Бямба, 2024-05-04
Ц.Дэмбэрэл: ШУА мунхаг төрийн үнэнч боол, үхээнц зарц нь болсон

Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.
Билиг авьяас ба бүтээлч байдал
Билиг авьяасыг чухам ямар шалгуураар яаж тодруулдаг хэрэг вэ?
Хүний билиг авьяас гэж юуг хэлдэг, тэр нь ямар хэлбэрээр хэдэн насанд яаж илэрдэг, яаж хөгжүүлдэг зэрэг хүний оюуны хөгжлийн нарийн асуудлыг дэлхийн судлаачид нэлээд судалжээ. Эдүгээ энэ асуудлаар ерөнхийдөө нэг мөр цэгцтэй ойлголт эрдэмтдийн дунд тогтсон бөгөөд түүнийг хууль эрх зүйн талаас нь баталгаажуулсан ажгуу.
 
Тодорхойлолт: Дараах чадваруудын аль нэгээр буюу хослолуудаар нь бусдаасаа илүү давамгай, гаргуун байгаа хүүхдийг билиг авьяастайд тооцно.
 
I.Оюуны ерөнхий чадвар
 
II.Тусгай академик чадвар, үүнд математик, байгалийн шинжлэлийн хичээлүүдээр үзүүлсэн амжилтуудыг хамаатуулна.
 
III.Бүтээлч буюу бүтээмжит сэтгэлгээ (creative or productive thinking)
 
IV.Тэргүүлэн манлайлах чадвар
 
V.Хараа орон зайн болон дүрслэх, үзүүлэн гүйцэтгэх чадвар, үүнд урлагийн гоц авьяас, онцгой бусад төрлийн чадварууд хамаарна.
 
Эдгээр чадварыг бусдаасаа илүү сайн, гаргуун эзэмшсэн болох нь тухайн сургуулийн нийт хүүхдийн эхний 3% - 5%-д багтсанаар тодорхойлогдоно. Энэхүү тодорхойлолтыг дэлхийд үнэлэгдсэн мэргэжлийн 204 экспертийн шүүлтүүрээр оруулахад 80% буюу 163 эрдэмтэн зөвшөөрсөн. Спортын өндөр чадварууд, тухайлбал дэлхийн олимпод багтдаг спортын төрлүүд, манай монгол бөх гэхчлэн бидний мэддэг, үнэлдэг зүйлс энэхүү тодорхойлолт дотор яаж багтах бол.
 
Олимпын алтан медаль авах нь билиг авьяас мөн үү?
 
Тайлбар1. Монголын ЕБС дээр спорт, урлагийн олон төрөл дугуйлан хичээллэж байна. Энэ нь билиг авьяасын хөгжил мөн үү? гэж хүмүүс асуух болов. Оюуны ерөнхий чадвар буюу IQ өндөртэй хүүхэд багадаа юм юманд авьяастай байх шиг харагддаг. Ялангуяа урлагийн салбарт бүр ч сайн мэт бодогдох нь бий. Гэтэл түүнийг урлагийн авьяас гэж эндүүрч боломгүй. Хүүхдийг багаас нь спорт-тоглоом, урлаг-зугаа-цэнгэлийн салбарт хорхойсуулбал алсдаа бүтээлч бус сэтгэлгээтэй болж төлөвшдөг. Энэ нь спорт бие махбод талаа, урлаг үзүүлбэр талаа дагнадгаас үүдэлтэй. Сүүлийн 30 жилд Монголд спорт, үзүүлбэр хоёр л их хөгжив шив. Тэгээд улс гэр маань ахив уу, ухрав уу? Цаашдаа энэ улс шоу үзүүлбэрийн орон болох уу? Бүгдээрээ бөх болоод барилдаж, хэрэлдэж, зодолдож, алалцаж байх уу? Ер нь бид үндэстний хувьд ЦЫГАНЧУУД-ын араас орчихсон биш биз? Эрүүл ухаанаар эргэцүүлэн бодоцгооё!!! Цыган Монгол биш, ЖҮҮД Монгол болмоор байна.
 
