Салбарын сайн мэс засалч Ж.Чинбүрэнг салбартаа “мэс засал” хийг гэж УИХ-д олон нийт сонгосон, гэхдээ мэс засал хийх гээд бүр баллах вий гэж салбарынхан нь зовниж сууна. Товчхондоо эрүүл мэндийн салбарын зарим асуудлыг Төрийн бус байгууллагад үүрүүлэх хуулийн төслийг эрхэм гишүүн санаачилжээ. Төрийн бус байгууллагыг иргэд сайн дурын үндсэн дээр байгуулдаг, харин эмнэлгийн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын ихэнх асуудал “сайн дурынх” байдаггүй. Хувийн эмнэлгүүд заримдаа эмчилж дийлэхгүй өвчтөнөө улсын эмнэлэг үрүү шилжүүлдэг тал бий, харин улсын эмнэлгүүд ирсэн хүнийг буцаах эрхгүй. Эрүүл мэндийн салбар бол бүхний нүдэнд ил явдаг, өдөр тутамд маш олон “emergency” асуудалтай нүүр тулдаг, шуурхай удирдлага хэрэгтэй байдаг салбар. Үүнийг сайн дурын ТББ гүйцэтгэж чадах болов уу?
Гишүүний санаачилж буй хуулиар бол эмнэлгийн мэргэжилтэний өөрөө удирдах ёс, тусгай зөвшөөрөл, цагийн үнэлгээ тооцох, анагаахын боловсрол олгох, их дээд сургуулийн магадлан итгэмжлэх зэрэг төрийн хариуцдаг чухал чиг үүргийг Төрийн бус байгууллагуудад шилжүүлэхээр тусгажээ. Ер нь Төрийн бус байгууллагууд Төрөөс илүү мэнэжмэнттэй, сайн ажиллаж чадах билүү? Эрүүл мэндийн салбар Бөхийн холбоо шиг хуваагдаад жил дамнаад хэрэлдээд эхэлбэл юу болох вэ жишээ нь? Төрийн бус байгууллагууд тасралтгүй ажиллах албагүй, харин Төр тасралтгүй ажиллах ёстой. Түүнчлэн ТББ -ын гишүүнчлэлд орохын тулд эмнэлгийн мэргэжилтнүүд өөрсдөө гишүүнчлэлийн татвар төлөх аж. Татвар төлөхгүй бол гишүүн болж чадахгүй, гишүүн болохгүй бол лиценз авч чадахгүй, лиценз авч чадахгүй бол мэргэжлээрээ ажиллаж чадахгүйд хүрэх нь. Цалингаа хүргэх гэж ядаж буй эмч нар дахиад элдэв гишүүнчлэлийн татварт дарамтлуулах юм биш биз? Нэг даргын үүсгэсэн ТББ-д гишүүнчлэлийн татвар төлөөгүйн төлөө салбартаа гадуурхагдаад явах юм биш биз? Эсвэл нэг танилтай, сүлжээтэй эмч ТББ байгуулаад түүгээрээ дамжуулж салбарын хамаг шийдвэрт нөлөөлөөд “даам гараад” явах юм биш биз? Мөн хуулинд эмнэлгийн мэргэжилтэнд учирсан сэтгэл санаа, бие махбодийн хохиролд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхээр тусгах гэх мэт эрүүл мэндийн гэхээсээ хууль зүйн ажил үүрэг ногдуулж буй нь маргаан, будилаан үүсгэх юм биш биз? Энэ мэт олон тодорхойгүй асуудлууд байгаа юм.
Уг нь одоо ч эмнэлгийн мэргэжилтнүүд сайн дураараа ТББ үүсгэх хууль эрхзүйн боломж нээлттэй, мэргэжлийн олон холбоод ажилласаар байгаа. Эмч нарын цалин хангалттай, ажиллах нөхцөл хангамж сайтай, дэлхийн хөгжингүй орнуудад эмч нар, эмнэлгийн боловсон хүчин заавал бүх асуудлаа төрөөр шийдүүлэхгүй, өөрсдөө сайн дураар холбоо, ТББ зохион байгуулалтанд ордог жишиг уг нь бий ажээ. Гэхдээ үүний тулд нэлээд өндөр цалин, ёс суртахууны маш өндөр хэм хэмжээс хэрэгтэй. Бид чинь Швед, Шинэ-Зеланд биш шүү дээ. Манай нөхцөлд эмч нарын цалин 300 – 400 доллар, улсын эмнэлэгүүд асар их ачаалалтай, зарим үед албан шахалтаар ажилладаг ийм нөхцөлд төрд овоорсон хамаг асуудлаа ТББ-д шилжүүлэх нь төрийн ачааг хөнгөлөх гэхээсээ хамаг асуудлаа эзэнгүйдүүлж буй хэрэг мэт санагдана. Одоогоор эрхбиш иргэн хүн эрүүл мэндийн сайддаа гомдол гаргаад, талбай дээр жагсаад, загнаад явж чадаж байна. Харин “Төрийн бус байгууллага” -ууд хэт томорчихвол иргэн байтугай сайдаа тоож сонсох болов уу? Дахин хэлэхэд, ТББ бол сайн дурын нэгдэл, сайн дурын үйл ажиллагаа. Сайн дурын байгууллагыг сайн дураараа л байгуулахаас биш “таануус сайн дураараа нэгдэцгээ” гэж төрөөс үүрэг өгөх нь байж боломгүй асуудал. Хэрэв тэгж зааж байвал цаана нь өөр нэг эрх ашиг байгаа л гэсэн үг юм.
Эмнэлгүүд ТББ болох уу? |
2024-12-11 10:45:10
2024-12-11 10:43:49
2024-12-11 09:46:24
2024-12-11 09:45:24
2024-12-11 09:44:46
2024-12-11 09:43:47
2024-12-10 10:54:56
2024-12-10 10:53:42
2024-12-10 10:51:55
2024-12-10 10:51:17