Бямба, 2024-05-04
АТГ-аас иргэд шоу биш шударга ёс хүлээж байгаа шүү!

Албан тушаалаа урвуулан ашиглаж зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, улсын өмч хөрөнгө завшсан хэрэгт яллагдагчаар татагдаж,  Төрийн ордноос төрхөмдөө буцсан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын оффист АТГ-ын мөрдөн байцаагчид гэнэтийн нэгжлэг хийжээ. Гэхдээ камерын өмнө олон нийтээр гэрч хийж байгаад. Ингэснээрээ АТГ авлигатай сайн тэмцэж байна гэхээсээ хамгийн гол нь  цагаан захтнуудын холбогдсон авлига, хулгай, луйврыг илрүүлэх, хуулийн хариуцлага тооцох ажиллагаа шоу болоод дуусах эрсдэлтэй харагдав, хардагдав.  “Дуутай тэнгэр хургүй” гэгчээр.

Камерын өмнө бусдыг баривчлах, эд хөрөнгөнд нь нэгжлэг хийх, компанийг нь булаадаг жүжигчилсэн тоглолт Монголд, хууль хүчнийхний дунд моод болоод удаж байна.  Салхитын мөнгөний ордыг булааж авахдаа ч, сахал Д.Эрдэнэбилэгийг баривчлахдаа ч хууль, хүчнийхэн камерын өмнө үзүүлэх тоглолт хийсэн. Үр дүнд нь Монгол Улс авлигын индексээр 16, ардчиллын индексээр зургаан байр ухарлаа.

Нэг хэсэг нь амьдрахын тулд гуйлга гуйж суухад нөгөө хэсэг нь алтан морьтой болтлоо баяжсан нь Монголын эмгэнэл юм.  Авлигын индексээр дэлхийд 116 байрт бичигдэнэ гэдэг төрд авлига хэр хэмжээнд очсоны илрэл агаад цаашдаа авлигатай тэмцэхгүй бол гуйлга гуйх иргэдийн тоо улам нэмэгдэнэ, эцсийн бүлэгт улсаараа уланд орно гэсэн үг.  Улаанбаатарын утаа, түгжрэл, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хэтийдсэн ачаалал, иргэдийн ядуурал, ажилгүйдэл, өвчлөл гээд өнөөдрийн зовлонгийн эх нь авлига. Нийт хүн амын 900 мянга нь ядуу амьдарч байгаагийн шалтгаан нь улстөрчдийн авлига, хулгай. Монголын эдийн засагт мөнгө байхгүй юм биш, Монголын улс төрд хулгай, луйвар, авлига нь гаарсан.  Авлигачдаас болж 2022 онд таван их наяд 24 тэрбум 895 сая  төгрөгийн хохирол учирсан. Үүнээс мөрдөн байцаалтын явцад хоёр их наяд, 374 тэрбум 934 саяыг нь нөхөн төлүүлж, гадаадаас 12.2 сая ам.долларын хөрөнгийг буцаан авч, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон байна. Энэ бол баригдсан, илэрсэн авлигал. Үүний ард баригдаагүй, илрээгүй авлига далд эдийн засагт хэдэн их наядаар тоологдож буйг хэлэх боломжгүй.   Иймээс авлигатай тэмцэх нь зөвхөн Л.Оюун-Эрдэнийн тэмцэл биш, ард иргэдийн тэмцэл байх учиртай.  Тэр тусмаа хуулийн ард нуугдсан хулгайчидтайгаа тэмцэхгүйгээр авлигатай тэмцэх боломжгүй, ардчиллыг хамгаалах бүр ч бололцоогүй.

УЕП-оос өнгөрөгч гуравдугаар сард мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэх үндэслэлээр Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ хүлээж авсан.  Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан шалтгаанаа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Хэрэв түдгэлзэлгүйгээр шалгуулна гэх юм бол хэрэг дээр ажиллаж буй мөрдөгч, прокуроруудад эрсдэл үүснэ” гэж тайлбарласан.  Ингээд АТГ-ын мөрдөгчдөд ордонд орж тэдний оффисийг хуулийн дагуу нэгжих боломж гарч ирсэн нь ойлгомжтой. Мөрдөн шалгалтын явцад оффист нь нэгжлэх хийх, нүүрсний хулгай, авлига, луйвартай нь холбоотой эд мөрийн баримт олох шаардлага гарсан байх, үүнийг үгүйсгэхгүй.