Тайлбар2. АНУ болон дэлхийн бусад оронд дээрх тодорхойлолтыг 1993 оноос эхлэн баримталж, ЕБС-ийн үйл ажиллагаанд мөрдлөг болгожээ. Харин 1972 оны өмнөх хуульд “Хөдөлгөөний чадвар”-ыг сүүлчийн 6 дугаар чадвар болгон оруулсан байв. Гэвч 1988 онд АНУ-д билиг авьяастай суралцагчийн тухай зарга (The javob K.Javits Gifted and Malented students Act) үүсжээ. Заргын гол санаа нь хөдөлгөөний чадварыг билиг авьяасын зургаа дахь хүчин зүйл болгож дангаар нь оруулснаас үүдэлтэй нийгэмд гарсан сөрөг үзэгдэл юм. Билиг авьяасад хөдөлгөөний чадварыг тооцох болсноор ЕБС-ууд дээр биеийн тамир, спортын олон курс-дугуйлан хичээллэж, түүнд нь оюуны чадвараар харьцангуй сулавтар, суурь хичээлдээ хойрго, бүтээлч бус араншинтай атлаа хөдөлгөөний чадвар сайтай, бие бялдрын хөгжилтэй хүүхдүүд (голдуу өнгөт арьст) олноор хамрагдаж, ингээд зарим ЕБС нь бараг биеийн тамир, спортын газар болох буруу хандлага газар авчээ. Энэ нь ерөнхий боловсрол олгох үндсэн зорилтоос нь ЕБС-ийг хазайлгахад хүргэжээ. (Монголд ийм байдал үүсэх магадлал бий бөгөөд сүүлийн үед зарим ЕБС спортын сургууль болох буруу хандлагад орж эхэлсэн. Үүнд спортын зарим мэргэжлийн байгууллагууд, улс төрчид, бизнесмен БӨХЧҮҮД, бүр хэтрээд ТӨР-ийн өндөрлөгүүдээс биечлэн дөгөө өгч хөөрөгдөх болжээ. Энэ яавчиг ЗӨВ биш). Ингээд 1993 оны хуулиар 1972 оны хуулийн 6-р заалтыг хассан байна. Бие хөдөлгөөний чадвар өндөртэй хүүхэд спортын үзүүлбэр талаа хөөцөлдөж, бүтээлч бус чанартай болдог согог олонтаа илрэх болсон баримтыг үндэслэн эдүгээ хүүхдийн спортын чадварыг билиг авьяасын хүчин зүйлийн тоонд оруулдаггүй болжээ. Бүтээлч бус чанар гэдэг энэ үгийг манай ЕБС-ийн багш, эцэг эхчүүд анхааралдаа авна байх.
 
Тайлбар3. ЕБС дээр хөгжим, уран зохиол, бүжиг, дууны чиглэлийг хамтатгаад 'бүтээлч үзүүлбэр” гэж сэтгэлгээний нэг хүрээнд оруулдаг жишиг байна. Нэг л дугуйлан байх, тэр нь бүтээлч сэтгэлгээ талаа голлоно гэсэн үг. Ер нь хүүхдийн люрт, урлагийн амжилтыг бодлогогүй хөөрөгдөх нь тухайн хүний төдийгүй улс орны хөгжилд таагүй нөлөөтэй. Боловсрол дахь тоглоом, зутааг багасгаж, хоосон гэгсэгнэж, хөөрцөглөдгийг хумьж, хүүхдийг багаас нь бүтээлч бус сэтгэлгээтэй, урлаг, дуу хуур, цэнгэл наадамд (шоу үзүүлбэр) хорхойтой болгож байгаа одоогийн БУРУУ практикийг таслан зогсоох цаг болсон.
 
ЕБС дээр үүнийг тэгээд яаж зохиулах ёстой бол? 
 
Эдүгээ манайд бүх түвшиндээ менежмент гэж ярьж, зааж буй. Гэтэл “БОЛОВСРОЛ 4" загварын нөхцөлд менежмент гэж ерөнхий ярихын оронд БИЛИГ АВЬЯАСЫН МЕНЕЖМЕНТ гэж илүү тодорхой ярьж байна. Миний өмнө дурдсан, төрөлхийн угшил, ген, өндөр IQ, удмын доройтол, оюуны хомсдол, бас бус элдэв санаа бодлууд чинь энэ цагийн шаардлага юм. Монголын боловсролд билиг авьяасын менежментийг оруулахсан.
 
