2020 он бол сонгуулийн жил. Монгол улсын иргэн бүрийн хувьд өөдөө өгсөх үү, өчигдөр лүүгээ ухрах уу гэдгээ шийдвэрлэх “Алтан боломж”-ийг олгодог хариуцлагатай цаг хугацаа гэхэд болно. Улс орны хөгжлийн цаашдын зам мөр, зүг чигийн баримжаагаа олдог, ард иргэдийн ахуй амьдрал хэр зэрэг дээшилж, доошилсныг шинждэг нэг ёсны 4 жилийн турш ард иргэдийг төлөөлөн ажилласан гэх УИХ-ын гишүүдийн хийж бүтээснийг яруу тодоор хардаг ганц боломж юм. Улс төрийн тогтвортой байдал гэдэг цаашлаад улс орны хөгжлийн гол тулгуур байдаг боловч чин үнэндээ сүүлийн 30-аад жилийн хугацаанд ээлжлэн Засгийн эрхийг барьсан МАН болон АН-ынхны хувьд хатуухан хэлэхэд “чөдөр тушаа” болсон улс төрийн шинж чанартай олон арван хууль батлагдсаны нэг болох Сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг зүй ёсоор нэрлэмээр санагдана. Ардчилсан тогтолцоот улс орны иргэд бидний Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг “боомилсон” хуулийн зүйл, заалт өнгөрсөн 2019 оны 12-р сарын 20-нд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарласан явдлыг дурдахад хангалттай.
Үндсэн хуулийн эх баригч, ардын багш Бяраагийн Чимид багшийн хэлснээр: “- Үндсэн хууль бол “Алган дээр багтсан Монгол улс” билээ. Үндсэн хууль бол бүх хуулийн “эцэг хууль” юм. Ардчилсан, чөлөөт УИХ-ын сонгуулийг зүй зохистойгоор явуулж, иргэн бүрийн сонгох, сонгогдох эрх, язгуур ашиг сонирхлыг хөндөхгүй байхад анхаарах ёстой байгууллага нь мэдээж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц. Гэтэл Монгол улсын Үндсэн хуулийг зөрчин, УИХ-аар хууль батлан олон нийтэд мөрдүүлэх гэж хичээдэг нь өнөөдрийн бодит эмгэнэл. Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өөрсдийн таалалд нийцүүлэн хэдий болтол энэ мэтээр Үндсэн хуульд заагдсан хүний сонгох, сонгогдох эрхэнд халдаад зогсохгүй ээлж дараалан бие биенийгээ “улс төрийн золиос” болгож, нэг нэгнийгээ боловсон аргаар “намнах” нь хэнд ашигтай юм болоо!!!!! Элдэв дээдийн хууль санаачлахдаа улс төрчдийн ганц хэлдэг үг бол “Гадны өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг өөрийн оронд нэвтрүүлэх” гэж хичээн зүтгэж байгаагаа ОНМХ-ээр баахан л ярьж, бусад улс орнуудын хуулийн системийг судлахаар сургалт, семинарт тасралтгүй явж, төсөл хөтөлбөрт оролцоод ирдэг боловч харамсалтай нь, өмнөхөөсөө дээрдэж гавьсан юм лав л харагдахгүй байдаг нь үнэн.
