Бямба, 2024-05-04
Бүрэнбүстийн энгэрт монгол ахуй цогцолж байна

Нар ээсэн сайхан өдөр Бүрэнбүст хайрхны энгэрийг зорилоо. Энд Эрдэнэт хотын гэр хорооллын иргэдийн ундны усны эх ундаргыг хамгаалах, нуур цөөрөм үүсгэх ажил ид үргэлжилж байна. Байгууллага, аж ахуйн нэгжүүд энд өөрийн төгөлийг үүсгэж нийт 14 төрлийн 23 мянган мод тарьжээ. Шинэс, хайлаас, улиас, агчаас эхлээд жимсний модод ч байна. Эрдэнэтчүүдийн хэрэглэж буй жимсний 90 орчим хувь нь импортоор орж ирдэг учир өөрийн хөрсөнд алим, чавга, интоор зэрэг зарим ховор төрлийн жимсний мод тарьж туршиж байгааг нүдээр үзлээ. “Эко Баян-Өндөр” төслийн хүрээнд хүнсний 146 төрлийн ногоог ил талбайд арчлан зун, өвлийн хүлэмжид тарьж, мөн туршиж байна. Энд хүүхдийн “Хөдөлмөр” зуслан ажиллуулах нөхцөл бүрдүүлж, элсний талбай хүртэл байгуулахаар төлөвлөжээ. Хөдөлгөөний хомсдол, агаарын дутагдалд орсон “орон сууцны” хүүхдүүдийг энд амраахын зэрэгцээ ажиллуулбал бие бялдар нь хөгжихөөс гадна цахим орчноос холдож тархи нь бүрэн сайхан амарна даа, гэх бодол эрхгүй төрсөн. 
 
 
Монголын ёс заншлын цогцолборын хоймор хэсэгт 22-ийн диаметртэй, 380 м2 талбай бүхий гэр өргөө холоос бараатай үзэгдэнэ. Ойролцоо нь нүүдэлчин Монголчуудын ахуй соёлыг илтгэсэн, эсгий урлалын бүтээл дэлгэсэн, ястан үндэстний хувцас, эмээл хэрэглэл, авдар сэлт өрсөн 10-аад гэр байна. Мөн энд Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлүүд өөрийн гэрээ барьж тохижуулан онцлогоо сурталчлах боломжтой. Эхний гэрийг Увсынхан барьжээ. Хоймрын жаазанд Маршал Ю.Цэдэнбалаасаа эхлээд алдар хүндтэй хүмүүсийнхээ зургийг залсан нь сонирхол татав. Уг цогцолборыг тойруулан цагаан идээ, арьс шир, малын цус, ноос, ноолуур боловсруулах, модон эдлэл, гар урлал, эсгий эдлэл, хар, цагаан замаск, арматур, хөнгөн блокны үйлдвэр гээд 50 орчим жижиг дунд үйлдвэр байгуулахаар зорьсны 30 гаруй нь үйл ажиллагаагаа эхлээд байна. Мөн энд 2000 тоннын багтаамжтай зоорь барьж байна. Хүнсний ногоо хатаах, хөлдөөх, даршлах, угаах дөрвөн үйлдвэр эхлэл шатанд явна. Түүнээс гадна жимс жимсгэнэ, артишокоор ундаа жүүс, цай хийх, усанд будаа тариалах, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын дайвар бүтээгдэхүүнээр царцаамал, тос боловсруулах гээд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил их гэж Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт ярьсан юм. 2017 оноос хойш Сум хөгжүүлэх сангийн зээлээр 34 үйлдвэр байгуулагдаж, 160 орчим байнгын ажлын байр нэмэгдсэн байна.    
Энд нуур үүсэхээр жигүүртэн шувууд цуглаж, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, Эрдэнэтээр зочилсон гийчид саатан морилж, нүүдэлчин Монголчуудын ахуй соёлтой танилцах, морин болон тэмээн хөсгөөр богинын аялал хийх боломж бүрдсэн, Эрдэнэт хотын төвлөрлийг сааруулсан аялал жуулчлалын цогцолбор бүс болох цаг ойрхон байна.           
 
 
 
 
М.Одгэрэл

Бүрэнбүстийн энгэрт монгол ахуй цогцолж байна
2020-05-21 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