Пүрэв, 2024-12-05
АН татан буугдах болзлоо хангажээ

АН-ын дэнчингийн 100 сая асуудал дагуулсан хэвээр байна. Тэр бүү хэл, ээлжит сонгуулийн сургаар их “мөнгө босгох” гэсэн ажиллагаа нь энэ намыг татан буулгах хэмжээнд хүрчээ. Энэ талаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд төдийгүй хуульчид байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал, АН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг 100 саяын дэнчин хураалгаж байж квот авах эсэх эрхийн төлөө өрсөлдөх боломжтой болно гэдгийг намын дарга нь өнгөрсөн онд зарласан. Гэтэл дээрх мөнгөний хэмжээг өсгөн, өдгөө 400-500 саяд хүргээд байгааг АН-ын гишүүд эсэргүүцээд зогсохгүй олон нийтэд нээлттэй мэдээлж буй. Тэр дундаа АН-аас сонгуульд нэр дэвших хүсэлтэй залуучууд гишүүдээ мөнгөтэй, мөнгөгүйгээр нь ялгаварлаж буй намын даргынхаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, С.Эрдэнэ даргадаа шаардлага хүргуүлээд байгаа Ингэхдээ 100-500 саяын дэнчин төлсөн хэчнээн хүн байгаа талаарх мэдээллийг ил болгохыг хүссэн. Үгүй бол төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх үндэслэлээр АТГ, Тагнуулын ерөнхий газар, ХЭҮК болон холбогдох хууль, хүчний байгууллагад хандахаа мэдэгдсэн. Асуудал ийнхүү өндрөө авсан энэ үед АН-ыг татан буулгах хангалттай нөхцөл бүрдсэн гэдгийг хуульчид хэлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, АН 100 ба түүнээс дээш сая төгрөгийн дэнчин авч байж сонгуульд өрсөлдөх эрх олгоно хэмээн ил тодоор зарласан нь хуулийнхны хэллэгээр “давтан үйлдэл” болжээ. Нэг ёсондоо тэдний энэхүү ажиллагаа нь хэд хэдэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн байна.

Эхний ээлжид Үндсэн хуулийг шууд утгаар нь зөрчсөн. Учир нь гишүүд дэмжигчдээ мөнгөтэй, мөнгөгүйгээр нь ялгаварлан шаардсан мөнгийг нь тушаа, эс бөгөөс нэр дэвшүүлэх тухай ойлголт байхгүй гэсэн нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхэд шууд утгаараа халдсан явдал болжээ. Цаашилбал, Улс төрийн намын тухай хуулийн 18.3-т заасан “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэнээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл одоогийн байдлаар нийтэд ил болсончлон 181 хүнээс нийтдээ 100 сая төгрөг буюу нийт 18 тэрбум төгрөгийг дэнчин гэх нэрийдлээр хандив болгон авчихаад байгаа гэх. Хэдий 181 гэдэг тоог хэн ч батлаагүй ч Үндэсний бодлогын хорооны гишүүдийн таамаглаж байгаачлан 100 гаруй хүн 100 саяын дэнчингээ тушаачихсан гэх мэдээлэл бий. Тийм ч учраас АН-ын удирдлагууд тун удахгүй хэчнээн хүн, хэчнээн төгрөгийн дэнчин хураалгасныг зарлана хэмээн мэдэгдсэн. Гэтэл энэ нь тухайн улс төрийн намыг татан буулгах үндэслэлийг бүрэн хангасан байна. Энэ талаар Хууль зүйн дэд сайд асан, хуульч Б.Энхбаяр тайлбар хийсэн. Тэрбээр “Улс төрийн намын тухай хуулийн 16 дугаар зүйлд намын орлого, санхүүжилтийг юунаас бүрдэхийг хуульчилсан бөгөөд тэнд гишүүний татвар, хандивын талаар заасан байдгаас дэнчин гэж байхгүй.
 
