Бямба, 2024-05-04
Гурван хууль ба ГУРВАН АМБИЦ

Цаг үеийн тохироо нь бүрдсэн үү, цаанаа тохирсон уу, ямартай ч Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн ирээдүйг тодорхойлох, наашлаад парламентын чадамж, гүйцэтгэх засаглалын бие даасан байдалд нөлөөлөх, цаашлаад улс орны ардчилал, аюулгүй байдлыг хамгаалах “үүрэгтэй” гурван хуулийн реформ хар туулай жилийн хаврын улс төрийн халуун сэдэв болов.  Гол нь хэний зураг Төрийн ордны хананд, хэний нэр түүхэнд үлдэхээс илүүтэй, зорилго нь хэн нэгний эрх ашгийг хангаж, хэн нэгний эрх мэдлийг дархлахдаа бус нэг нь нөгөөгөөсөө хамаарал бүхий уг гурван хуулийн /Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт/ реформын  хүрээнд Монголын улс төр цэвэршиж, нийгмийн асуудлууд цэгцлэгдэж, эдийн засаг цэцэглэх ёстой.  Эцсийн бүлэгт Монголын ардчилал, аюулгүй байдал хамгаалагдах учиртай. Түүнээс 2024 оны сонгуульд Л.Оюун-Эрдэнийн МАН ялна уу, Л.Гантөмөрийн АН ялна уу, бүр зуудугаар асуудал юм.

Нэг: Сонгуулийн хууль

Өнгөрөгч Баасан гаригаас эхлээд  УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ажлын хэсэг нь нэг, хуулийн төсөл нь хоёр.  Нэг ажлын хэсгээс нэг өдөр УИХ-ын даргад өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн хоёр төсөлд эрх баригчид болон сөрөг хүчин ирэх 2024 оны сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулахаар  санал нэгдэж, эсрэгээрээ жагсаалтын тоон дээр зарчмын зөрүүтэй саналтай байгаа.  МАН-ын зүгээс  38:38, АН-ын зүгээс 48:28 гэх саналыг дэвшүүлсэн. Гэхдээ жагсаалтын талаарх “зарчмын зөрүү”-гээ  тэд Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэл, ҮХНӨ-тэй уялдуулж, нэгтгэх нь тодорхой байна. Учир нь ҮХНӨ-өөр 78:78 гэсэн хувилбар ч сонсогдох болсон. Энэ нь хэн нэгний амнаас санамсаргүйхэн унасан тоо лав биш.  Гэхдээ эцсийн хувилбар бүр биш. Хэлэлцүүлгийн явцад хэдэн ч санал гарч магадгүй, ерөөл бэлгэдлийг нь бодсон ч эрхиний 108 гэх тоон дээр унах чигтэй байгаа. АН-ын засгийн үед Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр парламентын гишүүдийн тоог 99 болгох, таван жилээр сонгох ҮХНӨ-ийг УИХ-д өргөн барьсан ч парламентын босгыг давж чадаагүй юм. Атаат таван тэнгэр, 99 тэнгэр гэж шашинлиг тайлбараасаа болсон юм биш л лээ, Ардын намын бүлэг, жишээ нь Ц.Нямдоржоос эхлээд дэмжихгүй гээд "мурьчихсан" байдаг.

Улс төрийн намуудын захиалсан пропорциональ хувилбар нь намуудын авсан саналыг парламентын суудалд хувь тэнцүүлэн хуваарилдаг, энэ утгаараа сонгогчдын санал хамгийн бага гээгддэг тогтолцоо юм. 1992 онд анх холимог системээр сонгууль явуулж, АН олонх болж байсан бол 2012 онд  сонгуулийг холимог хувилбараар явуулснаар УИХ-д АН 34, МАН 26, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН хоёр суудал авч, гурван бие даагч ялалт байгуулж байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд АН засгийн эрх барьсан нь пропорциональ тогтолцооны үр дүн юм.  Харамсалтай нь, АН улс төрийн шинэчлэлээсээ ухарч, 2016 онд Үндсэн хуулийн цэцээр пропорциональ тогтолцоог Үндсэн хууль зөрсөн гэх шийдвэр гаргуулснаар МАН дангаараа долоон жил засгийн эрх барьж, АН долоон жил гудамжинд лааз өшиглөж яваа билээ.

Монгол Улс парламентын засаглалд шилжсэнээс хойшхи найман удаагийн чөлөөт сонгуулийн зургааг нь мажоритори тогтолцоогоор явуулсан байдаг. Мажоритори тогтолцоонд үргэлжид хождог нь МАН.  Жишээ нь, 2020 оны сонгуульд нийт саналын 44.9 хувийн дэмжлэгтэйгээр МАН парламентад 62 суудал авсан. Харин холимог тогтолцоогоор бол МАН 34 суудал авах байжээ. Харамсалтай нь, ялахын зовлон засаглахдаа гэдэг.   Тэр тусмаа үнэмлэхүй ялалт нь үнэмлэхүй зовлон болохыг МАН ч, монголчууд ч  яс махаараа мэдэрч, ойлгож байна.

