Бямба, 2024-05-04
“Хар Баасан гариг”-т хамгийн олон баривчилгаа хийдэг үү?

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-д “… Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно…” гэж заасан.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр эрх чөлөөтөй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй” гэж заажээ. Гэвч Монгол Улсад хүний халдашгүй чөлөөтэй байх эрх ноцтой зөрчигдсөөр ирэв.

ШҮҮХИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИВЧИЛСАН СЭЖИГТЭНИЙ 42.1 ОРЧИМ ХУВИЙГ 24-48 ЦАГ ХОРЬСНЫ ДАРАА СУЛЛАЖЭЭ

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 22 дахь илтгэлийг УИХ-д хүргүүлж, тодорхой хэлэлцүүлгүүд өрнөж байна. Тус комиссоос энэ удаагийн илтгэлд хүний эрх чөлөөг хязгаарлах онцгой төрөл болох, сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнд дүгнэлт хийжээ. Мөн бүх насаар хорих ял, ганцаарчлан хорих ял эдлүүлж буй байдал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй эрхийг хязгаарлах эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, дүгнэлт санал боловсруулсан байна.

ХЭҮК-т сүүлийн таван жилийн байдлаар нийт 4165 гомдол ирснээс халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд 722, эрүү шүүлтээс ангид байх эрхтэй холбоотой 157, хууль бусаар баривчлахтай холбоотой 61, хууль бусаар цагдан хорихтой холбоотой 257 гомдол иржээ. Шударгаар шүүлгэх эрхийн хүрээнд нийт 834 гомдол ирснээс хилс хэрэгт холбогдсон тухай 328, нотлох баримт шалгуулах асуудлаар 55, шүүхэд гомдол гаргах талаар 102, хууль зүйн туслалцаа авах 297, хохирол нөхөн төлүүлэх 52 гомдол тус тус иржээ.

Түүнчлэн НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд сэжигтэнийг баривчлах ажиллагааны 98-99 хувь шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хийгдсэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг үр дүнгүй явагддаг, хорих ангиуд дахь хүний эрхийн нөхцөл байдал сайнгүй байгаа талаар дурдсан байна.

Сүүлийн гурван жилийн байдлаар сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчилсан судалгааг харвал, 2020 онд 793 буюу 99.3 хувь, 2021 онд 809 буюу 98.5 хувь, 2022 онд 1075 буюу 99.7 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа байсан бол үлдсэн хувьд шүүхийн зөвшөөрөлтэй баривчилжээ. Шүүхийн зөвшөөрөлгүй нийт баривчлах ажиллагааны 60-аас дээш хувь “хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн үндэслэлтэй байсан аж.

Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааг хэрэгжүүлсэн байдлыг өдрөөр нь авч үзвэл, 2020 онд 59.4 хувь, 2021 онд 61.4 хувь, 2022 онд 59.3 хувь нь ажлын өдөрт (Баасан гаригийг оруулахгүйгээр) хамаарч байгаа бол 2020 онд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан сэжигтэний 79.2 хувийг, 2021 онд 87.4 хувийг, 2022 онд 88.6 хувийг ажлын бус болон шөнийн цагаар баривчилжээ.

Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж саатуулсан хугацаагаар нь ангилан үзвэл, 2020 онд 735 буюу 66.7 хувь, 2021 онд 375 буюу 52.8 хувь, 597 буюу 61.1 хувь нь 48 цаг хүртэл саатуулсан байна.

Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад, үргэлжлүүлэн цагдан хорьсон тохиолдол 2020 онд 448 буюу 56.4 хувь, 2021 онд 496 буюу 61.3 хувь, 2022 онд 595 буюу 55.5 хувийг тус тус эзэлж байна. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан сэжигтний 42.1 орчим хувийг 24-48 цаг хорьсны дараа суллажээ.

Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нийт тохиолдлын 60 орчим хувийг “хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн үндэслэлээр, 42.1 хувийг 24-48 цаг хүртэл хугацаагаар, 84 орчим хувийг ажлын бус болон шөнийн цагаар баривчилсан аж. Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааг Монгол Улсад түгээмэл үйлдэгддэг болон нийгмийн хор аюулаар ихтэй хэргүүдэд ихэвчлэн хэрэглэж байгаа аж. Тухайлбал: 46.3 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт, 16.1 хувийг хүний амьд явахын эсрэг гэмт хэрэгт, 4.7 хувийг авлигын гэмт хэргийн сэжигтэнд хэрэглэжээ.

Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-ын мэдээгээр, 2020-2022 онд нийт 2674 сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, үүнээс 1079 буюу 40.3 хувийг нь шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр сулласан байна. ХЭҮК-оос шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр суллагдсан 864 хүний хувийн хэрэгт дүн шинжилгээ хийсэн бөгөөд энэ нь 2020-2022 онд баривчлагдаад суллагдсан нийт тохиолдлын 76.1 хувийг эзэлжээ.

Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоолд дурдсан үндэслэлийг ЭХХШтХ-ийн холбогдох заалт бүрээр нь авч үзвэл, 3.2 хувь гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан, 22.5 хувь нь энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд, 15.6 хувь нь гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан, 7.9 хувь нь тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн гэсэн үндэслэлийг тодорхой бичсэн бол 418 буюу 48.3 хувь нь хуульд заасан үндэслэлийг давхардуулж бичсэн, үүнээс 170 буюу 19.6 хувьд 4 үндэслэлийг бүгдийг нь дурдсан бол 16 буюу 1.9 хувьд нь баривчилсан үндэслэлийг дурдаагүй байна.

