Уурхайчдын спортын их өргөө хөл хөөр ихтэй байв. Хүүхэд залуус голдуу хэсэг бүлгээрээ Хангарьдын заал руу бужигнан “хөвнө”. Үүдний хэсэгт аяны үүргэвчээ дэргэдээ тавьсан багачууд хэд хэдээрээ сууж харагдана. Энд Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах олон хотын тэмцээн, Дэлхийн аваргын мөнгө, Дэлхийн Залуучуудын аваргын болон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Д.Дэлгэрбаярын нэрэмжит жүдо бөхийн 66 кг-ийн жингийн шилдэг бөхчүүдийн тэмцээн болж, ийн хөдөлгөөнтэй байгаа аж. Хангарьдын зааланд жүдо бөхийн тив дэлхийн одууд, үе үеийн алдартнууд хуран цугларчээ. Шилдэг жүдочдын уран барилдаан Эрдэнэтийн үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлнэ.
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, бяцхан хүүд “дээшээ гараад хоолоо идээд, амарч бай. Болбол жаахан унтаад ав. Удахгүй тэмцээн эхэлнэ” гээд эгээ л аав шиг нь халамжлах. Боксын спортын алдартан, Гавьяат тамирчин Т.Үйтүмэн жүдочин хүүгийнхээ захыг мушгин зогсох. Энэчлэн гурван ч өдөр Эрдэнэтийнхэн Монголын топ спортын төрлөөр амьсгалах нь ээ. Эх орны эдийн засагт том нөлөөтэй Эрдэнэт үйлдвэр их спортыг хөгжүүлэхэд ч анхаарлаа огтхон сулруулаагүйн хамгийн ойрын жишээ энэ. Их спортыг дэмжих чиглэлээр Эрдэнэт үйлдвэр хэрхэн ажилладаг талаар Спорт цогцолборын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ш.Даваахүү ийнхүү ярьсан юм.
-Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд их спортыг хөгжүүлэх үйлсэд байнга санаачилгатай ажиллаж, хэд хэдэн чиглэлд анхаарлаа хандуулж ирсэн.
Нэгд, спортын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг үргэлж сайжруулж, дээшлүүлж ирсэн. Тодруулж хэлбэл, 1983 онд Спорт цогцолбор ашиглалтад орсноос хойш Хангарьд палас, “Сархиа” байгалийн чийрэгжүүлэлт буюу цанын бааз, хөл бөмбөгийн орчин үеийн иж бүрэн ногоон талбай, газрын теннис, байт харвааны талбай гэх зэрэг олон бүтээн байгуулалт хийж ирсэн.
Хоёрт, их спортын төрлүүдээр улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын, жүдо бөхийн Атлантын олимпын хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөр үе залуучуудын олон хотын тэмцээн, Байт харвааны Хангарьдын цомын аварга шалгаруулах тэмцээн, боксын анхны дасгалжуулагч багш, ОУХМ С.Баттулгын нэрэмжит шилдэг найман тамирчны халз тулаан, Туялзуур сэлмэний Хангарьдын цомын аварга шалгаруулах тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ нь маш их үр өгөөжтэй, Монгол Улсын топ спортын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан гэж бид үздэг. Жишээлбэл, Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн тэмцээнд оролцож байсан өсвөр үе залуучуудаас дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Г.Болдбаатар, М.Уранчимэг, Д.Сумъяа зэрэг дэлхийн шилдэгт тооцогддог тамирчид маань энэхүү тэмцээнээс анхны гараагаа эхэлсэн түүхтэй. Чөлөөт бөхийн тамирчдаас Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр зэрэг олон шилдэг тамирчин манай тэмцээнээс мөн л гараагаа эхэлсэн байдаг.
Багийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт клуб үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Тухайлбал хөл бөмбөгийн Улсын лигийн аварга шалгаруулах тэмцээнд анх эхэлсэн цагаас нь хойш тасралтгүй оролцож ирсэн. Нийт дөрвөн удаа аварга, 8 удаа мөнгө, 4 удаа хүрэл медаль авсан. Мөн волейболын лигийн тэмцээн, хөдөө орон нутагт анх удаа аялан тоглолт зохион байгуулах гэх зэргээр энэ төрөлд маш их дэмжлэг үзүүлж ирсэн. Хоккейн спортыг Монгол улсад үүсэж хөгжихөөс нь дэмжсэн. Хангарьдын цомын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцож ирсэн. Мөн сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг ивээн тэтгэж, Уурхайчин баг бүрдүүлэн оролцож, энэ спортын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна. Энэ мэтчилэн багийн спортын хөгжлийг дэмжих чиглэлд идэвх санаачилга гарган оролцож байна.
Гуравт, их спортын топ таван төрлөөр шигшээ баг хичээллүүлж байна. Тамирчдаа Улс, олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд амжилт үзүүлж, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг, Монгол Улсынхаа нэр алдрыг өндөрт өргөх зорилготой ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилд Орхон аймгийн унаган иргэдээс алдар цуутай тамирчид төрүүлэн гаргах бодлого барьж ажиллаж байгаа. Өмнө нь алдартай тамирчдыг легионер тамирчнаар авч, тэднийг бэлтгэл сургууль хийх, тэмцээн уралдаанд оролцоход нь санхүүгээр дэмждэг байсан. Багаасаа манай секц дугуйланд хичээллэгчдээс нэг төрөлд 7-8, нийт 45 тамирчинг сонгон шигшээ багт авч, ажиллаж байна. Үр дүн түрүүчээсээ гарч эхэлсэн. Өнөөдөр манай “Хангарьд”-ын шигшээ багийн тамирчдаас бүх төрөлд Улсын шигшээ багийн тамирчид төрсөн. Тухайлбал, жүдо бөхийн дөрөв, чөлөөт бөхийн гурав, туялзуур сэлэмний тав, байт харвааны дөрөв, боксын хоёр тамирчин Монгол Улсын шигшээ багт дэвшин орсон. Улсын шигшээ багийн тамирчин Монгол Улсын нэрийн өмнөөс тив, дэлхийн тэмцээнээс өндөр амжилт гаргах нь дамжиггүй. Орон нутгийн унаган иргэдээсээ шилдэг тамирчдыг төрүүлэх бодлого маань тодорхой хэмжээнд хэрэгжиж байна. Энд цухас дурьдвал, жүдо бөхийн төрлөөс л гэхэд дэлхийн аварга Г.Болдбаатар, Монгол Улсад чансаагаараа эхний нэг хоёрт бичигдсэн Б.Батболд, О.Ууганбаатар зэрэг тамирчид төрөн гарсан.
Бид барилга байгууламж, тоног төхөөрөмжийн давуу талтай спортын төрлүүдийг дэмжиж, шилдэг тамирчид бэлтгэх зорилттой ажиллаж байна. Тухайлбал, усанд сэлэлтийн спортоор дэлхийн амжилттай харьцуулбал манай улс доогуур байдаг. Бид үүнийг ойртуулах, энэ спортыг хөгжүүлэх зорилго, төлөвлөгөөтэй ажилласны үр дүнд манай тамирчдаас Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Токиогийн зуны олимпод оролцох эрх авсан. Мөн буудлагын спортын төрөлд манай гэрээт гурван тамирчин бий. Үүнээс ОУХМ Ц.Анударь Токиогийн олимпод оролцох эрх авсан.
Түүнчлэн Их спортын чиглэлээр дөрөв дэх гол ажил бол залгамж халааг бэлтгэх ажил байдаг. Өсвөрийн тамирчдыг тодорхой цагийн хуваарийн дагуу багш дасгалжуулагчийн удирдлага дор секц дугуйланд өдөр тутам хичээллүүлж байна. Заал танхимын хүрэлцээ харьцангуй бага. Бид стандарт ашиглалтыг дор хаяж хоёр дахин нугалсан ачаалалтай ажиллаж байна. Үүний үр дүн сайн харагддаг. Манай өсвөр, залуучуудын тамирчид өөрсдийн чиглэлээрээ улс, олон хотын аваргын тэмцээнээс тогтмол өндөр амжилт гаргаж, эхний байруудаас мултрахгүй явж ирсэн.