Манай БШУЯ энэ тал дээр ахиц дэвшил гаргав уу?
 
БШУЯ энэ тухайд бас ч гэж ахиц дэвшил гаргасныг талархан тэмдэглэх учиртай. 2018, 2019 онд Дэлхийн банк, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газраас явуулсан судалгаагаар “Сэтгэн бодохуй” дугуйланд хамрагдсан сурагчдын сэтгэл ханамж 75% байна. Энэ бол тун өндөр ханамж. БШУЯ-ны сайдын 2020 оны 12-р сарын 22-ны өдрийн А/199 тушаалаар “Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр”-ийг батлав.
 
Түүнд хичээлээс гадуурх секц, дугуйлангийн үйл ажиллагааг:
 
А.Суралцах арга барилыг сайжруулахтай холбоотой үйл ажиллагаа буюу сэтгэхүй хөгжүүлэх дугуйлан
 
Б.Өөрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа буюу бусад дугуйлан /шатар, бүжиг, зураг.../ гэсэн хоёр төрөл болгожээ.
 
Онол яривал, бүх хичээлийн эхэнд нь оюун сэтгэлгээний хичээлүүд байдаг. Тэгэхлээр, цаашдаа сэтгэхүй хөгжүүлэх дугуйланг нэг шат ахиулж үндсэн хичээл РҮҮ оруулах, эсвэл БНХАУ шиг олон цагаар заавал үздэг болгох шаардлагатай. Ингэхийн тулд, мэдээж, ЕБС-д үзэж буй одоогийн хичээлүүдийн тоо, агуулгад эрс шинэчлэл хийж таарна. Энэ нь нэлээд цаг авсан хэцүү ажил юм. Ер нь ЕБС-д үзэж буй үндсэн хичээлийн тоо, агуулгыг эрс хумих ёстой гэдэг нь илэрхий болсон. Энд БШУЯ зориг гаргамаар.
 
Манай боловсрол, шинжлэх ухааны салбарт л билиг авьяасыг эхэлж ярьж, хэрэгжүүлдэг байх ёстой доо, авьяасын менежмент чинь эдгээр салбарт л илүү хамаарах уу?
 
Би өөрт тохиосон баримтууддаа тулгуурлан нэг дүгнэлт хэлье. 1990 он хүртэл манай ЕБС-уудад билиг авьяасыг хар баримжаагаар эрх биш хөхиүлэн дэмжих хандлага байсан. Гэхдээ хар баримжаагаар хол явахгүй, учир гэвэл алдах нь их, онох нь бага. Одоо чинь ажлыг, ялангуяа, билиг авьяасын менежмент гэх тэр нарийн ухааныг хар баримжаагаар хийж яагаад ч болохгүй. МУИС-д оюутныг билиг авьяасаар нь эрэмбэлэх асуудал 1980 он гэхэд үндсэндээ унтарсан. Уг нь 1950-1960 онд байсан гэж ахмад багш нар ярьдаг юм билээ. ШУА-д 1970-д оны сүүлчээс бүр таг болсон. ШУА, их сургуулиуд нь МАХН-ын хороо, үүр гэх хатуу хяналтын газартай, тэнд нэгц марксист намын үзэл санаанд үнэнч байдал, хоёрт, даруу төлөв байдал, гуравт үгэнд оромхой номой дорой зан, дөрөвт, чадвар, тавд, авьяас, зургаад, билиг оюун гэх дарааллаар эрдэм шинжилгээний ажилтнаа үнэлдэг болсон. Энэ үнэлгээнд БИЛИГ ОЮУН зургаад нь оржээ. Уг нь билиг авьяас, чадвар гээд хамгийн эхэнд нь байх ёстой л доо. Ингэхлээр, ШУА, их сургуулиуд маань ДУНДАЖ сэхээтнээр дүүрнэ. Сайд, дарга нарын татаас, сүүдэр гэх охид хүүхнүүд олширвол яана, олширч байв шүү. Дундаж сэхээтнүүд шахааны хүүхнүүдтэй...
 
