Пүрэв, 2024-12-05
Маршал Ю.Цэдэнбал Эрхүүд суралцаж байхдаа цэргийн мэргэжилтэй болжээ

Маршал Ю.Цэдэнбалын дэлгэрэнгүй түүхт намтар, ямар сургууль, курс, дамжаа, дээд сургуульд орж, хэрхэн суралцаж байсныг иргэд тэр болгон мэдэхгүй тул тэдэнд нэгдсэн ойлголт өгөх зорилгоор даргын түүхт намтар, сурч төгссөн сургуулийн талаар нэлээд зүйлийг уншиж судалсны үндсэнд бичихийг завдлаа.
Тэрбээр 1916 оны есдүгээр сарын 17-нд одоогийн Увс аймгийн Давст сумын нутаг Хандгайтын голын хөвөө, Цагаан бураа гэдэг газар малчин ард Балжины Юмжаагийн тав дахь хүү болон мэндэлжээ. Эцэг Юмжаа 1883 онд Дөрвөд Далай хан аймгийн баруун гарын Зоригт ханы хошуу бөгөөд одоогийн Давст сумын IV багийн нутагт төржээ. Ээж Ядамын Заяа 1885 онд мөн Давст сумын нутагт төрсөн байна.
 
Ю.Цэдэнбал 1947 онд Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар ЗСБНХУ-ын зарим удирдлагатай санал солилцох зорилгоор Москва өөрийн ирээдүйн хань болох А.И.Филатоватай уулзан танилцаж зөвшилцөн тохиролцсоны үндсэнд хурим хийжээ. Ю.Цэдэнбал, А.И.Филатова нар төдөлгүй Улаанбаатар руу ирж гал голомтоо бадраажээ. Эднийх Ц.Владислов, Ц.Зориг гэдэг хоёр хүүтэй болж хүүхдүүд нь Москвагийн Улсын их сургуулийг төгсөж эрдмийн цол хамгаалан сайхан амьдарцгаасан байна.
 
Ю.Цэдэнбал 1934-1938 онд Эрхүү хотын Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж байхдаа биеийн тамир, цэрэгжилтийн хичээлд идэвхийлэн онц дүнтэй суралцаж цэргийн мэргэжилтэй болжээ. Тэрбээр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1941 онд армийн комиссар, БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор дэслэгч генерал, 1975 оны дөрөвдүгээр сарын 30-нд хурандаа генерал, 1976 оны долоодугаар сарын 3-нд армийн генерал, 1978 оны наймдугаар сарын 14-нд БНМАУ-ын Маршал цол хүртсэн бөгөөд Монголын анхны 11 генералаас жанжин Ж.Лхагвасүрэнгийн хамт дэслэгч генерал бусад есөн генерал нь хошууч генерал цол хүртсэн түүхтэй.
Ю.Цэдэнбал Монголын дээд боловсрол эзэмшсэн анхны гурван хүний нэг нь. Тэрбээр санхүү эдийн засаг, нягтлан бодохын гүнзгий мэдлэг эзэмшсэн эдийн засгийн шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны академийн академич хүн. Ю.Цэдэнбалд БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1961 онд Хөдөлмөрийн баатар, 1966 онд БНМАУ-ын баатар цол олгосон ба түүнийг Сүхбаатарын одонгоор зургаан удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, байлдааны гавьяаны улаан тугийн одон, байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр хоёр удаа,  ЗХУ-ын Лениний одонгоор гурван удаа, Кугузовын I зэргийн одон Болгар, Польш, Югослав, Чехославак улсын одонгоор шагнасан байна. Мөн БНАСАУ-ын улаан тугийн I зэргийн одон ба дэлхийн энх тайвны зөвлөлийн энх тайвны төлөө Жолиокюрийн алтан медалиар шагнажээ. Ю.Цэдэнбал хамгийн сүүлд 1984 оны долоодугаар сард хурандаа генерал С.Лувсангомбын санаачилгаар Толгойтын зүүн салааны Билгүүн Аманд дэд хурандаа Д.Гомбодорж захиралтай, 05 дугаар хилийн цэргийн ангийн зусланг түшиглэн 1982 оны долоодугаар сараас эхлэн 18 аймгаас ирсэн эрэггэй сурагчид оролцсон “Дөл” тоглолтыг БНМАУ-ын маршал “Хувцас формтой, гэргий А.И.Филатовагийн хамт үзэн танилцсан нь өсвөрийн үеийнхэнд цэрэг- эх оронч хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.
 