Т.Аюурсайхан нь 2016 онд анх УИХ-ын гишүүн болохдоо энгийн нэгэн орон сууцанд амьдардаг байсан бол долоон жилийн дараа хөрөнгө орлого нь 1.6 тэрбумаар өссөн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй болтлоо баяжиж, дотны анд  Б.Ганхуяг нь жирийн нэгэн цэцэрлэг ажиллуулдаг эгчийгээ үл хөдлөхийн "босс" болтол томруулсан шалтгааныг нь хууль шүүх шударгаар тогтоох ёстой, шалгах ёстой. Ямар ч үзүүлбэр, энтертайментгүйгээр Эрүүгийн хянан шийтгэх хуулийнхаа дагуу нэгжлэг хийх ёстой. Гэлээ гээд хоосон сүрийг үзүүлбэл  мөрдөн шалгах ажиллагаанд саад учирч, авлигачдад ашигтай, тэд ял завшиж болзошгүй. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн попорлыг ойлгож болох боловч хууль, шүүх нь популизм хийж болохгүй юм.  Тэгвэл  эрх баригчдын амлах хуулийн засаглал нь өөрөө тахилын ямаа болж хувирна.

Тэгэхээр АТГ-ын өчигдрийн жүжигчилсэн тоглолтоос хамгийн их хожих нь Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нар агаад  олон нийтийн анхаарал хууль, шүүхийн энтертайментад татагдах хойгуур тэд ял наймцаалцаж, ял завших магадлал өндөр гэсэн үг. Чоно борооноор, муу хүн дүйвээнээр гэлцдэг.

Жишээ нь, олныг шуугиулаад  байсан 800 хятадын хэрэг юу болов. Замын-Үүдийн мафитай зад тэмцэнэ гэсэн яалаа. Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарал “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ дээр төвлөрөх хойгуур Кёкүшюүзанбатбаяр, Т.Баясгалан хоёрыг шүүх цагаатгачихлаа.  Хуулийн сайд Х.Нямбаатар нь гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн гээд тэднийг нэр устай зарласан атал?!

АТГ-аас бэлтгэсэн  "Алдагдах шахсан Монголын баялаг" баримтат нэвтрүүлгийн гол эзэд болох Салхитын мөнгөний хоёр хятад  хаачсан бэ.  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэл авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг камерын өмнө суллаж, хуулийн сайд асан нь эгээтэй л хадаг сүүтэй угтах нь холгүй байсан. Тэднийг эрүүдэн шүүлгүйгээр мөрдөн шалгаад ир гэж шүүхээс прокурорт даалгавар өгсөн нь  юу болов. Гэх мэтчилэн хэр их дуулиан тарина, тэр хэрэг замхардаг, хэн нэгэн ял завшдаг явдал цөөнгүй.

Т.Аюурсайханы хувьд  үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан, түүнийг 11 хүнтэй уулзахыг хориглосон. Мөн 119 хүнийг түүний гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан аж. Харин Д.Бат-Эрдэнэ мөнгө угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэгт яллагдагчаар татагдсан. Түүнтэй холбоотой гэх 66 хүнийг гэрчээр дуудаж, 11 хүнийг яллагдагчаар татсан бий. Олон нийтийн зүгээс шоу үзэхээс илүүтэй нүүрсний экспортоос эдийн засагт орж ирэх ёстой мөнгийг дундаас нь хулгайлж, үндэслэлгүй баяжсаныг нь үнэн зөвөөр нь шалгаж, мөрдөөд шударга ёс, хуулийн засаглалыг тогтоогоод өгөөч гэж хүсээд байгаа юм.  Түүнээс үзсэн киноныхоо дүрд өөрсдөө тоглоод явбал нэмэргүй. Тэртээ тэргүй, Төрийн ордоноор дүүрэн жүжигчид, хаа сайгүй инээдмийн болон эмгэнэлт драмд тоглоод явж байна даг.

Засгийн газар усан туулай жилийг авлигачдад хатуу, ард түмэнд ээлтэй жил болгоно гэсэн. УИХ нь  хаврын чуулганыг авлигын эсрэг чуулган байх болно гэж амалсан.  УИХ-ын гаргасан хууль, тогтоол, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь хууль, шүүхийнхэн. Гэтэл хууль шүүх нь энтертаймент хийвэл авлигын эсрэг реформ амьдрал дээр хэрэгжих биш цаасан дээрх ажиллагаа болж үлдэнэ. Нүүрсний хэргийг үнэн зөвөөр, хэн нэгэнд ял завшуулалгүй, хэн нэгнийг хэлмэгдүүлэлгүй мөрдөн шалгахын тулд АТГ гүйцэтгэх ажиллагаагаа камерын өмнө хиймээргүй байна. Тиймээс ахиад хэлье, АТГ-аас иргэд шоу биш шударга ёс хүлээж байгаа шүү гэж!


АТГ-аас иргэд шоу биш шударга ёс хүлээж байгаа шүү!
2023-04-14 13:17:17
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-20 08:23:30
    Зочин: Удахгүй бүгд хэрэгсэхгүй болно гэдгийг Ванга шиг шууд хэлчихье, баталгаатай шүү. Аюурсайханд алтан морь 3ш баыгаа, 2 нь хураагдсан бололтой.
Шинэ мэдээ