Монголд билиг авьяасыг ярилгүй өдий хүрсэн нь холоос угшилтай байх нь ээ?
 
Тэгэлгүй яахав. Монголд 1990 он хүртэл хүүхдийн төдийгүй хүний БИЛИГ АВЬЯАС, ялангуяа, БИЛИГ ОЮУН-ыг ерөөсөө ярьж хэлэх нь хориотой байсан. Тэр үед ахуй анхдагч, оюун ухаан хоёрдогч гэдэг материалист сургаалыг нийгмээрээ даган мөрдөж байлаа. ОЮУН УХААН гэвэл шууд үзэл суртлын буруутан болдог. Ингээд бүх ажил амьдрал сүйрнэ. Энэ нь олон хүний тархинд гүн суусан юм. Монголчууд бид, манай эрдэмтэд, ялангуяа, нийгэм, боловсролын салбарын судлаачид маань үүнд бүр дасаад, өөрсдөө уусаад, ясны марксистууд болчихсон. Манай ТӨР засаг МАРКСИСТ хандлагаасаа дорвитой салчихмаар байдаг. Харж л суухаас.
 
Одоо тэгээд бид материалист биш болох шаардлага үүсэх үү?
 
Матери анхдагч, оюун ухаан хоёрдогч гэхээр материалист, эсрэгээрээ бол идеалист болно гэх болхи марксизмыг манай боловсролд яс мөрддөг байсан. 1980-д оны үе. Идеализмын эцэг нь болох Платон оюун ухаан анхдагч гэсэн, тэрээр үнэхээр аюултай хүн шүү... хэмээн МУИС-ийн философийн багш нар оюутан бидэнд заадагсан. ШУА-ийн философийн хүрээлэнг би гадарлана. Тэнд Платон гэж хэлбэл шууд ажилгүй болно. Хэтэрхий муухай байсан даа. Би сүүлд хэргээр Платоны зохиол бүтээлийг шүүрдэж үзлээ л дээ. Платон асуудалд матери, ухамсар хоёрын аль нь анхдагч болох гэдэг өнцгөөс ерөөсөө хандаагүй юм билээ. Харин тэрээр ОЮУН УХААН ОРШИН БАЙНА гэжээ. Оршин байгаа нь илт харагдаад мэдрэгдээд байгаа юм чинь оюун ухаан оршин байна гэж хэлэхгүй яах юм. Тэгээд, оюун ухаан байхгүй байна аа, огтоосоо мэдрэгдэхгүй байна аа гэж худал хэлэх хэрэг үү? Оюун ухаан оршин байна гэдэг чинь цаагуураа хүн та өөрөө оршин байна шүү гэсэн үг. Платоныг үгүйсгэх нь ХҮН-ийг үгүйсгэхэд хүрдэг. Манай боловсрол бүхий л шатандаа хүнийг үгүйсгэж өдий хүрлээ. Тэгэхлээр одоо манай эрдэмтэд Платоныг жаахан ч болов унших хэрэгцээ гарах нь дээ.
 
Мөд БШУЯ-аас БИЛИГ гэх уг сонсогдох болов уу?
 
Үүнд тайлбар өгье. ЯАМ маань БИЛИГ гэж хэлэх эсэхээ эрдэмтдээсээ асууна, ШУА-аас санал авна,„ тэгэхлээр ЗӨВ, ЗӨВ гээд хэлчих зоригтой академич бараг үгүй. Би хэдэн академичаа эрхбиш гадарлаж байна. ШУА бол БИЛИГ ОЮУН гэхээр жинхэнээсээ эсрэг хардаг, оюун ухаанаас цэрвэдэг их хачин газар болжээ. Манай ШУА нь анх үүсэхдээ л материалист - марксч - ленинч үзэл суртлаар найруулсан (хар тамхины хольцтой) ХОР-той сүүгээр угжуулсан болохоор угшил үндсээ хамгаалаад байна л даа. Барууны орнуудад ШУА нь цэвэр оюун билгийн нийгэмлэг байдаг юм билээ. Гэтэл манай ШУА бол яг эсрэг нь. Монголд энэ мэт хөгжлийн эсрэг харсан юмс энд, тэнд байна аа байна. Тэдгээрийг засаж, толгойг нь дээшээ харуулж л таарна. Би ирээдүйг өөдрөгөөр хардаг хүн.
 
