Бидний дээдэс талаар нэг тарсан нүүдэлчин Монгол байх үеэсээ л хар тамхи гээчийг нэг нүдээр үздэггүй байжээ. Их Монгол Улс задарч, олон ванлиг, ханлигт хуваагдаж явсаар гурван зууны тэртээ Манж Чин улсын эрхшээлд орсон гэж түүхчид бичдэг. Манжийн дарлалд 200 орчим жил болжээ. Харин биднийг эрхшээж байсан Манж Чин улс барууны явуулга болсон хар тамхинаас болж мөхсөн гэсэн түүх бий.
Ардын хувьсгалын үеийн кино, дууны урлагт хятад данжаадын ханзан дээр мансуурч суугаад дуусдаг сайхан монгол бүсгүйн гунигт түүх олон байдаг. Оргүй зүйл биш ажээ. Мөхсөн Манжийн хар тамхины аюул Монголд ч бас нүүрлэж байсан бололтой юм.
Учир иймээс тэртээ 1921 оны наймдугаар сарын 21-ний өдөр буюу Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын XI оны долдугаар сарын 18-ны өдөр Монгол Ардын Засгийн газрын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас “Хар тамхийг цаазалсан тухай бичиг” гаргаж байсныг хуульч Б.Оюунтуул эмхэтгэлдээ дурджээ. Уг бичигт “…Манай Дотоод Яамнаас, монгол хүн хар тамхи худалдан авч татахыг цаазлан зогсоох ба бас ч гадаадын хүн хязгаарт тээн оруулж худалдаалуулахгүй болгон шийтгэх явдлыг ерөнхийлөн шийтгэгч сайдтай зөвлөж нэгэнт зөвшөөрсний тул нийтээр зарлах ухуулах бичгийн тоог өөр өөрийн бичгийн сүүлд бичиж дугтуйнд агуулан үүнийг зарлан тушаавал зохих олон газруудад тус бүр хүргүүлэн явуулан тушаагаад өөрийн харьяат газар зарлан ухуулж үүр журамлан дагаж шийтгүүлсүгэй” гээд “…Басхүү нийслэлийн худалдааны зээл, Наймаа хот, олон хорооны газар өлгөж ухуулах бичиг тус бүр арваад хувийг тус тусын бичгийн дугтуйд агуулж үүнийг нийслэл Хүрээний цагдан цээрлүүлэх хороо, Нийслэл хүрээ, Наймаа хотын хурдалдааны иргэдийн захирах түшмэл, дөрвөн аймгийн суурин жасаанд хүргүүлэн тушаагаад, өлгөж ухуулах ба татаж худалдаалах нь буй аваас чангалан байцаан бариулж зохих газар хүргүүлэн цээрлүүлэн шийтгүүлсүгэй” хэмээжээ.
Эндээс харвал, 100 жилийн тэртээ Монгол Улс маань хар тамхийг хориглон, цээрлэх хатуу чанад хуультай байжээ.
Ардын хувьсгалаас хойш хар тамхины асуудал харьцангуй багассан талаар эх сурвалжуудад дурдсан байна. Мэдээж хэрэг энэ нь 70 жилийн турш барууныг хориглож, капитализмыг жигшсэн нийгэм байгуулж байсан үетэй холбоотой.
Харин 1990-ээд оноос хойш Монгол Улс нээж болох бүх “сүв”-ээ онгойлгож, дотогшоо гадагшаа урсгалыг чөлөөтэй тавьсан. Буяныг ч их гаргасан. Бузрыг ч багагүй оруулжээ.
Өөрөөр хэлбэл, сүүлийн 30-аад жилд хар тамхи гээч бага багаар ойртсоор, одоо дэргэд ирээд танай ч, манай ч хаалгыг тогших боллоо.
Хар тамхитай холбоотой гэмт хэргүүд ч тасрахаа болив. Өглөө бүрийг “шинэ мэдээ”-тэй угтдаг боллоо. Бэл бэнчинтэй хүмүүсийн угсаа залгамжлагчид, урлагийнхан, хууль хүчний байгууллагынхан, дипломатууд гээд хар тамхитай холбогдохгүй салбар ч үлдсэнгүй.
