Баасан, 2024-05-03
Нэг сумаар хоёр туулай буудах АЖИЛЛАГАА!

Улс төр зөвхөн мөнхийн эрх ашигт үйлчилдэг. Үнэт зүйл, үзэл баримтлал, өнгөний ялгаа  улстөрчдөд огт чухал биш, эрх ашиг нь нэгдвэл тосоо гартал тэврэлдэж, эрх ашиг нь зөрчилдвөл цусаа гартал зодолддог нь Монголын улс төрийн бичигдээгүй хууль болсон. Энэ нь  Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ, М.Энхболд, У.Хүрэлсүх гээд Монголын улстөрч болгоны тойрдоггүй, туулдаг зам. Энэ удаад Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр зам салсан нь, мөн Засгийн газрын “Шувуу” ажиллагаанд хамгийн түрүүнд онилогдсон,  нэгэн цагт Монголын улс төрийг хөшигний араас удирдаж явсан Т.Бадамжунайн  мэдүүлэг Х.Баттулгыг  гарцаагүй шоронд суулгах ганц факт болохыг Х.Нямбаатарын өгсөн ярилцлагаас уншигдав. Х.Нямбаатар хэзээ ч Л.Оюун-Эрдэнийн оролцоогүйгээр Х.Баттулга руу гал нээхгүй. Нэгэнтээ тэдэнд хуурай ах дүү, дарга зөвлөх явсан үе бий болохоор.

Т.Бадамжунай, Х.Баттулга хоёр  “Эрдэнэт” үйлдвэртэй зэсийн худалдааны гэрээ байгуулсны авлига 6.3 сая ам.доллараа хувааж хүртсэн, үүнийг нь гэрчүүд  батлаж, баримт  нотлож байгаа аж.

Цагтаа Монголын улс төрд хаан, заан мэт явсан, хүрээний бузар болгоны ард нэрлэгддэг, зүслэгддэг  тэд ийнхүү “ёндоо хуваасан”  хэргээр хууль шүүхэд хамтдаа дуудагдах нь цаг хугацааны асуудал болов. Товчхондоо, эрх баригчид Т.Бадамжунайн гараар Х.Баттулгыг намнах тактик барьж  байна.

Хар туулай жил “дээдэс” халтай, тэр тусмаа Х.Баттулгын хувьд барцадтай жил байх төлөвтэй.Т.Бадамжунайн араас Гашуунсухайтын төмөр замын төслийг гардан гүйцэтгэсэн Н.Удаанжаргалыг Аргентинд  бүгсэн байхыг  “шувуу”-ны анчид олсон гэв үү дээ.

Нэг.

Тэдний “нөхөрлөл” С.Баярын Засгийн газарт нэг нь ХХААХҮ-ийн сайд, нөгөө нь  Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үеэс бүр өмнө, Т.Бадамжунай хотын Ерөнхий менежер, Х.Баттулга Холливуд баарны “эзэн” явсан үеэс эхлэлтэй гэлцдэг.

2012 онд АН-ын засгийн үед Т.Бадамжунайн суудлыг Х.Баттулга залгамжилж авсан нь санамсаргүй тохиол биш байсан агаад  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Женког АН-аас захиалсан хүн нь М.Энхболд болохыг Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ Их хурлынхаа үеэр ам алдаж байлаа.

Үнэндээ, Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа Төрийн ордны гурван давхраас ял захиалж, өөрийн болон хүний дайснуудыг шоронд суулгахдаа Ардын намын авлигын загалмайлсан эцэг Т.Бадамжунай, газрын наймаачин, 60 тэрбумын сүлжээний эзэн  М.Энхболд хоёрт хуруугаа ч хүргээгүй нь ийм учир, шалтгаантай байжээ.

2018 оны арванхоёрдугаар сард Т.Бадамжунай Замын-Үүдийн хилээр “УАЗ 469” машинтай зугатсан гэвэл энэ явдлаас өмнө, М.Энхболд УИХ-ын дарга байхад, Х.Баттулга Ерөнхийлөгч болоод удаагүй, Ж.Эрдэнэбатын засгийн үед  “Эрдэнэт”-эд зэсийн наймааг хийсэн бололтой, олсны үзүүрийг хөөвөл. Монголын улс төрийн сценарийг зурж, хэнийг улсын Ерөнхий сайд болгохыг заадаг, зурдаг, хэнээс ёндоо авч, хэнтэй хуваахыг шийддэг, мэддэг байсан хүний хувьд Т.Бадамжунай зүгээр ч нэг “цагаан тугаа” өргөчих хүн биш. Ардын нам дотор  түүний гар хөл, ам хэлүүд бий. Гол нь, нутгийн шоронгоо бараадаж ирсэн Т.Бадамжунай экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг барьж өгснийхөө хариуд ханцуй дотроо юу наймаалцсан бэ гэдэг Х.Нямбаатараас асуух ёстой асуулт. Хэрэвзээ Х.Баттулгаар Т.Бадамжунайтай ял наймаалцвал Л.Оюун-Эрдэнэ  хоосон шүгэлдсэн болно.

Хоёр.

Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг.  Т.Бадамжунайг авчрахад хамгийн их балмагдаж, айж байгаа хүн нь Х.Баттулга гэвэл Х.Баттулгыг баривчлахаас бас хамгийн их айж байгаа нь  МАН өөрөө юм. Магадгүй жоомоо устгах гээд гэрээ шатаачихвий гэж.