 
 
Хамгийн харамсалтай нь, АН-ын олон мянган гишүүн нь биш хэдхэн удирдлагынх нь тийнхүү илтэд хуулийг нулимж, ширэн нүүрлэн ил цагаан зарлаад буйэнэ үйлдэл нь уг нам Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу татан буулгах улс төр, хуульзүйн үр дагавартайг ядаж хуульч гишүүд нь намдаа анхааруулж сануулахгүй байгаа нь гайхалтай. Намын зорилго бол засгийн эрхийг барьж бодлогоо хэрэгжүүлэхэд л оршдог.
 
 
 
Гэтэл илтэд Улс төрийн намын тухай хуулиа зөрчиж, засгийн эрхэнд гарах оролдлого, санаачилга нь өөрөө Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах үйл ажиллагаа мөн. Энэ үйлдлээрээ Улс  төрийн намын тухай хуулийн 23.2-д заасан "... Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, ... үйл ажиллагаа, ... явуулсан ... бол Улсын Дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ" гэдэг заалтын болзлыг АН хангачихаад байна гэсэн үг” хэмээсэн. Гэтэл улс төрийн намууд ямар тохиолдолд гишүүдээсээ татвар хураамж, дэнчин авах ёстой талаар хуульд нарийвчлан заасан байдаг. Тухайлбал, Сонгуулийн тухай хуульд хувь хүн таван сая, аж ахуйн нэгж байгууллага бол 20 сая төгрөгийг хандивлах боломжтой гэдгийг хуульчилсан байдаг. Харамсалтай нь энэ удаагийн сонгуульд дүрэмгүй тоглохоор сэтгэл шулуудсан АН- ынханд хуулийн дээрх заалт падлийгүй бололтой юм. Эцсийн дүндээ тэд Улс төрийн намын тухай хуулийн дээр дурдсан заалтыг зөрчихийн зэрэгцээ Сонгуулийн хуулийг уландаа гишгэсэн нь "давтан үйлдэл” болж хувираад байна. АН-ын 100 сая уналт дагуулах дараагийн нэг факт нь Сонгуулийн тухай хуулийн 50.2 дахь заалт. Энэ хуульд сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хязгаарыг Сонгуулийн ерөнхий хороо, Ерөнхий аудитор батална гэж заасан байдаг бөгөөд СЕХ-ноос нэг тойрогт зарцуулах сонгуулийн зардлын дээд хэмжээг 181-374 төгрөгийн хооронд баталсан бол нэг нам сонгуульд 5.9 тэрбум зарцуулна гэх хязгаарыг заачихсан. Харин үүнийг хэтрүүлсэн нам болон нэр дэвшигчийг хууль зөрчсөнд тооцох учиртай. Учир нь сонгуульд оролцох нам, эвсэл хэнбугай ч хуулийг хэлбэрэлтгүй мөрдөх ёстой.
Гэтэл АН-ын 100 саяын дэнчинг 200 орчим хүн төлсөн гэж тооцоход хуулийн дээрх хязгаараас даруй дөрөв дахин их буюу 20 гаруй тэрбум төгрөг цугларчээ. Зарчим талаасаа ч сонгуульд өрсөлдөж, төрийн эрхэнд гарахыг зорьж буй улс төрийн нам ингэж хуулийг илтэд зөрчиж байгааг хэрхэн ойлгох вэ. Хамгийн харамсалтай нь хуулийг гууль болгосон АН сонгуульд ялбал, яах вэ гэдэг том асуулт сонгогчдын өмнө тулгараад байна.
 
