Пүрэв, 2024-12-05
БНХАУ-ын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнөөс Монгол Улс юу хүлээх вэ

Ши Жиньпин тэргүүтэй БНХАУ-ын эрх баригч Коммунист намын Төв хороо энэ сарын 26-29-ний өдрүүдэд Бээжин хотноо хуралдаж байна.

Хятадын Коммунист намын XIX Төв хорооны уг хурлаар 2021-2025 оны буюу 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэх юм. Үүний дараа, ирэх оны гуравдугаар сард болох Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар уг таван жилийн төлөвлөгөөг эцэслэн батална.

Манай урд хөрш нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт хугацааны стратегитай уялдсан таван жилийн цуврал төлөвлөгөө батлах замаар Засгийн газрынхаа богино хугацааны үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөдөг. Монгол Улс эдийн засгийн хувьд үндсэндээ Хятадын эдийн засгийн өсөлтөөс хамааралтай. Тухайлбал, хамгийн сүүлийн жишээ гэхэд 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр БНХАУ-ын эдийн засаг уналтад ороход Монгол Улсын голлох экспорт болох уул уурхайн түүхий эд, тэр дундаа зэсийн ханш 65 хувиар буурсан явдал нь тухайн үед манай улсыг маш хүнд байдалд оруулж байв.

Харин 2020 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 92 хувь нь БНХАУ-д чиглэж байгаа бөгөөд нийт экспортын 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа юм. Тиймээс бид тун удахгүй хэлэлцэн, батлагдах Хятадын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд орох зохицуулалтууд болон бодлогын арга хэмжээнүүдэд зайлшгүй анхаарлаа хандуулж, үүнд тусгагдсан гарах өөрчлөлтүүдэд уян хатан байдлаар дасан зохицох төлөвлөгөөгөө мөн боловсруулах шаардлагатай гэдэг нь гарцаагүй.  

Олон улсын ажиглагчдын хувьд АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны дайн үргэлжилж, хоёр их гүрний улс төрийн үл ойлголцол урд хожид байгаагүйгээр хөндийрч, шинэ хүйтэн дайны уур амьсгал улам бүр өсөн нэмэгдсээр байгаа, цар тахлын үед Бээжингийн эрх баригчид үндэсний хөгжлийн ирэх таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн батлах гэж байгааг тодотгосон юм. БНХАУ-ын эрх баригчдын хувьд өнөөдрийн байдлаар Хятадыг дэлхийн бүх бүс нутагтай дэд бүтцээр холбох Бүс ба зам санаачилга, өндөр технологи, үйлдвэрлэлийн гол чиглэлүүдэд дэлхийд тэргүүлэх зорилготой “Made in China 2025”, технологийн салбарт дэлхийд тэргүүлэх Хятадын стандарт 2035 зэрэг стратеги болон хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг дэвшүүлээд байна.

Хятадын эрх баригч Коммунист намын 100 жилийн ой ирэх 2021 онд тохионо. Үүний дараа, 2022 онд Коммунист намын 20 дугаар Их хурал болох хуваарьтай. Уг хурлаар Ши Жиньпины эрин үе болон түүний удирдлагын ирээдүйг хэлэлцэх юм. Тиймээс ажиглагчид энэхүү үйл явдалд Коммунист намын 100 жилийн ойгоос илүү өндөр ач холбогдол өгч буй. Судлаачдын хувьд Ши Жиньпин Коммунист намын 20 дугаар Их хурлаар өөрийн эрх мэдлээ тэлж, БНХАУ-ыг удирдах хугацаагаа дор хаяж дахин найман жилээр сунгах боломжтой гэх байр суурийг илэрхийлсэн юм. Мөн олон улсын тэргүүлэх судлаачид ойрын 5-10 жилийн дотор БНХАУ дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болно гэх  байр суурь дээр үндсэндээ нэгдэх болжээ. Тиймээс ажиглагчид Хятадын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд БНХАУ-ыг дэлхийн тэргүүлэх эдийн засаг болгох Ши Жиньпины зорилтууд улам бүр гүнзгий тусгагдана гэж харж байгаа аж.

Тухайлбал, Шанхай хотноо төвтэй Хятадын “Hang Seng” банкны эдийн засагч Дан Ван энэ асуудлаар “CNBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “14 дүгээр таван жилийн төлөвлөгөө бол урт хугацааны төлөвлөгөө. Тиймээс ирэх таван жилийн төлөвлөгөөнд Хятадын урт хугацааны эдийн засгийн стратеги төлөвлөлт, хөгжлийн бодлого болон гадаад харилцааны бодлогыг жолоодох томоохон зохицуулалтууд тусгагдана гэж харж байна. Ялангуяа, АНУ-тай үүсээд байгаа улс төрийн үл ойлголцолтой холбоотойгоор үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудалд Бээжин ихээхэн өргөлт өгч байна гэжээ.

