Дэлхий даяар тархаад буй цар тахлыг улс орон бүр хохирол багатайгаар даван туулах гэж чадах чинээгээрээ хичээсээр өдийг хүрсэн. Манай улс ч саяхныг хүртэл дотооддоо халдвар алдаагүй цөөн орны тоонд багтаж байлаа. Харин долоо хоногийн өмнөөс COVID-19-ийн халдвар дотоодод бүртгэгдсэнээр орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон билээ.
Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн мах, гурил, зэрэг нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ нөөцлөх гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн ч ихсэж эхлэв. Хөл хорионы эхний хоёр өдөрт Хүчит шонхор болон бусад хүнсний захуудад махны үнэ цаг тутмаар өсөж, иргэдийн бухимдлыг төрүүлж байв. Тухайлбал үхрийн мах нэг килограмм нь дунджаар 11-12 мянган төгрөг, хонины мах 9000 адууны мах 7500-8500 буюу 1000-2000 төгрөгийн хэлбэлзэлтэй нэмэгдсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж байв.
“Хүчит шонхор”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүдэд махны үнэ 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж байна гэсэн иргэдийн гомдол олонтаа гарав. Үүнтэй төстэй мэдээлэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын 115 утсанд нэлээдгүй бүртгэгджээ. “Хүчит шонхор” захад үүрийн таван жингээр махны худалдаа ид бужигнаад өнгөрдөг. Тэр үеэр махны үнэ өссөн гэх мэдээллийг ШӨХТГ-ынхан газар дээр нь очиж шалгахад махны худалдаачид үнэ өсөөгүй гэж байлаа. Гэвч иргэд “Махны ченжүүд зохиомол үнэ өсгөснөө нууж байна, махны үнэ өсөөгүй бол бид юу гэж худал мэдээлэл өгөх вэ” гэж байлаа. Тус зах дээрх махны үнэ өнгөрөгч пүрэв гаригийн байдлаар үхрийн ястай мах 9000, цул нь 9500, адууны ястай мах 9000, цул нь 10500, хонины мах 6000, ямааны мах 5500 төгрөгийн үнэ ханштай байсан. “Хүчит шонхор” зах дээр өчигдрийн байдлаар үхрийн ястай мах 10 мянгаас 10500, үхрийн цул мах 10500-11 мянган төгрөг, хонины цул мах 7500- 7800 ханштай байна. Харин бусад томоохон хүнсний зах худалдааны төвүүдэд махны жижиглэнгийн үнэ ханш лангуун дээрээ ямааны мах 6700-7800, хонь 7000-8000, үхэр 9900-10500, адуу 7800-8800 төгрөгийн үнэ ханштай байна.
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 237 ДЭЛГҮҮРЭЭР БОРЛУУЛНА
Өнөөдрөөс эхлэн нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 237 дэлгүүрээр буюу нэг хороонд 1-2 дэлгүүр байхаар тооцон борлуулж эхэлнэ. Өчигдрийн байдлаар, нийслэлд махны өргөтгөсөн худалдаагаар эхний ээлжид 15 цэгт 200 тонн махыг гулуузаар болон жижиглэнгээр борлуулж байна. Нэг кг хонины махыг 6700 төгрөгөөр, үхрийн махыг 7700 төгрөгөөр худалдаалж байна.
Улаанбаатар хотод ердийн үед өдөрт дунджаар 110-130 орчим тонн мах нийлүүлдэг. Тэгвэл хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой өдөрт 350-470 орчим тонн мах нийслэлд нийлүүлж буйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын мэдээллийн үеэр онцолсон. Тэрбээр, “Иргэддээ хандаж хэлэхэд, мах, хүнсний нөөц хангалттай байгаа. Бүх супермаркет, худалдааны төв ажиллаж байна. Иймд иргэдээ битгий сандарч үймээч гэж хүсмээр байна. Нөөцийн хувьд хөл хорио тогтоосон 14 хоногт мах, хүнс хангалттай хэмжээнд бий” хэмээв.
“ИРГЭДИЙН ГОМДЛЫН 50-60 ХУВЬ НЬ БАТЛАГДАХГҮЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БАЙНА”
Цар тахлын онцгой нөхцөл байдалтай үед аж ахуйн нэгжүүдийг бараа бүтээгдэхүүний үнийн түвшинг тогтвортой байлгахыг шаардаж байгаа билээ. Хэрэв үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэсэн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгоно хэмээн ШӨХТГ-аас анхааруулж байсан. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед үнийн хөөрөгдөл үүсгэж, үндэслэлгүй үнээ нэмсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэх юм.
Тэгвэл үндэслэлгүйгээр махны үнээ нэмсэн зах худалдааны төвүүдэд хариуцлага ногдуулсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулахад, “Зах, худалдааны төвүүдэд заавал үнэ бичиж тавих, хэрэглэгчдэд ил тод байх шаардлага Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүргүүлж газар дээр нь арга хэмжээ авч байна. Үнээ тавихгүй учраас цаг, үзэмж, нийлүүлэлт зэргээс шалтгаалж үнийг байнга өөрчилж хэлж байна. Гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд 50-60 хувь нь батлагдахгүй, худал мэдээлэл байна. Бид цөөн хүнтэй ачаалал ихтэй ажиллаж байгааг минь хүндэтгэн иргэний үүргээ биелүүлж эх оронч байхыг хүсэж байна” гэсэн юм.
Урт хугацааны хөл хорионд орох нь гэсэн иргэдийн айдас, хүнсээ базааж авах гэсэн амьдралын төлөөх тэмцэл гэж зөвтгөж болох боловч аливаа зүйлд хэт туйлшрах хэрэггүй. Аль болох тайван байж, эрүүл ухаан, уужуу бодлоор хандахыг ЭМЯ-аас тогтмол зөвлөж байгаа билээ. Мөн махны үнийг тогтвортой байлгах тал дээр ШӨХТГ-аас махны жижиглэнгийн нэгдсэн үнийг тогтоох талаарх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн байна.
Эх сурвалж: gogo.mn
Нөөцийн мах гарсан ч үнэ буурахгүй байна |
|