Манай УИХ-аас БИЛИГ АВЬЯАС гэж дуугарах болтугай гэж ерөөмөөр санагдчихлаа?
 
Зүй нь БШУЯ-аас өмнө УИХ сэрэх учиртай. Монголд суралцагчийн билиг авьяасыг дэмжих хууль эрх зүйн орчин байхгүй. Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнууд бараг бүгд энэ асуудлаа шийдсэнийг өмнө дурдсан. Япон, БНХАУ, ОХУ, Энэтхэг, Бразилд засгийн газрын тусгай хөтөлбөр байх жишээний. БНХАУ-д жил бүр 1000 ухаантныг ялган авч тусгай хөтөлбөрт хамруулж байна. ОХУ-д ерөнхийлөгч Путины ивээл дор Сочи хотод Сириус нэртэй тусгай сургууль байгуулжээ. Тэнд ОХУ-ын бүх газраас өндөр IQ-тэй, билиг авьяастай сурагчдыг авчран тусгайд нь сургадаг болжээ. Одоо тийм сургуулиудыг салбарлан өргөтгөнө, билиг авьяастай хүүхэд санаснаас олон байжээ гэж Путин хэлсэн. Сириус нь монголоор ХӨХДЭЙ МЭРГЭН. Хөхдэй мэргэн бол дэлхийд харагддаг оддын дотроос хамгийн хурц гэрэлтдэг нь. Манай төрийн өндөрлөгүүд НҮҮРС, НҮҮРС гэж улиглаж суухаар ядаж нэг удаа БИЛИГ АВЬЯАС гэж дуугараасай. Билиг авьяасын хууль гаргахаас айгаад байгаа юм бол эхлээд хөтөлбөртэй болж яагаад болохгүй гэж.
 
Танай байгууллага тэгээд үүнийг хөөцөлдөөгүй юм уу? Та чинь Монголын Билиг Авьяастай Суралцагчийн Нийгэмлэг (МОБАН)-ийн тэргүүн биз дээ?
 
Бид хуулийн төсөл боловсруулж, хөөцөлдөөд 13 жил боллоо. Би сайд, том дарга. ШУА-ийн том эрдэмтэдтэй биечлэн уулзаж энэ асуудлыг ойлгуулах гэж хэд хэд оролдсон, бичиг захидал ч өгсөн. Ерөөсөө хөдөлдөггүй ээ.
 
Амжилтад хүрэхэд 1%-ийн авьяас, 99%-ийн хөдөлмөр гэж хэлдэг. Тэгэхлээр, энд БИЛИГ гэх үг байхгүй байгаа нь ямар учиртай бол?
 