Тиймээс 2024 онд Л.Оюун-Эрдэнэ үнэмлэхүй зовлонгоосоо салах хүсэлтэй, Л.Гантөмөр засагт сонирхолтой, С.Баярын 2008 онд хэрэгжүүлсэн стратеги ирэх онд Монголын улс төрд давтагдах магадлал өндөр байна.

Хоёр: Улс төрийн намуудын тухай хууль

Сонгуулийн хуулийг парламентаар хэлэлцэхтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн институциас Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Долоон бүлэг 46 зүйлтэй уг хуулийн зорилго нь Монголын улс төрийн намуудын  эрх зүйн орчныг сайжруулах, хариуцлагажуулах, шилэн болгох тухай.

Гурван сая хүнтэй Монголд  35 нам бүртгэлтэйгээс үйл ажиллагаа явуулж буй нь нэн цөөн. Институцийн хэмжээнд төлөвшсөн нь өнөөдөртөө ганц МАН байна. Парламентад суудалтай АН, ХҮН хоёрын хувьд нэг гэрээ, нөгөө нь төрөө засч чадаагүй яваа нь бодит үнэн. АН гэхэд арай гэж малгай тавих толгойтой болсон.  ХҮН хувьд анх удаа парламентад ганц суудал авсан.  Бусад  нь жагсаал, цуглаан, сонгуулиар гарч ирдэг, улс төрийн наймаа хонжоо болгодог халаасны, компанийн, шахааны, шантаажны нам Монголд 30 гарсан. Н.Энхбаяр гэхэд хүүгээ “эрхэм” гишүүн болгохын тулд эгнээндээ 50 мянган гишүүнтэй МАХН-аа МАН-д зараад идчихсэн.  Л.Гүндалай гэхэд эхнэртээ “Ард түмнээ аваръя” намаа алчуур болгоод бэлэглэчих жишээний. Монголд компани байгуулснаас нам байгуулбал амар хялбар баяжина, хөлжинө. Мал биш нам дагавал ам тостдог болсон.

Үндсэндээ, Монголын намууд улаан, цэнхэр, ногоон, ягаан өнгөнөөс өөр ялгарал алга. Ярьдаг нь популизм, амалдаг нь халамж.  Үзэл баримтлал, үнэт зүйл үзээд өгье гэхнээ байхгүй. Харин хэн нь илүү авлига авч, хулгай хийх вэ гэдгээрээ улс төрийн намууд уралддаг болсон, уралцдаг болсон.

 Ямар ч засаглалтай оронд төрийн эрхийг улс төрийн намаар дамжуулан барьдаг. Төлөвшөөгүй намууд төрөө нураах эрсдэлтэй. Буфер улсын хувьд бидэнд зовлон их. Тиймээс Монголын улс төрийн намууд төлөвших, бодлогын нам болох, хариуцлагатай байх нь  нэгэнтээ нийгэм, эдийн засгийн захиалга болоод удсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаад улс төрийн намуудыг цэвэрлэгээ хийхээр болсны хоёр шалтгаан нь нэгд ардчилал, хоёрт аюулгүй байдал. Төлөвшөөгүй намууд төрөө нураах эрсдэлтэй. Тиймээс18 жилийн дараа  өргөн барьсан Улс төрийн намуудын тухай хууль хэрэвзээ УИХ-ын босгыг давж чадах юм бол намаараа наймаалцдаг үзэгдэл арилна.  Өмнө нь цүнхтэй мөнгө намдаа бэлэглээд сайдын суудлаар шагнуулдаг нь жирийн үзэгдэл байлаа.  Тэгвэл хууль батлагдсанаар намууд дансаа шилэн болгоно. Хэн, хэдийг хандивласан бэ гэдэг олон нийтэд ил тод болно гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд аль нэг намд 26 саяас ихгүйг хандивлахаар, ингэхдээ охин компани болгоноороо дамжуулан намуудыг угждаг байдлыг халах, улс төрийн намууд сар, жил болгоныхоо тайланг СЕХ хүргүүлэхгүй бол үйл ажиллагааг нь идэвхгүй болгох, сонгуульд оролцохыг нь хориглох гэх мэтээр улс төрийн намуудыг шигшинэ. Үүнийг ядаж эсэргүүцэх нам, улстөрч өнөөдөр байхгүй болсон нь юм яаж муудсан ч сайн тал руугаа явж байдгийн жишээ. Ядаж л парламентад суудалтай гурван нам нь Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх ёстой гэдэг гар өргөж байгаа нь яамай.