Тэгвэл бидний тэр шагшин магтаад явдаг, үлгэр дуурайл авахаар судалгаа шинжилгээний ажилдаа тусгаад байдаг Дэлхий нийтэд ардчиллын чиг баримжаагаар хөгжиж байгаа улс орнуудын Үндсэн хуулийн хамгийн том ололт, амжилт бол төрийн байгууллагуудын Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглал, Шүүх засаглал гэсэн гурван гол засаглалыг Үндсэн хуулиараа баталгаажуулж өгсөн явдал. Байсхийгээд л Үндсэн хуульдаа гар дүрж, өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хууль гаргах боломж, бүх нүх сүвийг Үндсэн хуулиараа хаачихсан байдаг онцлогтой. Хэн нэгэн улс төрч, аль нэг Засгийн эрх барьсан намын хувьд Үндсэн хууль бол халдашгүй, дархан эрхтэйгээр оршдог учраас тэнд хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчих тухай ойлголт гарах магадлал тун бага. Тийм нөхцөл боломжийг хуулиар бүрэн хориглосон байдаг учраас тэр талаар бодох ч эрхгүй гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, Төр болон иргэдийн дээр хууль ихэмсгээр оршин байдаг. Түүнийг ягштал биелүүлэх нь тухайн улс орны иргэдийн хувьд мөрдөх ёстой зайлшгүй нэг хэмжүүр болдог билээ. Гэтэл үнэн чанартаа манай улсын хувьд байдал ямар түвшинд байгааг олж харцгаая.
Монгол улсын Үндсэн хуулиар олгосон эрхийг зөвхөн хуулиар л хязгаарладаг учиртай. Ялангуяа иргэдийн сонгох, сонгогдох эрх нь заяагдмал шинж чанарыг агуулж байдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн энэ эрхийг ямар ч тохиолдолд хязгаарлаж, “ардчиллын амин сүнс” болсон ард түмний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа явдал нь ардчиллын эсрэг хууль тогтоомж гаргаж байна гэсэн үг. Бид ардчиллын замаар урагшилж, эдийн засгийн хөгжил рүүгээ алхам алхмаар дөтөлж яваа гэх 30 жилийн дотор энэ мэт УХРАЛТААС болж, хайран цаг хугацааг алдсаныг өнөөдөр амтай болгон дотроо шагшран бас халаглаж байна. Улс төрчийн амьдрал гэдэг бартаа саад ихтэй нь мэдээж. Түүнийгээ дагаад “улс төрийн хатуу тоглоомоор тоглох дүрэм, журам” нь хүртэл бичигдээгүй хууль гэлтэй унаж босож, эргэж хургаж байдаг биз. Гэтэл энэ бүх гольдролоороо явагддаг замналыг хэн нэгний ашиг хонжоо, өс хонзогнолыг тайлах арга хэрэглүүр болгож хэрхэвч болгохгүйн тулд Үндсэн хууль нь өөрөө халдашгүй бүрэн бүтэн байх дархлаатай байж, түүнийг нь Үндсэн хуулийн цэц сахин хамгаалах зүй тогтолтой буй за.
Хорвоо дэлхий дээр хүн амьдарч байгаа тохиолдолд алдах, эндэх тохиолдол зөндөө бишгүйдээ гарах нь тодорхой. Алддаггүй хүн гэж огт байхгүй. Ямар нэг их бага хэмжээгээр алдах тохиолдол бий. Энэ бол амьдралын зүй тогтол. Байгаль ертөнцийн жам ёсны асуудал. Үүнээс гажин гарах, бултан зугатах арга зам гэж үгүй. Алдаа эндэгдэл гаргалаа ч нэг бол тэр бүх саад бэрхшээлийг дайраад өнгөрнө, үгүй бол ухаарал авч, дараагийн зорилго чиглэлдээ тусгаад цааш явна. Ийм л хоёр арга зам байдаг. Тийм учраас Үндсэн хуулиар хүний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж өгснийг бид хэрхэвч мартаж болохгүй. Гэтэл энэ Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхийг бусад хуулиар хязгаарласан зүйлтэй өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж, авилга, албан тушаалын хэрэгт орсон тохиолдолд УИХ-д нэр дэвших эрхийг нь хязгаарлан хольж хутгаж байгаад гайхаш төрлөө.