“Ганц дайчин ганцаарддаггүй” гэдгийг Х.Баттулгын Монголын улс төрд явуулсан пропаганда, мега төсөл дээр хийсэн нүглээс нь харчихад л болно. Цагтаа 180 мянган гишүүнтэй явсан Ардчилсан намыг өнөөдөр хэдэн хэсэг тасдаад хаячихсан гэхээр МАН ч түүний шоглоом болох эрсдэлтэй. 2021 онд тэрбээр Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнө МАН-ыг тараах захирамж гаргаж, үнэмлэхүй олонхыг айлгаж явсан удаа бий. Ямартай ч хууль, шүүхийн өмнө гутлаа тослоод зангиагаа зүүгээд очдог “соёл” түүнд байхгүй. Баривчлагдах хүртлээ, баривчлагдсан хойноо ч шоронгоос сценарийг нь бичиж, МАН-ын засгийг ганхуулж мэдэх улс төрийг ганцхан Х.Баттулга хийж чадна. Учир нь, долоон жилийн өмнө 2016 онд Эрүүгийн цагдаагийн газраас түүнийг мөнгө угаасан хэрэгт буруутган “Баянгол” зочид буудалд нь нэгжлэг хийх үеэр нийгмийг багагүй бужигнуулаад авсан нь болсон явдал. Барилгын дээвэр засч байсан ажилтныг мэргэн буудагч болгох “мэргэн санаа” зөвхөн Х.Баттулгаас л гарна.

Гэвчиг хийвэл, бүү ай. Хэрэвзээ МАН өнөөдөр түүнээс ял зэм асууж чадахгүй аваас маргааш тэд өөрсдөө гэмт хэрэгтэн болж мэднэ. С.Баяр, М.Энхсайхан, С.Баярцогт нар дээр явуулсан пропагандаа МАН дээр явагдаж магадгүй. Эрүүгийн хэргийн сэжигтнээс улсын нэгдүгээр хүн болж чадсан нь улс төрийн бодит үнэн.

Нөгөө талаасаа  улс төрийн хувьд МАН-ын хамгийн том өрсөлдөгч нь гагцхүү Х.Баттулга. Тамга нь С.Эрдэнийн авдарт хав дарагдаж, гэрчилгээ нь Л.Гантөмөрийн цүнхэнд яваа АН-ын хувьд МАН-ын хүчтэй өрсөлдөгч ямартай ч өнөөдөртөө биш.  Харин нийгмийн дэмжлэг, хувь хүний характе,р харизмыг нь бодсон ч 2024 оны сонгуулиас өмнө Х.Баттулгыг дарж авах, дараагийн улс төрөө хийх боломжийг нь хаахгүйгээр МАН ялах боломжгүй. Албан тушаал, эрх мэдэл түүний сүүлчийн хоргодох оромж гэдгийг ойлгосон яваа хүний хувьд Монголын улс төрөөс тийм ч амархан явахгүй, Ц.Нямдоржийг тэгтэл нь баярлуулахгүй болов уу.

Гурав.

Гавъяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга, Монголын тэрбумтан, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, МоАХ-ны тэргүүн, Жүдогийн холбооны ерөнхийлөгч гээд намтартаа чамгүй гуншинтай Х.Баттулгын нэр холбогдоогүй, гар хүрээгүй хулгай луйвар Монголд алга. Хаана улсын хөрөнгө, мөнгө байна, хулгайлдаг, луйварддаг нь түүний хувьд гэм биш. Гэсэн хэдий ч хэн нэгэн түүний өмнөөс ял үүрч, тэр өөрөө ял завшиж үлддэг нь зан болжээ. Жишээ нь, Хөгжлийн банкнаас “Нью Яармаг хаусинг прожект” компанид барьцаагүйгээр 142 тэрбум төгрөгийг авч чадах эрх мэдэлтэй хүн Х.Баттулгаас өөр хэн байх билээ. Гэвчиг түүний цүнхийг Ц.Ууганбаяр зөөж явсныхаа төлөөсөнд шоронд суух дээрээ тулсан. МоАХ-ны байрыг барьцаалж, 15 тэрбумыг “аваад идсэн” хүн нь мэдээжГ.Байгалмаа биш. Г.Байгалмаа хэчнээн том зүрхтэй хүн нь байлаа ч Х.Баттулгын гарын үсгийг дуурайлган зурах эрх мэдэл түүнд байхгүй.

Тэрчлэн 40 их наядын хохиролтой нүүрсний хулгай, мухар төмөр замын төслүүдээс мөнгө идсэн уусан хэрэгт Х.Баттулгыг буруутай болохыг хуулийн сайд нь нэрлэж, “мянганы суут хулгайч”-аар зарлачихлаа.  Одоо тэгвэл, оффтейк гэрээнээс нь эхлээд шалгаж, Монгол Улсад үр ашиггүй төсөл хэрэгжүүлж, олон сая ам.доллараар мухар төмөр зам тавиулсных нь төлөө Т.Бадамжунай, Б.Ганхуягтай, Д.Баясгалантай нь хамт Х.Баттулгыгаа баривчлан шалгах цаг болсон.  Тэр тусмаа хууль, шүүхэд  эрх баригчид “гомдоллож” суухаар хууль шүүхдээ реформ хийх нь тэдний ажил юм. Үнэндээ хуулийн сайд ам нээх болгондоо Монголын шүүх ялзарсан гэдэг. Тэгвэл ялзарсан шүүхээс ялзарсан шийдвэр л гарна шүү дээ.


Нэг сумаар хоёр туулай буудах АЖИЛЛАГАА!
2023-04-11 16:13:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