Эдгээрийн дотроос хар тамхитай холбогдсон урлагийнхан хамгийн их гайг тарьж байгаа юм.
Угаасаа урлаг гэдэг бол хүн гээчийг амьтнаас ялгаж, сэрэл сэтгэлгээ, оюун бодол, гоо зүйг сэрээдэг агуу зүйл юм. Онол нь иймэрхүү агуулгатай. Харин урлагийн хүн гэдэг бол биднээс дээрх бүх зүйлээрээ илүү мэдрэмжтэй, нэг үгээр авьяастай хүмүүс байдаг. Бүдүүхнээр хэлэхэд, “махкомбинатын улаа ямаа” гэсэн үг. “Ямаа” хаашаа вэ, бид араас нь шүү дээ.
Манийн үзэж уншсанаар Ардын хувьсгалаас хойш коммунизм байгуулахын тулд маш сайн зохиол, кино, дуунд төр хөрөнгө хаядаг байсан байгаа юм. Тэгээд л тэр үеийн сэхээтэн буюу дээрх төрлийн мэргэжилтнүүд хамгийн дээд зэргийн нэр хүндтэй, цалин шантай амьдардаг байжээ.
Учир нь тэд “улаан ямаа”-ны үүргийг нэр хүндтэйгээр гүйцэтгэж байсан хэрэг. Тиймдээ ч тэр үеийг “Алтан үе” хэмээдэг биз.
1990-ээд оноос байдал өөр болсон. Хөршөө дагаж савласан нийгмийн шилжилтийн давалгаанд урлаг гээч юм бараг сөнөсөн. Театр үзэгчгүй, жүжигчид нь Эрээн рүү “гахай” үүрч, ганзаганд гүйдэг болсон. Олон сайхан дуучин, жүжигчин архин далайд живсэн дээ. Бас ном дэлгүүрийн дангуунаас бууж хонгилд овоорох болсноор зохиол гэдгийг туурвих байтугай унших хүнгүй болсон.
Энэ үед ганц хошин шогийнхон л урлагийн нүүрийг тахалж Драмын театр, Соёлын төв өргөө, МҮЭСТО-нд үзэгчдийг дүүргэсэн тоглолт хийдэг болсон. Нийгэм хямрахаар хошин урлаг манддаг гэдэг. Хошин урлаг одоог хүртэл тайзнаас буугаагүй, үзэгчдээ алдаагүй байна. Энэ нь манай нийгмийн хямрал дуусаагүй байна л гэсэн үг.
Үүнээс гадна сүүлийн үед урлагийн тоог нэмж, урлагийнхны бүлийг нэмсэн төрөл бүрийн дууны шинэ урсгалууд, клип хэмээх жүжигчдийг ажилтай байлгадаг жанрууд эрчээ авсан. Тэндээс “од”-ууд төрдөг болов. Энэ бүхнийг улиглахын учир нь сонгодог урлаг, драмын урлагийнхны хэзээ ч ойртохгүй хар тамхины “дистрибьютер” нь иймэрхүү урлагаар “од” болсон нөхдүүд болоодохлоо. Хар даа, хар тамхи хэн хэрэглэж, хэн тээвэрлэж, хэн борлуулсан хэрэгт холбогдож байна вэ!?
Хэвлэлийн мэдээ, цагдаагийн мэдээллээр охидын “Extacy” хамтлагийн гишүүн нэгэн бүсгүй, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “А-Сареllа” хамтлагийн нэр бүхий гишүүд ял авч, шийтгүүлээгүй болохоос ийм хэрэг явдалд нэр холбогдож байлаа. “Айс Топ” хамтлагийн С.Чулуунбаатар, Д.Манлайбаатар нар, “Гаис” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Дон Диор, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, “Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр гээд явж өгнө. Хамгийн сүүлийн кэйс гэвэл хэд хэдэн кино, клипэнд тоглосон жүжигчин Б.Энхтүвшин, Т.Билэгжаргал, дуучин Б.Амархүү нар байна.