ХУУЛИАР ТОГТООСОН ХУГАЦААГ ХЭТРҮҮЛЭН ХҮНИЙГ СААТУУЛАХ НЬ ХУУЛЬ БУС, ДУР МЭДЭН СААТУУЛАХ ҮЙЛДЭЛ, ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ

ХЭҮК-ын судалгаагаар, “Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан” гэх үндэслэлийг дангаар нь хэрэглэж 135 хүнийг баривчилжээ. Сэжигтэнийг “хүнийг алах”, “хээл хахууль авах”, “үндэслэлгүй хөрөнгөжсөн”, “бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулж, цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, биед нь халдсан”, “цахимаар залилсан”, “албан тушаалаа урвуулан ашигласан”, “эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, “нүүрсэн яндан хулгайлсан”, “хутга барьж бусдыг алахыг завдсаны улмаас иргэн унаж гэмтсэн”, “утас, хөөрөг хулгайлсан”, “мөнгөний автомат машинаас (ATM) мөнгө завшсан” гэх мэт хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад, 24-48 цагийн дараа "үндэслэл тогтоогдоогүй" гэх шалтгаанаар суллажээ. Энэ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг болон сэжигтэнд оногдуулж болох ялын төрөл, хэмжээг үл харгалзан баривчлах боломжийг олгосон эрх зүйн зохицуулалт, нөгөө талаар, мөрдөн шалгах болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч албан тушаалтны субъектив хандлагаас хамаарч харилцан адилгүй хэрэглэх боломжтойг харуулжээ.

Шүүхийн хяналтыг сайжруулах өөр нэг хэлбэр нь шүүх прокуророос ирүүлсэн сэжигтэнийг баривчлах тогтоолын үндэслэлийг тухай бүр шуурхай хянаж шийдвэрлэдэг байх явдал байна. ЭХХШтХ-д заасан мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага болон прокурорын байгууллага 24 цагийн горимоор ажилладаг бол төв, орон нутгийн хэмжээнд шүүх ийм горимоор ажиллаж жигдрээгүй байгаагаас шалтгаалан ажлын бус цаг, эсхүл амралтын өдрүүдэд сэжигтэнийг баривчилсан тогтоолыг хянуулахад зарим талаар хүндрэл учирдаг байна. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд сэжигтэнийг баривчлах ажиллагааг ажлын бус өдөр, ялангуяа Баасан гарагт эсхүл ажлын бус цагаар хийдэг гэх шүүмжлэл түгээмэл гардаг.

ХЭҮК-ын судалгаагаар, сүүлийн гурван жилийн байдлаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нийт сэжигтний 587 буюу 68.7 хувийг ажлын өдөр, 207 буюу 23.9 хувийг долоо хоногийн амралтын өдрүүдэд баривчилсан бол үүнээс 9.3 хувийг нь Баасан гаригт баривчилсан байна.

Дээрх судалгаанаас үзэхэд, Лхагва гаригт сэжигтнийг баривчилсан тохиолдол хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бол Баасан гаригт хамгийн бага байдаг аж.  Харин Баасан гаригт баривчилсан тохиолдолд уг арга хэмжээ шүүхээр хянагдахгүй байх явдал өндөр хувьтай байгаа нь анхаарал татсан асуудал.

Тухайлбал, ХЭҮК-ын судалгаагаар, Баасан гаригт баривчлагдсан сэжигтэнийг шүүхийн хяналтгүйгээр 48 цаг саатуулсан тохиолдол 65.3 хувь, 48 цагаас илүү хугацаагаар саатуулсан тохиолдол 9 хувь байгаа бол тэдний 91 хувийг прокурор, баривчлах байрны дарга суллажээ.

Сэжигтэнийг баривчилсан цагаар нь авч үзвэл, ажлын цагаар буюу 08:30-17:30 цагуудад 42 сэжигтэнийг, ажлын бус цаг буюу 17:30-08:30 цагуудад 758 сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй тус тус баривчилсан бол 64 хүний баривчилсан цагийг хувийн хэрэгт нь тэмдэглээгүй байлаа. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд хэрэгт холбогдох нотлох баримтыг цуглуулсан, оршин суугаа газар, албан газар, үйл ажиллагаа явуулдаг байршил нь тодорхой хүний хувьд аль болох ажлын бус цагаар баривчлах ажиллагаа явуулахгүй байх нь хүний эрхийн зарчимд нийцсэн мөрдөн шалгах ажиллагаа болохыг ХЭҮК зөвлөжээ.

БНФУ-ын ЭХХШтХ-д дуудан ирүүлэх, баривчлах, эрэн сурвалжлах захирамжийг хэрэгжүүлэх ажиллагааг иргэний орон байрт 21:00-06:00 цагийн хооронд гүйцэтгэж болохгүй гэж заасан бөгөөд манай улсын хувьд нэвтрүүлж болох туршлага аж.

ХЭҮК-ын судалгаанд хамрагдсан шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 864 сэжигтэний 178 нь 24 цаг, 429 буюу 49.6 хувь 48 цаг хүртэл, 160 буюу 18.5 хувь нь 48 цагаас хэтэрсэн бол 97 буюу 11.2 хувьд баривчилсан хугацааг мөрдөгчийн тогтоолд тусгаагүй байна. Хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлэн хүнийг саатуулах нь хууль бус, дур мэдэн саатуулах үйлдэл, хүний эрхийн зөрчил юм.


“Хар Баасан гариг”-т хамгийн олон баривчилгаа хийдэг үү?
2023-04-27 12:18:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