Пүрэв, 2024-12-05
Ирж яваа цагийн дууг явж байгаа үеийнхэн дуулдаггүй ээ, АН-ынхаан

Хуучин бүхэн шинээр солигддог нь жам ёсны л үзэгдэл. Ертөнцийн энэ хууль бидний хүссэн хүсээгүй үйлчилсээр байдаг. Улс төрийн намууд ч энэ хуулийг  тойрч гарч чадахгүй. 
Ерөнхий сайд асан С.Баяр хэвлэлд өгсөн нэг ярилцлагандаа “Миний  харьяалагддаг намд нэг ялгаа бий. Энэ бол залуу үедээ зайгаа тавьж егдөг уламжлал. 1990 оноос хойш залуу үедээ зайгаа тавьж өгөөд явсан түүх харагддаг. Гэтэл бидэнтэй олон жил өрсөлдөж яваа, заримдаа хамтарч засаг барьдаг АН-д энэ үзэгдэл алга. 1990 онд байсан хэдэн нөхөд л хоорондоо үзээд залуустаа зайгаа тавьж өгөхгүй байна уу даа гэсэн шүүмжлэл надад бий. Бодлогоор зайгаа тавьж өгөх ёстой. Ирж яваа цагийн дууг явж байгаа үеийнхэн дуулдаггүй юм” гэж байсан. 
Харин тэгвэл АН-ынханд шинэ үеэ гаргаж ирэх бодлого байтугай бодол ч үнэнийг хэлэхэд байдаггүй. Залуу үедээ “харшилтай” хүмүүс. Ийм болохоор өнөөдөр тус намд 70-аад оныхон боломжоо хүлээсээр “алтан хараацай”-нуудтайгаа хамтдаа өтөлж байна. Өвгөн ах нар нь өөд өөдөөсөө хараад ярьж чадахгүй болтлоо үзэн ядалцаж, сошиалаар ил цагаан хамаг муу муухайгаа дуудалцаж, нэг зорилго, нэгдмэл санаатай явсан гэхээргүй болсон. 
Өнгөрсөн жилүүдэд залуучуудаасаа хэнийг дэмжиж улс төрд хөл тавиулав гээд бодоход хуруу дарамхан хэдхэн залуус хэн нэгэн лидерийн дэмжлэг, татаасаар биш бор зүрхээрээ улс төрд хөл тавьсан нь үнэн. Гэсэн ч ах нар нь хана хэрэм шиг хаачихаад боломж тэр бүр олгоогүй. Ардчиллын алтан хараацайнууд өнөөдөр үнэхээр л ардчилагчид мөн бол ирээдүй үеэ, залгамж халаагаа гаргаж ирэх цаг хэдийнэ болсон. Ардчиллыг өмчлөхийн төлөө тэд амь насаараа дэнчин тавьж өлсч, тэсгим өвлийн жаварт даарч зогсоогүй байлтай. Шинэ хүмүүс л шинэ зүйл хийдэг болохоор дараа үеийнхэндээ боломж олгох хэрэгтэй атал тэд залуустаа  сонгуульд орох боломж олголгүй байсаар өнөөдөр хамтдаа өтөлж байна. 
Шинэчлэлт, өөрчлөлтийн салхи оруулах гэсэн нэгнийг нийлж байгаад чимхээд, чичээд гаргачихдаг гэм биш зантай улс. Эсвэл өөрсдийн “утсан хүүхэлдэй”-гээ болгож хувиргана. Ер нь ардчиллын лидерүүд өтөлснөө хүлээн зөвшөөрч чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн нь Ардчилсан нам ардчилалгүйн баталгаа болсны илэрхийлэл. “Би биш бол бусад нь биш” гэсэн аминчхан үзэл нь ардчилалд ч, Ардчилсан намд ч гай болсоор удсан. Хүнтэй зүйрлэвэл эр хүн, эм хүний үүргийн алийг нь ч гүйцэтгэж чадахгүй саармаг хүйстэн буюу манин нам болж хувирсан. Манин хүн үр хойчоо үлдээх боломжгүйтэй адил манин нам ч хойч үеэ үлдээж чадахгүй. Иймээс араасаа залгах хойч үегүй Ардчилсан намын өвөгцүүл өөрсдөөрөө л дуусах дээрээ тулаад байна.
 

Ирж яваа цагийн дууг явж байгаа үеийнхэн дуулдаггүй ээ, АН-ынхаан
2020-05-05 13:47:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