 
 
 
Ю.Цэдэнбал аугаа их эх орны дайны үед Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэн, улаан армид туслах зорилгоор бэлтгэн цуглуулсан хандивыг бэлэн болгож, хүргэн өгөх Монголын төлөөлөгчдийн комиссын бүрэлдэхүүнд орж, манай ард түмнээс цугласан хөрөнгө хандиваар бүрдсэн танкийн цуваа, нисэх онгоцны эскадрил байгуулан Зөвлөлтийн улаан армийн нэг удаагийн цувааг ахлан очиж Зөвлөлтийн фронт дахь удирдах тушаалын генералуудад баяр хүргэн өгөх үедээ катюш бууны суман дээр Зөвлөлтийн генералуудаас үг бичихийг хүсэхэд Гитлерийн ялагдаж сөнөхийг уриалсан утгатай үг бичсэн байдаг.
 
 
 
Ю.Цэдэнбал суралцах явцдаа Орос, Герман хэлийг сайн сурч эзэмшсэн байна. Жишээ нь, Сталины 60 насны ойд маршал Х.Чойбалсанг урихад Ю.Цэдэнбалаар Х.Чойбалсан Сталинд баяр хүргэсэн үгийг орос хэлээр бэлтгүүлсэн байдаг. Ю.Цэдэнбал хүүхэд, сурагч оюутан байхдаа Монгол, Зөвлөлтийн ямар сургууль курс, дамжаа, дээд сургуулиудад сурсан, сурах үед ямар бэрхшээл хүндрэл учирч, түүнийг хэрхэн даван туулж эх орон ба ЗХУ-д яаж сурч төгссөн талаар дурдан бичих нь чухал байсан юм. Ю.Цэдэнбалыг хүүхэд байхад нутгийн ард иргэд эрэгтэй хүүхдээ сүм хийдэд лам болгох нь нийтлэг байсан. Түүний аав ээж ч гэсэн хүүгээ лам болгоё гэсэн бодолтой байжээ. Гэтэл Ю.Цэдэнбалд лам хувцас байсангүй. Нөгөө талаар Ю.Цэдэнбал бас лам болох эсэх нь тодорхой бус байсан. Ийм учир сүм хийдэд очиж лам болсонгүй. Харин ардын сургуульд суралцах хүүхдүүдийг авахаар 1925 оны хавар тусгай төлөөлөгч гэрт нь ирж аав ээжтэй нь тодорхой ярилцсаны дараа Ю.Цэдэнбалд энэ тухай хэлж ардын бага сургуульд оруулахаар болжээ. Аав нь Ю.Цэдэнбалыг Увс аймгийн Улаангомын хүрээнд бага сургуульд сургахаар аваачсан байна. Гэтэл Ю.Цэдэнбалд сургууль нь бас таалагдсангүй учир оргохыг завджээ. Ю.Цэдэнбалд ийм сэтгэгдэл төрсөн ч гэсэн түүний бага сургуульд ирсэн анхны жил дуусаж зуны амралтаар Ю.Цэдэнбал гэртээ харьсан аж. Тэрбээр сургуульдаа үргэлжлүүлэн сурах сонирхол буурсан тул оргож гэр рүүгээ хоёр км дөхөж очих үед сургуулийнх нь захирал Лааган тааралджээ. Тэрбээр “Чи төөрнө. Хурдан сургууль руугаа оч” гэсэн тул Ю.Цэдэнбал сургууль руу буцаж очсон боловч дахиад оргож явтал хоёр морьтой хүнтэй тааралдаж тэд Ю.Цэдэнбалд “Замд чинь зэрлэг нохой, чоно тааралдаж чамайг барьж иднэ” гээд мориндоо сундлуулан суулгаад нэг танихгүй айлд аваачсан нь өөрийнх нь сургуулийн маарамбынх байжээ.
 