Нэг хувийн авьяас, 99%-ийн хөдөлмөр гэх өгүүлбэр нь олон түмнийг зоригжуулж, хүн таны тухайд оюун ухаан чухал бус аа, хүнийг хөдөлмөр буй болгосон, сармагчинг хөдөлмөрлүүлээд байвал хүн болно, иймд их хөдөлмөрлө, их ажилла, өдөр шөнөгүй зүтгээд бай, тэгвэл амжилтад хүрнэ, гэсэн ухуулга. Социализмын үед ихэд үнэд орсон үгс. Энэ ухуулгыг араас нь олон түмний боловсрол түшиж байдаг. Их хөдөлмөрлө, үг дуугүй зүтгэ, хэл ам бага гарга, энэ, тэр бол хүний төрмөл чанарыг үгүйсгэсэн, таримал буюу үүсмэл талыг нь дөвийлгөсөн марксист лоозон. Марксизм чинь явж, явж хөдөлмөрч дундчуудын сургаал. Төрмөл буюу төрөлхийн чанарт тулгуурлаагүй, зүгээр л уйгагүй их хөдөлмөрлөх замаар хүрсэн амжилт нь эргэж буцахдаа амархан бөгөөд эзэндээ нэлээд халтай юм. Хүнийг ажлын мал, илжиг гэж үзэхээр л ийм болчихно. Монголд ийм маягаар амжилтад хүрсэн бөгөөд нас ахимагц тэр онц чанар нь оргүй алга болдог гашуун туршлага олон таардаг. Хөдөлмөрийн баатрууд, гавьяатнууд, урлаг, спортын алдартнууд, тэд яагаад нас нь дөнгөж 50 хүрмэгцээ таг зогсчихдог билээ? Нэртэй том улс төрч, эрдэмтэд маань нас 60 хүрээгүй байж сэтгэлгээ нь мөлийгөөд, нүд нь гөлийгөөд, цаанаасаа нэг галгүй болоод л,.. тэгээд төрсөн бууриа магтсан шүлэг бичдэг болов. Гэтэл, энэ нас чинь улс төрч, эрдэмтний тухайд ёстой гялалздаг нас шүү дээ. Бодмоор зүйл энэ биш гэж үү? Төрөлхийн биш, завсрын юм тийм байдаг. Завсрын юмыг яаж ч тордоод төрмөл чадвар шиг болохгүй. Зүтгэл хөдөлмөрийг үнэлдэг, тэгж ахидаг цаг үе байсан, одоо тэр цаг ард хоцорлоо. Одоо чинь хөдөлмөрийг РОБОТ орлодог болсон. Хөдөлмөрийн баатар РОБОТ гэх нь. Манайд уурхайчин, жолооч, ажилчин, малчин гээд ёстой робот шиг цаг наргүй зүтгэдэг хөдөлмөрийн баатрууд байсан. Хүнийг тэгж дорд үзэж болохгүй.
 
Билиг авьяастай хүүхэд төрөх үү? Ер нь тийм өндөр IQ-тэй хүүхдийг боловсролоор буй болгож чадах уу?
 
Билиг ТӨРМӨЛ. Боловсрол ТАРИМАЛ. Оюун ухаан бол төрмөл ч, бас таримал ч. Манай боловсрол нь хүүхдийн ТӨРМӨЛ чадварыг хэрэгсэхгүй байгаад л хамаг учир оршино. Хэрэгсэхгүй атлаа зүгээр аясаар нь орхичихож байгаа бол өөр л дөө. Гэтэл тэгдэггүй ээ. Манай боловсрол БИЛИГ ОЮУН-аас айж, түүнийг үзэн яддаг. Угаасаа нийгмийн маань суурь дэвсгэр нь ийм сул, БОЛХИ юм. Үүнийг тууштай эсэргүүцэгч нь үндэсний ШУА байдаг учиртай. Гэтэл манай ШУА өөрөө мунхаг ТӨР-ийн үнэнч БООЛ, үхээнц ЗАРЦ нь болсон. МУЛГУУ нь дэндсэн ФЕОДАЛ ШУА. Коммунист дэглэмтэй орнуудад олон жилээр ноёрхож, хүн ардынх нь тархинд гүн сууж бэхэжсэн олон түмний (массын) гэх тодотголтой боловсрол нь билиг авьяастай сурагчдыг хамгаас хүчтэй хэлмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогджээ. Монголын боловсролоос хамгийн ихэд хохирч буй нь БИЛИГ АВЬЯАСТАЙ хүүхдүүд юм. Тэд хэлмэгдсээр, тэгсэн атал манай ТӨР, БШУЯ-аас “Суралцагч бүрд тэгш боломж бүрдүүлнэ” гэж ярих нь даанч гачлантай. НҮБ-аас дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн ТЭГШ БОЛОМЖИЙГ ХАНГАСАН ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ гэх 4-р зорилгыг манай төрийн түшмэлүүд бүрэн ухаж ойлгоогүй өдий хүрлээ. Яам маань энэхүү ТЭГШ БОЛОМЖ гэх үгийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад хандсан гэж явцуу өрөөсгөл өнцгөөс ухаардаг. Тэгш боломж гэдэг нь суралцагч бүрд хамаатай, тэр тусмаа хэлмэгдэж буй БИЛИГ АВЬЯАСТАЙ хүүхдэд бүр ч их хамаатай.
 
 
 
Н.Отгон

Ц.Дэмбэрэл: ШУА мунхаг төрийн үнэнч боол, үхээнц зарц нь болсон
2023-09-27 09:45:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