Аливаа юманд зааг ялгаа гэж бий. Хууль тогтоох байгууллага болох УИХ-ын сонгуульд хүний сонгох, сонгогдох үндсэн эрхийг Гүйцэтгэх засаглалд үйл ажиллагаа явуулдаг Төрийн алба болоод Шүүх, Прокурорын байгууллагад тавигддаг шаардлагатай хольж хутгаж оруулж байгаа нь тус хуулийн төслийг УИХ-аар батлуулах гэж лоббидсон хэсэг бусаг гишүүдийн хууль эрх зүйн мэдлэг хомс байсных уу, эсвэл мэдсэн ч албаар мэдээгүй царайлж, зориудаар өс хонзон авах гэсэн далд санаархал уу гэдгийг олон нийт нэг мөр ойлгохыг Үндсэн хуулийн цэцээс шаардаж байна.
Тухайлбал, Төрийн албаны тухай хуулиар гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүн төрд алба хаших ёстойг хуульчилсан байдгийг хэн хүнгүй ойлгоно. Энэ бол төрийн алба хаагчид тавигдах зүй ёсны шаардлага гэдэгтээ хэн ч маргахгүй. Түүнчлэн Шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хуулиар гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүн шүүгч болон прокурор болох ёстойг бүгд хэлүүлэлтгүй мэднэ. Энэ бол хуульчдад тавигддаг мэргэжлийн ёс зүй хийгээд өндөр ёс суртахууны нэг томоохон илэрхийлэл. Гүйцэтгэх засаглал тэр дундаа Төрийн байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа төрийн алба хаагчдын мэргэжлийн чиг хандлага, түүнд тавигдаж байгаа шаардлага нь өндөр байдаг. Энэ бол зүй ёсны шаардлага. Тийм байхаас ч өөр аргагүй билээ.
Харин сонгох, сонгогдох эрх бол үүнээс арай өргөн хүрээгээр Монгол Улсын Үндсэн хуулиар олгож байгаа бөгөөд үүнд маш зөв хуулийн зохицуулалтыг хийх ёстой. Урьд өмнөх Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчдийг харж байхад Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас тухайн иргэний ял шийтгэлгүйд тооцох хугацаа, ял шийтгэлтэй эсэхийг нь мэдэх зорилгоор мэдээлэл авч байсныг тодхон санаж байна. Ерөнхий агуулгаараа Цагдаагийн байгууллагад хадгалагддаг Нэгдсэн мэдээллийн сангаас тухайн иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх бүрэн мэдээллийг цуглуулдаг байсан гэсэн үг. Цагдаа, шүүх, прокурор гээд аль ч байгууллагад архив, мэдээллийн сан байж л байдаг. Энэ мэдээллийн сангаас гарсан баримт фактыг үндэслээд хүний эрхийг хязгаарлана гэдэг зүйл огт байж болохгүй зүйл юм. Криминологийн шинжлэх ухаан нь хүн өөрийн буруу зөвийг ялган, өөрсдийгөө гэмт халдлагаас хамгаалах оролдлого хийж эхэлсэн үетэй уялдуулж, гэмт хэрэг явдал, түүний хор уршиг, учир шалтгаан, гэмт хэрэгтэн болоод хохирогч бие хүний онцлог байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор түүхэн хэлбэрээр судалдаг шинжлэх ухаан юм. Гэтэл хэзээнээс авахуулаад үеийн үед Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний талаарх түүхэн мэдээллийг цуглуулж аваад түүгээрээ хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа нь маш бүдүүлэг зохицуулалт гэж шулуухан хэлчихэд буруутахгүй болов уу? Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд энэ олон гэмт хэргийг дотроос зөвхөн Авилга, албан тушаалын гэх хоёр хэргийг онцолж авч үзэж байгаа нь ард иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгааг хэлэх ёстой. Энэ бол нэг хүн, хэн нэгэн хүн гэж ярилтгүй асуудал. Нийтлэг байдлаар ойлгох нь зүйтэй.