Энэ бүхэнд хамгийн чухал нь санхүү, эдийн засгийн дэмжлэг байдаг. Эрдэнэт үйлдвэрээс бидний төлөвлөсөн төсөв хөрөнгийг жил бүр тодорхой хэмжээнд баталж өгдөг. Эрдэнэт үйлдвэр спортын төвлөрсөн сандаа жилд 900 саяас нэг тэрбум төгрөгийн зардал баталдаг. Үүнийг дээрх спортын төрлүүдэд зарцуулдаг. Шигшээ багийн гурван төрөл тус бүрд 30-35 сая төгрөгийн зардал ноогддог. Үүгээрээ гадаад, дотоодын тэмцээн уралдаанд төлөвлөгөөтэйгөөр оролцдог. Энэ нь харьцангуй хангалттай биш л дээ. Гадаадын тэмцээнд 10-12 сая төгрөг зарцуулдаг. Энэ нь багаараа нэг удаагийн тэмцээнд явахад хүрэлцэхээргүй зардал. Иймээс бид амжилт гаргах тамирчны онцлон сонгож явуулдаг юм” гэлээ.
Тэмцээний үеэр зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
Монгол Улсын гавьяат тамирчин Т.ҮЙТҮМЭН: Эрдэнэт үйлдвэр Их спортыг дэмжиж ирсний нэг илрэл нь жил бүр Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн тэмцээнийг зохион байгуулдаг. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсны үеэс л бокс, жүдо, чөлөөтийн тамирчдын бэлтгэл хангах боломжийг нээж, уралдаан тэмцээний зардлыг дааж ирсэн. Эрдэнэт үйлдвэр, энэ сайхан уулын буяныг хүртэж, түүний хишгээр дэлхийд нэрээ гаргаж явсан хүмүүс олон. Тэдний нэг нь би. Намайг тамирчин байх үед тэмцээн уралдааны зардал олдохгүй хүнд үе байсан. Тэр үед их спортод гараа сунгасан буянтан нь яалт ч үгүй Эрдэнэтийн уурхайчид. Одоо ч энэ уламжлал хэвээр хадгалагдаж буйд би баяртай байна. Д.Нармандах гавьяатын нэрэмжит барилдаанд Улаанбаатар хотоос 1000-аад хүүхэд ирлээ. Энэ олон хүүхдийг дэмжиж, тэмцээнд оролцуулна гэдэг жүдо бөхийн хөгжилд маш их нөлөөтэй. Хүүхдүүд олимпийн медальтай гавьяатаас урам дэм авч, өсөж дэвждэг гэж би боддог юм. Энэхүү сайхан тэмцээнийг ивээн тэтгэж уламжлал болгосон Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олондоо баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхныг хүсье.
Самбо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Х. БАТХИШИГ: “Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, “Хангарьд” спорт клубийн хамт олонд баярлаж байна. Өсвөр үеийнхний жүдо бөхийн энэ тэмцээн их ач холбогдолтой. Энэ тэмцээнээс ирээдүйн олимп, дэлхийн аваргууд төрж гардаг. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, “миний тамирчин болох анхны тэмцээн маань юм. Энэ тэмцээний медалиас мултарч, шар хөдөлж явлаа” гэж дурсдаг. Өсвөрийн жүдочид хуран цугларсан энэ үед Д.Дэлгэрбаяр багүийн нэрэмжит, 66 кг-ийн жингийн шилдгүүдийн тэмцээн болж буй нь их ач тустай. Багачууд шилдгүүдээс суралцах сайхан боломж. Би Эрдэнэтийн унаган хүүхэд. Эрдэнэт үйлдвэр маань их спортыг байнга дэмждэгт би баяртай явдаг. Тив дэлхийд нэрээ гаргасан олон тамирчдын амжилт Эрдэнэт үйлдвэртэй салшгүй холбоотой” гэв.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
Их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэр |
2024-12-04 10:15:43
2024-12-04 10:13:53
2024-12-04 10:13:18
2024-12-04 10:11:40
2024-12-04 10:10:51
2024-12-04 10:01:24
2024-12-04 09:59:57
2024-12-03 10:13:19
2024-12-03 10:12:40
2024-12-03 10:12:04