Харин “The Economist” сэтгүүлийн ахлах эдийн засагч Юэ Су Хятадын эрх баригчид ирэх таван жилийн үндэсний хөгжлийн төлөвлөгөөндөө технологи тэр дундаа орчин үеийн хагас дамжуулагч болон хиймэл оюуны салбарыг дэмжихэд онцгой анхаарал хандуулах болно гэх байр суурийг илэрхийлсэн байна.

Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа сүүлийн дөрвөн жилийн турш Бээжингийн эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж, худалдааны дайны хүрээнд БНХАУ-д Америкийн бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр худалдан авах шахалт үзүүлж, Хятадын технологийн дэвшлийг сааруулах зорилгоор “Huawei”, “ZTE” болон “Hikvision” зэрэг тус улсын технологийн томоохон компаниудын үйл ажиллагаанд хориг арга хэмжээ тавиад байгаа юм. Харин зарим судлаач ирэх сарын 3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч хэрэв ялалт байгуулсан тохиолдолд Бээжин болон Вашингтоны зөрчилд эерэг өөрчлөлт гарах боломжтой гэж дүгнэжээ. Гэсэн ч дийлэнх ажиглагчид АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жой Байден сонгогдсон ч Хятадын эсрэг Вашингтоны бодлогын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд үргэлжилсэн хэвээр байна гэж үзсэн байна.

Тиймээс Бээжингийн эрх баригчид Хятадын технологийн салбарт бий болоод байгаа энэхүү тодорхойгүй байдлыг өөрсдийн нөөц бололцоогоор шийдвэрлэх зохицуулалтуудыг 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд тусгах нь гарцаагүй аж. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ч энэ сарын эхээр Хятадын цахиурын хөндий” гэгдэх Шинжен хотноо зочилж, технологийн компаниудын үйл ажиллагаатай танилцах үеэрээ хиймэл оюун, квант механик, болон супер компьютерын салбарыг үндэсний технологийн хөгжлийн цөм байна гэж онцолсон байна. Харин манай улсын хувьд технологийн салбарын чанартай боловсон хүчнийг олноор нь бэлтгэх замаар урд хөршийн технологийн хөгжлийг дэмжих энэхүү зорилтод технологи болон боловсон хүчний экспорт хийх өндөр боломжтой юм. Засгийн газрын зүгээс ч энэ чиглэлд технологийн салбарын 10000 инженерийг богино хугацаанд бэлтгэх зэрэг тодорхой алхмуудыг хийж эхлээд байгаа нь сайшаалтай.    

Мөн Юэ Сугийн хэлснээр Бээжингийн эрх баригчид 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөндөө газрын тосны импортод найдахаас илүү эрчим хүчний аюулгүй байдалд тогтвортой байдлыг бий болгох зорилт тавьсан байна. Үүнээс гадна, АНУ-тай хийж буй худалдааны дайны улмаас хөрш орнуудтайгаа хийх хөдөө аж ахуйн худалдааг нэмэгдүүлэх замаар дотоодын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа гахайн мах болон бусад мах махан бүтээгдэхүүний хомстол, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар нухацтай хэлэлцэж байгаа аж. Мөн нийгмийн салбарт Хятадын эрх баригчид иргэдийн хэрэглээ, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд барих зорилгоо нэг айл дээд тал нь хоёр хүүхэд төрүүлэх хязгаарлалтыг цуцлах магадлалтай гэжээ. Эндээс Монгол Улсын хувьд тогтмол хомстол үүсэх болсон Хятадын мах махан бүтээгдэхүүний импортын зах зээлд урт хугацааны тоглогч болох том боломж байгаа юм. Манай улсын судлаачид ч хэрэв бид дотоодоо малаа вакцинжуулж, мах боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, мах махан бүтээгдэхүүн гаргах экспортын сүлжээгээ байгуулж чадсан тохиолдолд Хятадын тансаг зэрэглэлийн хүнсний хэрэглээний зах зээлд хамгийн найдвартай, том тоглогч болох боломжтой талаар олон жилийн турш ярьсаар ирсэн. Зарим хүн БНХАУ дахь коронавирусийн тэмцлийн эсрэг Монгол ард түмнээс хандивласан 30000 хонийг хүлээлгэн өгсөн ажил нь манай улс урд хөршид махны экспорт хийх боломжит сувгийн эхлэх байсан гэх байр суурийг илэрхийлсэн юм.

БНХАУ 2016-2020 оны буюу 13 дахь таван жилийн төлөвлөгөөний дагуу эдийн засгийн бүтцийн хувьд экспортоос илүү дотоодын хэрэглээний өсөлтөд найдах чиглэлд шилжсэн. Тухайлбал, Бээжингийн эрх баригчид сүүлийн таван жилийн хугацаанд дотоодын хэрэглээ, аялал жуулчлалыг дэмжих бодлогыг эрчимтэй хэрэгжүүлсэн. Харин Хятадын ирэх таван жилийн үндэсний хөгжлийн төлөвлөгөөнд дотоодын зах зээлд үргэлжлүүлэн анхаарал хандуулж, тэр дундаа нийгмийн эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл болон аялал жуулчлалыг түлхүү дэмжих бодлого тусгагдах хандлагатай байгаа аж.