Үүнд, Монгол улсын иргэн бүрийн сонгох болоод сонгогдох эрхийн асуудалд ноцтой бүдүүлгээр зөрчсөн байдлыг өнөөдөр мэргэжлийн хуульчид сошиалд ихээхэн шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байгаа нь илт ажиглагдаж байна. Үнэн чанартаа яагаад заавал Авилга, албан тушаалын хэрэг гэж онцгойлж үзэх болсны учрыг хууль санаачилсан нэр бүхий нөхдөөс асуумаар байна. Хууль гэдэг хүн бүрд эрх тэгш үйлчлэх үндсэн зарчимтай бас тийм байх ч ёстой зүйл. Тэгвэл хүчингийн хэрэг үйлдсэн, хүн амины хэрэг үйлдсэн, мөнгө угаах гэмт хэрэг, хүн худалдаалсан гэмт хэрэг гээд дэлхий нийтийн анхааралд байдаг онц ноцтой хэргүүдийг хязгаарлаагүй мөртлөө зөвхөн дээрх хоёр хэргээр хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийн эсрэг ард түмнийхээ сонгох, сонгогдох эрхэнд халдаж буй ноцтой үйлдэл гэхээс өөр аргагүй.
Тэр байтугай 2008 онд Үндсэн хуулийн цэцээр ял шийтгэгдэж байгаагүй гэсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон байдаг. Энэ бол бүр өргөн утгаар нь Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж байгаа зохицуулалт шүү дээ. Үндсэн хуулиа мэдэхгүй, судлаагүй, ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, ард иргэдийн журамт эрх, үүргийн эсрэг Үндсэн хууль зөрчин хууль санаачлан оруулсан гишүүнийг эргүүлэн татдаг хуулийн зохицуулалт хийхгүй бол хэн дуртай нэг нь өөрийнхөө янз бүрийн лоббигоор ард түмний хуулиар олгосон эрхэнд халдаж байгааг зогсоох цаг нэгэнт болжээ. УИХ-ын дэргэд Хууль эрх зүйн томоохон судалгааны төвийг байгуулж, Монгол улсад мөрдөгдөж буй хуулийн цоорхой, давхар зохицуулалтыг судлах нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн эрх зүйн талаар заавал кредит цагийн сургалтад хамаарагдаж байх нь Үндсэн хуулийн дархлааг сулруулахгүй байх ач холбогдолтой байхыг үгүйсгэхгүй.
Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулиар Авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүний эрхийг хязгаарлаж байгаа бол дараагийн 4 жилийн дараа гэмт хэрэгт холбогдсон бүх хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж, бүр цаашилбал гэмт хэрэгт холбогдсон улс төрчдийн үр хүүхдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлахыг байг гэхгүй хуулийн гажуудал бий болж байгааг хэлэх хэрэгтэй. Тиймээс Үндсэн хуулийн цэц нэн яаралтай хуулийн энэ гажуудлыг засаж залруулж, ард түмнийхээ язгуур эрх ашгийн талд ажиллаж, хамгаалах ёстой. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж чадахгүй бол Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага байх нь өөрөө утгагүй зүйл болно. Гэхдээ Үндсэн хуулийн цэц ард иргэдийнхээ үндсэн эрхийг 2008 онд энэ мэтээр хамгаалж, тухайн ял шийтгэлтэй эсэх тухай хуулийг хүчингүй болгож байсныг бид одоо ч мартаагүй байна. Өмнө нь ч гэсэн хамгаалж байсан. Хойшид ч гэсэн энэ мэтээр Үндсэн хуулиараа иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хамгаалах учиртайг ахин нэг удаа сануулаад орхие.