Сонгуульд оролцохын тулд хэд хэдэн хуулийг зөрчсөн намыг цаашид хууль сахиулна гэж итгэх аргагүй болж байна. Ямартай ч АН-ынхан өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хэд хэдэн хуулийн заалтыг илтэд зөрччихөөд байна. Харин үүнд хууль, хяналтынхан хэрхэн хандахыг харах л үлдлээ. Хууль, эрх зүйн талаас нь харвал АН-ын 100 сая энэ намыг нэг мөсөн татаж унагах нөхцөлийг аль хэдийнэ бүрдүүлчихэж. Харин эдийн засаг талаас нь харвал энэ санаачилгыг "төр зарах ажиллагаа” гэж нэрлэж болох юм. Аль ч талаас нь харсан төрийн эрх мэдэл, албан тушаалыг зарах гэж буй оролдлого гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь 100 сая ч бай 400 сая ч бай шаардсан мөнгийг нь тушаагаад сонгуульд өрсөлдсөн хүн нам ялсан тохиолдолд тушаасан мөнгөнийхөө хэргийг гаргах нь тодорхой буюу албан тушаалд очих нь дамжиггүй.
Сонгуульд өрсөлдөөд ялалт байгуулж чадахгүй байсан ч нам нь ялбал улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдгийг С.Эрдэнэ дарга нь мэдэгдсэн. Тиймээс сонгуульд олонхыг бүрдүүлсэн нам засгийн эрхэнд гардгийг жишгээр төрийн аль нэг албан тушаалыг өнөөх мөнгө тушаасан хүмүүстээ хуваарилах нь ойлгомжтой. “Төр зарах ажиллагаа” гэдэг нь ердөө л энэ. Бүр нөгөө талаас нь харвал улс төрийн сонгуулийн утгыг бүрэн утгаар нь алдагдуулах ажиллагааг АН эхлүүлчихээд байна. Учир нь сонгууль бол цэвэр бодлогын өрсөлдөөн байх учиртай. Тийм байлгах ч гэж үеийн үед хичээж ирсэн. Гэтэл сонгуульд өрсөлдөж, төрийн өндөр албан тушаалд очих хүнд тавих шалгуурыг зөвхөн мөнгөөр хэмжчихэж байгаа нь шударга ёс, эрх тэгш нийгмийг үгүйсгэсэн явдал төдийгүй сонгогчдыг доромжилсон хэрэг ч гэж тодорхойлж болох юм.
Энэ тухайд хуульч Б.Энхбаяр “Намын тэр олон үнэнч жирийн гишүүд, дэмжигчдийнхээ өөдөөс  тэгж хөрөнгө мөнгөөр нь ялгаварлаж хаалгаа хааж байгаа удирдлага хэр хол явах вэ. Намын гишүүдгүйгээр тэд ер нь хэн юм. Мөнгө зоос муутай ч гэсэн мэдлэг, туршлага нь төрдөө хэрэгтэй хүмүүсийг бодлогоор нэр дэвшүүлж оруулж ирэх, товчдоо бодлогын нам байх ёстой юм. Гаднын туршлага ч тийм байдаг. Гэтэл тэр ухаан, алсын хараа хамаагүй, мөнгөтэй л байхад болно гэхээр одоо яах болж байна. Баян хүний хүүхэд болж төрөөгүй л бол насаараа тэдний албат, боол бай гэх гээд байгаа юм уу. Тэгж л доромжилж байгаа хэрэг болно.
 
 
Нэг хүнээс 400 саяыг авна гэхээр 100 сая өгсөн гэх хүмүүсээс нийт 72 тэрбум болно. Дээр нь нөгөө нэр дэвших хүн дахиад өөрийнхөө сонгуулийн зардлыг гаргана гэхээр энэ бол солиорол” хэмээн тодорхойлов. Хэдийгээр намын дарга нь сонгуулийн зардлыг хандиваар цуглуулдаг, байдаг л жишиг хэмээн тайлбарлаад тоомжиргүй хандаж байгаа ч 100 саяас эхэлсэн АН-ын дэнчингийн мөнгө сонгуулиар далимдуулан “мөнгө босгох”, хүнийг ялгаварлан гадуурхаж, мөнгийг шүтэх хандлагыг дэлгэрүүлэх, улмаар хуулийг гууль болгох гэх мэтээр байж болох хамаг сөрөг, муу бүхэнд ил далдаар уриалсан явдал болж байна.
 
 
Тиймээс хууль, шүүхийнхэн, тэр дундаа иргэд сонгогчид энэ удаагийн сонгуульд маш нухацтай бөгөөд ул суурьтай хандах хэрэгтэйг зориуд тэмдэглэе. Монгол Улсын иргэн хэнбугай ч хуулийн дор амьдрах учиртай. Харин хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байх ёстой. Төрийн эрхэнд гарах эцсийн зорилго бүхий улс төрийн нам тэрхүү зорилгодоо хууль бус арга замаар хүрэхээр улайрч байгаа нь олон нийтэд ил болоод байна.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

АН татан буугдах болзлоо хангажээ
2020-04-16 11:18:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0