Пүрэв, 2024-12-05
Өндөр технологийн үндсэн түүхий эд нь газрын ховор элемент

Өндөр технологийн үндсэн түүхий эд нь газрын ховор элемент

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж” нь  Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны тавдугаар сарын 10-ны 16 дугаар тогтоолоор байгуулагдсан.

            Төслийн нэгж нь Монгол оронд газрын ховор элементийн геологи хайгуул, ашиглалтын талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нөөц бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, геологи хайгуул, ашиглалт, боловсруулалтын технологийн талаар нарийвчилсан судалгаа,  орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Монгол орны газрын ховор элементийн өнөөгийн байдал

Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийг хамарсан газрын ховор элементийн геологийн нарийвчилсан хайгуул, судалгаа хийгдээгүй боловч Ханбогд, Халзанбүрэгтэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Ар гол зэрэг газрын ховор элементийн баялаг агууламж бүхий газруудыг тогтоосон. Үүнд дөрвөн орд, 71 илрэл, 260 гаруй эрдэсжсэн цэгийг илрүүлээд байна.

            Одоогийн байдлаар Монгол оронд Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын төсвөөр болон аж ахуйн нэгжүүд хувийн хөрөнгөөрөө газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгэж, нийт гурван сая тн ислийн нөөц тогтоосон.

Хэдийгээр нөөц тогтоогдсон боловч ашиглалтын үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн эргэлтэнд орсон орд газар одоогоор байхгүй. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой юм. Үүнд:

  • Монгол оронд газрын ховор элементийн болон стратегийн ач холбогдолтой металлын талаарх хууль тогтоомж, тэдгээрийн олборлолт, үйлдвэрлэлтэй холбогдолтой эрх зүйн зохицуулалтгүй.
  • Газрын ховор элементийн хүдрээс баяжмал гарган авах, цаашлаад элемент бүрээр салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардагддаг.
  • Газрын ховор элементийн олборлолтын болон технологийн салбарт туршлагатай боловсон хүчний хомсдол зэрэг нь нөлөөлж байна.

Газрын ховор элементүүд ба хэрэглээ

            Дэлхий нийтээрээ 21 дүгээр зуунд хөгжлийн шинэ шатанд гарч, аж үйлдвэрийн дөрөв дүгээр хувьсгалын эрин үед шилжиж эхэлсэн. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал нь өндөр технологийн бүтээгдэхүүн, шинэ ололт, амжилтуудаараа өрсөлдөж буй. Энэхүү өндөр технологийн үндсэн түүхий эд нь газрын ховор элемент юм.

            Та бидний өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утас, цахилгаан автомашинаас гадна рентген туяа, удирдлагатай пуужинг газрын ховор элементгүйгээр үйлдвэрлэх, цаашлаад ашиглах боломжгүй юм.

            Химийн үелэх системийн лантаны бүлгийн 15 элемент, тэдгээртэй ойролцоо шинж чанартай иттри болон скандиг хамтад нь "газрын ховор элемент" гэж нэрлэдэг бөгөөд эдгээр элемент нь хэд хэдэн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Газрын ховор элементүүдийн ордууд дэлхийд олон байдаг боловч Хятад улс 1980-аад оноос хойш хэрэгжүүлсэн бодлогынхоо үр дүнд газрын ховор элементийн олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болсон. Гэвч 2010 онд тус улс газрын ховор элементийн экспортын квотоо 37 хувиар бууруулснаас дэлхийн хэмжээнд эрэлт ихсэж, үнэ нь огцом өссөн юм. Улмаар бусад орнууд газрын ховор элементийг олборлох бусад боломжуудыг хайж эхэлсэн. Ингэснээр 2010 онд газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 97.7 хувийг нийлүүлж байсан Хятад улс 2019 онд 62.9 болж буурсан юм.

            Газрын ховор элементийн нөөцөөр Хятад (44 сая тн), Бразил (22 сая тн), Вьетнам (22 сая тн) улс тэргүүлдэг бөгөөд 2019 оны байдлаар дэлхийн хэмжээнд 120 сая тонн нөөц батлагдсан байна.


Өндөр технологийн үндсэн түүхий эд нь газрын ховор элемент
2021-03-17 19:23:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