Та энэ тухай ямар бодолтой явдаг вэ?
 
-Бүх зүйл цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Үүнтэй ижил морь бас хөгжих ёстой. Монгол адуугаа устгахын төлөө гадны улсаас азарга оруулж ирдэг уяач байхгүй. Гагцхүү адууны цусаа сэлбэж, хурд төрүүлэхийн төлөө эрлийз морь оруулж байгаа болов уу. Зарим хүмүүс бүх адуу эрлийз болох гэж байна гэсэн ойлголттой байдаг. Тийм зүйл гэж байхгүй. Тухайлбал, 100 адуутай хүн 20 адууг нь эрлийз болгоод үлдсэн хувийг нь Монголоор нь үлдээж байна. Үүнийг би зөв гэж боддог. Гэтэл эрлийз Монголоорр нь ялгаж хасдаг. Үүнийг ялган таньж, хэмжихдээ будлиан гаргахгүй шударга байх хэрэгтэй.
 
-Морь хурдлах нь хүүхэдтэй салшгүй холбоотой. Та унаач хүүхдэдээ хэрхэн зөвлөдөг вэ?
 
-Ер нь унаач хүүхэд долоон наснаас дээш байх ёстой. Унаач хүүхдэдээ хандаж морийг зөв унаж, харьцахыг зөвлөнө. Уралдахдаа морины хурдаа хуваарилна. Яаж унавал морь нь давхихаар байна гэдгийг хүүхэд мэддэг байх ёстой. Харин өмнө морь унаж байгаагүй хүүхдийг уралдааны морь унуулж сургахдаа өмнө уралдаанд оролцож байсан хүүхдийг харуулдаг. Миний морийг унадаг сайн хүүхдүүд байсан шүү. Хажуу айлын ах дүү хүүхдээр унуулж байлаа. Энэ жил ч ялгаагүй нэг айлын хоёр хүүхдээр унуулсан. Учир нь манай ач зээ нар ихэнх нь охид.
 
 
Баатарын НЯМСҮРЭН

Ө.Ганбаатар: Гоё хээр мөн ч зориг, зүрхтэй хүлэг дээ
2023-09-26 11:25:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