Үндсэн хууль зөрчихгүйгээр хууль боловсруулна гэдэг бол хуулийн мэргэжлийн ур чадвар, онол, практикийн өндөр мэдлэг, дадлага туршлага шаардсан нарийн чимхлүүр ажил. Үүнийг хэн нэгэн попорсон этгээд, эсвэл хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэлгүй, түнэр харанхуй нэгэн ойлгож ухаарах нь юу л бол... Харин ч УИХ-д хууль эрх зүйн мэдлэгтэй байхаас гадна амьдралын нарийн утга учир, зохицолдолгоог мэдэрч чаддаг “амьдралын хар ухаан” шаардсан мэргэжил бас нарийн ажил юм. Энэ мэтчилэнгээр ахин дахин Үндсэн хууль зөрчиж хууль гаргаад байвал тэр УИХ-ын гишүүнтэй яриад байх зүйл огт байхгүй гэсэн үг. Ийм бусармаг үйлдэл гаргасан тухайн УИХ-ын гишүүн хэрэвзээ ийм мэтийн алдаа эндэгдэл гаргасан тохиолдолд харин ч түүнийхээ төлөө уучлалт гуйгаад УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх ёстой. Төрийн албан хаагчдад тийм шаардлага тавьж байхад УИХ-ын гишүүдэд ч ийм шаардлага тавих нь зөв. Энэ бол засаглалын хувьд хоёр өөр зүйл. Нэг нь Хууль тогтоох байгууллага, нөгөөх нь Гүйцэтгэх засаглал. Хууль тогтоох байгууллагаас гаргасан шийдвэрийг гүйцэтгэх засаглал нь хэрэгжүүлж байдаг. Төрийн албан хаагч ял шийтгэгдэж байгаагүй гэж зааж байгаа нь өөрөө шүүх засаглалыг хэрэгжүүлэгч онцгой субъектүүд учраас Үндсэн хуулиар иргэдэд олгосон эрх, үүргээс нарийвчилсан эрх, үүргийг зохицуулж байгаа юм. Тэр эрхийг би эдлэхгүй гэж байгаа бол тэр өөрийнх нь асуудал.
Үндсэн хуулиар сонгох, сонгогдох эрх гэдэг бол үндсэндээ заяагдмал, хэнтэй ч хуваалцахгүй, хэн ч түүнд хуулиар хязгаарлалт тавьж болохгүй, тийм эрх юм. Дээрх авилга, албан тушаалын хоёр хэргийг онцолж, УИХ-д нэр дэвших эрхийг нь хязгаарлаж байгаа нь дан ганц хүний сонгогдох эрхэнд халдсан хэрэг төдий биш юм. Бас тэдгээр хүмүүсийг сонгоё гэж байгаа иргэд бидний сонгох эрхэнд давхар халдаж, энэ мэтээр давхар хохироож ерөөсөө болохгүй санагдана. Энэ нь хатуу үгээр хэлэх юм бол “ард түмний эсрэг гэмт хэрэг” үйлдэж байгаа юм. Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн оны сүүлээр яаран сандран баталсан Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэн миний Сонгох эрхийг давхар хааж байгаа учир энэ сэдвийг онцгойлон барьж авч, өөрийн өнцөг, байр суурийг илэрхийлэхийг зорьсон минь энэ. Энэ хоёр хоорондоо маш нарийн хэлхээ холбоотой учраас нийт сонгогчдыг хохироож байгаа тийм үйл ажиллагаатай эцсийн бүлэгт Монгол Улсын Үндсэн хуулийн манаач болсон ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөхгүй гэдэгт итгэл төгс байна.
Хууль бүрийн дээр Үндсэн хууль байна. Үндсэн хуулийн дээр Хөх тэнгэр байна гэдэг дээ. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг мэргэжлийн хуульчдын үүднээс анхааралдаа авч, 2008 онд Үндсэн хууль зөрчсөн гэж нэгэнт гаргасан шийдвэр ХҮЧИН ТӨГӨЛДӨР Монгол улсад үйлчлэх ёстой гэдэг өөдрөг үгээр өнөөдрийн сэтгүүлчийн эргэцүүллийг өндөрлөе.
Сэтгүүлч Э.Нацагдарь
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг харах л үлдлээ |
|