Үнэнийг хэлэхэд тэдэнд ингэж Монголдоо дайсагнах эрх байхгүй. Бид үндэсний бөхийн хэдийгээ л олны хайр, буян даадаггүй гээд загнаад байдаг. Тэд авдаг нь үнэн л дээ. Гэхдээ хар тамхи мэтийг хэзээ ч хэрэглэж буяндаа бузар хийхгүй. Спортын хүн угаасаа болохгүй.
Харин эдгээр урлагийн “одод” бол жинхэнэ утгаар нь олон түмний хүндлэл рүү ус цацаж байгаа юм. Яс юман дээр, олон түмэн гээд ч байх юмгүй л дээ. Энэ хэдийг манай хүүхэд, залуус сонсож, үзэж “од” болгосон. Одоо ч үздэг. Монголын ирээдүйн иргэдийг тэр яриад байгаа гоо зүй, оюун бодлоор нь хүн болгох үүрэгтэй гээд байгаа хүмүүс шүү дээ.
Миний, таны, та бидний үр хүүхэд, ирээдүйг амьтнаас ялгаж хүн болгоход хөтлөх “улаан ямаа”-нууд нь тэд гэсэн үг.
Нөгөөтэйгүүр илрээд баригдаад байгаа нь л энэ хэд шүү. Дэл сул, баталгаагүй яриа, мэдээллээр бол Монголын урлагийн бүх салбарыг хар тамхинаас цэвэрлэх хэрэгтэй.
Энэ үүрэг урлагт олон жил амьдарсан, урлагаас хоолоо олж иддэг нөхдүүдэд ч хамаатай. Нэг тийм бэртэгчин нөхдүүд эдэн дунд бас байна. Гитарчин Өөжгий гээд урлагийнхан дундаа үг хэлбэл хэлчихээр нөхөр бий. Тэр саяхан бас нэг “од” хар тамхитай холбогдоход “Би хар тамхи хэрэглэдэггүй шүү. Зүгээр л конъяак, кола уудаг” гэж твиттертээ жиргээд суугаа харагдсан. Түүнд салбар нь, урлаг нь хар тамхинд живж байгаа нь хамаагүй гэж ойлгогдсон.
Дээрээс нь манай хар тамхитай тэмцдэг хууль гэж үнэхээр зөөлөн юм. Ийм байхад хар тамхичид өсч, хар тамхины наймаа цэцэглэхгүй гээд ч яах билээ.
Хуульч Б.Оюунтуул энэ талаар ярихдаа “…Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 627 хуулийн дөрвөн хуульд хар тамхи гэх нэр томьёог шууд хэрэглэсэн байх юм. Эрүүгийн хуульд гурван удаа, Тариалангийн тухай хуульд нэг удаа, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэг удаа, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэг удаа орсон байна. Харин “мансууруулах бодис” гэх нэр томьёогоор 24 хуульд, “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис” гэх нэр томьёогоор 11 хуульд хэрэглэжээ. Эдгээрийг дурьдсаны учир нь, тэдгээр нэр томьёонуудыг хэдэн удаа тоочиж хэрэглэсэнд нь бус, харин бид хэрхэн ойлгож, болох ба эс болохын утга учрыг ойлгон ухаарах хэрэгтэй. Тэртээ 100 шахам жилийн өмнө хар тамхийг хориглон цээрлэж, хууль цаазыг батлан, хэрэгжүүлэх замаар тэмцэж байсан атал өдгөө соёл иргэншил, техник технологийн эрин үеийн монголчууд хар тамхитай бүрэн тэмцэх зөв зохистой хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлж чадахгүй байгаа нь даанч харамсалтай” гэж байна.
Ийм л учраас өнөөдөр Монголын урлагт хар тамхи үүрлэчихсэн, бид бүгдээрээ мансуурсан тайз ширтсээр суугаа юм. Эндээс гарах ганц л гарц бий. Маш товчоор хэлэхэд, урлагт хар тамхины эсрэг төр, хууль цаазын цэвэрлэгээ явуулах цаг болсон шүү.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Урлагт үүрлэсэн хар тамхи буюу мансуурсан тайз ширтэхүй |
|