Пүрэв, 2024-12-05
Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын задралыг гаднаас нь удирдах болжээ

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хувийн ааш авир болоод эрх ашгаас дээгүүр гишгэх нэг ч хүн тус намд байхгүй болсон энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга алсын зайны удирдлага ажиллуулаад эхэлсэн тухай дуулиан улс төрийн хүрээнд дэгдэж эхлэв. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний тангараг өргөсөн цаг мөчөөсөө эхлэн хуулийн дагуу Ардчилсан намаас гарсан бөгөөд тэр үеэс эхлэн нам болоод Ерөнхийлөгч хоёрын дунд чамгүй үл ойлголцол үүссэн түүхтэй. Тэр дундаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд ч түүний дэргэдээс таатай сайхан харилцаатай холдоогүй бөгөөд хэн хэнийх нь хувийн эрх ашиг хоорондоо зодолдож, улмаар дараа дараагийн улс төрд нь бартаа тээг учруулах сонирхолтой байгаа нь нууц биш.
 
Харин Ардчилсан намыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож, зуучлалын үүрэг гүйцэтгэж буй ганц хүн нь өнөөдрийн байдлаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц болчихоод байгаа юм. Гэсэн ч түүний сүр нөлөө Ардчилсан нам, тэр дундаа тус намын дарга С.Эрдэнэд бүрэн дүүрэн үйлчилж байна уу гэвэл бас л үгүй. Учир нь, С.Эрдэнэ даргын хувийн шийдвэрээс болж өнөөдрийн байдлаар тус намаас УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан тэргүүтэй улстөрчид УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болчихоод буй. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүний эрхийн зөвлөх Г.Уянга удаа дараа Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээх замаар тус намаас УИХ-д нэр дэвшихээ илэрхийлсэн ч С.Эрдэнэ дарга ёстой л дуулсан ч дуулаагүй юм шиг ойшоож үзээгүй. Товчхондоо тэрбээр, Ерөнхийлөгчийн багийн нөхдөд Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших квот олгохгүй гэдэг хувийн шийдвэртээ эзэн болсон. Мөн удаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын онц байдал зарлах, УИХ-ыг тараах зэрэг гол гол саналыг Ардчилсан намын зүгээс дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс ч цаашид Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд С.Эрдэнэ Ардчилсан намын дарга байгаа тохиолдолд дахин тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болчихоод байгаа юм. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-д бие даагчдын баг бүрдүүлэх замаар С.Эрдэнийн хүчийг сулруулах арга тагтик боловсруулсан тухай яриа учир мэдэх улстөрчдийн дунд өрнөөж удах болж.
Үүнийхээ тулд тэрбээр, Н.Алтанхуяг, П.Цагаан, Г.Уянга, Ц.Хулан тэргүүнтэй улстөрчдийг УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшүүлж буй нь энэ бөгөөд хэрэв ялалт байгуулсан тохиолдолд Ардчилсан намд дахин элсүүлэх бодлого барьж байгаа аж. Мэдээж үүний үр дүнд тэд Ардчилсан нам дотор орж улс төр хийх боломжтой болно. Тиймээс ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэхэд “Алтангадас” фракцийнхаа залуусын хамт Ардчилал, шинэчлэлийн намыг байгуулсан ч өөрийн үйл ажиллагааг далдаас удирдаж, санхүүжүүлэх төдийгөөр хязгаарлаж, гишүүнчлэлийн үнэмлэх гардахаас татгалзсан юм. Энэ бол түүний Ардчилсан намын хүчийг сулруулах замаар дахин намын удирдлагад гарах улс төрийн төлөвлөгөө бөгөөд үүнд нь Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжлэг үзүүлж буй нь өөрөө ирэх жилүүдэд С.Эрдэнийг унагах улс төр хүчтэй өрнөнө гэдгийн баталгаа юм. Дээр нь, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгыг албаа авсан даруйд хамгийн түрүүнд цагаан хадаг барьж гүйж очсон улстөрчдийн нэг бөгөөд тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн овоолгыг дахин угаадаг “Ачит ихт” компанийнхаа шугамаар хууль хяналтын байгууллагын хараанд гэр бүлээрээ орж, чамгүй дарамт шахалт үзэхтэйгээ зэрэгцэн далан таваараа бууж өгсөн нь энэ. Өөрөөр хэлбэл, тэрбээр цаашид Ерөнхийлөгч Х.Баттулгын далайсан газар далд орж, далласан газар нь ил гарахаас өөр боломжгүй болсны хувиар энэ удаад ч бие даан нэр дэвших шийдвэрт тулгалтаар тулсан нь энэ. Энэ мэтээр дор бүр нь дурдаад байвал Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших замыг нь нээхийн тулд С.Эрдэнийг өвдөг шороодуулахын төлөөх улс төрд нөлөө бүхий бие даагчид хүчин зүтгэж буй нь энэ. Үүнийг гаднаас нь удирдаж суугаа Ерөнхийлөгчийн хувьд санасандаа хүрч, сарвайснаа авахгүй л бол санаа нь амарч, сэтгэл нь тайвширдаггүй бөгөөд ирэх он жилүүдэд багадаа арван жилийн улс төрөө төлөвлөчихсөн хөмхийгөө зуучихсан суугаад эргэлзэх хэрэггүй л болов уу.

Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын задралыг гаднаас нь удирдах болжээ
2020-05-07 12:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-07 14:30:19
    bi : undur tom erh medeltenguud uuriin derged uuriinh ni no- g meddeg humuusiig tsugluulj alban tushaal ugch amig ni haadag , ugend ordgui nuhdiig heregt holbodog geh met mongolin uls tor hogiin tantan holion bantan bohir zavaani deed orgil.....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-07 14:30:17
    bi : undur tom erh medeltenguud uuriin derged uuriinh ni no- g meddeg humuusiig tsugluulj alban tushaal ugch amig ni haadag , ugend ordgui nuhdiig heregt holbodog geh met mongolin uls tor hogiin tantan holion bantan bohir zavaani deed orgil.....
Шинэ мэдээ