Гурав: ҮХНӨ

Хэдийгээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад танхимын сайдаа чөлөөлөх, томилох эрх мэдлийг олгосон ч У.Хүрэлсүх ч, Л.Оюун-Эрдэнэ ч намын Удирдах зөвлөлөөсөө хараат, “власть”-аа бүрэн авч чадаагүй явна. Хэрэвзээ, Л.Оюун-Эрдэнэ супер эрх мэдэлтэй Ерөнхий сайд байсан бол юу гэж Ц.Даваасүрэнг Барилга хот байгуулалтын сайдаар, Х.Болорчулууныг ХХААХҮ-ийн сайдаар, Б.Бат-Эрдэнийг очиж, очиж Олимпизм хариуцсан сайдаар томилох билээ.

Нэг талаасаа У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гурав өнөөдөртөө нэг намын, нэг фракцийнх тулдаа Засгийн газар нь тогтвортой байгаа нь үнэн. Нөгөө талаар Ардын намын бүлэг дангаараа баталсан /АН-ын бүлэг санал хураалтад оролцоогүй/ ҮХНӨ-ийн хүрээнд Засгийн газрын сайд нарын томилох, чөлөөлөхөд УИХ шууд оролцохоо больсон нь дугдаж наслалт нь 1.5 жилээр яригддаг байсан гүйцэтгэх засаглалыг тодорхой хэмжээнд тогтвортой байлгахад нөлөөлж буй тал бий. Үүнээс өмнө засаг огцрох нь хууль хэлэлцэж батлахаас ч амархан байдаг байлаа. АН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг, МАН-ынхан Ж.Эрдэнэбатын засгаа огцруулж байсан нь гашуун сургамж улс төрд хангалттай бий. Магад  хажуугаасаа  Д.Амарбаясгалангийн, хойноосоо У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй байгаа тулдаа анд нөхөдтэйгөө, авлигачидтай ил цагаан дайн зарлаж, эрх ашиг нь хөндөгдсөн эсвэл сүүлэн дээрээ гишгүүлсэн Монголын хамгийн баян бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг огцруулах санаа байвч сачий нь хүрэхгүй яваа биз. Гэхдээ У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гурвын Монголын улс төрд уламжлагдсан ёсоор бол зам салах нь цаг хугацааны асуудал. Үүрдийн эрх ашигт улс төр үйлчилдэг тул.  Тэгээд ч тэд үргэлжидҮАБЗ байхгүй нь нэн ойлгомжтой.

Иймээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгоогүй нөхцөлд Монголын улс төр гурван толгойтой мангас хэвээр байна. Гэхдээ олон нийт Ерөнхийлөгчийг сөрөг хүчин гэж хардаг, У.Хүрэлсүхийн биологийн нас, улс төрийн нас ид үедээ яваа тохиолдолд түүний карьерт нөлөөлөх өөрчлөлтийг Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар хийж чадах нь юу бол. Тиймээс тэдний хийхээр төлөвлөсөн, Ерөнхийлөгч болоод намуудтай тохирсон ҮХНӨ бол гишүүдийг тоог нэмэх тухай л юм.

Өнөөдрийн 76 гишүүнийг хэн нэгэн худалдаж аваад төр эргүүлэх нь амархан болсон. Жишээ нь, нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Наранбаатарыг бүлгийн шийдвэрээ зөрөөд гишүүд нь бүрэн эрхийнхээ хүрээнд аваад үлдчихэж байна. Иймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр парламентын дархлаа хамгаалагдах, ядаж л гурван сая хүний хувь заяаг шийдэх хуулийг 30 хүн хэлэлцдэггүй болно гэж эрх баригчид ярьж, хэлж яваа. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Төр дээд байгууллагад бүх салбарынхны оролцоог нэмэгдүүлэхийн тулд гишүүдийнт тоог нэмэх ёстой юу гэвэл ёстой.

Нөгөө талаасаа засаглалын тэнцвэргүй байдал Монголын улс төрийн ужиг өвчин болсон. 76 гишүүний 20 хувь нь давхар дээл нөмөрчхөөр Засгийн газар нь хүчтэй гэхээсээ нөлөөтэй болж хувирдаг. Тэгэхээр  152 гишүүнтэй болсон тохиолдолд 20 хувь Засгийн газрын гишүүн болсон гэхэд УИХ , Засгийн газар тэнцвэртэй байдлаа хадгалж чадах бололцоотой. Гэвчиг  усан туулай жилд улс төрд үндсээр нь цэвэрлэгээ хийх эсэхийг, эцсийн шийдвэрийг ҮАБЗ биш үнэмлэхүй олонхи гарна. 


Гурван хууль ба ГУРВАН АМБИЦ
2023-04-18 13:44:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