Хууль, хяналтын байгууллагынхны авлига нэхэж, дарамталдаг сүлжээний тухай баримтуудыг бизнес эрхлэгчид дэлгэж эхэллээ. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдсэн бүлэг прокурорын талаар болон 100 мянган ам.долларын авлига шаардсан хуулийнхны баримтыг ЕТГ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн. Түүнээс өмнө “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд бизнесээ хамгаалж үлдэхийн тулд дөрвөн сая ам.долларыг тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын төрсөн дүүгийн данс руу шилжүүлж байсан тухай баримтыг гаргаж байв. Мөн “Бавгар групп”-ийн гүйцэтгэх захирал Х.Оюун ЦЕГ-ын хурандаа нар “Хууль сахиулах-1” хотхон бариулах нэрээр хоёр пентхаус, 30 орон сууц өгөхийг шаардсан. “Үгүй бол 320 сая төгрөг бэлнээр өгчих. Танай санхүүжилтийг гаргаж өгнө зэргээр дарамталсан” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү бизнес эрхлэгчид авлигын хэрэгтэй холбоотой баримтуудыг дэлгэж, нийгэмд “шүгэл үлээж” эхэлсэн.
Тэгвэл иргэн Г.Буяндоржийн “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг шалгуулах хүсэлтийг ЕТГ хүлээн авч, холбогдох хуулийн байгууллагуудад шилжүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүсчээ. Уг асуудалтай холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газраас ч мэдэгдэл гаргаад байна. Мэдэгдэлд, баримтад нэр дурдагдсан П.Халиун 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн болохыг тодотгоод иргэний гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар холбогдох байгууллагад хандах болсон гэдгийг мөн дурдсан байна.
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж баримт өгөх үеэрээ “Би 1996 оноос хойш бизнесийн салбарт ажиллаж байна. Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалтай үйлдлийг онцлон хэлмээр байна. НПГ-ын хяналтын прокуророор ажиллаж байсан П.Халиун, прокурор Ж.Сандагсүрэн, Ц.Батболд нар надаас 100 мянган ам.доллар нэхэж, хэргийг тань ашигтайгаар шийдэж өгнө гэж тулгасан. Мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Гэтэл намайг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар таван удаа, 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан. Иймд нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх хэмээн итгэж байна” гэсэн билээ.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Буяндоржийн шүгэл ба прокурорын мэдэгдэл |
|