 
 
Төдөлгүй сумын төвөөс хариуцлагатай ажилтан Ю.Цэдэнбалынд ирж аав, ээжтэй нь сайтар ярилцсаны дараа Ю.Цэдэнбалаас “ЗХУ-д суралцах уу” гэж асуусан байна. Ю.Цэдэнбал бас тодорхой дуугарахгүй болохоор нөгөө ирсэн хариуцлагатай ажилтан аав ээж рүү хандаж хурдан зуур хариу хэлэхгүй болохоор дуртай байх шиг байна гэж ойлгоцгоож Ю.Цэдэнбалд ЗХУ-д сурах үнэмлэх олгосон байна.
 
 
 
Ю.Цэдэнбал ЗХУ-ын Эрхүү хотод сурах зам нь шулуудаж 1929 оны наймдугаар сард гэрээсээ гарч Улаанбаатар хотод ирж хэсэг хамт сурах нөхдийн хамт ЗХУ-д сурахаар явжээ. Суралцагчид Улаан-Үд хүртэл ачааны машинаар явж, тэндээсээ Эрхүү хүртэл галт тэргээр хөдөлж зорьсон гараа хүрчээ. Суралцагч хүүхдүүдийг захирал П.С.Резников хүлээн авч тусгайлан бэлтгэсэн байранд оруулжээ. Ю.Цэдэнбал бага насны хүүхдийн бүлэгт оржээ. Сурахаар очсон хүүхдүүдэд орос хэлнийхичээлийг В.Д.Кудрявцев, тооны хичээлийг По.С.Рекников нар заасан байна. Монгол дамжааны эрхлэгчээр усан цэргийн офицер асан По.С.Резников ажиллаж байжээ.
Дамжааны эрхлэгч П.С.Резников сурагч бүрд карманы мөнгө 1-2 рубль өгч, хоёр хоёроор нь айлд хуваарилан суулгаж, тэр айлд нь 37 рубль 50 коппек өгч бүх зүйлээр хангахаар болжээ. Суралцагчид долоо хоногт 25 цагийн хичээл хийдэг байжээ.
Орос хэлний багшаар доктор, профессор В.Д.Кудрявцев, монгол хэлний багшаар Флоренцев, Монголын түүхийг профессор Н.Н.Козьмин нар заадаг байсан. Ю.Цэдэнбал энэ үеэс эхлэн орос хэл сурахад үлэмж анхаарчээ. Тэрбээр сууж байсан айлаас оюутны байранд шилжиж Увс аймгаас хамт ирсэн Дэмбэрэлтэй нэг байранд орсон байна. Тэр үеийн дамжааны сурагчдаас нам, улс төрийн хариуцлагатай ажилтнууд олон төрж гарсан байна. Жишээ нь, Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Г.Туваан, Монголын Ардын армийн улс төрийн газрын цэргийн түүхийн эрхлэгч хошууч генерал Д.Цэдэв нарыг дурдаж болно.Эрхүүгийн монгол дамжаа төгссөн сурагчид 1931 оны хавар орос сургуулийн тавдугаар ангийн боловсрол эзэмшиж, ахмад насны хүүхдүүд нь тусгай дунд боловсрол олгодог сургуулиудад хуваарилагдаж, харин Ю.Цэдэнбал Эрхүү хотын анагаах ухааны дунд сургуулийн бэлтгэл ангид орохоор болжээ.
 
 
 
Монгол Улсад санхүү эдийн засгийн мэргэжилтэн хэрэгтэй байна гэсэн заавар 1932 оны хавар төвөөс ирж Ю.Цэдэнбалыг 1932 оны зургаадугаар сарын 20-нд Эрхүүд шинээр байгуулагдсан Сибирийн санхүү эдийн засгийн дээд сургуулийн бэлтгэл ангийн I дамжаанд элсүүлэн авчээ. Энэ онд уг бэлтгэл ангид Дамдинсүрэн, Баяр, Жамбадугар, Г.Туваан, Хаянхярваа, Даянжаргал нар суралцаж байжээ.
 
