Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам эхлэхэд ердөө 120 хоног үлдээд байв. Гэвч өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр олимпийн наадмын албан ёсны цагийг Японы Токио хотноо зогсоолоо. Олимпийн галт бамбарын буухиаг ч цуцлав. Энэ жил олимпийн наадам болохгүй гэсэн таагүйхэн шийдвэрийг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нар гаргасан. Ийнхүү ирэх долдугаар сарын 24-нд Токио хотын “Шинэ үндэсний цэнгэлдэх”-д эхлэх байсан олимпийн наадам коронавирусын халдварын уршгаар цуцлагдаж, 2021 оныг хүлээх болов.
ДЭМБ-аас өчигдөр өгсөн мэдээллээр халдвар 196 улсад тархаж, 375498 тохиолдол бүртгэгдэж, 16362 хүн өвчний улмаас нас баржээ. Итали, АНУ, Испани, Герман, Франц, Иран зэрэг оронд өдөрт 1000-10000 шинэ тохиолдол бүртгэгдэж, тархалт хурдацтай нэмэгдэж байна. Коронавирусын халдварын өмнө дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ийнхүү хүчин мөхөсдөж эхэлсэн. Үүний нэг илрэл нь “Токио-2020” олимпийн наадмыг цуцлах шийдвэр байсан юм.
Олимпийн наадам болох байсан Япон Улсын хувьд БНХАУ-тай хилээ хаасан. Японы Засгийн газраас зарим цэцэрлэг, сургуулийг карантилсан. Халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар 285-д хүрч, 43 хүн нас байна. Ерөнхийдөө сүүлийн өдрүүдэд байдал харьцангуй тайван байгаа орнуудын нэг. Гамшиг ослын үед байнгын бэлэн байдалд байж сурсан, энэ чиглэлд бэлтгэгдсэн учраас халдварыг “гал авахуулахгүй” барьж байна гэж үзэж, дүгнэх хэсэг ч бий. Гэхдээ Япон улс болгоомжилж байна. 120 хоногийн дараа болох олимпийн наадмын зочдоо нэг жилийн дараа хүлээж авахаар хойшлуулдаг нь учиртай.
Харин халдварт өвчин дэлхийг түгшээсэн энэ цаг үед манай улс УИХ-ын сонгууль хэмээн бужигнаж эхэллээ. УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 24-нд болно. Улс төрийн намууд энэ долоо хоногт мөрийн хөтөлбөрөө ҮАБ-д хүргүүлээд байна. Тэгвэл ирэх зургадугаар сарын 24-нд коронавирусын дэгдэлт намжина гэж хаанаас ч албан ёсоор мэдэгдээгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ч УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх уриалга гаргалаа.
Хүн төрөлхтний олимпийн наадам 120 хоногийн өмнө цуцлагдаж байхад, УИХ-ын сонгуулийг болохоос нь 90 хоногийн хойшлуулах шийдвэр гаргаж болмоор л байгаа юм. Тэгэхгүй бол хоёр сарын дараа л гэхэд сонгуулийн кампанит ажлууд явагдаж эхэлнэ. Гурван мандаттай нэг тойрогт арван хүн дэвшлээ гэхэд тэр тоогоор айл бүрийн хаалганд ядаж ухуулагч очно гэсэн үг. Ер нь цагаан сараас илүү хөл хөдөлгөөнтэй, олон нийтийг хамарсан уулзалт, цуглаантай ажил билээ.
Тэгвэл хууль, эрх зүйн хүрээнд сонгууль хойшлогдох боломжтой эсэхийг үзье л дээ. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.4-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэсэн заалт бий. Харин Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлээр онц байдал зарлаж болох хоёр тохиолдлуудыг зохицуулсан байдаг. Тодруулбал, 25.2.1-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон”, 25.2.2-т “Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон” гэж бий.
Мөн 25.3-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно” гэж зохицуулжээ. Тэгэхээр хуулийн хүрээнд сонгууль хойшлогдох боломжтой юм.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олимпийн цагийг зогсоов, сонгуулийг хойшлуулъя |
|