Харамсалтай нь, их хэмжээний өр төлбөрөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлт буурах хандлага ажиглагдах болсон юм. Тэгвэл сүүлийн саруудад Хятадын төрийн албан хаагчдын дунд ирэх таван жилийн төлөвлөгөөнд Хятадын эдийн засаг давхар эргэлт-рүү шилжинэ гэх зүйл түгээмэл яригдах болсон байна. Хятадын эдийн засгийн давхар эргэлт гэх энэхүү нэр томьёо нь товчхондоо дотоодын зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэх болон гадаад гүйлгээ, экспортын өсөлтөд тэнцүү анхаарал хандуулах тухай ойлголт аж.   

Хятадын алдарт “Yasong” сүлжээ рестораны үүсгэн байгуулагч Цинь Ган энэ талаар “14 дүгээр таван жилийн төлөвлөгөө бол дан ганц ойрын таван жил бус, дараагийн 30 жилийн төлөвлөлт юмБНХАУ өнөөдрийг хүртэл бий болгосон эдийн засгийн амжилтаа харгалзан илүү чухал гэж үзсэн салбарууддаа анхаарна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ төрөөс зах зээлийг бараг бүхэлд нь зохицуулдаг байдал өөрчлөгдтөл нэлээд урт хугацаа шаардлагатай. Үндсэндээ ирэх таван жилийн үндэсний хөгжлийн төлөвлөгөө Хятадын дотоод хэрэгцээг хангахад чиглэнэ гэсэн байна.

Харин Хятадын Төв банкны ахлах судлаач Зонг Лян БНХАУ ирэх таван жилд эдийн засгийн өндөр чанарын өсөлтийг чухалчлах болно. Тиймээс Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд урьдынх шигээ өндөр биш байж магадгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл ирэх таван жилд манай урд хөрш ДНБ-ий өсөлт буюу тоо үзүүлэлт бус иргэдийн амьжиргаанд гарч буй бодит өсөлтөд илүү анхаарал хандуулах аж. Мөн тэрээр Манай улс хямд ажиллах хүчний өртөг дээр үндэслэн тодорхой хугацаанд эдийн засгийн өндөр өсөлт гаргасан. Гэсэн ч дундаж орлогын хавхны улмаас илүү их өсөлтийн боломжийг цаашид хадгалах, шинэлэг зүйл хийж чадахгүй болж ирсэн. Тиймээс ирэх таван жил бол БНХАУ-ын хувьд эдийн засгийн шинэ төвшинд хүрэх чухал он жилүүд байх болно” гэсэн байна.

Хятадын Жиангсу муж дахь АНУ-ын Дюкийн их сургуулийн салбар сургуулийн хэрэглээний эдийн засгийн дэд процессор Цуй Жинбо Ард иргэдийн амьжиргааны төвшин болон амьдралаас авч байгаа таашаалыг тодорхойлох нэг хэмжүүр бол илүү сайхан орчинд амьдарч байгаа эсэх явдал юм” гэжээ. Тиймээс тэрээр Бээжингийн эрх баригчид 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд чулуужсан түлшнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах чиглэл илүүтэй тусгагдана гэж харж байгаа аж. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрөгч сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд илтгэл тавих үеэрээ тус улс 2060 он гэхэд нүүрс төрөгчийн ялгаралгүй болох зорилт тавьсан талаар мэдэгдээд байгаа юм.

Энэ бол дан ганц Монгол Улс төдийгүй БНХАУ-д нүүрс экспортлогч орнуудын хувьд тийм ч таатай мэдээ биш гэдэг нь гарцаагүй. Гэсэн ч Хятадын хойд болон зүүн хойд мужууд дахь импортын нүүрсний хараат байдал нь богино болон дунд хугацаандаа Монгол Улсад ашигтай хэвээр байна гэж үзэж болох талтай. Гэсэн ч Дэлхийн бусад орнууд тэр дундаа БНХАУ-тай хиллэдэг төв Ази, Ази-Номхон далайн орнууд дунд төвшний орлоготой Хятадын олон зуун сая хэрэглэгчдийн өргөн хэрэглээний зах зээлд өөрсдийн байр сууриа олж авахаар хүчтэй өрсөлдөж эхлээд байгаа бөгөөд манай улс энэхүү зах зээлд одоогоор хараахан дорвитой дэвшил гаргаж чадаагүй байна.   

Эх сурвалж: CNBC


БНХАУ-ын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнөөс Монгол Улс юу хүлээх вэ
2020-10-27 13:37:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