Мягмар, 2024-05-14
Л.Гантөмөр Ажнайд "дагаар орж", МАН-ын гишүүд даргынхаа сүрдүүлгэд автжээ

Энэ долоо хоногт УИХ-аар нүүрсний гэх хэргийн тодотголтой Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг түдгэлзүүлэн шалгах эсэх хувь заяаг шийднэ. Прокуророос удтал дуншиж, хүлээгдэн ирсэн бичгийг УИХ чухам хэрхэн хүлээн авах тохироогоо хийж чадахгүй дүлэгнэсэн байдалд шилжив. Улс төрийн субъектүүд хөшигний ард ямар байгааг багцлан хүргэж байна.

Нэг. АН-ын дарга Л.Гантөмөр анхны улс төрийн шийдвэрээрээ Ажнай Д.Бат-Эрдэнэд "худалдагдав"

АН-ын даргын суудлыг авсныхаа дараа Л.Гантөмөр сар шинээр монгол түмэндээ хандан, мэндчилгээ дэвшүүлсэн нь ардчилсан үзэлд хайртай хэн бүхний зүрхэнд "Овоо доо" гэх итгэлийг сэргээсэн. Тэд үнэндээ өнгөрсөн хугацаанд юун мэндчилгээ манатай дотоод зодоонтой байв.

Гэхдээ Л.Гантөмөрт намын дарга өгөхдөө С.Баярцогтыг зүгээр ч нэг унагачихсан юм биш. Оюутолгойн асуудал, Дээд шүүх дээр өршөөгдсөн байдал зэргээс үүдэж, олон нийтээс нэг их сайн үнэлгээ авахгүй гэдгээ С.Баярцогт мэдэж байсан. Чухам ийм шалтгаанаас үүдэж, Л.Гантөмөр Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгийг авах замаар Х.Баттулгын МоАХ фракц саналын тоглолт хийсэн байдаг.

Хөшигний ард Л.Гантөмөр ҮХНӨ-ийг дэмжиж өгөх, аль ч нам харгалзахгүй нүүрсний хэрэг дээр шалгуулах чиглэл барих зэрэг хэдэн агуулгыг Л.Оюун-Эрдэнэтэй тохиролцсон гэгдэж байв. Тэр ч утгаараа УИХ-д түдгэлзүүлэн шалгуулах гишүүдийн нэрс ороод ирвэл нийтээрээ дэмжинэ гэх итгэл саяхныг болтол байв.

Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг Ажнай Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлэх асуудлын эсрэг байр суурьтай буйгаа өчигдөр зарлалаа. Эл акцын ард АН-ын шинэ дарга Л.Гантөмөр нуугдаж, гишүүддээ хандан, ил уриалга ч хүргүүлэлгүй өнгөрөв. АН-ын хэдэн зүдэрмэг гишүүдийн илэрхийлсэн ил байр суурийг Л.Гантөмөрийн нөлөөлсөн, улс төрийн увайгүй шийдвэр гэж харж болохоор.

Хоёр. МАН-ын гишүүд айдастай ч нууц санал хураалтад найдаж байна

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Халдашгүй байдлын дэд хороог прокурорын саналыг хүлээн авах агуулгыг дэмж гэж шахсан гэгдэж буй. Тэгж баймааж нь, эрх баригч намын бүлгийг задгай саналтай оруулж, байнгын хороо, чуулганы саналыг "базах" боломжтой гэж харсан байж болох.

Харин "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хувьд өнгөрөгч амралтын өдрүүдээр МАН-ын гишүүдтэй уулзаж, 1 тэрбум төгрөгөөр кнопоо үнэлэхийг санал болгосон гэгдэж буй. Зах зээл дээрх мөнгөний урсгал үлэмж саарч, төгрөгийн хомстол үүсээд байгаа энэ үед УИХ-ын гишүүд нууц санал хураалтын кнопоо "худалдах" бүрэн боломжтой гэх логик харагдаж буй.

Намын удирдлагуудынх нь зүгээс "Энэ удаа нүүрсчдээ өмөөрч кноп дарвал улс орны эрх ашигт нөлөөлөх чухал асуудлаарх нууц санал хураалтын дүнг задалдаг болох хуулийн төсөл оруулна" гэж гишүүддээ сануулга өгсөн гэх мэдээлэл байна. Тиймээс ч гишүүдийн түдгэлзэх саналыг дэмжих эсэх асуудал гишүүдийн хувьд ихээхэн эргэлзээ, болгоомжлол төрүүлсэн хэвээр байна.

Гурав. Ерөнхийлөгчийн байр суурь ямар байгаа вэ

Энэ асуудал дээр төрийн тэргүүний байр суурь чухам ямар байгаа нь мөн л анхаарал татсаар байна. Тэрбээр, Ажнай Д.Бат-Эрдэнэтэй найз нөхдийн харилцаатай тул хуулийн асуудлуудыг нь зориуд удаашруулсан гэх яриа Төрийн ордноор хөврөөд нэлээд удаж буй.

Мөнхүү Ерөнхийлөгч асан Н.Багабанди түүнийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг түлхэн унагаж, өөрөө танхимын тэргүүн болоход туслаад, хариуд нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар Х.Бадамсүрэнг, "Эрдэнэс Тавантолгой"-н захирлаар өөрийн туслах асан Т.Аюурсайханы хүнийг томилохыг гуйсан эртний кэйс энд давхцаж байгаа юм.

Т.Аюурсайхан яг энэ шижмээрээ төрийн тэргүүнээс хуулийн хамгаалалт хүссэн гэж хэвлэлүүд онцолсон нь зүгээр ч нэг мэдээлэл биш юм. Тэрбээр "Аль ч нам ялгахгүй, нүүрсний хэргийг шалга" гэх чиглэлийг хууль хяналтынхан болоод Засгийн газарт ил өгсөн. Гэсэн хэдий ч далд Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн эрх ашгийг хамгаалж буй гэх хардлага явсаар байна.


Л.Гантөмөр Ажнайд "дагаар орж", МАН-ын гишүүд даргынхаа сүрдүүлгэд автжээ
2023-03-28 14:50:26
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0