 
 
Тэр үед бэлтгэл ангийн эрхлэгчээр Елизавета Кирилова Шахтарирна гэдэг эмэгтэй ажиллаж байв. Ю.Цэдэнбал СЭЗДС-ийн бэлтгэл ангид суралцаж байсан үеийнх нь тодорхойлолтод: Ю.Цэдэнпил сурлага сайн, сахилга баттай, хичээлээс хожимдож байгаагүй, гэрийн даалгаврыг нямбай сайн хийдэг, сурлагаар хоцрогчдод сайн тусалдаг, нийгмийн тустай хөдөлмөрт идэвхтэй оролцдог тул гавшгайчаар шалгарч шагнуулж байсан гэжээ. Ю.Цэдэнбал Улаан-Үдийн монгол рабфак төгссөн 15 оюутны хамт 1934 оны наймдугаар барын 27-нд Эрхүү хотын дээд сургуульд суралцахаар очсон байна.
ОХУ-ын Гэгээрлийн яамны Монгол- Тувагийн оюутны асуудал эрхэлсэн хэлсэн бүрэн эрхт төлөөлөгчийн газраас Эрхүү хотын СЭЗДС-ийн захирал Бунинд Монгол Улсын иргэн Ю.Цэдэнбалыг танай сургуульд суралцуулахаар томилов гэжээ. Энэ тухай Ю.Цэдэнбал дурсан ярихдаа “Би 1934 оны есдүгээр сарын 1-нд Сибирийн СЭЗДС-ийн оюутан болов’’ гэжээ.
 
Ю.Цэдэнбалын хувийн хэрэгт: овог нэр Юмжаагийн Цэдэнпил, төрсөн он- 1916, яс үндэс-монгол, монгол рабфакт суралцаж 1934 онд төгссөн, МАХЗЭ-ийн гишүүн, Монголын үйлдвэрчний санхүү банкны ажилтны эвлэлийн гишүүн, төрөл төгөгсдийн хаяг: Увс аймгийн Хандгайт тосгон гэжээ. Сибирийн СЭЗДС-ийн дамжаандаа Улстөр эдийн засгийн ухаан, диалектив материализм, УАА түүх, зэрэг хичээлийг онолоор математик, физик, хими, гадаад хэл (немец), биеийн тамир, цэрэгжил зэрэг хичээлийг дадлагаар судалдаг байсан. Эдгээр хичээлийн шалгалт, шүүлэгт Ю.Цэдэнбал бүгдэд нь онц сайн дүн үзүүлж байсан. Н.В.Рудных, А.А.Анисимович зэрэг найзууд нь олон жилийн өмнө хамт сурч байхдаа бид Ю.Цэдэнбалыг их жолоодогч Лениний нэрээр нэрлэн “Юмжаагийн Володя” хэмээн хошигнон нэрлэдэг байсан. Найз нөхөд нь Ю.Цэдэнбалыг В.И.Ленинтэй зүйрлэн дурсаж “Юмжаагийн Ильич” хэмээн өхөөрдөж нэрлэдэг юм гэцгээдэг байсан. Ю.Цэдэнбал СЭЗДС-ийн I дамжааг дээрх төрлийн хичээлүүдээр практик хийж, онолоор лекц сонсон шалгалт, шүүлгүүдийг онцсайн дүнтэй өгчээ. Сибирийн СЭЗДС-ийн дөрөвдүгээр ангийг Ю.Цэдэнбал амжилттай дүүргэхийн өмнө улсын шалгалт өгсөн байна. Тэр үед улсын шалгалтын комиссыг дэд профессор В.М.Стам тэргүүлж, гишүүдээр захирал доцент Бунин, багш Кадышев, доцент Зайденберг, Ребоков нар ажилласан байна. Ю.Цэдэнпил 1938 онд улсын шалгалтаа бүгдийг онцсайн дүнтэй өгчээ.
 
 
 
Ц.Төвөө
/Гавьяат багш, хурандаа/

Маршал Ю.Цэдэнбал Эрхүүд суралцаж байхдаа цэргийн мэргэжилтэй болжээ
2020-09-18 11:12:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